| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
| Хэргийн индекс | 183/2023/00216/И |
| Дугаар | 210/МА2023/01687 |
| Огноо | 2023-08-30 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 210/МА2023/01687
2023 08 30 210/МА2023/01687
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2023/02193 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Л.Батгэрэл, Н.******* нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ашидбилгүүн ХХК, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,
үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Түмэнбаяр (цахимаар), хариуцагч Ашидбилгүүн ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уянга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Нэхэмжлэгч Н.*******, Л.Батгэрэл бид Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 183/32021/02613 дугаар шийдвэрийн дагуу Хөтөлт номгон ББСБ ХХК-д төлбөр гаргуулах шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр төлөгчөөр оролцож байна.
1.2. Уг ажиллагааны явцад Л.Батгэрэлийн нэр дээр бүртгэлтэй үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2202022314 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгой 15080, 4 дүгээр хэсэг гудамж 405 тоот хаягт байрлалтай, 89 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон тус хаягт байрлах нэгж талбарын 1501204604 дугаарт бүртгэлтэй 700 м.кв талбайтай газар эзэмших эрхийн хамт Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас битүүмжилж, улмаар хураан авч албадан дуудлага худалдаанд борлуулахаар шинжээч томилсон.
1.3. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн у-238/24848 тоот албан бичгээр "Үнэлгээний мэдэгдэл"-ийг 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр мэдэгдсэн ба дээрх үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг 73,499,105 төгрөгөөр үнэлсэн.
1.4. Шинжээч Ашидбилгүүн ХХК нь барьцаа хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлж бидний хөрөнгийг үнэгүйдүүлсэн. Учир нь төлбөр авагч Хөтөлт номгон ББСБ ХХК болон төлбөр төлөгч Л.Батгэрэл, Н.******* нар бид дээрх барьцаа хөрөнгийг анх барьцаалахдаа 600,000,000 төгрөгөөр тооцож барьцаалсан. Өөрөөр хэлбэл талууд үл хөдлөх эд хөрөнгийг үнэлгээг анх барьцааны гэрээ байгуулахдаа тохиролцсон. Адил хөрөнгүүдийг худалдах талаар зар мэдээллүүдээс үзэхэд бидний хөрөнгийг хэт доогуур үнэлсэн байна.
1.5. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг "Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, мөн хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно" гэж заасантай нийцэхгүй байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын захиалгаар хийгдсэн Ашидбилгүүн ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ТХҮ-422/5205 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 22290421 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч үүргээ биелүүлээгүй тул төлбөр төлөгч Л.Батгэрэлийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын Ү-2202022314 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгой /15080/, 4 хэсэг гудамж, 405 тоот хаягт байрлах 89 м.кв талбайтай хувийн сууц, тус хаягт байрлах эзэмшлийн улсын бүртгэлийн 000477362 дугаар, шинэ нэгж талбарын 1501204604 дугаарт бүртгэлтэй 700 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрын хамт 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 22290421/05 дугаар тогтоолоор битүүмжилж, 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 22290421/08 дугаар тогтоолоор хурааж авсан.
2.2. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 12/433 дугаар тогтоолоор шинжээч томилсон.
2.3. Шинжээч 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 73,499,105 төгрөгөөр үнэлсэн талаарх үнэлгээний тайланг ирүүлсэн. Төлбөр төлөгчид хөрөнгийг 73,499,105 төгрөгөөр үнэлсэн тухай 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 4-238/24848 тоот албан бичгээр мэдэгдлийг үнэлгээний тайлангийн хамт гардуулан өгсөн.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч Ашидбилгүүн ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга:
3.1. Ашидбилгүүн ХХК нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 12 дугаар сарын 07-ний өдрийн 12/433 дугаартай шинжээч томилох тухай тогтоолын дагуу төлбөр төлөгч Л.Батгэрэлийн өмчлөлийн, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгой /15080/ 4 хэсэг гудамж, 405 тоот хаягт байрлах 89 м.кв талбайтай хувийн орон сууц, тус хаягт байрлах эзэмшлийн улсын бүртгэлийн 000477362 дугаар, нэгж талбарын 1501204604 дугаарт бүртгэлтэй 700 м.кв талбайтай газар эзэмших эрхийн хамт үнэлсэн.
3.2. Тухайн үнэлгээг олон улсын үнэлгээний стандарт болон хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг баримтлан өртгийн болон зах зээлийн хандлагаар үнэлсэн.
3.3 Манай компани хөрөнгийг 2022 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн байдлаар үнэлсэн байхад нэхэмжлэгч нь 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар ойлгож өөрийн нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан байна гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.*******, Л.Батгэрэл нарын хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Ашидбилгүүн ХХК нарт холбогдуулан гаргасан Чингэлтэй дүүргийн 19-р хороо, Майхан толгой /15080/ 4 хэсэг гудамж, 405 тоот хаягт байршилтай, 89 м.кв талбайтай, хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, Зуслан Майхан толгойд байршилтай улсын бүртгэлийн 000477362 дугаартай, нэгж талбарын 18640330728051 дугаар бүхий 700 м.кв газрын үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д зааснаар нэхэмжлэгч Н.*******, Л.Батгэрэл нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2023/02193 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.
5.1. Н.******* миний бие уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Үндсэн хуульд заасан хууль зүйн туслалцаа авах эрхээ хэрэгжүүлж, Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Э.Түмэнбаярыг сонгон авсан. Шүүх өмгөөлөгчийг "Хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад тохиолдолд шүүхээс товлосон хугацаанд шүүх хуралдаанд оролцох үүргээ биелүүлээгүй байна" гэж үзэж шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг хангахгүй орхиж, шүүх хуралдааныг үргэлжлүүлж хэргийг шийдвэрлэсэн нь хуульд заасан оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэж байна.
5.2. Өмгөөлөгч хоёр шүүх хуралдаанд зэрэг оролцох боломжгүй бөгөөд нэхэмжлэгч миний бие мэргэжлийн үнэлгээний байгууллагын ажилтан, эрх зүйч мэргэжилтэй шүүхийн шийдвэр гүйцэтгэгчтэй хэргийн талаар эн тэнцүү мэтгэлцэх боломжгүй тул өмгөөлөгчтэйгээ шүүх хуралд оролцох хүсэлтийг шүүхэд гаргасныг хүлээн аваагүйд гомдолтой байна.
5.2. Шинжээчээр томилогдсон Ашидбилгүүн ХХК нь барьцаа хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлж бидний хөрөнгийг үнэгүйдүүлсэн гэж үзэж байна. Учир нь талууд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг анх барьцааны гэрээ байгуулахдаа 600,000,000 төгрөгөөр тохиролцсон учраас бид үнийн саналаа 600,000,000 төгрөгөөр тооцож өгсөн.
5.3. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт "Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2 дахь хэсэгт заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно" гэж заасантай нийцэхгүй байхад шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй.
Иймд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2023/02193 тоот шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
6. Давж заалдах гомдолд хариуцагч нар тайлбар гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч Л.Батгэрэл, Н.******* нар нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж эс зөвшөөрч, маргажээ. /1хх. 1-2, 43 дугаар тал/
3. Төлбөр төлөгч Л.Батгэрэл, Н.******* нараас 596,806,000 төгрөгийг гаргуулан Хөтөлт номгон ББСБ ХХК-д олгож, барьцаа хөрөнгө болох Л.Батгэрэлийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн 000337583 дугаартай, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгой /15080/ 4 хэсэг гудамж, 405 тоот хаягт байршилтай, 89 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай, үл хөдлөх хөрөнгө, Л.Батгэрэлийн эзэмшлийн Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Зуслан Майхан толгойд байршилтай улсын бүртгэлийн 000477362 дугаартай, нэгж талбарын 18640330728051 дугаар бүхий 700 м.кв эзэмших эрхтэй газраар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШЗ2021/02613 дугаар захирамж хуулийн хүчин төгөлдөр болжээ. /1хх. 47-49 дүгээр тал/
4. Дээрх хүчин төгөлдөр шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хариуцагч байгууллага 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, нэхэмжлэлд дурдагдсан үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 22290421/05 тоот тогтоолоор битүүмжилж, 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 22290421/08 тоот тогтоолоор хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд тус тус заасан зохицуулалтад нийцжээ. / 1хх-ийн 51-52, 54-55 дугаар тал/
5. Нэхэмжлэгч Л.Батгэрэл, Н.******* нар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацааны дотор шүүхэд гомдол гаргасан бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтыг тухай хэрэгт хамааралтай, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь харьцуулан үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжэээ.
5.а. Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийн талаар төлбөр төлөгч, төлбөр авагч нар тохиролцоогүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 12/433 тоот тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор Ашидбилгүүн ХХК-ийн шинжээч Б.Уянгыг томилж, шинжээч Ашидбилгүүн ХХК-аас эрхийн улсын бүртгэлийн Ү-2202022314 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Майхан толгой /15080/ 4 хэсэг гудамж, 405 тоот хаяг байршилтай 89 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, тус хаягт байршилтай, нэгж талбарын 1501204604 дугаарт бүртгэлтэй эзэмших эрхтэй газрын хамт зах зээлийн үнэ цэнийг 73,499,105 төгрөг гэж тогтоосон байна. /1хх. 66-89 дүгээр тал/
5.б. Шинжээч нь орон сууцны үнийг гаргахдаа зах зээлийн болон өртгийн хандлагын аргыг ашиглан, зарын www.unegui.mn /үнэгүй.мн/ цахим сайт дээр худалдахаар зарлагдсан тухайн үнэлэгдэх хөрөнгөтэй нэг байршилтай, шинж чанарын хувьд ижил төстэй, зах зээлд худалдан борлуулагдахаар санал болгосон хөрөнгүүдийг харьцуулах замаар хөрөнгийн үнэ цэнийг тогтоосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 8.3 дахь хэсэгт нийцжээ.
Иймд, хөрөнгийг үнэлэх ажиллагаа нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл 42.1 дэх хэсэг, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай тус тус нийцсэн талаар анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.
6. Хувийн сууц болон газар эзэмших эрхийг зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур үнэлсэн гэх нэхэмжлэгчийн гаргасан үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүйгээс гадна тэдгээр нь зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй тул энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.
7. Барьцааны гэрээний талууд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг барьцааны гэрээнд тохиролцож тогтоосон нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны албадан дуудлага худалдааныг үнэлгээг тогтоох үндэслэл болохгүй. Учир нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгийн зах зээлийн бодит үнийг тогтоох зорилгоор албадан дуудлага худалдааны үнэлгээний талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогчид харилцан тохиролцох боломжтой. Хөрөнгийн үнэлгээний харилцан тохиролцоогүй тул хариуцагч байгууллага нь шинжээч томилон хөрөнгийн үнэлгээг тогтоох ажиллагаа гүйцэтгэсэн нь хуульд нийцэж байна. Иймд үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг 600,000,000 төгрөгөөр барьцааны гэрээнд тогтоосныг харгалзаж үзээгүй гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
8. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох, хууль зүйн туслалцаа авах боломжоор хангаж, 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдааныг хойшлуулсан байх бөгөөд харин нэхэмжлэгч нь 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаан давхацсантай холбоотойгоор шүүх хуралдааныг хойшлуулах талаар хүсэлт гаргаагүй болох нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 183/ТМ2023/03710 дугаар тэмдэглэл /1хх. 122-124 дүгээр тал/-ээр тогтоогдож байх тул өмгөөлөгчтэй оролцох боломжоор хангаагүй талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.
9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.*******ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2023/02193 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.*******ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД
С.ЭНХБАЯР