Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 98

 

 

Э.Ж-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Соёмбо-Эрдэнэ, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 605 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1321 дүгээр магадлалтай, Э.Ж-д холбогдох 1903012680552 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч М.Алтанцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1991 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Төв аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, Э.Ж.

 

Э.Ж нь 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, “Дөлгөөн нуур” төвийн зүүн замд “Тоёота Приус” загварын, 76-83 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам дээр хэвтэж байсан Ч.Оюунбатын гарыг дайрч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан,

Мөн Замын хөдөлгөөний дүрмийн 3.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт /иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт/ тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр /утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага /ажилтан/-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэснийг зөрчин хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “... шүүгдэгч Э.Ж-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан”, мөн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар торгох болон нийтэд тустай ажил хийлгэх ялуудыг тус тусад нь эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ж-гаас 1.138.172 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.О-д олгож, хохирогч нь өөрт учирсан бусад хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх “... шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Алтанцэцэгийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “... Миний бие Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 605 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1321 дугаар магадлалыг тус тус эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” мөн тус зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг, мөн тус зүйлийн 1.5 дахь хэсэг болон 1.10 дахь хэсэгт тус тус заасны дагуу гэмт хэргийн шинжийг бүрэн нотолсон эсэх, яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг бүрэн нотолсон эсэх, Эрүүгийн хууль болон энэ хуулийн зүйл хэсэг, заалтыг зөв хэрэглэсэн эсэх зэрэг нөхцөл байдлууд бүрэн тогтоогдоогүй хэмээн өмгөөлөгч миний бие прокурорт удаа дараа гомдол гаргасныг хүлээн авч шийдвэрлээгүй. Мөн анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх нь шүүгдэгч Э.Ж-г гэм буруутай болох нь бүрэн тогтоогдоогүй байхад гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн тул анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй болно.

Гэрч О.Ж, Б.Х, хохирогч Ч.О нарын мэдүүлэг нь дараах үндэслэлүүдээр шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нотлох буюу шүүхийн шийдвэрийн үндэслэл болох нотлох баримт болж чадахгүй юм. Гэрч О.Ж нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт “...дайрсныг хараагүй, надтай цуг явж байсан найз маань дайрчихлаа гэсэн. Би бол хараагүй” гэж мэдүүлсэн. Мөн насанд хүрээгүй гэрч Б.Х гарыг дайрсныг харсан”, эсхүл “хараагүй” мэтээр мэдүүлдэг, У.Э, Б.Х нар буцаж ирээд нөгөө хоёр охинтойгоо цуг байсан мэтээр мэдүүлдэг боловч цуг байсан Э нь Ч.О-ын гарыг гэмтсэн талаар мэдээгүй. Тэгэхээр шүүгдэгч Э.Ж нь хохирогчийн гарыг мөргөснийг баттай нотлох баримт байхгүй бөгөөд гэрч О.Ж, У.Э, Б.Х хохирогч Ч.О нар нь тухайн хэрэг гарах цаг үед бүгд согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэдгийг анхаарах нь зүйтэй.

Согтууруулах ундаа хэрэглэсэн хүн тухайн хэрэг гарсан гэх цаг үеийн талаарх үнэн бодитой мэдүүлгийг өгөх нь эргэлзээтэй юм.

Мөн цагдаагийн байгууллагад хохирогчийн эх Г.С гомдол гаргасан байхад насанд хүрээгүй гэрч Б.Х-ээс гэрчийн мэдүүлэг авахдаа хохирогчийн эх Г.С.-ийг гэрч Б.Х-ийн хууль ёсны төлөөлөгчөөр байлцуулсан нь гэрч хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн гэдэгт эргэлзээ бий болгож байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй.” хэмээн заасан тул уг гэрчийн мэдүүлэг нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Хохирогч Ч.О нь мэдүүлэгтээ “...Э, Х бид гурав Микс бааранд орж бүжиглэсэн, түүнээс хойш юу болсныг санахгүй байна...бид нар тэндээсээ такси бариад гэмтлийн эмнэлэг орж гараа үзүүлсэн /хх-56-58/ гэж тус тус мэдүүлсэн. Үүнээс үзэхэд хохирогч өөрийн гарыг машин мөргөхийг мэдээгүй байгаа юм. Хүний гаран дээгүүр машин гараад явахад түүнийг мэдэхгүй байна гэдэг боломжгүй хүн рефлексээрээ орилох, ёолох нь ойлгомжтой. Гэвч хохирогч Ч.О өөрийнхөө гарыг машинд мөргүүлсэн гэдгээ ч санахгүй байсан юм. Тиймээс түүнийг гараа машинд мөргүүлсэн гэж үзэх нь үндэслэлгүй байна.

Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Минимаркет хүнсний дэлгүүрийн гаднах хяналтын дүрс бичлэг, түүнийг эд мөрийн баримтаар хураан авч үзлэг хийсэн бөгөөд тэмдэглэлд “... эсрэг талын урсгалаас автомашины гэрэл тусах үед автомашины зүүн талд нэг хүн газар унаад хэвтсэн байдалтай, хүн хажууд нь сууж байхад автомашины хойд талаас хүмүүс буухад уг автомашин 04:31 секундэд хөдлөхөд ямар нэгэн зүйл дээгүүр гараад явж байв...”/1хх-13-15/ гэсэн байна. Ямар нэгэн зүйл дээгүүр гараад явсан гэдгээс дүгнэвэл яг хохирогчийн гаран дээгүүр машин гарч явсан гэдэг үйл баримт харагдаагүй. Зөвхөн ямар нэгэн зүйл дээгүүр л гарсан гэсэн болохоос биш хохирогч Ч.О-ын гаран дээгүүр гарсан нь тодорхойгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны үед болон анхан шатны шүүхэд хэрэг хянагдах явцад шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах тухай хүсэлт гаргасныг хангаагүй буюу оролцогчийн эрхийг хангаагүй. Шинжээчийн дүгнэлтийн тодорхойлох, тогтоох хэсгүүд хоорондоо зөрчилдсөн, эргэлзээ бүхий агуулгатай, мөн хэргийн бусад нотлох баримттай уялдаагүй байгаа нь харагддаг. Тодруулбал “...Ч.О-ын биед баруун гарын шуу, алганы гүн шарх, мэдрэл шөрмөс тасралт, шарх цэгцлэх мэс ажилбарын дараах байдал зэрэг гэмтэл тогтоогдлоо” гэсэн боловч энэ нь ганц хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой гэж дүгнэсэн. Өвчний түүхэнд хэсэг газрын үзлэгт “Баруун гарын сарвууны дотор тал, шууны дотор талд тус тус зүсэгдсэн шархтай, шарханд мэс заслын анхдагч цэгцэлгээ хийсэн” гэж бичигдсэнийг учирсан гэмтэл хэсэгтээ хүлээн зөвшөөрч бичээд харин ямар хүчний ямар эд зүйлийн үйлчлэлээр зүсэгдсэн шархыг хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэсэн талаар ямар ч дүгнэлт өгөөгүй байсан. Хохирогч шинжээчийн дүгнэлт гаргуулахдаа “бусдад зодуулсан” гэж өөрөө бичсэн. Энэ талаараа Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргаснаар хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж, прокуророос хэргийг хааж шийдвэрлэсэн байдаг.

Харин прокуророос шалгаж байгаа хэрэгт зам тээврийн ослын улмаас Ч.О-ын биед гэмтэл учирсан гэдгийг нотлоогүй, шинжээчийн дүгнэлт нь бусдад зодуулсан гэсэн агуулгаар дүгнэлт гаргасан, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж гаргасан шийдвэр нь хүчин төгөлдөр байгаа асуудлаар давхардуулж эрүүгийн хэргийг шалгаж байгаа нь үндэслэлгүй байгаа талаар, энэ хэргийн харьяалал, хэрэг шалгах эрх бүхий байгууллагын шийдвэрийг дээд шатны прокурорын газрын тогтоол шийдвэргүй шалгасан зэрэг зөрчилтэй байдлыг үүсгэсэн. Тиймээс хохирогчийн баруун гарт үүссэн хүндэвтэр гэмтэл нь машинд дайруулснаас үүссэн гэж шинжээчийн дүгнэлтээр батлагдаагүй бөгөөд хохирогч нь бусдад зодуулсны улмаас уг гэмтлийг авсан байна.

Иймээс шүүгдэгч Э.Ж нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан үүргээ зөрчөөгүй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдээгүй болно. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тохиолдолд гэмт хэрэгт тооцогдох тул шүүгдэгч Э.Ж нь Эрүүгийн хуулийн тусгай гийн 27.11 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт мөн гэм буруугүй болно. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 605 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1321 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Э.Ж-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Б.Ууганбаатар гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “... Шүүгдэгч Э.Ж-д холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтад хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Алтанцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн Э.Ж-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан болон давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд болсон үйл баримтыг зөв тогтоож дүгнэсэн хэдий ч түүнд хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, Э.Ж-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэж дүгнэн ял шийтгэл оногдуулсан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

 

Шүүх хэргийн ач холбогдол бүхий үйл явдлыг нотлох баримтад тулгуурлан сэргээн тогтоож, үнэлэлт дүгнэлт өгөхдөө буруутгагдаж буй хүний гэм бурууг хөдөлбөргүй тогтоосны эцэст эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндсэн зарчимтай бөгөөд гэм буруугийн ямар хэлбэрээр үйлдсэн болохыг зөв тодорхойлох нь шүүн таслах ажиллагааны гол зорилтын нэг байх ёстой.       

 

Нотлох баримтуудыг судлан үзэхэд, 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, “Дөлгөөн нуур” төвийн зүүн замд хохирогч Ч.О, гэрч У.Э, насанд хүрээгүй гэрч Б.Х нар нь Э.Ж-гийн жолоодож явсан “Тоёота Приус” маркын 76-83 УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэлд суух үедээ үл таних хэсэг этгээдүүдтэй маргалдан согтууруулах ундааны шил шидэж, харилцан зодолдох явцад жолооч Э.Ж нь уг газраас холдон зайлахаар тээврийн хэрэгслээ хөдөлгөхдөө бусдад цохиулан ухаан алдан унасан Ч.О-ын гарыг дайрч, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагджээ.              

                                  

Энэхүү тогтоогдсон үйл баримтад дүн шинжилгээ хийхэд Э.Ж нь дээрх үл таних этгээдүүдийн харилцан зодоон, тэмцлээс өөрийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирч болзошгүй аюул, эрсдэлийг тооцон уг газраас тээврийн хэрэгслээ хөдөлгөхдөө жолоочид харагдахааргүй байрлалд унасан Ч.О-ын гарыг дайрсан нь гэм буруугийн санаатай болон болгоомжгүй хэлбэрийн аль алиныг нь үгүйсгэж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугүйгээр хохирол учруулсан шинжийг агуулж байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Гэм буруугүйгээр хохирол учруулах нь үйлдэл, эс үйлдэхүйн улмаас шалтгаант холбоо бүхий үр дагавар бий болсноороо гадаад илрэлийн хувьд гэмт хэргийн шинжийг агуулах боловч гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив шинж чанар болох гэм буруу үгүйсгэгдсэн тохиолдолд хамаардаг болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Түүнчлэн, Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалт нь замын хөдөлгөөнд оролцогчдыг сонор сэрэмжтэй, анхааралтай байхыг үүрэг болгосон санамжийн шинж чанартай ерөнхий заалт тул түүнийг зөрчсөн гэх байдлаар Эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь гэм буруутай үйлдэлд ял шийтгэх шударга ёсны зарчимд нийцэхгүй болно.

 

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, хоёр шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгч Э.Ж-д холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

Хэдийгээр Э.Ж-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон боловч хохирогч Ч. нь өөрийгөө газарт унагасан этгээдээс өөрт учирсан гэм хор, хор уршгийг арилгуулахтай холбоотой асуудлаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 605 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1321 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, прокуророос шүүгдэгч Э.Ж-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгасугай.

 

 

                    ДАРГАЛАГЧ                                            Б.ЦОГТ

                    ШҮҮГЧ                                                     Б.АМАРБАЯСГАЛАН

                    С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                    Ч.ХОСБАЯР

                    Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН