| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2019/0036/э |
| Дугаар | 36 |
| Огноо | 2019-02-02 |
| Зүйл хэсэг | 11.2.1., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 36
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ариунжаргал,
Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Хосбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар,
Шүүгдэгч Г.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Нид холбогдох 1930000180030 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багийн харьяат,1969 оны 08 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, холбооны кабелчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баруун-Урт сумын 4 дүгээр баг Ө хороололд оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй Г.Н.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Г.Н нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 17 цагийн орчим Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр баг “Ц” гэх газарт хохирогч Г.Оийн хүч хэрэглэж буюу шанаан тус газарт нь цохиж, куртикнийх нь захаар боосон хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хохирогч Г.Оийг хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Г.Нийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр баг “Ц” гэх газар нутаглах эгчийн хүүхэд Быд мал харж байсан. 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр орой 16-17 цагийн орчим гадаа хонины ууц хийж байсан. О өдөр ирээд хэдэн хонь, ямаа аваад явах гэж байсан юм. Гэрт С, А, Б, Ө нар байсан. Гэрээс О гарч ирээд та надаас зээлсэн 65.000 төгрөгөө одоо өг гэсэн. Би одоо байхгүй байна, дараа өгье гэхэд одоо заавал авна гээд толгойн ар хэсэг рүү гараараа цохиход би “чи яах гээд байгаа юм” гээд бостол миний шанаа руу хүчтэй цохиж өмсөж байсан хар куртикний захаар миний хоолойг боосон. Түүнийг түлхсэн, гарт хутга байсан эсэхийг санахгүй байна, миний ухаан балартсан, сүүлдээ юу болоод байгааг мэдээгүй. Би хонь нядалж байсан тэгээд нэг мэдэхэд бид 2 тэврэлдээд л авсан, энэ асуудал түрхэн зуур болсон. О газар унасны дараа бархирахад би хутгатай байснаа мэдсэн. Би би хүн хутгалчихлаа гээд орилсон.Тэгээд шууд машинаар нь аймаг ороод эмнэлэгт хүргэж өгсөн. Мөн эмчилгээний бүх зардлыг төлсөн. Би Од 1.500.000 төгрөг төлсөн ...
Бид 2 одоо эвлэрсэн хэвийн харилцаатай байгаа. Надаас нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн. Хүний биед гэмтэл учруулсандаа гэмшиж байна...гэв.
- Яллагдагч Г.Нийн: Би Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр багийн “Ц” гэх газарт нутаглах өөрийн эгчийн хүүхэд Ц.Б гэх айлын малыг хариулж амьдардаг юм. 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Ц.Бынх ууцны хонь бэлтгэж байсан. Орой 17 цагийн орчим О, С, Б нар Бы гэрт байсан. Би гадаа ганцаараа хонь нядалж байтал манай хамаатан болох Г.О нь ирээд надад зээлдүүлсэн 65.000 төгрөгөө асуухаар нь би “одоо байхгүй байна, дараа өгье” гэтэл миний толгойн ар хэсэг рүү гараараа цохихоор нь би “чи яах гээд байгаа юм” гээд бостол миний шанаа руу цохиж мөн өмсөж байсан куртикний захаар миний хоолойг боосон юм. Үүнээс болж миний ухаан балартаж амьсгал боогдож Г.Оийг тавиулах гэж түлхэхдээ гартаа хутга байсныг мартаж Г.Оийг хутгалсан байсан. Тэгээд гэр дотор байсан хүмүүст хэлж Сүхбаатар сум руу хүргэж өгөөд тэндээсээ аймагт ирсэн. Би Г.Отэй түргэн зуур зууралдаад салахдаа өөрийн мэдэлгүй хутгалсан байсан. Би түүнийг хутгалсанаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед нүд харанхуйлаад амьсгал боогдож байсан. Харин надад гэмтэл бэртэл гэх зүйл учраагүй. Би Г.Оийн эмчилгээний зардал мөнгийг гаргасан. Одоо Г.О нь надаас ямар нэгэн зүйл нэхэмжлэхгүй гэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 38-40/
- Хохирогч Г.Оийн: Би 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 12 цагийн үед Ц.Б гэдэг хамаатныхаасаа хэдэн хонь, ямаа авахаар очсон юм. Тэнд манай ээжийн төрсөн дүү Г.Н, өөр миний танихгүй нэг залуу хоёр хонь, ямаа махалж, нядалж байсан. Орой 16-17 цагийн хооронд аймаг руу явах гээд мөнгө хэрэг болоод Г.Н ахад зээлдүүлсэн 65.000 төгрөгөө авах гээд мөнгөө асуутал “одоо мөнгө алга, дараа өгье” гэж байсан. Тухайн үед Г.Н ах гадаа ганцаараа хонь нядалж байсан. Би Г.Н ахыг газар сууж байхад нь толгойны ар хэсэгт нь 1-2 удаа цохисон юм. Гэтэл Г.Н ах босоод ирэхээр нь би зүүн шанаан дээр нь гараараа цохиж өмсөж байсан куртикний захаар нь хоолойг нь боотол Г.Н ах намайг түлхэх юм уу, тэврэх шиг л болсон. Гэтэл хонь нядалж байсан хутгаараа намайг хутгалчихсан байсан. Би Г.Н ахыг газраас босож ирэхдээ хутгатай босож ирсэн талаар анзаарч хараагүй. Хэрэг явдал маш богино хугацаанд болж өнгөрсөн. Г.Н нь хар иштэй хутгаар хутгалсан байсан. Өмсөж байсан куртикний яг урд талаас нь амьсгалыг нь боосон Одоо бодоход Г.Н ах амь тэмцэж сандраад намайг хутгатай гараараа түлхэхдээ л хутгалсан байх гэж бодож байна. Нэхэмжлэх зүйлгүй гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 6-8/
- Гэрч Б.Аын: 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр манай ангийн хүүхэд болох С нь над руу утсаар залгаад “ууцны 200 гаруй хонь хийгээд өгөхгүй биз” гэхээр нь би зөвшөөрч 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 23 цагийн үед Быд очиж хоносон юм. 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 12 цагийн үед С, О, Б, Н гэх хүмүүс ирсэн бөгөөд Н нь тэднийд байсан “Ерөөл” нэртэй 0.5 литрийн архи дундуур байсныг надад нэг хийж өгөхөөр нь би амсчихаад буцаагаад өгсөн. Н нь тэр архийг саахалт айлын нэг хүнтэй хувааж уугаад дуусгасан. Тэгээд С нь буцаад Бы эхнэр хүүхдийг аваад Ба гэх айл руу яваад орой 16 цагийн үед ирсэн. Тухайн үед О, Н хоёр гэрийн гадаа байсан ба гэр дотор хонь хийж байсан бөгөөд гэрт Б, С, Бы эхнэр хүүхэд байж байтал гаднаас Н “хөөе гараад ир” гэж бахирахаар нь гараад очтол О нь машиныхаа хажууд хажуу талаараа доошоо хараад хэвтчихсэн байдалтай байхад нь С очоод яасан талаар нь асуухад юм хэлэхгүй хэвлийгээс нь их хэмжээний цус гараад тогтохгүй байхаар нь даавуугаар боож өөрийнх нь машинд өргөж оруулаад шууд Сүхбаатар сум руу хөдөлсөн. Орой 19 цагийн үед байх сумын эмнэлэгт ирж шууд Сүхбаатар аймаг руу явсан юм...гэх мэдүүлэг/хх- 12/,
-Гэрч Ө.Сын: 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр би Быд очсон. Б өөрийн хониноос ууцны мах бэлтгээд би машиныг нь бариад хот явах санаатай байсан юм. О гэх хүнтэй 2018 оны 12 дугаар сарын 27-ны орой Ба гэх айлд таарсан бөгөөд тэднийд хоночихоод маргааш нь О Б, Оийн ээжийнх нь төрсөн дүү болох Н бид 4 Быд 12 цагийн үед ирсэн. Тухайн үед Б нь эхнэр хүүхэдтэйгээ цуг байсан. Бы ууцны хонийг хийж өгнө гээд Баруун-Урт сумын иргэн болох А нар байсан. Тэгээд би 14 цагийн үед Бы эхнэр хүүхэдтэй Ба гэх айлаас ямаа явахаа яваад орой 16 цагийн үед ирэхэд Б нь байхгүй, А нь ууцны хонь хийж,Н, Отэй хамт машины хажууд махаа янзлаад байж байсан. 17 цагийн үед гэрт Ө хүүхэдтэйгээ, А, Б, бид нар байж байтал гаднаас Н нь “хутга шаачихлаа” гээд бахирахаар нь гараад очтол машиныхаа хажуу талд атийгаад хэвтчихсэн байхаар цамцыг нь сөхөж үзтэл зүүн бөөрний хажуу талаар нь байх их цус гоожиж байхаар нь цусыг нь хөнжлийн даавуугаар боогоод түргэн дуудчихаад машиныг нь бариад шууд Сүхбаатар сум руу Б, А бид 3 явсан. Замдаа түргэний машинтай таарч суманд 19 цагийн үед ирсэн юм...гэх мэдүүлэг/хх- 13/,
- Гэрч Б.Уын: 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 12 цагийн үед Н, О, С, бид нар Б ахынд ирцгээсэн. С 14 цагийн үед Бы эхнэрийг хүүхэдтэй нь аваад Ба гэх айл руу явсан, О, А, Н, бид үлдсэн юм. Сыг орой 16 цагийн ирэхэд би О ахын ямааг хийгээд дуусч байсан ба О, Н 2 махаа янзална гээд үлдсэн юм. Тэгээд би гэрт ороод байж байтал гаднаас Н нь “хутга шаачихлаа” гээд бахирхаар нь гэрт байсан хүмүүс бүгдээрээ гарч хартал О нь машиныхаа хажуу талд гэдсээ бариад хэвтчихсэн байдалтай байсан. С, А нар нь очиж гэр рүү оруулсан бөгөөд цусыг тогтоох гээд даавуугаар боосон юм. Тэгээд шууд сумын эмнэлэг рүү хүргэж өгсөн...гэх мэдүүлэг/хх- 14/,
- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 35 дугаартай дүгнэлтэнд: Г.Оийн биед хэвлийн баруунд суганы шугамаар ташаан толгойноос дээш 2-3 см-т хөндлөн байрлалтай хутгалагдсан шарх, хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, элэгний 8-р сигментийн няцрал, хэвлийн дотуур цус алдалт гэмтэл тогтоогджээ. Уг гэмтлүүд нь ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрт тогтмол нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...гэжээ /хх-ийн 24/
- Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл/ хх- 03-04/
- Хохирогч Г.Од Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх боломжийг тайлбарласан тэмдэглэл. 2019.01.17 / хх-84/,
- Яллагдагч Г.Нид Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх боломжийг тайлбарласан тэмдэглэл. 2019.01.30 / хх-83/,
- Г.Нийн Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-88/,
- Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай Прокурорын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 5/06 дугаартай тогтоол / хх-89/,
- Хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх Прокурорын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 19 дугаартай санал
- Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2018.11.25-ны өдрийн 221 дугаартай тодорхойлолт /хх-42/,
- Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-ийн 81/ зэрэг баримтууд болно.
Шүүгдэгч Г.Н нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 17 цагийн үед Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр баг “Ц” гэх газарт хохирогч Г.Оийн шанаан тус газар цохиж, куртикнийх нь захаар боосон хууль бус үйлдлийн улмаас ухаан балартан сэтгэл санааны гэнэтийн цочролд орсны улмаас хохирогч Г.Оийг хутгалж, эрүүл мэндэд нь “ хэвлийн баруунд суганы шугамаар ташаан толгойноос дээш 2-3 см-т хөндлөн байрлалтай хутгалагдсан шарх, хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, элэгний 8-р сигментийн няцрал, хэвлийн дотуур цус алдалт ” бүхий хүнд хохирол учруулсан болох нь Г.Нийн хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Г.О, гэрч Б.А, Б.У нарын мэдүүлгүүд, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 35 дугаартай дүгнэлт, Г.Оийн Өвчний түүх, эмчилгээний баримтууд, Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл зэрэг хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоосон гэж үзэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Тухайн хэрэг үйлдэгдсэн байдлыг тодруулбал, Г.Н нь Г.Оийн өөрт нь хүч хэрэглэж буюу нүүрэнд нь цохиж, куртикний захаар боосон хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас тухайн үед хонь гаргаж байсан хутгаараа түүнийг хутгалсан үйл баримт тогтоогдох бөгөөд энэ нь шүүгдэгч Г.Нийн “ Г.О нь ирээд надад зээлдүүлсэн 65.000 төгрөгөө асуухаар нь одоо байхгүй байна, дараа өгье гэтэл миний толгойн ар хэсэг рүү гараараа цохиод, намайг бостол миний шанаа руу цохиж, мөн өмсөж байсан куртикний захаар миний хоолойг боосон. Үүнээс болж миний ухаан балартаж амьсгал боогдож Г.Оийг тавиулах гэж түлхэхдээ гартаа хутга байсныг мартаж Г.Оийг хутгалсан байсан. Тэгээд гэр дотор байсан хүмүүст хэлж Сүхбаатар сум руу хүргэж өгөөд тэндээсээ аймагт ирсэн. Би Г.Отэй түргэн зуур зууралдаад салахдаа өөрийн мэдэлгүй хутгалсан байсан“ гэх, хохирогч Г.Оийн “ Би Г.Н ахыг газар сууж байхад нь толгойны ар хэсэгт нь 1-2 удаа цохисон. Гэтэл Г.Н ах босоод ирэхээр нь би зүүн шанаанд нь гараараа цохиж, өмсөж байсан куртикний захаар нь хоолойг нь боотол Г.Н ах намайг түлхэх юм уу, тэврэх шиг л болсон. Гэтэл хонь нядалж байсан хутгаараа намайг хутгалчихсан байсан. Би Г.Н ахыг газраас босож ирэхдээ хутгатай босож ирсэн талаар анзаарч хараагүй. Хэрэг явдал маш богино хугацаанд болж өнгөрсөн. Г.Н нь хар иштэй хутгаар хутгалсан байсан. Одоо бодоход Г.Н ах амь тэмцэж сандраад намайг хутгатай гараараа түлхэхдээ л хутгалсан байх гэж бодож “ гэх болон бусад гэрчүүдийн мэдүүлгүүдээр хэрэгт нотлогдоно.
Г.Н нь гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлджээ. Тэрээр тухайн үед хонь гаргаж хутга барьж байсан, хутга барьснаар маргааны явцад бусдад хохирол, хор уршиг учирч болох боломжтойг мэдэх боломжтой байсан боловч хохирогч Г.Оийн куртикний захаар хоолойг нь боосон үйлдлийн улмаас ухаан балартан, сэтгэл санааны гэнэтийн цочролд автаж өөрийн мэдэлгүйгээр бусдыг хутгалж хохирогчийн эрүүл мэндэд нь хохирол, хор уршиг учруулжээ.
Шүүгдэгч Г.Нийн дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу сэтгэл санаа хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Г.Н нь гэмт хэргийн улмаас хохирогч Г.Од учирсан эдийн хохирол буюу эмчилгээний зардалд 1.500.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч хохирол, хор уршигтай холбоотойгоор нэхэмжлэл гаргаагүй, шүүгдэгчтэй эвлэрсэн тухай хүсэлтээ гаргажээ.
Шүүгдэгч Г.Нийн гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Г.Нийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арвандолдугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах ба мөн хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан нөхцөл байдлууд бүгд хангагдсан буюу “ гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байх, үйлдсэн хэрэг нь нотлогдсон байх “ зэрэг эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчим, шаардлагад нийцсэн байна.
Тухайлбал, шүүгдэгч Г.Нийн үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан эдийн хохирлыг нөхөн төлсөн, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гарган, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.
Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Харин прокуророос эрүүгийн хариуцлага, ялын талаар санал сонсгохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулсныг зөвтгөх шаардлагатай гэж үзлээ. Г.Нид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэхээр тогтоолоо.
Шүүгдэгч Г.Н энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, түүнд шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдъя.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Нийг сэтгэл санаа хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нийг хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар Г.Нид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн дээрх хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Г.Нид мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шатанд шүүгдэгч Г.Нид таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
6. Г.Н энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр гэмт хэргийн улмаас хохирогч Г.Оийн эмчилгээний зардалд 1.500.000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч гомдолгүй, эвлэрсэн, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН