Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 387

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 3 дугаар баг 4 дугаар хэсэг 82 тоотод оршин суух, Горхин овогт Цэвэлмаагийн Пүрэвжав /УХ56031319/-ын нэхэмжлэлтэй, 

“Улсад ажилласан жил тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Пүрэвжав, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Бүүвэйцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:  

Нэхэмжлэгч Ц.Пүрэвжав шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа; 

Би Төв аймгийн Баянчандмань сумын ХАА-н ТМС-ийн Авто-трактор, ХАА-н машины засварын ангид орж хоёр жил суралцан мэргэжилтэй болж 1975 онд төгссөн. Хоёр жил сурч дадлага хийн төгсөх үед бидэнд хөдөлмөрийн дэвтэр нээж бичилт хийж нутагт маань буцаасан. Ингээд нутагтаа очиход манай сум Тариалангийн САА-н харъяа Эг-Үүрийн 3 дугаар тасаг нэртэй болсон байсан тул бид Тариалангийн САА дээр очиж 1 сар цалингүй ажиллаж байгаад дараа нь Эг-Үүрийн 3 дугаар тасгийн Үтрэмийн слесараар ажилд орсон. Ингээд 1976 онд цэрэгт татагдан явснаас хойш нутагтаа эргэж очин ажиллаагүй. 2015 онд Хөвсгөл аймгийн Тариалан сумын архиваас хөдөлмөрийн дэвтэрээ шүүлгэхэд Тариалан сумын архив шатсан гээд архивын лавлагаа гаргаж өгөөгүй. Тухайн үед хамт ажиллаж байсан бүх хүмүүс маань бүгд нас барцгаасан. Тиймээс миний гаргаж өгсөн нотлох баримтыг үндэслэн намайг Хөвсгөл аймгийн Тариалан сумын Эг-Үүрийн ТАА-н Үтрэмд 1975 оны 07 дугаар сарын 21-нээс 1976 оны 07 дугаар сарын 13-ныг хүртэл слесарь, мончёроор ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү! гэжээ.

              Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж

                                               ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Пүрэвжав нь “...намайг 1975 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 1976 оны 07 дугаар сарын 13-ны өдөр хүртэл Хөвсгөл аймгийн Тариалан сумын Эг-Үүрийн ТАА-н Үтрэмд слесарь, мончёроор ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү” гэсэн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.   

Ц.Пүрэвжав 1975 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 1976 оны 07 дугаар сарын 13-ны өдөр хүртэл Хөвсгөл аймгийн Тариалан сумын Эг-Үүрийн ТАА-н Үтрэмд слесарь, мончёроор ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан Хөвсгөл аймгийн тариалангийн сангийн аж ахуйн даргын 1975 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 126 дугаартай “ ажилд томилох тухай” тушаал болон Монгол улсын батлан хамгаалахын төв архивын лавлагаа, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг баримтаар тус тус нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

Нэхэмжлэгч Ц.Пүрэвжавын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй. 

     

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135-р зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Горхин овогт Цэвэлмаагийн Пүрэвжавыг 1975 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 1976 оны 07 дугаар сарын 13-ны өдөр хүртэл Хөвсгөл аймгийн тариалангийн сангийн Эг-Үүр тасагт үтрэмийн слесарь, мончёроор ажиллаж байсан болохыг тогтоосугай. 

2. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг  орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.3 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг  бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, энэ хуулийн 119.4 дэх хэсэгт зааснаар дээрхи хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч өөрөө шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар 119.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрийг зохигч гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.  

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, түүний өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                              Б.МӨНХЗУЛ