| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2019/0043/э |
| Дугаар | 43 |
| Огноо | 2019-02-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 43
СүхБ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ,
Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Хосбаяр,
Өмгөөлөгч Х.ЭрдэнэБ,
Шүүгдэгч В.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар СүхБ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн В.Зд холбогдох 1930000000031 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, СүхБ аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр багийн харьяат, 1990 оны 08 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эцэг, эгчийн хамт амьдрах, Баруун-Урт сумын 9 дүгээр баг, ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, В.З.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч В.З нь 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр СүхБ аймгийн Баруун-Ут сумын 9 дүгээр баг ... тоотод иргэн Ц.Аийг зодож эрүүл мэндэд нь “зүүн хацрын болон шилэн хүзүүний хэсгийн язарсан шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч В.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тэр өдөр айлд 2 шил архи уучихаад Б ахын очсон. Тэгсэн А нэг шил архи хувааж уух уу? гэхээр нь уусан. Тэгээд архи ууж согтоод Атэй маргасан. Тэгээд цагдаад очиж, би эрүүлжүүлэхэд орсон. Согтуу байсан учраас зарим асуудлыг сайн санахгүй байгаа... гэв.
- Яллагдагч В.Зын:2019 оны 01 сарын 23-ны өдөр Б гэдэг танил ахын гэрээр ортол манай сумын Ц.А согтуу сууж байсан. Гэтэл Ц.А ах ганц шил архи хувааж уух уу гэхээр нь тэгье гээд бид хоёр дэлгүүрээс 500 граммын Ерөөл нэртэй архи авч Б ахын гэрт хувааж ууцгаасан. Би Б гэр рүү анх орохоосоо өмнө өөр айлд 2 шил архийг хүмүүстэй хувааж уусан байсан юм. Тэгээд Атэй авсан архиа хувааж ууж байгаад би архиндаа согтож тасарчихсан. Нэг мэдсэн чинь би цагдаагийн газрын эрүүлжүүлэх байранд унтаж байсан. Ц.Аийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Надад зодуулснаас болж үүссэн хохирол гэж бодож байна. Архи уугаад сууж байтал намайг “ чи муу надаас олон дүү” гэх мэт юм яриад байх шиг байсан. Үүнээс болж бид хоёр хоорондоо муудаж зодолдсон байх. Бид хоёрт өөр муудах шалтгаан байхгүй, Ц.А ах бид хоёр хоорондоо эвлэрсэн. Надаас ямар нэгэн зүйл нэхэмжлэхгүй гэсэн...гэх мэдүүлэг /хх-27-29/,
- Хохирогч Ц.Аийн: 2019 оны 01 сарын 23-ны өдөр танил Б ахын гэрт танил Зтай 17 цагийн орчим тааралдаж хамтдаа 500 граммын Ерөөл нэртэй архи хувааж уусан юм. Тэгээд бид хоёр архи хувааж ууж байтал В.З нь намайг чи гээд дуудаад байхаар нь чи “чи надаас дүү шүү” гэж хэлсэн. Үүнээс болж В.З нь намайг цохиж зодож миний эрүүл мэндэд хохирол учруулсан. Миний зүүн талын нүд хавдсан, зүүн нүдний зүүн дор буланд, шилэн хүзүүн дээр мөн зүсэгдсэн байгаа. Зүсэгдсэн газартаа хэд хэдэн оёдол тавиулсан. Би тухайн үед их согтуу байсан болохоор юугаар цохиж зодсон талаар санахгүй байна. Бид хоорондоо учраа олсон. Тийм болохоор би Заас ямар нэгэн зүйл нэхэмжлэхгүй. Надаас уучлалт гуйсан... гэх мэдүүлэг /хх-08-10/,
- Гэрч Ц.Аын: 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 17 цагийн үед өөрийн охин болох Эрдэнэчимэгийг авахаар явж байхад миний 99443071 дугаарын утас руу 99290135 гэсэн дугаараас залгаад “ танай ах болох Ц.А хүнд зодуулсан байдалтай эмнэлгийн хүлээн авах дээр байна “ гэхээр нь би эмнэлгийн хүлээн авах дээр ирсэн чинь манай ах Ц.А бусдад зодуулж биедээ гэмтэл авсан байдалтай байсан. Тэгээд би ахаас болсон асуудлын талаар асуухад СүхБ аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг Хайлаастын 23-03 тоотод В.З гэх хүнд зодуулсан гэж ярьж байсан...гэх мэдүүлэг /хх-11/
- Гэрч О.Бын: Би 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр гэртээ ганцаараа байтал миний танил З нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай халамцуу нэг шил архитай орж ирсэн. Тэгээд З бид хоёр архи хуваагаад ууж байтал гаднаас Ц.А гэх миний танил дүү орж ирсэн. Бид гурав тэр архийг хуваагаад ууж дуусгасан. Гэтэл Ц.А нь шорон орон яриад З нь шорон орон ярилаа гэж уурлаж хоорондоо маргалдаад байсан. Тэгээд л ЗоригБ нь Ц.Аийг зодоод эхэлсэн. Би тухайн үед согтуу байсан болохоор хаана нь хэдэн удаа юугаар цохиж байсан талаар мэдэхгүй. Нэг мэдсэн чинь тэр хоёр манайхаас гараад явчихсан байсан. Ц.А нь манайд орж ирэхдээ ямар нэгэн гэмтэл бэртэлгүй байсан...гэх мэдүүлэг /хх-14/,
- СүхБ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 82 дугаартай дүгнэлтэнд: Ц.Аийн биед зүүн хацрын болон шилэн хүзүүний хэсгийн язарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй...гэжээ /хх-ийн 16-17/
- Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 18-19/
- СүхБ аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр багийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 9/67 дугаартай тодорхойлолт /хх-38/
- Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын 2019 оны 02 сарын 15-ны өдрийн 25 дугаартай санал /хх-49/ зэрэг баримтууд болно.
Шүүгдэгч В.З нь 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 16.00 цагийн орчимд СүхБ аймгийн Баруун-Ут сумын 9 дүгээр баг ... тоот дахь иргэн О.Бын гэрт Ц.Аийг зодож эрүүл мэндэд нь “зүүн хацрын болон шилэн хүзүүний хэсгийн язарсан шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь В.Зын хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Ц.А, гэрч Ц.А, О.Б нарын мэдүүлгүүд, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Яаралтай тусламжийн хуудас, СүхБ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 82 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоосон гэж үзсэн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Тухайн хэрэг үйлдэгдсэн байдлыг тодруулбал, шүүгдэгч В.З нь архи ууж согтуурсан үедээ ямар нэгэн шалтгаангүйгээр хохирогч Ц.Аийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдох ба тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа ямарч шалтаг шалтгаангүйгээр бусдыг зодож эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулан гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ.
Шүүгдэгч В.Зын дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч Ц.А хохирол, хор уршигтай холбоотойгоор нэхэмжлэл гаргаагүй, шүүгдэгчтэй эвлэрсэн гэдгээ хэрэгт мэдүүлжээ.
В.Зын эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
В.Зын холбогдсон хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд мөн хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан нөхцөл байдлууд бүгд хангагдсан буюу “ гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байх, үйлдсэн хэрэг нь нотлогдсон байх “ зэрэг эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчим, шаардлагад нийцсэн байна.
Тухайлбал, шүүгдэгч В.Зын үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч хохиролд нэхэмжлэх зүйлгүй гэсэн, тэрээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гарган, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.
Иймд В.Зт холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана ” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч В.З энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдъя.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 8 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч В.Зыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Зыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан В.Зт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг нэг сард 100.000 төгрөгөөр тооцож 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүхийн шатанд ялтан В.Зт таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан В.З дээрх торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Ялтан В.З энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор СүхБ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН