| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2019/0003/э |
| Дугаар | 30 |
| Огноо | 2019-01-30 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 30
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ,
Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Хосбаяр,
Шүүгдэгч Б.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Хт холбогдох эрүүгийн 1830003920016 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1983 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар аймгийн Наран суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Далай булаг дэлгүүрт слесарь ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар баг, ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй Б.Х.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Б.Х нь 2018 оны 12 дугаар сарын 03-ны шөнө 22 цагийн орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 баг “Залуус” хотхоны 2 дугаар байрны гадна зогсоолд байрлуулсан байсан Г.Бы эзэмшлийн 86-68 СҮЭ улсын дугаартай “тоёота приус 20” маркийн автомашины салхины шил, арын 2 дохионы гэрлийг хагалж 480.000 төгрөгийн, Б.Өын эзэмшлийн 57-14 СҮЭ улсын дугаартай “Портер” маркийн автомашины салхины шилийг хагалж 120.000 төгрөгийн, Д.Мын эзэмшлийн 98-00 СҮА улсын дугаартай “Тоёота Виш” маркийн автомашины салхины шилийг хагалж 270.000 төгрөгийн, Д.Сгийн эзэмшлийн 66-03 СҮЭ улсын дугаартай “Ниссан Блуебэрд” маркийн автомашины салхины шилийг хагалж 270.000 төгрөгийн, М.Гын эзэмшлийн 64-25 СҮЭ улсын дугаартай автомашины салхины шил, баруун урд талын гупер, зүүн хойд талын дохионы гэрлийг хагалж 430.000 төгрөгийн, 22-32 СҮА улсын дугаартай “тоёота марк-2” маркийн автомашины салхины шилийг хагалж 140.000 төгрөгийн, нийт 1.710.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талынн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Б.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
- Яллагдагч Б.Хын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 17 цагаас 21 цагийн хооронд 2 шил архийг Ц гэдэг ахтай уулзчихаад Залуус хотхоны 2 дугаар байранд байдаг М гэдэг ахынд очоод өмнө өгсөн байсан юм аа авах гэсэн байхгүй байсан. Тэгээд гадаа байж байгаад салхинд цохиулаад тасарсан байсан. Нэг ухаан ороход урагшаа харуулаад тавьсан байсан портерын урд шилийг цохиж байсан. Тэгээд хүн боль гээд бахирахаар нь баруун тийшээ зугатаж байгаад баригдаад цагдаад ирсэн. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-47/
Хохирогч Д.Мын “...Би Сүхбаатар аймгийн 7 дугаар багийн нутаг Залуус хотхоны 2 дугаар байранд амьдардаг юм. 2018 оны 12 дугаар сарын 03-ны орой 18 цагийн үед 98-00 СҮА улсын дугаартай тоёота виш маркийн автомашинаа байрныхаа урд талын зогсоолд ертөнцийн зүгээр баруун тийш харуулан Бын машины урд талд зэрэгцүүлэн тавьсан байсан юм. Орой 22 цагийн үед манай хаалгыг Баяы охин Бо тогшоод “гадаа машины чинь цонхыг хагалчихлаа” гэхээр нь хувцсаа өмсөөд гарч байтал Бая шатан дээр таарахаар нь “яасан бэ хө” гэхэд хүнийг нь барьсан цагдаа дуудчихлаа гэсэн. Тэгэхээр нь гараад харсан чинь миний машины урд салхины шилний зүүн урд хэсгийг юмаар цохиод хагалсан байсан. Миний хувьд хагалсан гэх хүнийг хараагүй. Манай байрны Бтийг гражид машинаа хийчихээд ирж байхад машины шил хагалсан гэх нөхөр зугтаасан, тэгээд Бая тэр 2 барьж авсан гэсэн. Сүүлд Баяаас ямар хүн байсан талаар асуухад Х гэдэг хүн байсан гэж байсан. Миний машины шилний үнэлгээ зардалтайгаа нийлээд 270,000 төгрөг болсон. Миний хувьд гаргах гомдол, санал байхгүй. Х гэх хүн надтай холбогдож 270.000 төгрөгийн хохирлыг барагдуулсан тул нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/
