Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батсайханы Мөнхзул |
Хэргийн индекс | 148/2016/00132/И |
Дугаар | 390 |
Огноо | 2016-07-25 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 390
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Шаамар сум Дулаанхаан тосгоны 3 дугаар баг Хар усан тохой гудамжний 4-79 тоотод оршин суух Монгол овогт Ганбаатарын Энхтунгалаг /ТБ 79020964 /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Шаамар сум Дулаанхаан тосгоны 3 дугаар баг Хар усан тохой гудамжний 4-79 тоотод оршин суух, Боржигон овогт Авирзэдийн Цогтбаатар / МД 79021472/-д холбогдох,
“Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Энхтунгалаг, хариуцагч А.Цогтбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бүүвэйцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Энхтунгалаг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Анх 1998 онд А.Цогтбаатартай танилцаж 2000 онд албан ёсоор гэр бүл болсон. 2006 оны 06 дугаар сарын 21-нд хүү Ц.Төртогтох төрсөн, 2006 оны 10 дугаар сарын 15-нд охин Ц.Чинболор мэндэлсэн, 2011 оны 01 дүгээр сарын 30-нд хүү Ц.Амармэнд мэндэлсэн. Бид хоёр хайр сэтгэлийн үндсэн дээр гэр бүл болсон. Хамт амьдарч байх хугацаандаа хоёулаа амьдралын төлөө зүтгэж байсан. А.Цогтбаатар архи уусан үедээ агсан согтуу тавьж удаа дараа намайг зодож гэмтээдэг байсан. Тухайн үед нь цагдаагийн байгууллагад ханддаггүй байсан, яагаад гэвэл сална гэж боддоггүй байсан. Сүүлдээ зодох байдал нь даамжраад олон удаагийн үйлдэл давтагдаад ирэхээр хүнд хэлж мэдэгдэж байх нь дээр юм байна, тэгэхгүй бол дараа нь ямар нэгэн асуудал гарвал хэцүү болох юм байна гэж бодсон. Тэгээд тухай бүрт нь өөрийн найз нөхөд хамт олондоо мэдэгддэг болсон. 2011 онд намайг ажлын байран дээр маань ирж зодоод баривчлагдаж байсан. Тэр үед би А.Цогтбаатараас салаад ажлын газар дээрээ сургуулийн байранд хоёр сар амьдарсан. Хоёр сарын дараа буцаж эвлэрээд 2014 оны 04 сард дахиж намайг зодсон би гурван хүүхдээ аваад ээжийндээ очиж 6-н сар амьдарсан. Хүүхдүүдээ бодоё чамд ахиж гар хүрэхгүй, хүүхдүүдээ бодоё гэхээр нь хүүхдүүдээ бодоод буцаж эвлэрсэн. Тэрнээс хойш уг хийж байсан үйлдлүүд удаа дараа давтагдаж байсан. Ганцхан зодоод зогсохгүй харддаг, хэл амаар маш их доромжилдог. Би өөрөө боловсролын салбарт ажилладаг хүн болохоороо засаад авчих юмсан гэж их бодож хэлдэг байсан.
Тэр болгон минь эргэж буруутаж над дээр ирдэг. Архи ууж ирэх болгондоо нэг эрэгтэй хүнтэй харддаг. 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ням гариг байсан. Өдөр гэртээ халамцуу орж ирээд агсан тавьж намайг хогийн шүүрний ишийг хугартал нүдсэн. Мөн хүүхдүүдээ айлгасан миний хүүхдүүд өсөж том болж байгаа цаашид аавынхаа муу муухайг харж өсөөсэй гэж бодохгүй байна. Надаас уучлал гуйж байгаа хэдий боловч нөгөө л харддаг зан нь хэвээрээ л байгаа. Шүүхээс эвлэрүүлэх хугацаа өгсөн боловч бид эвлэрээгүй. Энэ хүнтэй цаашид амьдах боломжгүй. Миний хувьд гэрлэлтээ цуцлуулж, гурван хүүхдээ өөр дээрээ авч гурван хүүхэддээ тэтгэлэг тогтоолгох, хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.
Хариуцагч А.Цогтбаатар шүүхэд өгсөн тайлбартаа: Би 1998 оны 2 сард эхнэртэйгээ танилцаж 1999 оны 5 сарын 01-нд гэрлэлтийн 03 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон. Бид хамт амьдрах хугацаандаа 3 хүүхэдтэй болсон. Миний бие гэр бүл үр хүүхдийнхээ төлөө байнга сэтгэл зовж явсан. Гурван хүүхдийнхээ ирээдүйг бодоод Энхтунгалагийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Энхтунгалагтай гэр бүл болоод 17 жил болсон. Архи ууж, агсам согтуу тавьсан нь миний буруу, гэр бүлээ цуцлуулмааргүй байна гэжээ.
Хариуцагч А.Цогтбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа; 1998 онд танилцаж 2000 онд гэр бүл болсон. 2006 оны 06 дугаар сарын 21-нд хүү Ц.Төртогтох төрсөн, 2006 оны 10 дугаар сарын 15-нд охин Ц.Чинболор мэндэлсэн, 2011 оны 01 дүгээр сарын 30-нд хүү Ц.Амармэнд төрсөн. Амьдрах хугацаандаа ажил төрөл хийж ар гэрээ тэжээх гэж явж байсан. Гар хүрдэг байснаа хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ байнга хардаж зоддог гэдгийг нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид хоёр цаашид хамт амьдрах боломжтой. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Гэрлэлтээ цуцлуулахгүй. Хүүхдүүдээ өнчрүүлмээргүй байна гэжээ.
Шүүхэд цугларсан бичгийн чанартай баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Энхтунгалаг нь хариуцагч А.Цогтбаатараас гэрлэлтээ цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгч Г.Энхтунгалаг,хариуцагч А.Цогтбаатар нар нь 1998 онд танилцан, 1999 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлэн нэг гэрт орж амьдран 2000 оны 06 дугаар сарын 21-нд хүү Төртогтох, 2006 оны 10 дугаар сарын 05-ны өдөр охин Чинболор, 2011 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүү Амармэнд нарыг төрүүлсэн байна.
Зохигчид хоорондын зан харьцааны таарамжгүй байдал болон нэхэмжлэгч байнгын хүчирхийлэл дарамтанд байдаг зэргээс зохигчдыг цаашид хэвийн амьдралаа үргэлжлүүлэх боломжгүй болж улмаар 2015 оны 12 дугаар сараас эхлэн тус тусдаа амьдарч байгаа болох нь Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газар Дулаанхаан тосгоны хэсгийн цагдаа, ахлах ахлах Г.Мөнхбаатарын ... “ Г.Энхтунгалаг нь 2014 онд нөхөр болох А.Цогтбаатарт зодууллаа хэмээн цагдаагийн байгууллагад хандаж уг асуудлаа шийдвэрлүүлж байсан” гэх тодорхойлолт, Сэлэнгэ аймаг Шаамар сумын 3 дугаар баг Дулаанхаан тосгоны захирагч Ж.Ганболдын “ ... Г.Энхтунгалаг нь 2014 онд миний нөхөр А.Цогтбаатар намайг зодож гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байна. Энэ талаар зөвлөн тусална уу гэсэн хүсэлт ирүүлж байсныг хэсгийн төлөөлөгчид шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн болно” гэх тодорхойлолт, Сэлэнгэ аймаг Шаамар сум Дулаанхаан тосгоны Эрүүл мэндийн төвийн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн магадлагаа, зохигчдын тайлбар зэрэг бусад нотлох баримтуудаар батлагдаж байх тул зохигчдын гэрлэлтийг цуцалж, хүүхдийг эхийнх нь асрамжинд үлдээж, хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулан шийдвэрлэх нь зүйтэй.
Зохигчид нь эд хөрөнгийн талаар маргаангүй болно.
Зохигчид нь Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчаар орж эвлэрүүлэх ажиллагаа хийгдсэн, мөн Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс эвлэрүүлэх арга хэмжээ авсан боловч зохигчид эвлэрээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Энэ нэхэмжлэлийн үнийн дүн нь А.Цогтбаатараас хүү Төртогтох, охин Чинболор, хүү Амармэнд нарт төлөх тэтгэлэгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тодорхойлогдох тул (164.300х12=1.971.600 төгрөг) улсын тэмдэгтийн хураамжинд 46495 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэхь хэсэгт зааснаар хариуцагч Боржигон овогт Авирзэдийн Цогтбаатар, нэхэмжлэгч Монгол овогт Ганбаатарын Энхтунгалаг нарын 03 тоот гэрчилгээ бүхий гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2000 оны 06 дугаар сарын 21-нд хүү Төртогтох, 2006 оны 10 дугаар сарын 05-ны өдөр охин Чинболор, 2011 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүү Амармэнд нарыг эх Г.Энхтунгалагийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгэр зүйлийн 40.1.1 дэх зааснаар 2006 оны 10 дугаар сарын 05-ны өдөр охин Чинболор, 2011 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүү Амармэнд нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хээсэгт зааснаар 2000 оны 06 дугаар сарын 21-нд хүү Төртогтохыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас /-тай болтол нь амьжиргааны түвшингийн хэмжээгээр эцэг С.Баярсайханаар тэжээн тэтгүүлэх тэтгүүлсүгэй.
4. Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурьдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийн хувийг, шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Сэлэнгэ аймгийн Шаамар сум Дулаанхаан тосгоны ИГБББ-д хүргүүлэхийг шүүх шүүгчийн туслах Г.Мөнхжаргалд даалгасугай.
6. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Цогтбаатараас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
7. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Цогтбаатараас тэмдэгтийн хураамжинд 46.495 төгрөг гаргуулан орон нутгийн орлогод оруулсугай
8. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай
9. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, энэ хуулийн 119.4 дэх зааснаар дээрхи хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид өөрсдөө шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн 119.4 дэх хэсэгт заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчдын оршин суугаа газар болон ажилладаг байгуулагын аль нэг хаягаар баталгаат шуудан, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлсүгэй.
11. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү,Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