Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2023/02054

 

 

 

 

 

   2023         11            24                                         210/МА2023/02054

 

“П- ББСБ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2023/03541 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “П- ББСБ” ХХК-ийн хариуцагч С.М-, Д.Д- нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт нийт 111,478,983 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, баталгаат ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай Д.Д-ын сөрөг нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч болон хариуцагч Д.Д-ын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.У, хариуцагч Д.Д-ын өмгөөлөгч Т.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

        ТОДОРХОЙЛОХ нь:

            1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Талууд 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, хариуцагч нар нь нэхэмжлэгч компаниас 40,000,000 төгрөгийг, нэг сарын 3,5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 3 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлдэгчийн хүсэлтээр гэрээний хугацааг хэд хэдэн удаа сунгасан боловч гэрээний үүргийг бүрэн биелүүлээгүй. 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 111,478,983 төгрөг болсон тул хариуцагч нараас тэнцүү хуваан гаргуулж өгнө үү, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

 

   2.Хариуцагч С.М-ын тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

   3.Хариуцагч Д.Д-ын тайлбарын агуулга: Хариуцагч С.М- нь яаралтай хэрэг гарсан тул байрны гэрчилгээгээ хэрэглүүлээч гэж удаа дараа надаас гуйсан. Зээлсэн мөнгөнөөс би нэг ч төгрөг аваагүй. С.М- нь намайг залилж, байрны гэрчилгээг авч алга болсон. Би түүний зээлийг төлөх үндэслэлгүй. Мөн олон хүний хамтран өмчилдөг орон сууцыг өгөх эрх надад байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

   4.Хариуцагч Д.Д-ын сөрөг нэхэмжлэлийн агуулга: Д.Д-ын хувьд С.М-тай ямар нэгэн харилцан хамааралгүй бөгөөд түүний дүү Д.Дашдуламын найз гэдгээр мэднэ. Тухайн үед орон сууцыг түр барьцаанд тавиад сарын дотор чөлөөлж өгье гэж гуйсан учраас итгэж гэрчилгээгээ өгч хамтран зээлдэгчээр гэрээнд гарын үсэг зурсан. Зээлд барьцаалсан орон сууц нь 5 иргэний өмч бөгөөд бусад өмчлөгч нараас Д.Д-д итгэмжлэл олгооггүй буюу зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл тул ипотекийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т зааснаар хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

   5.Нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга: Хариацагч Д.Д- нь зээл болон ипотекийн гэрээг өөрийн хүсэл зоригийн дагуу байгуулсан тул хүчин төгөлдөр гэж үзнэ. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

   6.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.М-, Д.Д- нараас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 105.868.321 төгрөг 07 мөнгийг гаргуулж, нэхэмжлэгч “П- ББСБ” ХХК-д олгож, үлдсэн 5.618.662 төгрөг, хариуцагч Д.Д-ын зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож, 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 15-18020592 дугаартай Баталгаат ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “П- ББСБ” ХХК үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 943.495 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 357.950 төгрөгийг орлогод үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 687.292 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 357.950 төгрөгийг гаргуулж хариуцагч Д.Д-д олгон, хариуцагч Д.Д-аас дутуу төлсөн улсын тэмдэгтийн хураамж 357.950 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

   7.Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн сөрөг нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн хэсгийг мөн нэмэгдүүлсэн хүүг багасгасан хэсгийг эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгч барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа татгалзсан. Хариуцагч Д.Д- нь зээлийн гэрээ болон баталгаат ипотекийн гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч Д.Д- нь баталгаат ипотекийн гэрээг байгуулахдаа барьцаа хөрөнгийн бусад өмчлөгч нараас өөрт нь олгосон гэх итгэмжлэлийг хуурамчаар үйлдсэн байж болзошгүй гэмт хэргийн шинжтэй шинэ нөхцөл байдал илэрсэн гэж үзээд түүний хууль бус үйлдлийг цагдаагийн байгууллагаар шалгуулах болж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа татгалзсан нь хариуцагч Д.Д-ын сөрег нэхэмжлэлийн баталгаат ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагыг шүүх хянан хэлэлцэх үндэслэлгүй нөхцөл үүссэн юм. Гэтэл шүүх сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

7.а.Мөн анхан шатны шүүх зохигчдыг эвлэрэх боломжтой юу гэж шүүх хуралдаан эхлэхээс өмнө асуухад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэмэгдүүлсэн хүүг багасгаж эвлэрэх боломжтой гэхэд хариуцагч Д.Д-ын өмгөөлөгч зөвшөөрөөгүй учраас зохигчид эвлэрэх боломжгүй байна гэж шүүх хуралдаан үргэлжилж зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсээр байхад нэмэгдүүлсэн хүүг 5,618,664 төгрөгөөр багасгасан нь буруу гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дэх хэсэгт өөрчлөлт оруулж гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

8.Хариуцагч Д.Д-ын өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч Д.Д-аас төлбөр гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тухай. Хариуцагч Д.Д-ын хувьд тухайн зээлийн төлбөрөөс нэг ч төгрөг аваагүй учир хариуцахгүй гэдэг байдлаар татгалзлаа илэрхийлж оролцсон байдаг ба шүүхээс тухайн татгалзлаа баримтаар нотолж чадаагүй гэдэг байдлаар үндэслэх хэсгийн 23-т дүгнэсэн байдаг. Гэвч тухайн харилцааг зохицуулсан нарийвчилсан хууль болох Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995/-ийн 21.4-т зааснаар Д.Д-д зээл олгосон тухай үйл баримт байдаггүй, тухайн зээлийг хариуцагч С.М-т олгосон гэдгийг нэхэмжлэгч тайлбараараа илэрхийлдэг төдийгүй хариуцагч С.М- зээлийг өөрөө авч ашигласан гэдгээ хүлээн зөвшөөрч төлөхөө илэрхийлдэг. Нэгэнт маргаангүй үйл баримтыг заавал баримтаар нотлох шаардлагагүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэн хянан шийдвэрлэгдэх тухай хуульд зааснаар зохигчийн тайлбарыг нотлох баримтаар үнэлэх зохицуулалттай.

8.а.Мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995/-ийн 23 дугаар зүйлийн 23.1-т заасныг зөрчсөн байхад Д.Д-ыг зээлдэгч хэмээн тодорхойлж, түүнээс зээлийн гэрээний үүргийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь хуульд заасан шаардлагаар Д.Д-ыг хамтран зээлдэгч гэж үзэх боломжгүй. Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.6-д “Зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг хавсралт 1-д заасан банкны харилцах дансаар шилжүүлнэ” гэсэн байдаг ба тухайн гэрээний хавсралтаар тогтоосон төлбөрийн хуваарийн дагуу зээл төлөх үүрэг нь зөвхөн үндсэн зээлдэгч болох С.М-ын үүрэг байсан болох нь гэрээний хавсралтад байгаа баримтаар тогтоогдож байдаг. Мөн гэрээний 3.15-д заасан тохиолдол бий болсон гэх нөхцөл байдлыг тогтоогоогүй байж хамтран зээлдэгчээс төлбөр гаргуулан шийдсэн нь ойлгомжгүй. Хариуцагч Д.Д-ын хувьд талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд зөвхөн барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангах, мөн гэрээний 3.16-д заасан нөхцөл үүссэн тохиолдолд үүрэг хүлээж оролцох этгээд байсан ба анхан шатны шүүхээс тухайн харилцааг буруу тодорхойлж төлбөр гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байгаа тул түүнээс төлбөр гаргуулж шийдвэрлэсэн шийдвэрт өөрчлөлт оруулахаар энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна гэжээ.

9.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүхэд мөнгө аваагүй, зээл аваагүй гэдэг ч юм уу, зээл аваагүй, зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй гэдэг нөхцөл байдал байсан эсэхийг Д.Д- нотлоогүй. Шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Хамтран зээл авч байгаа 2 хүний хувьд тус тусад нь хувийн хэрэг нээнэ гэсэн зүйл байхгүй гэж үзэж байгаа. Хариуцагчийн өмгөөлөгч зээлийн гэрээний 3.15-д заасан нөхцөлийг хэлдэг. Гэтэл Д.Д-ын гарын үсэг зурсан хэсэгт гэрээний 3.1-3.16-д заасан эрх үүрэг байдаг. Зээлийн гэрээний 3.5, 3.9, 3.11-т Д.Д- тус зээлийг С.М-тай хамт төлөх үүрэг хүлээсэн. Иймд хамтарч үүргийг хүлээлгэж, хувь тэнцүүлж гаргуулсан нь хууль зүйн үндэслэлтэй гэжээ.

10.Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч Д.Д-ын өмгөөлөгчийн тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн үнийн дүнгээс багасгаж шийдвэрлэсэн учраас гомдол гаргаж байна гэж хэлж байна. Энэ гомдлын хувьд хэлэх тайлбар байхгүй. Барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах шаардлагаасаа татгалзсаныг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн гэдэгт тайлбар хэлэхэд тухайн барьцааны гэрээ нь анхнаасаа хүчин төгөлдөр бус гэрээ байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хүлээж авсан бол сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан эсэхээс үл хамааран шийдвэрлэсэн нь зүй ёсных. Харин хүчин төгөлдөр бус хэлцэл байгуулагдсан бол үүний үр дагавар нь хүчин төгөлдөр бусад тооцсонтой холбоотой үр дагаврыг арилгуулж шийдвэрлэсэн нь зүй ёсных гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

            2.Нэхэмжлэгч “П- ББСБ” ХХК нь хариуцагч С.М-, Д.Д- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 111,478,983 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч С.М- зөвшөөрч, харин хариуцагч Д.Д- эс зөвшөөрч баталгаат ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

