Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 1412

 

Ш.Батсайханы нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2016/03941 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ш.Батсайханы

Хариуцагч Ц.Болорт холбогдох

           

000275925 дугаар гэрчилгээг хууль зөрчиж гаргуулсанд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

 

Нэхэмжлэгч Ш.Батсайханы гаргасан гомдлыг үндэслэн, хэргийг 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч Ц.Болор

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ш.Батсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Болор нь Иргэний хуулийн 528 дугаар 528.2, 528.3 дахь хэсэгт зааснаар өвлөх эрхээсээ татгалзаад Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4-т зааснаар өвлөх эрх нээлгэх хугацаа, шалтгаанаа нотолж эрхээ сэргээлгээгүй байж залилан мэхлэх аргаар Улаанбаатар төмөр замын Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 45 дугаар байр, 48 тоот орон сууцны 000178141 дугаартай гэрчилгээг гээгдүүлсэн, хулгайд алдсан гэж өр төлбөрөөс зугтаж, барьцаанд хадгалагдаж байгааг мэдсээр байж худлаа залруулж 5, 6 жил өвлөх эрхээсээ татгалзсанаа нууж, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт худлаа өргөдөл бичиж 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 000275925 тоот гэрчилгээг хууль бус аргаар залилан мэхэлж гаргуулаад 2013 оны 10 дугаар сарын 14-ний 86 тоот өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан байх тул 2008 оны 3 дугаар сарын 07-ны өдөр нас барсан Ш.Цогтсайханы нэр дээрх гэрчилгээ гаргуулсан нь хууль бус аргаар олж авсан нь хэрэгт өгсөн нотлох баримтуудаас тодорхой харагдах тул 000275925 дугаартай гэрчилгээг хүчингүйд тооцож өгнө үү. Миний бие 1973 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс өнөөдрийг хүртэл Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 45 дугаар байр, 48 тоот байрыг шударгаар эзэмшиж ирсэн бөгөөд Ш.Цогтсайханд зээлийн барьцаанд ашиглуулсан ч өр төлбөрүүдээс нь төлж хохирлыг арилгасаар одоо болтол амьдарч байна.

Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж уг орон сууцны 000178141 дугаартай гэрчилгээг намайг хулгайлсан гэж гүтгэдэг бөгөөд уг гэрчилгээг би хулгайлаагүй байхад хуурч мэхлэн, худал өргөдөл гаргаж Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3, 528.4-т зааснаар өвөө нээлгээгүй, өвлөх эрх нь зөрчилтэй байхад өөрийгөө өвлөгч хэмээн олж авсан 000275925 дугаартай гэрчилгээг хууль зөрчиж гаргуулсанд тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Болор шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ш.Цогтсайханы төрсөн охин бөгөөд ээж Я.Жаргалсайхан бид хоёр Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 528 дугаар зүйлийн 528.1-т зааснаар Ш.Цогтсайханы хууль ёсны өв залгамжлагч нар юм. Ээж Я.Жаргалсайхан бид хоёр аав Ш.Цогтсайханыг нас барсны дараа Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 45 дугаар байр, 48 тоот орон сууцны гэрчилгээ, иргэний үнэмлэх зэргийг хайгаад олоогүй бөгөөд аавын ах Ш.Батсайханаас асуух гэсэн боловч түүнийг хайгаад олоогүй. Ингээд бид уг орон сууцны лавлагааг авч, гэрчилгээг үрэгдүүлсэн гэж залруулан 000178141 дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, аавын нэр дээр 00275925 дугаартай гэрчилгээ гаргуулан, өвлөх эрхийн 86 тоот гэрчилгээг авч, ээж, бид хоёр уг орон сууцны 000280619 тоот гэрчилгээг авч, уг орон сууцны өмчлөгч болсон. Иймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3, 528.4-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Ш.Батсайханы нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Болорт холбогдох Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Төмөр зам гудамж, 45 дугаар байр, 48 тоот 2 өрөө орон сууцны 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 000275925 дугаар гэрчилгээг хууль зөрчиж гаргуулсанд тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

          Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШЗ2016/05845 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Ш.Батсайхан энэ иргэний хэргийн нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ш.Батсайхан давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 3941 дүгээр шийдвэрт миний нэхэмжлэлийн шаардлага бичгээр болон амаар өгснийг бүрэн тусгаагүй, огт шаардлагагүй сул дайвар тайлбарыг бичээд, тод хараар тодруулж бичсэнийг хасаж, шаардлагатай хэсгийг дутуу тусгасанд мөн хэрэгт өгсөн нотлох баримтуудыг шүүгч хэрэгт нотлох баримт авагдаагүй гэсэнд гомдолтой байна. 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 14821 дүгээр шүүгчийн захирамжид /хуудасны дардас № 0102159 байсан/ Н.Ойдовдоржийг гэрчээр оролцуулах тухай хүсэлт гаргасныг хангахаас татгалзсан байх тул нарийн бичиг Б.Цэнд-Аюушаар дамжуулж 170.1-д зааснаар гомдол гаргах эрхгүй тул шүүгчээс гуйж засаж /хх-123/-№0102220/ засаж залруулаад "Н.Ойдовдоржийг гэрчээр оролцуулах тухай хүсэлтийг хангах нь зүйтэй болно" гэсэн боловч 2 хуудас гэрчийн мэдүүлгээс хэрэгт огт тусгагдаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т хамаарах тул гомдолтой байна.

Гэрчийн мэдүүлгийг "Нотлох баримт хэрэгт авагдаагүй" гэж үндэслэх нь хэсэгт бичээд миний тусгайлан бичсэн мөн амаар тайлбарласан нотлох баримтуудыг /шүүхийн шийдвэр № 2221, № 818/ хэрэгт нотлох баримт өгөөгүй гэсэн нь ойлгомжгүй байна. Хариуцагч 2016 оны 4 дүгээр сарын 26-нд хүсэлт гаргаад /хх-ийн 117/ №00275925 дугаар гэрчилгээг хүчингүйд тооцож хэрээслэсэн хувийг хэрэгт бүртгэлийн газраас татуулья гэхэд нь шүүгч захирамжаар татуулах уу гэвэл хариуцагч сандарч би өөрөө аваад хэрэгт өгнө гэснээр 2016 оны 5 дугаар сарын 13-ны хуралдаанд /хх-145/ №00275925 гэрчилгээг бүртгэлийн газраас 2016 оны 5 дугаар сарын 09-нд гаргуулж, 2016 оны 5 дугаар сарын 13-нд нотариатаар баталгаажуулаад дараа нь шүүхэд өөрөө хүчингүй болгож хэрээс тавьж өгснийг хуурамч нотлох баримтаар хэрэг шийдвэрлүүлсэн гэж үзнэ.  Юугаар нотолж байна вэ? гэвэл хэрэгт анх /хх-42/-д бүртгэлийн газраас 2014 оны 8 дугаар сарын 08-нд авсан дардастай №00275925 гэрчилгээний хуулбар нь хэрээс байхгүй байсан №00275925 гэрчилгээгээр 2013 оны 10 дугаар сарын 15-нд №000280619 гэрчилгээг шинээр авсан нь /хх-45/ байдаг. 2013 оны 10 дугаар сарын 15-наас хойш 2014 оны 8 дугаар сарын 08-нд 2015 оны 7 дугаар сарын 02-нд бүртгэлийн газраас хэрээс тавиагүй, хүчингүйд тооцоогүй хүчингүй болгов гэж тамга дараагүй № 00275925 дугаарт гэрчилгээнүүдийн хуулбар шүүхэд өгсөн хэрэгт байгаа болно. Хэргийн 71-д 2015 оны 12 дугар сарын 24-ний 146 дугаар шийдвэртэй хэрэгт 2015 оны 7 дугаар сарын 02-нд Сүхбаатар дүүргийн бүртгэлийн газраас хэрээслээгүй гэрчилгээ хуулбарлаж өгсөн байдаг. Өөр нэгэн баримт нь /хх-146/ нөгөө хулгайд алдсан, гээгдүүлсэн гэрчилгээ нь эх хувиараа 2016 оны 5 дугаар сарын 09-нд бүртгэлийн газраас хүчингүй болгоогүй, чагт хэрээсгүйгээр аваад нотариатаар баталгаажуулж хэрэгт өгсөн байгаа /хх-71/. 2015 оны 12 дугаар сарын 24-нд хэрэгт бүртгэлийн газраас 2015 оны 7 дугаар сарын 07-ны дардастай чагт хэрээстэй 2014 оны 02 дугаар сарын 06-нд хүчингүй болгож тамгалаад хэрээслэсэн юм бол би нэхэмжлэлээ татаж авах байсан. Харин Ц.Болор хожим санаатайгаар хэрээслэснийг би өрөө хэрэгт өгнө гэснээрээ хууль бус үйлдлээ давтаж хуурамч баримт өөрөө бүрдүүлж өгсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.6-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтооосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Ш.Батсайхан нь хариуцагч Ц.Болорт холбогдуулан 000275925 дугаар гэрчилгээг хууль зөрчиж гаргуулсанд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Сүхбаатар дүүргийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар нь маргаж буй Сүхбаатар дүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Төмөр замчдын гудамж 45 дугаар байр 48 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгч С.Цогтсайханы 000178141 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг түүний төрсөн охин болох Ц.Болорын гаргасан өргөдлөөр хүчингүй болгож, 2013 оны 9 дүгээр сарын 25-нд Ц.Болорт 000275925 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон үйл баримт тогтоогдсон.

 

Талууд маргаж буй орон сууцны өвлөгч, өмчлөгч нь хариуцагч Ц.Болор мөн эсэх талаар маргаагүй, харин Ш.Цогтсайханы нэр дээрхи орон сууцны гэрчилгээг Ц.Болор хүчингүй  болгуулан, дахин гэрчилгээ гаргуулсан нь хууль зөрчсөн эсэх талаар маргажээ.

 

Хариуцагч Ц.Болор ...талийгаач эцэг Ш.Цогтсайханы нэр дээрх 000178141 дүгээр орон сууцны гэрчилгээг хайгаад олохгүй болохоор гэрчилгээг үрэгдүүлсэн гэж зарлуулан 000275925 гэрчилгээг дахин гаргуулсан нь хууль зөрчөөгүй... гэж тайлбарлажээ.

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 5563 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 379 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 489 дүгээр тогтоол /хх-57-67/-оор Ц.Болорын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөл нь өвлөх эрхийн үндсэн дээр үүссэн болох нь тогтоогдсон тул хариуцагч Ц.Болорыг хууль бусаар өмчлөгчөөр тогтоогдсон гэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд Ш.Цогтсайханы нэр дээрхи 000178141 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг түүний өв залгамжлагч буюу охин Ц.Болор нь  үрэгдүүлсэн үндэслэлээр хүчингүй болгуулан, 000275925 дугаартай гэрчилгээ гаргуулж авснаар нэхэмжлэгч Ш.Батсайханы эрхийг зөрчсөн болох нь тогтоогдоогүй гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

 

Түүнчлэн маргаж буй орон сууцанд ямар нэгэн үүрэг ногдуулсан, барьцаалагдсан гэх байдал тогтоогдоогүй байна.

 

Анхан шатны шүүх нотлох баримт бүрдүүлэх талаар хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэж, Н.Ойдовдоржийг гэрчээр асуусан атлаа шүүхийн шийдвэрт энэ талаар дүгнээгүй нь буруу боловч энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл болохгүй.

 

Маргаж байгаа байрыг барьцаалж зээл олгосон, зээлийн төлбөрийг төлсөн /хх-73-77/, уг байрны гэрчилгээг ...үрэгдүүлээгүй, барьцаанд байсан... болохыг тогтоолгох тухай Н.Ойдовдоржийн нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна. /хх-71-72/

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй тул гэрчийн мэдүүлэг нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотлоогүй болно.

 

Мөн хариуцагч Ц.Болор хуурамчаар нотлох баримт бүрдүүлсэн байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Ш.Батсайханы гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2016/03941 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ш.Батсайханы давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШЗ2016/20194 дүгээр шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Ш.Батсайханыг давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлснийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Н.БАТЗОРИГ

 

                                      ШҮҮГЧИД                                          Г.ДАВААДОРЖ

 

                                                                                                Д.БАЙГАЛМАА