Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 16

 

 

           Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Иргэн Бух овгийн Тайвантөрийн Хишигбаярын нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээн газрын даргын албан үргийг түр орлон гүйцэтгэгч Д.Цогт-Очирт холбогдох,

          Гуравдагч этгээд: Иргэн Солоон овгийн Эрдэнээгийн Ганзориг,

          “Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “Т.Хишигбаярт тэтгэлэг олгох тухай” Б/45 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Хөдөлмөрийн зах зээл болон ажлын байрны шилжилт хөдөлгөөн хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Хишигбаяр, хариуцагч Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Цогт-Очирын итгэмжлэгдсэн төлөөлөгч тус газрын Захиргаа хяналтын хэлтсийн дарга Ц.Дэжидмаа, гуравдагч этгээд Э.Ганзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Жаргалсайхан  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь.

           Нэхэмжлэгч Т.Хишигбаяр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Увс аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн сан, статистикийн мэргэжилтнээр түр томилогдон ажиллаж байгаад 2013 оны 06 сарын 04-ний өдөр зохион байгуулагдсан төрийн албаны шалгалтанд тухайн ажлын байранд өрсөлдсөн хүмүүсээс хамгийн өндөр оноог авснаар 2013 оны 07 дугаар сарын 15-нд уг ажлын байранд мэргэжилтнээр томилогдож 2014 оны 02 дугаар сарын 10-нд төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөсөн. Хөдөлмөрийн хэлтэст ажиллах хугацаандаа өөрийн ажлын үндсэн чиг үүрэг болон байгууллагын удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь чанартай, түргэн шуурхай гүйцэтгэж ямар нэгэн алдаа дутагдал гаргалгүй ажиллаж ирсэн. Гэтэл 2016 оны 08 дугаар сард Увс аймгийн Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтэс нь Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газар болон өөрчлөн байгуулагдсантай холбогдуулан 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Б/07 дугаар тушаалаар намайг Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газар шилжүүлэн ажиллах болсон. 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтцээр орон тоо хасагдсан тул 2016 оны 11 дүгэр сарын 03-ны өдрөөс ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгсөн боловч бүтэц орон тооны талаар мэдээлээгүй.

Ингээд Увс аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн "Т.Хишигбаярт тэтгэмж олгох тухай" Б/45 дугаартай тушаал гаргаж намайг тухайн өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсөн. Т.Хишигбаяр миний ажлыг программ хангамж, хариуцсан мэргэжилтэн Э.Ганзоригт хүлээлгэн өгсний дараагаар газрын дарга Д.Цогт-Очир болон Захиргаа хяналтын хэлтсийн дарга Ц.Дэжидмаа нарт бүтэц орон тоотой танилцах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн боловч бүтэцтэй танилцах шаардлагагүй, үзүүлэхгүй гэж хэл ам болсны эцэст "Хөдөлмөрийн зах зээл болон ажлын байрны шилжилт хөдөлгөөн хариуцсан мэргэжилтэн" болж миний хийж байсан ажлын нэршил нь бага зэрэг өөрчлөгдсөн байсан.

Дээрхи бүтцээр миний ажлын орон тоо хасагдаагүй, цомхотгогдоогүй хэвээр хадгалагдан үлдсэн бөгөөд надтай ижил төрлийн чиг үүрэгтэй ажил гүйцэтгэж байсан ажилтан Хөдөлмөрийн хэлтэст байгаагүй. Э.Ганзориг бид хоёр Хөдөлмөрийн хэлтэст хамт ажиллаж байсан ба энэ хугацаанд Э.Ганзориг нь программ хангамж, хариуцан ажиллаж байсан бөгөөд 2 байгууллага нэгдэхэд Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийн 2 ажлын байр нь нэгдэх байтал ямар шаардлага, шалтгаанаар миний ажлын байр болох "Хөдөлмөрийн зах зээл болон ажлын байрны шилжилт хөдөлгөөн хариуцсан мэргэжилтэн"-ээр томилсон нь тодорхойгүй байгаад гомдолтой байна. Уг тушаалын үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 23.4 болон 27.2.3-д тус тус заасныг удирдлага болгосон байна. Миний бие дээрх үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн гэж үзэж, Увс аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд 11 сарын сарын 08-ны өдөр хандсан боловч өнөөдрийг хүртэл хариу өгөхгүй байгаа учир шүүхэд хандаж байна. Иймд миний бие ажлаас хууль зүйн үндэслэлгүйгээр халагдсан гэж үзэж байгаа тул Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/45 дугаар тушаалыг хүчингүй болгож, Хөдөлмөрийн зах зээл болон ажлын байрны шилжилт хөдөлгөөн хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулж өгнө үү гэжээ.

           Нэхэмжлэгч Т.Хишигбаяр шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын Б/45 дугаар тушаалаар 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр намайг ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлөхөөс өмнө 2016 оны 08 дугаар сарын 19-нд Хөдөлмөрийн хэлтсийн бүх мэргэжилтнүүд, мөн Нийгмийн халамж үйлчилгээний мэргэжилтнүүд нэгдэж байгаатай холбоотой шинээр байгуулагдаж байгаа Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт та нарыг цалингийн сангийн хамт ажлаас чөлөөлж шилжүүлж байна гэсэн тушаал гарсан. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Д.Цогт-Очир 2016 оны 09 дүгээр сарын 19-нд бүх ажилтнуудад ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл өгч дараа нь 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/45 дугаартай “Т.Хишигбаярт тэтгэмж олгох тухай” тушаал гаргаж намайг тухайн өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлөхийн өмнө 2016 оны 10 дугаар сарын 28-нд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Захиргаа хяналтын хэлтсийн дарга Ц.Дэжидмаагаар ахлуулсан ажлын хэсэг ажил хүлээлцсэн. Уг тушаалаас харахад бидэнд бүтэц, орон тооны талаар удирдлагын зүгээс мэдэгдээгүй. Ажлаа хүлээлцсэний дараа Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дарга болон Захиргаа хяналтын хэлтсийн дарга Ц.Дэжидмаа нарт хандаж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэцтэй танилцах, ажлын байрны тодорхойлолттой танилцах хүсэлт гаргасан. Би халагдахаас өмнө ажлын шинэ байр болон хөдөлмөрийн зах зээл хариуцсан мэргэжилтэн хийж байсан. Шинэ бүтцээр хөдөлмөрийн зах зээл болон ажлын байрны шилжилт хөдөлгөөн хариуцсан мэргэжилтэн гээд нэршил нь бага зэрэг өөрчлөгдсөн. Үүнээс харахад миний ажлын байр хадгалагдан үлдсэн юм шиг харагдсан. Гэтэл миний ажлын байрыг Хөдөлмөрийн хэлтэст программ хангамж хариуцаж байсан Э.Ганзоригт хүлээлгэн өгсөн. Хоёр хэлтэс нэгдэхэд хоёр IT, хоёр бичиг хэрэг, хоёр хүний нөөцийн ажилтны ажлын байр хоорондоо нэгдээд сонгон шалгаруулалт явагдах ч юм уу ямар нэгэн байдлаар тухайн аль нэг хүнийг авч үлдэнэ гэж ойлгож байсан. Тэгэхээр Э.Ганзоригт ямар шалтгаанаар миний ажлыг хүлээлгэж өгсөн нь ойлгомжгүй байсан учраас 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлд хандсан. Гэтэл хуулийн хугацаанд буюу 30 хоногийн дотор хариу өгөөгүй. Дахиад 15 хоног сунгаж 45 хоногийн дараа хариу мэдэгдээгүй учраас би шүүхэд эрхээ хамгаалуулах гэж хандсан. Шинэ бүтцээр миний орон тоо хасагдаагүй, хадгалагдан үлдсэн гэж ойлгож байгаа. Надад тэтгэмж олгох тухай тушаал гаргаж ажлаас халсан нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4 дахь заалтуудыг барьсан үндэслэлгүй гэж үзэж байгаа учраас шүүхэд хандсан гэв.

             Хариуцагч Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Цогт-Очир шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжпэгч Т.Хишигбаяр нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдуулан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/45 дугаар тушаал илт хууль бус болохыг тогтоож, Хөдөлмөрийн зах зээл болон ажлын байрны шилжилт хөдөлгөөн хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нь захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн байх бөгөөд чухам ямар үндэслэлээр тухайн актыг илт хууль бусад тооцуулахыг хүсэж байгаагаа тодорхой тайлбарлаагүй байна. Нэхэмжлэлийн 1 дүгээр шаардлага болох Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын Б/45 тоот тушаал илтг хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд, захиргааны актыг илт хууль бус гэж үзэх үндэслэлийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тодорхой заасан байна. ХХҮГ-ын даргын Б/45 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөний тэтгэлэг олгохтой холбоотой харилцааг зохицуулсан бөгөөд уг тушаалыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд зааснаар илт хууль бусад тооцох хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл тухайн захиргааны акт нь хуулийн хүчин төгөлдөр бөгөөд ажлаас чөлөөлөгдсөн иргэн тэтгэлэг авах эрх үүсгэж байгаа эрх зүйн үйлчлэлтэй, хүчин төгөлдөр акт болно. Дээрх тушаалыг үндэслэн Т.Хишигбаярт ажлаас чөлөөлөгдсөний тэтгэлэг 1797711 төгрөг Хөдөлмөр, халмажийн үйлчилгээний газрын үйл ажиллагааны зардлаас олгосон болно.

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн зах зээл болон ажлын байрны шилжилт хөдөлгөөн хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах хоёр дахь шаардлагыг гаргасан байна. Хөдөлмөрийн хэлтсийн бүтэц, орон тоо нь 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр, 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр болон 2016 оны 01 дүгээр сарын 22- өдөр тус тус өөрчлөгдөж байсан ба тухай бүрд ажлын байрны нэр, үндсэн чиг үүрэг нь өөрчлөгдсөн байдаг. Тухайлбал, 2013 оны 02 сарын 07-ны Хөдөлмөрийн хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний албаны ахлах мэргэжилтэн"-ий чиг үүрэгт хамаарахаар ажлын байрны тодорхойлолтод заасан байдаг бол 2013 оны 09 сарын 20-ний өдөр "Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний албаны хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн сан, статистикийн мэргэжилтэн" болж өөрчлөгдсөн байдаг. Өөрөөр хэлбэл тухайн ажлын байрны зорилго нь орон нутгийн иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээг хүртээмжтэй, чанартай хүргэхэд чиглэж байсан бол 2013 оны 09 дүгээр сараас хөдөлмөрийн зах зээлийн мэдээ, мэдээлэл, тайланг мэдээллийн аюулгүй байдпыг ханган боловсруулах, гаргах, мэдээлэх болж өөрчлөгдсөн байдаг. Сүүлийн байдлаар 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр орон нутгийн хэмжээнд шинээр бий болсон ажлын байрыг хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн санд бүртгэж, аймгийн хөдөлмөр эрхлэлтийн төлөв байдлын статистик мэдээ, мэдээлэл гаргах үндсэн зорилготой "Хөдөлмөрийн зах зээлийн мэдээ, тайлан хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтыг баталсан байна. Ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн батлах бүрт ажлын байрны нэр, үндсэн зорилго, гүйцэтгэх чиг үүрэг нь байнга өөрчлөгдөж ирсэн төдийгүй, зарим тохиолдолд Т.Хишигбаярын гүйцэтгэж байсан ажил үүрэг нь өөр ажпын байрны чиг үүрэгтэй нэгдэх зэргээр өөрчлөгдөж ирсэн байдаг. Гэвч Хөдөлмөрийн хэлтсийн бүтэц, орон тоо өөрчлөгдөж, түүнтэй холбоотойгоор ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн боловсруулж байсан боловч тухайн ажлын байрны үндсэн зорилго, чиг үүргийг биелүүлэхэд шаардлагатай мэргэжил, туршлага, ур чадварын шаардлагыг шинэчлэн боловсруулах ажил орхигдсон. Т.Хишигбаяр нь 2013 оны 2 дугаар сарын 07-нд анх Хөдөлмөрийн хэлтэст хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний албаны хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн сан, статистикийн мэргэжилтнээр томилогдон ажилласнаас хойш 3 жил 7 сар ажиллах хугацаанд ажил албан тушаал нь 4 удаа өөрчлөгдсөний 2 удаад нь программ хангамж хариуцсан мэргэжилтний ажлын байртай нэгдэж энэ ажлыг Э.Ганзориг хийж байсан нь дараах тушаалуудын хавсралтаар нотлогдож байна.

Хөдөлмөрийн сайдын "Аймаг дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дүрэм, бүтэц, зохион байгуулалт, орон тооны дээд хязгаарыг шинэчлэн батлах тухай" 2014 оны дүгээр сарын 20-ний А/12 тоот тушаалын хавсралтад Хөдөлмөрийн зах зээлийн мэдээ, программ хангамж хариуцсан мэргэжилтэн-1, мөн Хөдөлмөрийн сайдын аймаг, нийслэлийн дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дүрэм, бүтэц орон тоог батлах тухай 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/127 тоот тушаалын хавсралтад хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, программ хангамж, мэдээллийн сан, ажил олгогч, ажлын байрны мэдээлэл, тайлан хариуцсан мэргэжилтэн-1 гэж заасан сүүлийн 2 бүтцээр нэгдэж байсан нь харагдаж байна. Т.Хишигбаярын ажлын байр тогтворгүй, зорилго үйл ажиллагааны чиглэл нь байнга өөрчлөгдөж байсан нь харагдаж байна.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны Б/21 тоот тушаалын хавсралтаар баталсан Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын шинэ бүтэц, орон тоог баталсан. Энэ хүрээнд Хөдөлмөр,  эрхлэлтийн хэлтэст 4 мэргэжилтэн байхаар батлагдсан бөгөөд ажлын байрны орон тоо хасагдаж цөөрсөн төдийгүй өмнө нь Т.Хишигбаярын эрхэлж байсан ажлын байр хасагдаж "Хөдөлмөрийн зах зээлийн болон ажлын байрны шилжилт хөдөлгөөн хариуцсан мэргэжилтэн" гэсэн шинэ ажпын байр бий болсон. Уг ажлын байрны зорилго нь хөдөлмөрийн зах зээлийн программ хангамж, техник хангамж, сүлжээний хэвийн үйл ажиллагааг хангах, хөдөлмөрийн зах зээлийн мэдээ мэдээллийг нэгтгэн, боловсруулалт хийх, тусгай сангуудын ил тод байдлыг хангаж веб сайтад мэдээллийг байршуулан сурталчилах, лед самбарын болон Е биржийн хэвийн үйл ажиллагааг ханган мэдээллийг цаг тухай бүр шинэчлэх, болж өөрчлөгдсөн. Энэхүү ажпын байрны үндсэн зорилго, чиг үүргийг хийж гүйцэтгэхэд программ, техник хангамжийн мэргэжил шаардлагатай болохыг тухайн ажлын байрны зорилго, чиг үүргээс тодорхой харж болно. Э.Ганзориг нь энэ ажлын байранд төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсгийг үндэслэн тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа тул томилон ажиллуулж байгаа болно. Тэрээр Т.Хишигбаяр нь мэргэжил, ур чадварын хувьд энэ албан тушаалын шаардпага хангахгүй болсон нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн хоёр дахь шаардлагыг биелүүлэх боломжгүй байна.

Т.Хишигбаяр нь намайг ажил авах үед Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Б/07 тоот тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж нийгмийн даатгалын дэвтэрт ажлаас чөлөөлөгдсөн тухай тэмдэглэл хийгдсэн байдаг. Иймд бүтцээр орон тоо нь хасагдсан тул ажлаас чөлөөлөгдөх тухай мэдэгдлийг 45 хоногийн өмнө өгч, ажлаас чөлөөлөгдсөний тэтгэлгийг олгох тухай тушаал гарсан болно.

Т.Хишигбаяр нь төрийн захиргааны албан хаагчийн ёс зүй зөрчиж хувийн данс уруугаа ХЭДСангаас гарын авлага материал хэвлүүлсэн гэж бэлнээр 4.0 сая төгрөг төлсөн тухай баримт бүрдүүлж шилжүүлж авсан нь 1000 ширхэг гарын авлага, тараах материалыг хаана юунд зарцуулсан няравын зарцуулалтын тайлан байхгүй ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн байна.

Т.Хишигбаяр нь тайлбартаа хоёр хэлтсийн программ хангамж хариуцсан хоёр мэргэжилтнийг нэгтгэж нэг нь үлдэх ёстой гэсэн байна. Энэ нь хоёр мэргэжилтний ажлын байрны зорилго үйл ажиллагааны чиглэл өөр Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн Хөдөлмөрийн зах зээлийн болон ажлын байрны шилжилт хөдөлгөөн хариуцсан мэргэжилтэн нь ТЗ-5 шатлалын албан тушаалд, ХХҮГазрын программ хангамж хариуцсан ажилтан нь ТҮ-7 шатлалын ажилтан бөгөөд гүйцэтгэх ажил үүрэг нь өөр болно. Т.Хишигбаяр нь тухайн үед хариуцаж байсан ажлынхаа хүрээнд гүйцэтгэж байсан байгууллагатай холбоотой тайлан, мэдээ, судалгаануудыг компьютерийн санах ойгоос устгасан нь төрийн албан хаагчийн ёс зүйгээ бүдүүлгээр зөрчсөн нэг хэлбэр гэж үзэж байна. Т.Хишигбаяр нь дээрх үйлдлээс харахад төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын байранд албан тушаал эрхлэх ёс зүйн хувьд боломжгүй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Цогт-Очирын итгэмжлэгдсэн төлөөлөгч тус газрын Захиргаа хяналтын хэлтсийн дарга Ц.Дэжидмаа шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Т.Хишигбаяр нь өөрт нь тэтгэлэг олгосон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/45 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байсан. Шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж уг тушаалыг хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн байна. Монгол Улсын Засгийн газрын 9 дүгээр тогтоолоор аймгийн Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс хоёр нэгдээд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болж өөрчлөн байгуулагдсан. Тухайн үед Хөдөлмөрийн хэлтэс нь 25 орон тоотой, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс нь 60 орон тоотой үйл ажиллагаа явуулж байсан ба нийт 85 орон тоотой байсан. Хоёр хэлтэс нэгдэж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болоход 52 орон тоотой бүтэц батлагдаж ирсэн. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтцийг батлахдаа 25 ажлын байртай байсан Хөдөлмөрийн хэлтсээс  5 ажлын байр нь хэвээр батлагдаж ирсэн ба 20 ажлын байр цөөрч ирсэн. Анх 2012 онд Хөдөлмөрийн хэлтэс байгуулагдаж байхад Хөдөлмөрийн сайдын тушаалаар бүтэц орон тоо батлагдсан байсан. Дахиад 2014 онд бүтцийг шинэчлэн баталсан байсан. мөн 2015 онд хоёр удаа, 2016 онд нэг удаа гээд 4 жилийн хугацаанд Хөдөлмөрийн хэлтсийн бүтэц дөрвөн удаа өөрчлөгдөж шинэчлэгдсэн. Тэгэхээр Хөдөлмөрийн хэлтэс нь 25 ажиллагсадтайгаас нярав, жолооч, үйлчлэгч, дарга, нягтлан бодогчоос бусад нь бүгд мэргэжилтнүүд ажилладаг байсан. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын тушаалаар баталсан бүтцээр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт Хөдөлмөрийн хэлтсээс дөрвөн мэргэжилтэн ажиллахаар болсон ба 16 мэргэжилтний орон тоо хасагдсан, цөөрсөн шалтгаанаар бүтцийн өөрчлөлтөд орсон. Хөдөлмөрийн хэлтэс татан буугдсантай холбогдуулаад Хөдөлмөрийн хэлтсийн даргын тушаалаар нийт ажилтнуудыг ажлаас чөлөөлж шинээр байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт цалингийн хамт шилжүүлсэн байгаа. Хөдөлмөрийн хэлтсээс шилжиж ирсэн мэргэжилтнүүдийг бүгдийг нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт тушаал гаргаад томилох боломжгүй байсан. Яагаад гэвэл, ямар ажлын байранд хэнийг томилох нь тодорхойгүй байсан. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга бүтэц орон тоо хасагдсан учраас ажлаас чөлөөлөхийг мэдэгдсэн мэдэгдэх хуудсыг өгсөн. Энэ хугацаанд байгууллагын дарга хамт олны хурал дээр хоёр хэлтэс нэгдэж байгаа учраас мэргэжилтнүүд тус бүртээ ажлаа цэгцлэхийг анхааруулж байсан. Т.Хишигбаяр ажлаас чөлөөлөгдөхөө 45 хоногийн өмнө мэдсэн. Т.Хишигбаярт тэтгэлэг олгосон тушаалыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан төрийн албан хаагчийн баталгааг хангах үүднээс Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын Б/45 дугаар тушаал гаргаж тэтгэлэг олгосон. Нэхэмжлэгч уг тушаалыг хүлээн зөвшөөрч Нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмжээ авч байгаа. Т.Хишигбаяр урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлага гаргасан. Т.Хишигбаярын ажлын байрны зорилго, зорилт, чиг үүрэг, ажлын байранд тавигдах ерөнхий болон тусгай шаардлага нь өөрчлөгдсөн байгаа. Э.Ганзоригийн ажиллаж байгаа ажлын байрыг шинэ ажлын байр гэж үзэх үндэслэлтэй. Т.Хишигбаяр Хөдөлмөрийн хэлтэст эхлээд хөдөлмөрийн зах зээлийн мэдээ, мэдээлэл, статистикийн мэргэжилтнээр ажиллаж байсан, дараа нь ахлах мэргэжилтэн болсон, хамгийн сүүлд 2014 онд шинэ ажлын байрны бүртгэл мэдээлэл хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан. 2015 онд Хөдөлмөрийн сайдын тушаалаар батлагдсан бүтэц орон тооны хүрээнд Т.Хишигбаярыг ажлаас чөлөөлсөн боловч буцааж ажилд нь томилоогүй байдаг. 2014 онд Т.Хишигбаярын ажлын байр Э.Ганзоригийн ажлын байртай нийлж, Хөдөлмөрийн зах зээлийн мэдээ, мэдээлэл, програм хангамж хариуцсан мэргэжилтэн гэсэн нэршилтэй болж байжээ. Ингээд судлаад үзэхэд Т.Хишигбаярын ажлын байр 3 удаа өөрчлөгдөхөд 2 удаад нь Э.Ганзоригийн ажлын байртай нэгдэж байсан байдаг. Энэ нь Хөдөлмөрийн сайдын тушаалаар өөрчлөгдөж байсан. Хөдөлмөрийн хэлтэст ямар ажлын байр чухал байсан гэдгийг дээрх өөрчлөлтүүдээс харж болно. Хөдөлмөрийн хэлтэст ур чадвар, мэдлэг мэргэжил, дадлага туршлага, энэ ажлын байранд тавигдах шаардлагуудыг хэн нь илүү хангаж байна гэдгийг сонгон ажиллуулах нь байгууллагын даргын бүрэн эрхийн асуудал юм.  Шинэ ажлын байрны зорилт, чиг үүрэг, ажлын байранд тавигдах ерөнхий ба тусгай шаардлага нь өөрчлөгдсөн учраас Э.Ганзоригийг уг ажлын байранд томилон ажиллуулсан. Т.Хишигбаярын эгүүлэн тогтоож өгнө үү гэж байгаа ажлын байранд гүйцэтгэх ажлын 15 хувь нь Э.Ганзоригийн ажлын байранд нэгдэж орсон байгаа. Хөдөлмөрийн зах зээлийн том программ байдаг. Энэ программыг Э.Ганзориг удирдлагаар хангаж ажилладаг. Энэ программыг Хөдөлмөрийн хэлтсийн 10 мэргэжилтэн ашигладаг байсан ба мэргэжилтнүүдийн оруулсан мэдээллийг нэгтгэж гаргадаг мэргэжилтэн нь Э.Ганзориг байсан. Хөдөлмөрийн хэлтэст ажиллаж байсан Э.Ганзоригийн ажлын байр нь тогтвортой хадгалагдаж байсан учраас Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт мэргэжилтнээр авч ажиллуулсан гэв.

           Гуравдагч этгээд Э.Ганзориг шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2013 оны 2 сарын 07-ны өдрийн Б/16 тушаалаар техник хангамж сүлжээний мэргэжилтнээр, 2014 оны 2 сарын 03-ны өдрийн Б/16 дугаар тушаалаар хөдөлмөрийн зах зээлийн мэдээ, программ хангамж хариуцсан мэргэжилтнээр, 2016 ны 10 сарын 26-ны өдөр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын Б/08 тушаалаар Хөдөлмөрийн зах зээл болон ажлын байрны шилжилт хөдөлгөөн хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байна. 2014 оны 02 сарын 10-ны өдөр Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөсөн. Тус байгууллагад ажиллаж байх хугацаандаа мэргэжил мэдлэгээ дээшлүүлэхээр олон төрлийн сургалтанд хамрагдаж байсан. 2013 онд Хөдөлмөрийн яам, Хөдөлмөр эрхлэлт үйлчилгээний төв дээр зохион байгуулагдсан Программ хангамжийн сургалт, 2016 онд Хөдөлмөрийн яаманд Хөдөлмөрийн салбарын ажилтнуудыг чадавхжуулах сургалтанд тус тус хамрагдсан.

Тус байгууллагад ажиллаж байх хугацаанд үр бүтээлтэй сайн ажиллаж 2014 оны Хөдөлмөрийн хэлтсийн "ШИЛДЭГ МЭРГЭЖИЛТЭН"-ээр шалгарч байсан. Мөн 2015 онд Хөдөлмөрийн яам, Хөдөлмөрийн төв биржээс зохион байгуулсан Цахим бирж (Е бирж) -ийн улсын уралдаанд 2-р байр эзэлж байсан.

Одоо миний гүйцэтгэж байгаа Хөдөлмөрийн зах зээлийн болон ажлын байрны шилжилт хөдөлгөөн хариуцсан мэргэжилтэний ажлын байрны тодорхойлолтод Хөдөлмөрийн зах зээлийн программ хангамжийн хэвийн үйл ажиллагааг хангаж VPN сүлжээ, хөдөлмөрийн хэлтсийн раде хуудсанд газрын үйл ажиллагаа, тусгай сангуудын талаарх мэдээ мэдээлэл оруулах, хөдөлмөрийн хэлтсийн вэб сайтыг хэвийн ажиллуулж ХХҮГ-ын үйл ажиллагаа, Хөдөлмөр эрхлэлт болон нийгмийн халамжийн тусгай сангуудын зарцуулалт, ажил үйлчилгээний талаарх мэдээллийг тухай бүр баяжуулалт хийж иргэдийг цахим мэдээллээр түргэн шуурхай ханган ажиллах зорилготой. Цахим Е биржийн хэвийн үйл ажиллагааг хангах, программд шинэчлэл хийх тэдгээрийн эвдрэл гэмтлийг цаг тухайд нь засварлах, ажил олгогч нараас ирсэн ажлын байрны захиалгыг олон нийтэд сурталчилах, мэдээлэл оруулж боловсруулалт хийж мэдээ тайланг нэгтгэн мэдээлэх үүрэгтэй. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны Б/21 тоот тушаалаар батлагдсан бүтцээр Т.Хишигбаяр, Э.Ганзориг бид 2-ийн гүйцэтгэж байсан ажил үүрэг нэгдэж, нэг орон тоо болж батлагдаж ирсэн тул төрийн албаны тухай хуулийн 27 дуаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт заасны дагуу тухайн чиг үүргийг биелүүлэхэд программ техник хангамжийн мэргэжилтэй ажилтан шаардлагатай гэж үзэж, туршлага, ур чадвар нь ерөнхий болон тусгай шаардлагыг би илүү хангаж байгаа тул  намайг тухайн ажлын байранд томилсон гэж үзэж байна.

Т.Хишигбаярын ажлын байр тогтворгүй бүтэц өөрчлөгдөх тухай бүрт ажлын байр нь хасагдаж, зорилго үйл ажиллагааны чиглэл нь байнга өөрчлөгдөж байсан бөгөөд одоо миний гүйцэтгэж байгаа ажил Т.Хишигбаярын гүйцэтгэж байсан ажил үүргээс өөр чиг үүрэгтэй буюу техникийн программ хангамж тэдгээрийн шинэчлэл, аюулгүй ажиллагаа, хэвийн үйл ажиллагааг хангахад гүйцэтгэх ажлын 80% нь чиглэгдсэн байдаг. Хөдөлмөрийн зах зээлийн болон ажлын байрны шилжилт хөдөлгөөн хариуцсан мэргэжилтний ажпын байрны ерөнхий болон тусгай шаардлагыг миний бие мэргэжил, ур чадвар, тусгай шаардлага, туршлага мэргэшсэн байдлаараа хангаж байгааг Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх анхаарч үзэхийг хүсье гэжээ.

               Гуравдагч этгээд Э.Ганзориг шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Би урьд нь Хөдөлмөрийн хэлтэст программ хангамж хариуцсан мэргэжилтэн, мөн хөдөлмөрийн зах зээл болон программ хангамж хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан. Миний хийдэг байсан ажил бол хөдөлмөрийн зах зээлийн нэгдсэн програм болох elemis программыг удирдлага арга зүйгээр хангаж ажилладаг байсан. Elemis программ дээр төсөл хөтөлбөр хариуцсан 4 мэргэжилтэн, жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан 2 мэргэжилтэн, ажил мэргэжлийн чиг баримжаа зөвлөгөө мэдээлэл үйлчилгээний 1 мэргэжилтэн, Т.Хишигбаярын хариуцаж байсан ажлын шинэ байр хариуцсан мэргэжилтэн гэх жишээгээр 10 хүн энэхүү программ дээр модуль тус бүрээр мэдээллээ шивж оруулж, мэдээ гаргадаг байсан. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2016 оны Б/21 тушаалаар батлагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтцээр нэхэмжлэгч бид хоёрын ажлын байр нэгдсэн. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт заасны дагуу тухайн ажил чиг үүргийг биелүүлэхэд хамгийн илүү шаардлага хангасан нь намайг гэж сонгож авсан байх. Урьд нь хөдөлмөрийн зах зээлийн нэгдсэн Elemis программыг удирдлага арга зүйгээр хангаж байсан бол, одоо уг ажлаа үргэлжлүүлээд хийж байгаа гэв.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 7 сарын 27-ны өдрийн “Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай” 3 дугаар тогтоолоор[1] Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны бүтэц орон тооны дээд хязгаарыг баталсан бол мөн өдрийн “Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 4 дүгээр тогтоолын[2] нэгдүгээр хавсралтаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар нь хэрэгжүүлэгч агентлагаар ажиллахаар тогтоож өгсөн бол мөн Засгийн газрын 2016 оны 8 сарын 03-ны өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” 9 дүгээр тогтоолын[3] 4-д аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь хэрэгжүүлэгч агентлаг байхаар заажээ.

        Увс аймгийн Хөдөлмөрийн хэлтэст ажиллаж байсан нэр бүхий төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчдыг 2016 оны 8 сарын 19-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, цалингийн сангийн хамт шинээр /нийлүүлж/ байгуулагдсан Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын мэдэлд шилжүүлж, Увс аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын “Ажлаас чөлөөлж, шилжүүлэх тухай” Б/07 дугаар тушаал[4] гарчээ. Уг тушаалын хавсралтын 10-т Ажлын шинэ байрны бүртгэл, хөдөлмөрийн зах зээлийн мэдээ, тайлан хариуцсан мэргэжилтэн Т.Хишигбаяр /нэхэмжлэгч/, 11-т Программ хангамж хариуцсан мэргэжилтэн Э.Ганзориг /гуравдагч этгээд/ нарын нэрс бичигдсэн байна.

           Улмаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 9 сарын 1-ний өдрийн “Аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн бүтэц, орон тоо батлах тухай” Б/21 дүгээр тушаалын[5] хавсралтаар Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц, орон тоог баталж, ингэхдээ тус газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтэст Хөдөлмөрийн зах зээлийн болон ажлын байрны шилжилт хөдөлгөөн хариуцсан мэргэжилтний орон тоо-1 байхаар заажээ.

      Увс аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтэс хэмээн хоёр хэрэгжүүлэгч агентлаг ажиллаж байсныг 2016 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Засгийн Газраас дээрх тогтоолуудыг гаргаж, санхүү төсөв, бүтэц, орон тоо, эд хөрөнгийн хувьд гэхчлэнгээр нэгтгэн тэдгээр байгууллагын эрх, үүрэг, хариуцлагыг шилжүүлж, Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрыг байгуулсан ба түүнчлэн эрх бүхий албан тушаалтнаас уг газрын бүтэц, орон тоог баталж хэрэгжүүлжээ. Шинэчлэн зохион байгуулагдсан газрын удирдлагын зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д: “... аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ” гэснээр Хөдөлмөрийн хэлтэст ажиллаж байсан бүх ажилтнуудад ажлаас чөлөөлөх мэдэгдлийг[6] хүргүүлж баримт[7] үйлдсэн байна.

       Мэдэгдэлд заасан хугацаанд буюу 2016 оны 11 сарын 3-ны өдрийн “Т.Хишигбаярт тэтгэлэг олгох тухай” Б\45 дугаар тушаалыг аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч гаргасан ба нэхэмжлэгч нь уг тушаалыг маргаан бүхий захиргааны акт[8] гэж тодорхойлон, “миний ажлын байрны орон тоо хасагдаагүй хэвээр хадгалагдан үлдсэн байхад ямар шалтгаанаар тус хэлтэст программ хангамж хариуцсан мэргэжилтэн хийж байсан Э.Ганзоригийг томилсон нь тодорхойгүй, ойлгомжгүй, сонгон шалгаруулалт явуулаагүй, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг зөрчсөн” гэх үндэслэлээр маргаж, дээрх Б/45 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил буюу Хөдөлмөрийн зах зээл болон ажлын байрны шилжилт хөдөлгөөн хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

      Нэхэмжлэгч нь шүүхэд “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 11 сарын 3-ны өдрийн “Т.Хишигбаярт тэтгэлэг олгох тухай” Б/45 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоож өгөх”-ийг анх хүссэн байсан ба уг шаардлагыг шүүх хуралдаан дээр “хүчингүй болгуулах”-ыг хүсэж хэмээн өөрчилсөнөөр энэхүү шүүх хуралдаанаар уг өөрчилсөн шаардлагыг хянан хэлэлцсэнийг тэмдэглэж байна.

          Хариуцагч захиргааны байгууллага нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан төрийн албан хаагчийн баталгааг хангах үүднээс Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын Б/45 дугаар тушаалыг гаргаж тэтгэлэг олгосон, нэхэмжлэгч нь уг тушаалыг хүлээн зөвшөөрч, Нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмжийг авч байгаа, түүнчлэн Т.Хишигбаярын ажлын байрны зорилго, зорилт, чиг үүрэг, ажлын байранд тавигдах ерөнхий болон тусгай шаардлага нь өөрчлөгдсөн, одоогийн маргаан бүхий ажлын байр нь шинэ ажлын байр, Т.Хишигбаярын ажлын байр 3 удаа өөрчлөгдөхөд 2 удаад нь Э.Ганзоригийн ажлын байртай нэгдэж байсан, нэхэмжлэгч Т.Хишигбаяр нь төрийн албан хаагчийн ёс зүй зөрчсөн үйлдэл гаргасан, тухайн ажлын байранд тавигдах шаардлагуудыг хэн нь илүү хангаж байна гэдгийг сонгон ажиллуулах нь байгууллагын даргын бүрэн эрхийн асуудал байсан гэж үзэж, татгалзлаа тайлбарлаж байна.

      Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн зүгээс Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтцээр нэхэмжлэгч бид хоёрын ажлын байр нэгдсэн. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт заасны дагуу тухайн ажлын чиг үүргийг биелүүлэхэд хамгийн илүү шаардлага хангасан гэж өөрийг нь сонгож авсан болохыг тайлбартаа дурдаж, байр сууриа илэрхийлж байна.

         Маргаан бүхий захиргааны актын агуулгаас харахад нэр нь “тэтгэлэг олгох тухай” гэж буй авч ажилтан /нэхэмжлэгч/ Т.Хишигбаярын хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон гэж үзэхээр байна. Захиргааны байгууллага маргаан бүхий актыг[9] гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4, Засгийн Газрын 2016 оны 8 сарын 03-ны өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” 9 дүгээр тогтоол, Сангийн сайдын 2016 оны 319 дүгээр тушаалын 7 дугаар хавсралтын 3.2, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын 2016 оны 9 сарын 1-ний өдрийн “Аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн бүтэц, орон тоо батлах тухай” Б/21 дүгээр тушаалыг тус тус үндэслэжээ.

        Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д: “төрийн жинхэнэ албан хаагч ... , тухайн төрийн байгууллага нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдсан, бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан бол түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө” гэж заасан ба энэ заалтыг 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт өөрчлөлт оруулж Хууль тогтоох байгууллагаас баталжээ.

        Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д: “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан /нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх/, эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал /ажлын байр/-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заасан бол мөн хууль, зүйлийн 27.2.4-д: “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил албан тушаалд шилжих ... эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэгийг тухайн байгууллагаас олгоно” гэжээ.

         Тэгэхээр маргаан бүхий захиргааны актын үндэслэл болсон дээрх хуулийн заалтуудыг тайлбарласан Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 4 сарын 26-ны өдрийн “Төрийн албаны тухай хуулийн зарим, зүйл заалтыг тайлбарлах тухай” 08 дугаар тогтоолыг эх сурвалж болгон авч үзвэл, уг тогтоолын 15-д: “Хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан...” гэж Иргэний хуулийн 31 дүгээр зүйлд заасан журмын дагуу зохион байгуулагдсаныг хэлнэ.

        Энэ хэсэгт заасан “... төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн...” гэж өөрчлөн байгуулагдсан бүтцийн нэгжид тухайн албан тушаалтны албан тушаалын нэр өөрчлөгдсөн боловч хэрэгжүүлэх чиг үүрэг өөрчлөгдөөгүй, хасагдсан эсхүл нэмэгдсэн, түүнчлэн томъёоллын хувьд өөрчлөгдсөн ч өмнөх агуулга нь хэвээр байхыг хэлнэ.

       Энэ хэсэгт заасан “... орон тоо цөөрсөн...”, мөн зүйлийн 27.2.4-т заасан “... орон тоо хасагдсан...” гэдгийг Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15.1.1, 15.1.2-т зааснаар тус тус ойлгоно.

       Мөн хэсэгт заасан “... шалгаруулж авна” гэж эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр томилогдсон бүрэлдэхүүн, ажлын хэсэг /комисс/-ийн дүгнэлтийг үндэслэн ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа ажилтныг сонгохыг хэлнэ.” хэмээн нарийвчилж тайлбарлан заажээ.

       Түүнчлэн Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 7 сарын 03-ны өдрийн “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим, зүйл заалтыг тайлбарлах тухай” 33 дугаар тогтоолын 15.1.1-т: “...орон тоо хасагдсан гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлгоно”, мөн тогтоолын 15.1.2-т: “... орон тоо цөөрүүлэх гэдэгт хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хассаныг ойлгоно” гэж тайлбарлажээ.

        Нэхэмжлэгч Т.Хишигбаяр нь Хөдөлмөрийн хэлтэс /сүүлчийн бүтцээр/-т “Ажлын шинэ байрны бүртгэл, хөдөлмөрийн зах зээлийн мэдээ, тайлан хариуцсан мэргэжилтэн”-нээр ТЗ-5 зэрэглэлийн дэс түшмэлийн ангилалаар ажлын байрны тодорхойлолт[10] ёсоор ажиллаж байсан. Шинэчлэгдэн өөрчлөн байгуулагдсан бүтцээр “Хөдөлмөрийн зах зээлийн болон ажлын байрны шилжилт хөдөлгөөн хариуцсан мэргэжилтэн” гэж мөн ТЗ-5 зэрэглэлийн дэс түшмэлийн ангилалаар ажлын байрны тодорхойлолт[11] боловсруулагдсан байх ба хариуцагч захиргааны байгууллагаас уг ажлын байрыг “шинэ ажлын байр” гэж тодорхойлж байна.

Шүүх хариуцагч захиргааны байгууллагыг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, маргаан бүхий захиргааны актыг гаргасан, үүгээрээ нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж болзошгүй нөхцөл байдлыг үүсгэсэн гэж үзлээ.

        Хэрэгт авагдсан ажлын байрны тодорхойлолтоос харахад нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн урьд нь эрхэлж байсан ажил /албан тушаал/-ын чиг үүргүүдийн аль алинаас нь “шинэ” гэх ажлын байранд хадгалагдан үлдсэн байна. Энэ байдлыг нэхэмжлэгчийн “миний ажлын байрны чиг үүрэг хэвээр хадгалагдсан, харин ажлын байрны нэр нэршлийн хувьд өөрчлөгдсөн” гэх, хариуцагчийн “урьд нь Т.Хишигбаярын хийж байсан ажлын байрны чиг үүргийн 15 хувийг шинэ /маргаан бүхий/ ажлын байрны тодорхойлолтод тусгасан” гэх, гуравдагч этгээдийн “шинэчлэгдсэн бүтцээр нэхэмжлэгч бид хоёрын ажлын байр нэгдсэн” гэх тайлбарууд нотолж байна.

         Түүнчлэн нэхэмжлэгч Т.Хишигбаярын ажлын байрны тодорхойлолт[12] ёсоор ажиллаж байсан “Ажлын шинэ байрны бүртгэл, хөдөлмөрийн зах зээлийн мэдээ, тайлан хариуцсан мэргэжилтэн” гэх ажлын байр буюу орон тоо бүрмөсөн хасагдаагүй байна. Энэ тохиолдолд уг ажлын байр үгүй болсон гэж үзвэл орон тоо хасагдсан гэх ойлголтонд хамааруулж Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 27 дугаар дугаар зүйлийн 27.2.4-д заасан нөхцөл бий боллоо гэж энэ заалтын дагуу үр дагавар нь шийдвэрлэгдэхээр байна. Гэтэл нэхэмжлэгчийн ажлын байрыг “үгүй” болсон гэдгийг хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нотолж чадахгүй, харин ажлын байрны зорилт, чиг үүрэг өөрчлөгдсөн гэж үзэж байна.

       Тэгэхээр гуравдагч этгээд Э.Ганзоригийн ажлын байрны тодорхойлолт[13] ёсоор ажиллаж байсан “Хөдөлмөрийн зах зээлийн мэдээ, программ хангамж хариуцсан мэргэжилтэн” гэх ажлын байртай нэхэмжлэгчийн “Ажлын шинэ байрны бүртгэл, хөдөлмөрийн зах зээлийн мэдээ, тайлан хариуцсан мэргэжилтэн” гэх ажлын байр нэгтгэгдэж, өөрчлөн байгуулагдсан бүтцийн нэгжид буюу аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтэст “Хөдөлмөрийн зах зээлийн болон ажлын байрны шилжилт хөдөлгөөн хариуцсан мэргэжилтэн” гэх хэрэгжүүлэх чиг үүргүүд нь хэвээр боловч тухайн албан тушаалтнуудын албан тушаалын нэрийг өөрчилж, нэмэгдсэн эсхүл томъёоллын хувьд өөрчлөгдсөн чиг үүрэг бүхий ажлын байрыг шинээр бий болгосон байна гэж шүүх үзлээ. Иймд өөрчлөн байгуулагдсан бүтцийн нэгжид нэхэмжлэгчийн болон гуравдагч этгээдийн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргүүд хэвээр хадгалагдсан байгааг хариуцагч захиргааны байгууллага анхаарахгүйгээр нэхэмжлэгчийн хувьд орон тоо нь “хасагдсан” гэж үзэж ажлаас чөлөөлж, ийнхүү чөлөөлсний үр дагаврыг шийдвэрлэж тэтгэлэг олгосон нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, ийнхүү хөндсөн хэмээн шүүхээс дүгнэж, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоох нэхэмжлэлийн шаардлагыг шууд хангаж шийдвэрлэх нь гуравдагч этгээдийн хувьд түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг мөн зөрчсөн, хэтэрхий өрөөсгөл, шударга бус шийдвэр гарахаар байна.

         Хамгийн гол нь хариуцагч захиргааны байгууллага төрийн алба мэргэшсэн байх, ил тод байх, иргэд хуульд заасан болзол журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх зэрэг төрийн албаны зарчмуудыг хэрхэн яаж хангасан нь тодорхой бус, өрсөлдөхүйц хоёр мэргэжилтний хэрэгжүүлж байсан чиг үүргүүд өөрчлөн байгуулагдсан бүтцийн нэгжид хамаарахаар батлагдсан байхад үүнийг нягталж, эрх бүхий албан тушаалтнаас томилогдсон ажлын хэсэг /комисс/-ийн дүгнэлтийг үндэслэн тухайн албан тушаалын ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа мэргэжилтнийг шалгаруулах үйл явдал болоогүй байна. Энэ талаар хариуцагч захиргааны байгууллагад нотлох үүргийг хүлээлгэхэд ач холбогдол бүхий үнэлэх баримтыг гаргаж өгч чадахгүй байна.

      Нөгөө талаар хариуцагч нь нэхэмжлэгчийг хувийн данс уруугаа мөнгө шилжүүлж, албан хэрэгцээнд ашиглагдаж байсан комьпютерийн санах ойг устгаж төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйг зөрчсөн үйлдэл гаргасан энэ байдал нь маргаан бүхий ажлын байранд авч ажиллуулаагүй нэг хүчин зүйл болсон гэж тайлбарлаж байгаа боловч мөн уг үйл баримтыг нотолсон баримтыг гаргаж тавьж чадахгүй байгаагаас гадна уг зөрчлийг маргаан бүхий актын үндэслэл болгоогүй байна.

       Маргаан бүхий тухайн ажлын байрны ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нь хэн байна гэдгийг тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д зааснаар мэргэжилтнийг шалгаруулж аваагүй нь маргаан гарах үндэслэл болсон, уг шалгаруулалтыг буюу нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн чухам хэн нь маргаан бүхий ажлын байран дээр тавигдах шаардлагыг үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг ур, чадвар, ажлын дадлага, туршлага зэргээрээ хангаж байгааг шүүхээс шууд тогтоох боломжгүй байна. Энэ утгаараа хууль тогтоомжид заасны дагуу шалгаруулалтыг захиргааны байгууллагаар өөрөөр нь явуулж, маргаан бүхий ажлын байрны шаардлагыг хэн нь илүү хангаж байгааг тодорхой болгосны эцэст маргаантай асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой, харин маргаан бүхий захиргааны актыг хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж шүүхээс шууд дүгнэлт хийх боломжгүй гэж үзлээ.

        Иймээс нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хэн нь илүү шаардлага хангасан болохыг шүүхээс шууд тогтоох боломжгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.3.11-д: “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэх заалтыг хэрэглэж маргааныг шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

         Нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох “Увс аймгийн Хөдөлмөрийн, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 11 сарын 3-ны өдрийн “Т.Хишигбаярт тэтгэлэг олгох тухай” Б/45 дугаар тушаалыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлагыг шүүхээс  түдгэлзүүлж шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэлийн бусад шаардлага болох “ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах”-ыг хүссэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов. Учир нь нэхэмжлэлд дурдсан маргааны үйл баримтын талаар хариуцагч нь шүүхээс тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй нөхцөлд маргаан бүхий захиргааны актыг шууд хүчингүй болгох хуулийн зохицуулалттай болно. Иймд маргааны үйл баримтын талаар захиргааны байгууллага өөрөө дахин авч үзэх шаардлагатай гэж шүүхээс үзэж байгаа нь маргаан бүхий захиргааны актын үр дагавартай холбоотой нэхэмжлэлийн бусад шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-дахь заалтыг төсөөтэй хэрэглэж шийдвэрлэх нь зүйтэй байна.

         Шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхтэй холбоотой үйлчилгээ үзүүлснийхээ төлөө хэргийн оролцогчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д: “улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл бүрэн эсхүл хэсэгчлэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгоно” гэсний дагуу тэмдэгтийн хураамжийн асуудлыг шийдвэрлэлээ. Ингэхдээ Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-д заасан зарчмыг баримтлан хариуцагчийн ажиллаж буй байгууллагын санхүүгээс тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

         1. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг баримтлан иргэн Т.Хишигбаярын нэхэмжлэлд шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ захиргааны акт гаргах хүртэл Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “Т.Хишигбаярт тэтгэлэг олгох тухай” Б/45 дугаар тушаалыг гурван /3/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

        2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Хишигбаяраас гаргасан “Хөдөлмөрийн зах зээлийн болон ажлын байрны шилжилт хөдөлгөөн хариуцсан мэргэжилтний ажлын байранд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах тухай” шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

        3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагчаас дахин шинэ акт гаргаагүй бол Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн  2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “Т.Хишигбаярт тэтгэлэг олгох тухай” Б/45 дугаар тушаалыг хүчингүй болгохыг мэдэгдсүгэй.

        4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийн төлбөрийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч /аймгийн ХХҮГ-ын санхүү/-аас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Хишигбаярт буцаан олгосугай.

           5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-д зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 108.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч нар нь дээрх хууль, зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     У.БАДАМСҮРЭН