            3.Талууд 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч “П- ББСБ” ХХК нь 40,000,000 төгрөгийг, сарын 3.5 хувийн хүүтэй, гурван сарын хугацаатай зээлдүүлэх, хариуцагч С.М-, Д.Д- нар нь зээлийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөхөөр харилцан тохиролцсон болох нь талуудын тайлбар, зээлийн гэрээ зэрэг нотлох баримтаар тогтоогджээ. /1хх-ийн 7-8-р тал/

            3.а.Хариуцагч С.М- нь анхан шатны шүүх хуралдаанд оролцоогүй хэдий ч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2023 ны 10 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа “... нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байх тул миний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү.” гэжээ. /2хх-ийн 6-р тал/

            3.б.Харин хариуцагч Д.Д- нь нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ “С.М- нь орон сууцыг түр барьцаанд тавиад сарын дотор чөлөөлж өгье гэж гуйсан учраас түүнд итгэж, гэрчилгээгээ өгч хамтран зээлдэгчээр гэрээнд гарын үсэг зурсан, зээлээс нэг ч төгрөг ашиглаагүй” гэж тайлбарлаж байх боловч энэхүү тайлбар нь хариуцагч Д.Д-ыг зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэлд хамаарахгүй байна. /1хх-ийн 23-р тал/. Учир нь хариуцагч Д.Д- нь зээлийн гэрээний үүргийг хамтран хариуцахаар гэрээнд гарын үсэг зурж, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч болжээ.

            3.в.Анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

            Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “... зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө болон хүүг буцаан төлөх үүрэгтэй” гэж, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж зааснаас гадна талуудын байгуулсан зээлийн гэрээний 2.3, 2.11-т хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг, хэмжээний талаар тохиролцсон байх тул нэхэмжлэгч “П- ББСБ” ХХК нь хууль буюу гэрээнд зааснаар зээлийн төлбөрийг хариуцагч С.М-, Д.Д- нараас шаардах эрхтэй.

            3.г.Талуудын байгуулсан зээлийн гэрээний 2.10-т “Гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлдэгч зээл, хүү” төлнө гэж заасан нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасанд нийцсэн. Өөрөөр хэлбэл, талуудын байгуулсан зээрийн гэрээ нь тусгай зориулалтын үндсэн дээр нийтэд хандан зээлийн үйлчилгээ үзүүлэх гэрээнд хамаарч байх тул зээлдэгч нар нь гэрээний хугацаа дууссан эсэхээс үл хамаарч гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээл, хүүг төлөхөөр байна.

            3.д.Нэхэмжлэгч “П- ББСБ” нь 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гарган, 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэлийг нэмэгдүүлж, үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 111,478,983 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилжээ. /1хх-ийн 125-р тал/. Энэхүү зээлийн тооцоололтой холбоотой баримт хэргийн 127 дугаар талд авагдсан ба уг тооцоолол худал, буруу гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, хариуцагч нарын хувьд уг тооцооллыг няцаасан баримтыг шүүхэд гаргаагүй байна.

            3.е.Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгч талаас “эвлэрвэл нэмэгдүүлсэн хүүг тавин хувиар бууруулах боломжтой” талаар тайлбарласан боловч энэхүү эвлэрэх саналыг хариуцагч тал хүлээн зөвшөөрөөгүй байна. /2хх-ийн 8-9-р тал/. Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгч тал нэхэмжлэлээ бүхэлд нь дэмжиж шүүх хуралдаанд оролцсон байхад анхан шатны шүүх нэхэмжлэлээс 5,618,662 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь талуудын зарчимд нийцээгүй.

            3.ё.Иймд хариуцагч С.М-, Д.Д- нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 111,478,983 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “П- ББСБ” ХХК-д олгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй.

            4.2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн баталгаат ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах хариуцагч Д.Д-ын сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй.

4.а.Нэхэмжлэгч “П- ББСБ” ХХК нь анх зээлийн гэрээний үүрэгт нийт 84,542,987 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа татгалзсан байна. /2хх-ийн 9-р тал/

4.б.Энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул үүнтэй холбоотой сөрөг нэхэмжлэл шийдвэрлэгдэхгүй. Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хэвээр үлдээнэ.  

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч талын гомдлыг хангаж, хариуцагч Д.Д-ын өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2023/03541 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр сарын 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.М-, Д.Д- нараас 111,478,983 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “П- ББСБ” ХХК-д олгосугай.” гэж,

3 дахь заалтын “... хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 357.950 төгрөгийг орлогод үлдээж, ...” гэснийг “хариуцагч Д.Д-аас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357,950 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж хариуцагч Д.Д-д олгож,” гэж, “... хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 687.292 төгрөгийг гаргуулан ...” гэснийг “хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 715,345 төгрөгийг гаргуулан” гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч талаас төлсөн 487,799 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагч Д.Д-аас төлсөн 422,621 төгрөгийг улсын төвсийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Э.ЭНЭБИШ                                 

                       ШҮҮГЧИД                                 Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Г.ДАВААДОРЖ