Хохирогч Д.Сгийн “...Би Сүхбаатар аймгийн 7 дугаар багийн нутаг Залуус хотхоны 2 дугаар байранд амьдардаг юм. 2018 оны 12 дугаар сарын 03-ны орой 20 цагийн үед өөрийн эзэмшлийн 66-03 СҮА улсын дугаартай Ниссан Блуебэрд маркийн автомашиныг манай нөхөр Г байрныхаа урд талын зогсоолд байрлуулсан байсан юм. Орой 22 цагийн үед машины чинь цонхыг хагалчихлаа гэж Бая ахын охин хэлэхээр би гэрээсээ гараад машин руугаа очиж байхад Бая ах цагдаа дуудчихлаа гэсэн. Тэгээд машин дээрээ очоод харсан чинь миний машины урд салхины шилний зүүн талын хэсгийг чулуугаар цохиод хагалсан байсан. Миний хувьд хагалсан гэх хүнийг хараагүй. Манай байрны Бтийг гражид машинаа хийчихээд ирж байхад машины шил хагалсан гэх нөхөр зугтаасан, тэгээд Бая тэр 2 барьж авсан гэсэн. Сүүлд Бая ахаас ямар хүн байсан талаар асуухад Х гэдэг хүн байсан гэж байсан. Миний машины шилний үнэлгээ зардалтайгаа нийлээд 270.000 төгрөг болсон. Миний хувьд гаргах гомдол, санал байхгүй. Х гэх хүн надтай холбогдож 270.000 төгрөгийн хохирлыг барагдуулсан тул нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн
Хохирогч Г.Бы “...Манайх Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг Залуус хотхоны 2 дугаар байранд байдаг юм. 2018 оны 12 дугаар сарын 03-ны орой 22 цагийн үед гэртээ байж байхад манай охин Бо орж ирээд манай машины цонхыг нэг ах чулуугаар хагалчихлаа гэхээр нь гадагшаа гараад ирэхэд Өын машины шилийг нэг нөхөр цохиж байснаа намайг хараад баруун тийшээ зугтаасан. Тэгээд би араас нь хөөгөөд мөн цаанаас ирж байсан Бт надтай хамт хөөгөөд Залуус хотхоны 1 дүгээр байрны баруун талд гүйцэж очоод дарж авсан. Тэр үед “миний машины шилийг хагалсан юм чинь та нарын машины шилийг хагалахаар яадаг юм” гэж байсан. Уг хүнийг Цагдаагийн газрын эргүүл дуудаж өгч явуулсан. Бт бид хоёрыг уг хүнийг бариад байж байхад Г ирсэн. Тэгээд сүүлд цагдаа дээр ирээд уг хүнийг эрүүлжүүлэхэд орсны дараа уулзахад Х гэдэг хүн байсан. Манай охин Бо нь уг хүнийг шил хагалсныг анх харсан хүн байгаа юм. Намайг гараад ирэхэд Өын портерын шилийг цохиж байгаад зугтаасан. Тэгээд цагдаад Х гэх хүнийг өгч явуулчихаад буцаж ирээд машины шилээ харахад урд салхины шилийг хагалсан, арын 2 дохионы гэрлийг мөн хагалсан байсан. Х гэх хүн нь нилээн согтуу байсан. Х миний хохирлыг барагдуулж үнэлгээний 480.000 төгрөгийг өгсөн болохоор надад гаргах гомдол санал гэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/
Хохирогч Б.Өын “...Би Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байдаг Залуус хотхоны 2 дугаар байранд амьдардаг юм. 2018 оны 12 дугаар сарын 03-ны орой 17 цагийн үед 57-14 СҮЭ улсын дугаартай цэнхэр өнгийн Супер портер маркийн машинаа байрныхаа урд хэсэгт гэрийнхээ цонхны доор урагшаа харуулаад тавьсан юм. Тэгээд орой 22 цагийн үед Б ахын хүү Т манай хаалгыг тогшоод “таны машины цонхыг хагалсан байна” гэхээр нь сандраад гараад очиход байрны гадаа байсан миний машинаас гадна хэд хэдэн машины цонхыг хагалсан байсан. Тэгээд хагалсан хүнийг Бая ах бариад цагдаад өгсөн гэж байсан. Тэр хүнийг Х гэсэн ба миний хохирлын мөнгө болох 140.000 төгрөгийг өгч барагдуулсан. Миний хувьд гаргах гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19/
Хохирогч М.Гын “...Манайх Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг Залуус хотхоны 2 дугаар байранд байдаг юм. 2018 оны 12 дугаар сарын 03-ны орой 22 цагийн үед гэртээ байж байхад манай 2 машины шилийг хагалчихлаа гэдгийг мэдээд гарсан ба манай байрны Бая нь уг хүнийг бариад цагдаад өгсөн байсан. Манай 22-32 СҮА улсын дугаартай машины урд салхины шил, 64-25 СҮЭ улсын дугаартай автомашины салхины шил, баруун урд талын гупер, зүүн хойд талын дохионы гэрэл хагалсан байсан. Үнэлгээгээр приусын эвдрэл 430.000 төгрөг, марк-2 машиных 140.000 төгрөг болсон. Надад нийт 570.000 төгрөгний хохирол учраад байна. Манай машины шилийг хагалсан гэх хүнийг хараагүй. Тухайн үед Баяы охин Бо хараад хүмүүст хэлсэн байсан. Манай нөхөр Б нь хохирогчоор мэдүүлэг өгөх байсан боловч одоогоор байхгүй байна. Миний хувьд машины шил хагалж байгаа эсэхийг хараагүй. 64-25 СҮЭ улсын дугаартай автомашиныг Амаржаргал гэх хүнээс худалдан аваад нэр дээрээ шилжүүлээгүй байгаа. Харин 22-32 СҮА улсын дугаартай машиныг Бат-Эрдэнэ гэх хүнээс аваад бичиг баримтыг шилжүүлээгүй боловч эзэмшигч нь би байгаа юм. Х миний хохирлыг барагдуулж үнэлгээний 570.000 төгрөгийг өгсөн болохоор надад гаргах гомдол санал гэх зүйл байхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн -22-23/
Өсвөр насны гэрч Б.Боийн “...Би 2018 оны 12 дугаар сарын 03-ны орой гэр лүүгээ буюу Баруун-Урт сумын 7 дугаар баг Залуус хотхон руу 22 цагийн үед ирж явтал манай гэрийн урд талын автомашины зогсоол дээр хүчтэй тас няс хийсэн чимээ гарахаар нь тухайн үедээ манай гэрийн хажуу талын барилга барьж байсан газраас юм унаж байна гэж бодсон. Тэгтэл би байшингийнхаа орц руу орох гэж байтал машины цонхыг эрэгтэй хүн чулуугаар цохиод байхаар нь “хөөе та болиоч” гэж хэлсэн чинь цаашаа яваад манай аавын приус 20 маркийн машины цонхыг хагалаад байхаар нь боль гэж чулуу шидсэн чинь хажуу тийшээ болсон. Дахин цааш яваад 3 дахь машины цонх шилийг хагалаад байхаар нь боль гэж хэлсэн. Энэ үед манай орцны Төрөө гэж дууддаг ах ирж байхаар нь машины цонх хагалаад байна гэсэн чинь Төрөө ах боль гэж бахиртал машины цонх хагалж байсан ах зугтчихаар нь араас нь хөөсөн чинь зугтаж байгаа зүгт нэг хүн байж байхаар нь наадах хүнээ бариад ав гэж бахирсан чинь бариад авсан. Барьж авсан хүнийг танихгүй. Удалгүй аавыгаа дуудсан чинь цагдаад дуудлага өгсөн байсан. Машины цонхыг хагалаад байсан хүнийг танихгүй хүн байсан. Ямар ч байсан манай аавын машины цонх, арын 2 дохионы гэрлийг хагалсан байсан. Өөр зогсоол дээр байсан 5-6 машины цонхыг хагалсан байна лээ” гэх мэдүүлэг /хх-ийн 32/
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, гэрэл зургууд /хх-03-7/
-Согтуурсан мансуурсан хүнийг саатуулах тухай тогтоолын хуулбар /хх-49/
-Саатуулсан хүнийг сулласан тухай тэмдэглэл /хх-49 дүгээр хуудасны ар тал/
-Эрүүлжүүлсэн хүний бүртгэл /хх-51/
-Эргүүлийн рапорт /хх-52/
-А ХХК-ны бэлэн мөнгөний орлогын баримтууд /хх-54, 58, 62, 66, 73/
- “А” ХХК-ийн гаргасан эд зүйлийн үнэлгээнүүд /хх-55, 59, 63, 67, 74/
-57-14 СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-78/
-98-00 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-80/
-66-03 СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-82/
-64-25 СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-84/
- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар багийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 6/23 тоот албан бичиг /хх- 85/
-Далай булаг дэлгүүрийн захирал Б.УуГын тодорхойлолт /хх-88/
- Б.Хын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-89/
-86-68 СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-94/
-Б.Хын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-86/
-Б.Хын Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-103/
-Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хариуцлагын талаарх 2019 оны 01 сарын 28-ны өдрийн 5/04 дугаартай санал /хх-104/ зэрэг баримтууд болно.
Шүүгдэгч Б.Х 2018 оны 12 дугаар сарын 03-ны шөнө 22 цагийн орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 баг “Залуус” хотхоны 2 дугаар байрны гадна зогсоолд байрлуулсан байсан Г.Бы эзэмшлийн 86-68 СҮЭ улсын дугаартай “тоёота приус 20” маркийн автомашины салхины шил, арын 2 дохионы гэрлийг хагалж 480.000 төгрөгийн, Б.Өын эзэмшлийн 57-14 СҮЭ улсын дугаартай “Портер” маркийн автомашины салхины шилийг хагалж 120.000 төгрөгийн, Д.Мын эзэмшлийн 98-00 СҮА улсын дугаартай “Тоёота Виш” маркийн автомашины салхины шилийг хагалж 270.000 төгрөгийн, Д.Сгийн эзэмшлийн 66-03 СҮЭ улсын дугаартай “Ниссан Блуебэрд” маркийн автомашины салхины шилийг хагалж 270.000 төгрөгийн, М.Гын эзэмшлийн 64-25 СҮЭ улсын дугаартай автомашины салхины шил, баруун урд талын гупер, зүүн хойд талын дохионы гэрлийг хагалж 430.000 төгрөгийн, 22-32 СҮА улсын дугаартай “тоёота марк-2” маркийн автомашины салхины шилийг хагалж 140.000 төгрөгийн, нийт 1.710.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Б.Хын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч В.Э, гэрч Ж.Ц, О.Б, Э.Ц, Б.Э нарын мэдүүлгүүд, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын үнэлгээний комиссын 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Эд зүйлийн үнэлгээ зэрэг хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоосон гэж үзсэн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Хэрэг үйлдэгдсэн байдлыг тодруулбал, шүүгдэгч Б.Х нь согтуурсан үедээ ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр бусдын эзэмшлийн машины салхины шил, буфер, дохионы гэрэл зэргийг чулуугаар цохиж хагалсан үйл баримт тогтоогдох бөгөөд тэрээр бусдын эд хөрөнгөнд хууль бусаар халдах, устгаж, гэмтээж болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа бусдын өмчлөх эрхэд зориуд хохирол учруулан, гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ.
Шүүгдэгч Б.Хын хохирогч нарын машиныг чулуугаар цохиж хохирол учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах, гэмтээх гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Бд 480.000 төгрөг, Б.Өод 120.000 төгрөг, Д.Мад 270.000 төгрөг, Д.Сд 270.000 төгрөг, М.Гт 570.000 төгрөгийн хохирол тус тус учирсан нь хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ гаргах эрх бүхий А ХХК-ний Автомашины техникийн үнэлгээний тайлангуудаар тогтоогдох ба шүүгдэгч Б.Х хохирогч нарт учирсан дээрх хохирлыг нөхөн төлж, хохирлыг бүрэн барагдуулсан бөгөөд хохирогч нар нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэдгээ хэрэгт мэдүүлжээ.
Шүүгдэгч Б.Хын гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Б.Хын холбогдсон хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арвандолдугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах ба мөн хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан нөхцөл байдлууд бүгд хангагдсан буюу “ гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байх, үйлдсэн хэрэг нь нотлогдсон байх “ зэрэг эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчим, шаардлагад нийцсэн байна.
Тухайлбал, шүүгдэгч Б.Хын үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан эдийн хохирлыг нөхөн төлсөн, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гарган, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг болон шүүх хуралдаанд шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.
Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана ” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Х энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдья.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсгүүд, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Хыг бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шатанд ялтан Б.Хт таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Х дээрх торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Ялтан Б.Х энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН