| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2019/0023/э |
| Дугаар | 23 |
| Огноо | 2019-01-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 23
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ,
Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Хосбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Бт холбогдох 1930000030009 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн харьяат, 1971 оны 02 дугаар сарын 07-нд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 1, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б.Б.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 12 дугаар сарын 21-ний орой 18 цагийн орчим Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 6 дугаар баг ... тоотод хамтран амьдрагч Ч.Уийг зодож, эрүүл мэндэд нь “баруун нүдний эргэн тойронд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд, зүүн шанаанд зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Утэй 08 дугаар сараас эхлэн хамт амьдарсан. 10 дугаар сард Уийг охин нь төрсөн гээд бид Улаанбаатар хот руу хамт явсан. Тэгээд охин эрүүл агаарт байна, утаанаас хол байна гэж байна, чи тусдаа бай, охин наашаа явна гэсэн. Тэгээд бид энд ирээд хамт байсан. Гэтэл нэг өдөр хүргэн ирнэ гэж байна, чи тусдаа байхгүй бол хүргэн ирэхгүй байх гэсэн. Би энэ айлд ус авч, нүүрс түлээ оруулж, телевизор үзэх ч эрхгүй байсан. Намайг чанга ярилаа гэдэг байсан. Тэгэхээр нь шивнэж ярихаар хүртэл шивнэж ярилаа гэдэг байсан. Үүнээс болж дарамтад орж даралт ихсэх болсон. Би байнга даралтаа хянуулах гэж эмнэлэг рүү очдог байсан. Охины нөхөр ирэх гээд байна, чи ямар ч байсан тусдаа бай гэсэн. Тэгэхээр нь гэр байхгүй, хоёулаа болохгүй бол байр түрээсэлье, надад хэцүү байна, би нууцлаг амьдармааргүй байна гэсэн. Тэгээд найзаасаа байр сураглахад хүйтэн гэхгүй бол байр байгаа, өвөл хүн суудаггүй гэсэн. Тэгээд тэр байранд ор оруулах гэхэд манай хүн няравтаа хэлье, чи очоод авчихарай гэсэн. Тэр байранд гал руу харж суухаар араас даараад, араараа суухаар урдаасаа даараад байсан. Тэгэхээр нь дотроо бүлээцүүлэх гээд архи авч уусан. Тэгээд 16 цагт У ирэхгүй алга болохоор нь намайг гаргах санаа нь энэ юм байна гэж бодоод үлдсэн архиа уусан. Түүнээс хойш юу болсныг санахгүй байгаа. Би бол сэтгэл гаргасан гэв.
-Яллагдагч Б.Бын: Би Сүхбаатар аймгийн Баруун- Урт сумын иргэн юм. 2018 оны 08 дугаар сарын дундуур У гэх хүнтэй танилцаж, улмаар хамтран амьдрахаар болж Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд Ч.Уийн гэрт очсон. Бид хоёр гурван сар сайхан амьдарч байсан. Охин Д нь надтай дуугардаггүй, Уээр дамжуулж намайг яв гэж хэлүүлдэг болсон. Сүүлдээ У хүртэл намайг яв гэдэг байсан. Тухайн үед гэрт дураараа дуугарах ч эрхгүй, телевиз үзэх ч эрх байхгүй хэцүү байсан тул тусдаа байр хөлслөхөөр болсон юм. 2018 оны 12 дугаар сарын 21-ний өглөө босож Утэй хамт хөлслөх болсон байр руугаа хамт очиж би байраа галлаад үлдсэн. Харин У ажилдаа явахдаа эмнэлгийн няраваас нэг ор хэлээд авъя, чи намайг ярихаар очоод авчих гэж хэлээд явсан. Хөлслөхөөр болсон байр маань их хүйтэн байсан болохоор би дотроо дулаацуулах гэж 0.33 граммын ерөөл архи авч уугаад улмаар юу болсон талаар мэдэхгүй байна. Ч.У нь 2018 оны 11 сар гаргаад манай охин төрсөн, хүргэн ирнэ гэж хөөж туугаад байсан. Үүнээс болоод би сэтгэл санааны дарамт болон стресст орж архи ууж, улмаар гар хүрсэн байх, би болсон асуудлыг бол санахгүй байгаа. Би хохирогч Ч.Ут хохирлыг төлж барагдуулсан... гэх мэдүүлэг /хх-33-34/,
- Хохирогч Б.Уийн: 2018 оны 12 сарын 21-ний өдөр 16 цаг 30 минутын үед Б.Б нь ажлын өрөөнд орж ирээд “утсаа авсангүй” хэлээд цохиж дух шалбалсан. Тэгээд гэртээ хамт харьсан. Гэрт байхад Бу гэх хүн орж ирээд гарсны дараа “чамайг гэж ирлээ” гээд хардаад миний баруун нүдийг цохиж хөхрүүлсэн. 21 цагийн үед алсын дуудлага ирж намайг ажил руу явахад хамт яваад дуудлагаас ирээд өвчтөнөө хэвтүүлчихээд гэрч ирэхэд гэр рүүгээ хурдан харь гэж чирч татсан. Энэ үед цагдаа ирж аваад явсан. Гараараа цохиж дух, шанаа, нүд хэсэгт гэмтэл үүсгэсэн. Би бол эрүүл байсан. Ба архи уусан байсан. Б.Бтай хамтран амьдраад 3 сар болсон. Сүүлийн сараас эхлэн утсаа авсангүй гэдэг байсан. 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр намайг зодсон. Миний хохирол болох 30.000 төгрөгийг гаргаж өгсөн болохоор нэхэмжлэх зүйлгүй... гэх мэдүүлэг /хх-05-06/,
- Гэрч Э.Дгийн: 2018 оны 12 сарын 21-ний манай ээж ажилдаа явсан. Б.Б хамт яваад орой гэртээ ирэхэд ээжийн духан дээрээ хөхрөөд шалбарсан байдалтай байсан, тухайн үед гаднаас манай гэрт Буя гэх хүн ороод гарахад араас нь Ба гараад орж ирээд манай ээжийн баруун нүд рүү нь цохиж хөх болгосон байсан. Тэгээд ээж дуудлагад явахад нь цуг гараад явсан. Ба нь ээжийг утсаар ярьсангүй, утсаа авсангүй гэх мэтээр байнга хэл амаар доромжилж, дарамталдаг. Манай ээжийн дух нь шалбарч, хөхөрсөн, мөн нүд нь хөхөрсөн байсан. Одоо ээжийн толгой өвдөөд байгаа гэсэн. Ба нь ээжийг хардаад байдаг юм шиг байна лээ. Урьд өмнө нь ээжийг зодож байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 09/,
- Гэрч Ж.Мийн: Би 2018 оны 12 сарын 21-ний өдрийн 16 цагийн үед Ч.У эмчийн өрөөнд ороход Ба ирчихсэн, У уйлсан байдалтай сууж байхаар нь ажиглаад зогсож байтал Ба гэнэт “энэ бүр сэтгэлгүй, ганц ор няраваасаа авчих гээд байхад авахгүй байгаа юм” гэхээр нь би “наадах чинь амжихгүй, мэдээ тайлангийн үед эхэлсэн байхад өөрөө авахгүй юу” гэсэн чинь “чи гар зайл” гэхээр нь гараад явсан. Ч.Уийн духан дээр нь шалбарч хөхөрсөн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/,
- Гэрч Б.Боий: 2018 оны 12 сарын 21-ний орой 21 цагийн үед алсын дуудлага гараад эмчийг дуудахад У эмч орж ирэхэд дух болон нүд нь хөхөрсөн байдалтай байсан. Хамтран амьдрагч нь гадаа үүдэнд байсан. Тухайн үед У эмч уйлаад цагдаад хандмаар байна гэж хэлж байсан болохоор би ирэхээр чинь цагдаад хэлчихье гээд дуудлагад явуулсан. Дуудлагаас ирээд хүнээ оруулчихаад үүдэнд гарахад Ба нь У эмчийг заамдаж аваад хавсрахад нь Бат-Эрдэнэ жолооч салгасан. Тэгээд цагдаа ирээд Баыг авч явсан. Духан дээр нь болон баруун нүд нь шалбарч хөхөрсөн байсан. Ба нь ажил дээр байнга харагдаж байдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/,
- Гэрч Х.Дийн: 2018 оны 12 сарын 21-ний орой 21 цагийн үед алсын дуудлагад У эмчийн хамт явсан. Дуудлаганы айлд ороод хүнээ үзчихээд У эмч рүү харахад духан дээр нь шалбарсан, баруун нүд нь шалбарч хөхөрсөн байхаар нь айлаас гараад “яагаад ийм болсон” талаар нь асуухад “Ба зодоод ийм болгосон” гэхээр нь машинд ороод Бат “та эмч хүнийг ийм болгож болохгүй” гэхэд “та нарыг ална, шороонд чинь булна” гэж уурлахаар нь би чимээгүй болоход энгэрээсээ 0.75 литрын архи гаргаж ирээд шилээр нь ууж байсан. Мөн У эмчийг 25 км-ийн турш хөлөөрөө өшиглөсөөр ирсэн. Тухайн үед суманд ирээд У эмчийн биед үзлэг хийхэд “баруун нүд нь хөхөрсөн, хавагнасан, дух нь шалбарч хөхөрсөн, баруун шанаа нь хавантай, даралт нь ихэссэн байдалтай байсан тул эм өгөөд гаргаад өвчтөнөө үзчихээд буутал Баыг цагдаа нар аваад явсан. Эмнэлгийн үүдэнд У эмчийн хоолойг боосон гэж байсан. Урьд нь нэг бус удаа У эмчийг ална шулна, хоол удаа идсэнгүй гэх мэтээр доромжилж байсан...гэх мэдүүлэг/хх-ийн 15-16/,
- 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн бага эмч Х.Дийн тодохойлолт/хх- 22/,
- Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 25 дугаартай дүгнэлтэнд: 1.Ч.Уийн биед баруун нүдний эргэн тойронд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд, зүүн шанаанд зулгаралт гэмтэл гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна.4.Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрт тогтмол нөлөөлөхгүй...” гэжээ /хх-ийн 23/,
- Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эрүүл мэндийн төвийн 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 79 албан бичиг/хх- 21/ ,
- Яллагдагч Б.Бт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх боломжийг тайлбарласан тэмдэглэл /хх-ийн 30/
- Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх Прокурорын санал. № 04 / хх-ийн 45 /
- Сүхбаатар аймгийн Баруун- Урт сумын 5 дугаар багийн Засаг даргын 2019.01.14-ны өдрийн 5/15 дугаартай тодорхойлолт,
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 16.30 цагийн үед Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эрүүл мэндийн төвд хамтран амьдрагч Ч.Уийн духанд цохиж зодсон, мөн 21 цагийн орчимд Баяндэлгэр сумын 6 дугаар баг ... тоотод Ч.Уийг нүүрэнд цохиж эрүүл мэндэд “ баруун нүдний эргэн тойронд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд, зүүн шанаанд зулгаралт бүхий ” хөнгөн хохирол учруулсан болох нь Б.Бын хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Ч.У, гэрч Э.Д, Ж.М, Б.Бо, Х.Д нарын мэдүүлгүүд, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эрүүл мэндийн төвийн 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 79 албан бичиг, 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн бага эмч Х.Дийн тодохойлолт, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 25 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоосон гэж үзсэн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Тухайн хэрэг үйлдэгдсэн байдлыг тодруулбал, шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ “ утсаа авсангүй “ гэх үл ялих зүйлээр, мөн үнэдслэлгүйгээр бусадтай хардах зэргээр хамтран амьдрагч Ч.Уийг цохиж, зодсон үйл баримт тогтоогдох бөгөөд энэ нь гэрч Э.Дгийн “ 2018 оны 12 сарын 21-нд ээж орой гэртээ ирэхэд ээжийн духан дээрээ хөхрөөд шалбарсан байдалтай байсан, тухайн үед гаднаас манай гэрт Буя гэх хүн ороод гарахад араас нь Ба гараад орж ирээд манай ээжийн баруун нүд рүү нь цохиж хөх болгосон байсан “ гэх,
гэрч Ж.Мийн “ Би 2018 оны 12 сарын 21-ний өдрийн 16 цагийн үед Ч.У эмчийн өрөөнд ороход Ба ирчихсэн, У уйлсан байдалтай сууж байсан. Ч.Уийн духан дээр нь шалбарч хөхөрсөн байсан” гэх,
гэрч Б.Боий “ 2018 оны 12 сарын 21-ний орой 21 цагийн үед алсын дуудлага гараад У эмч орж ирэхэд дух болон нүд нь хөхөрсөн байдалтай байсан. Хамтран амьдрагч нь гадаа үүдэнд байсан. Тухайн үед У эмч уйлаад цагдаад хандмаар байна гэж хэлж байсан” гэх,
гэрч Х.Дийн “ : 2018 оны 12 сарын 21-ний орой 21 цагийн үед алсын дуудлагад У эмчийн хамт явахад У эмчийн духан дээр нь шалбарсан, баруун нүд нь шалбарч хөхөрсөн байхаар нь айлаас гараад “яагаад ийм болсон” талаар нь асуухад “Ба зодоод ийм болгосон” гэсэн. Тухайн үед суманд ирээд У эмчийн биед үзлэг хийхэд “баруун нүд нь хөхөрсөн, хавагнасан, дух нь шалбарч хөхөрсөн, баруун шанаа нь хавантай, даралт нь ихэссэн байдалтай байсан тул эм өгөөд гаргасан. Баыг цагдаа нар аваад явсан. Эмнэлгийн үүдэнд У эмчийн хоолойг боосон гэж байсан...гэх мэдүүлэгүүдээр нотлогдоно.
Шүүгдэгч нь гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа үл ялих зүйлээр шалтаглан хохирогчийг зодож эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.
Шүүгдэгч Б.Бын, хамтран амьдрагч Ч.Уийг зодож, эоүүл мэндэд нь хохирол учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах “ гэмт хэргийн бүх шинжийг хангасан, прокуророос түүнд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Б.Б нь гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Ут учирсан эдийн хохирол буюу эмчилгээний зардлын 30.000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч хохирол, хор уршигтай холбоотойгоор нэхэмжлэл гаргаагүй байна.
Шүүгдэгч Б.Бын гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Б.Бын холбогдсон хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах ба мөн хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан нөхцөл байдлууд бүгд хангагдсан буюу “ гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байх, үйлдсэн хэрэг нь нотлогдсон байх “ зэрэг эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчим, шаардлагад нийцсэн байна.
Тухайлбал, шүүгдэгч Б.Бын үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан эдийн хохирлыг нөхөн төлсөн, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гарган, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.
Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана ” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, түүнд шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 17.5 дугаар зүйлийн 1, 8 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Б.Бт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг нэг сард 50.000 төгрөгөөр тооцож 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүхийн шатанд ялтан Б.Бт таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Б дээрх торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Ялтан Б.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Уийн эмчилгээний зардалд 30.000 төгрөг нөхөн төлсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН