Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 128/2018/1043/З |
Дугаар | 221/МА2019/0356 |
Огноо | 2019-06-25 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 221/МА2019/0356
2019 оны 06 сарын 25 өдөр | Дугаар 221/МА2019/0356 | Улаанбаатар хот |
|
|
|
Д.М-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч Д.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-О нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2019/0295 дугаар шийдвэртэй, Д.М-ийн нэхэмжлэлтэй, Монголын Хуульчдын холбооны Зөвлөлд холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2019/0295 дугаар шийдвэрээр: Хуульчдын эрх зүйн байдлын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5, 44.6-д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгчийн “Монголын Хуульчдын холбооны Зөвлөлөөс 2014 оны 12 дугаар сарын 27-ны өдөр баталсан “Хураамжийн хэмжээ тогтоох тухай” 108 дугаар тогтоолын хавсралтын хүснэгтийн 1 дүгээр мөрөнд заасан Хуульчдын холбооны гишүүнээр элсэх хураамжийн хэмжээг 150.000 төгрөгөөр тогтоосон хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, хариуцагчаас 150:00 төгрөгийг гаргуулах, Монголын Хуульчдын холбооны Зөвлөлийн 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 21 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Монголын Хуульчдын холбооны бүртгэлийн нэгдсэн журам”-ын 3.3 дугаар зүйлийн 1-д “Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход авах хураамжийн хэмжээ, түүнээс хөнгөлөх, чөлөөлөх журмыг Холбооны зөвлөл тогтооно.” гэж заасныг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “ ... Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5-д заасны дагуу Монголын хуульчдын холбоо хуульчдын бүртгэлийг хөтөлж, эрх зүйн дагавар нь хуульчдад чиглэх юм. Мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.6-д заасны дагуу хуульчдын нэгдсэн бүртгэл хөтлөх журмыг батлах эрх нь Хуульчдын холбооны зөвлөлд хуулиар олгогдсон болохоос биш эрх зүйчид буюу хуульч бус этгээдэд чиглэсэн журам батлах эрх хэмжээг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5, 44.6-д заагаагүй болно.
Хуульчаар бүртгүүлэхийн тулд бүрдүүлэх бичиг баримтын бүрдэл хангахаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2, 19.2.1, 19.2.2-т тус тус тодорхой заажээ. Гэтэл маргаан бүхий актуудыг үндэслээд дээрх гурван зүйл дээр нэмээд 150.000 төгрөг тушаасан баримтыг шаардсан нь хуульчийн гэрчилгээ авах боломжгүй болгож мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д заасныг зөрчиж байгаа юм.
Мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасны дагуу Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн 2018 оны 12 сарын 10-ны өдрийн 228 тоот “Хуульчдын холбооны гишүүнээр элсүүлж, зөвшөөрөл олгох тухай” тушаалын хавсралтын 29 дэх мөрөнд нэр бичигдэж, уг тушалаар хуульчдын холбоонд бүртгэгдэж, ... 2018 оны 12 сараас эхлэн хуульч болж, МХХ-ны гишүүний эрх, үүрэг үүссэн юм. Энэ хугацаанаас өмнө би эрх зүйч байсан буюу МХХ-ны зөвлөлийн хуульчдад үйлчлэх журам тогтоох асуудал надад хамаагүй, үйлчлэх ёсгүй байсан.
Хуульчдын эрх зүйн байдлын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-д заасны дагуу МХХ-ны гишүүн бус эрх зүйчид чиглэсэн хураамж авах хэмжээг тогтоох эрхийг олгосон тус хуулийн ганц заалт болох энэ заалтад эрх зүйчээс шалгалтын хураамж авах талаа заасан бөгөөд эдгээр дотор бүртгэлийн хураамж авах хууль зүйн боломжийг тусгаагүй юм.Гэтэл хууль бусаар 150.000 төгрөгийг авсан, юунд зарцуулдгаа хариуцагч нотлоогүйн дээр санхүүжилт биш гэсэн хариу тайлбар гаргасан байдаг.
Шүүгч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г-той Хууль зүй, дотоод хэргийн яаманд хамтран ажилладаг байсан бөгөөд найз нөхдийн холбоотой талаар хүмүүсийн ярьж байхыг хурал болж өнгөрсний дараа дуулсан. Татгалзан гарах үүрэгтэй байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч хариуцагчид давуу байдал бий болгож, урьдчилсан хэлэлцүүлгийг 3 удаа хойшлуулж хэргийг сунжруулан, актын биелэлтийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэнэ гэж байгаад нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, ... илтэд тохуурхан асуулт асуусан, өөрийн эрхийг зөрчигдсөн гэж үзвэл шүүхэд хандах эрхтэй билээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад миний бие хариуцагчтай нэгэн адил шүүхийн өмнө эрх тэгш оролцож чадаагүй.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2019/0295 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхилоо.
Нэхэмжлэгчээс давж заалдах гомдолдоо “...Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5, 44.6-д заасныг буруу тайлбарлан хэрэглэж, хуульчдын нэгдсэн бүртгэл хөтлөх журмыг батлах эрх нь Хуульчдын холбооны зөвлөлд хуулиар олгогдсон болохоос биш эрх зүйчид буюу хуульч бус этгээдэд чиглэсэн журам батлах эрх хэмжээг дээрх хуульд заагаагүй, 2018 оны 12 сараас хуульч болж, гишүүний эрх, үүрэг үүссэн, энэ хугацаанаас өмнө эрх зүйч байсан буюу зөвлөлийн хуульчдад үйлчлэх журам тогтоох асуудал эрх зүйчид үйлчлэх ёсгүй, ... мөн хуулийн холбооны гишүүн бус этгээдээс мөнгө хураамж авч болох ч үүнд 150.000 төгрөгийг авахаар тусгаагүй, ... шүүхийн өмнө эрх тэгш оролцож чадаагүй” гэжээ.
Нэхэмжлэгчийн илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн Монголын Хуульчдын холбооны Зөвлөлийн 2013 оны 21 дүгээр тогтоолоор “Монголын Хуульчдын холбооны бүртгэлийн нэгдсэн журам”-ын 3.3 дугаар зүйлийн 1 дэх заалтаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход авах хураамжийн хэмжээ, .... чөлөөлөх журмыг Холбооны зөвлөл тогтоохоор, мөн тус Зөвлөлийн 2014 оны 108 дугаар тогтоолоор Хуульчдын холбооны гишүүнээр элсэх хураамжийн хэмжээг 150.000 төгрөг байхаар тус тус зохицуулжээ.
Хуульчдын холбооны Зөвлөл нь 2013 оны 21 дүгээр тогтоолоороо “Монголын Хуульчдын холбооны бүртгэлийн нэгдсэн журам”-ыг баталсан нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5-д “Хуульчдын холбоо хуульчдын нэгдсэн бүртгэлийг хөтөлнө.”, 44.6-д “Энэ хуулийн 44.5-д заасан бүртгэлийн журмыг Хуульчдын холбооны зөвлөл батална”, 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульчдын холбооны зөвлөл нь Хуульчдын холбооны өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар хангах, бодлогыг тодорхойлох чиг үүрэгтэй хамтын удирдлагын байгууллага байна” гэж тус тус заасанд нийцсэн, хуулиар олгосон бүрэн эрхийг хэтрүүлээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
“Монголын Хуульчдын холбооны бүртгэлийн нэгдсэн журам”-ын 3.3 дугаар зүйлийн 1 дэх заалтаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход авах хураамжийн хэмжээ, .... чөлөөлөх журмыг Холбооны зөвлөл тогтоохоор заасны дагуу тус Зөвлөлийн 2014 оны 108 дугаар тогтоолоор Хуульчдын холбооны гишүүнээр элсэх хураамжийн хэмжээг 150.000 төгрөг байхаар тогтоосныг хууль бус гэж үзэх үндэслэлгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
Нэхэмжлэгч нь “... хуулиар хураамж авах талаар заагаагүй. Хуульчдын холбоо татвар, бусад хандиваас санхүүжихээр хуульд заасан ...” гэх боловч гишүүдийн татвар, бусад санхүүжилтийг Холбоо өөрийн үндсэн үйл ажиллагаа, гишүүддээ зориулсан үйл ажиллагаанд зарцуулах бөгөөд гишүүн болоогүй этгээдийн гишүүнээр элсүүлж бүртгэхтэй холбоотой гарах зардлыг санхүүжүүлэх үүрэггүй тул шинээр гишүүн элсүүлж Хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгэхэд гардаг үйл ажиллагаатай холбоотой гарах зардлыг элсэж байгаа этгээдээс нь хураахаар шийдвэрлэснийг хууль зөрчсөн гэж үзэхгүй.
Мөн “Хуульчдын холбоо нь хуульч биш, эрх зүйч этгээдэд чиглэсэн журам тогтоох, шийдвэр гаргах эрхгүй” гэж нэхэмжлэгч гомдсон боловч уг журам, тогтоол нь зөвхөн хуульч болж уг холбооны гишүүн болох хүсэлтэй, шалгалтад тэнцсэн этгээдийг хуульчийн бүртгэлд бүртгэхтэй холбоотой үйл ажиллагааг зохицуулсан, бусад эрх зүйч нарт чиглээгүй тул энэ талаарх гомдол үндэслэлгүй байна.
Давж заалдах гомдолд “анхан шатны шүүхийн шүүгч татгалзах үүргээ хэрэгжүүлээгүй, тэгш бус хандсан” гэх боловч Хуульчдийн холбооны Тамгын газрын даргатай шүүгч нэг байгууллагад хамт ажиллаж байсан нь татгалзах үндэслэл болохгүй бөгөөд шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд хэргийн оролцогчдод тэгш бус хандсан байдал байхгүй, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоход хүргэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдөөгүй байна.
Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.