| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
| Хэргийн индекс | 184/2022/03647/И |
| Дугаар | 210/МА2023/01649 |
| Огноо | 2023-08-23 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 210/МА2023/01649
2023 08 23 210/МА2023/01649
Ц.*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2023/02079 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Ц.*******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ж.Чинзоригт холбогдох,
гэрээний үүрэгт 41,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн, 32,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Миний бие 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Ж.Чинзоригтой 04/15 тоот хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан С.Эрдэнэд холбогдох, хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээний үүргийн биелэлт тооцуулах тухай маргаанд өмгөөлөгчөөр оролцож, тус хэрэг 100,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтын үнийн дүнтэй хэрэг байсан, өмгөөлөгчийн ур чадварыг гарган 3 өрөө байр 3 ширхгийг гаргуулахаар хариуцагчтай эвлэрч, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн захирамжаар талуудын эвлэрлийг баталгаажуулж шийдвэрлэсэн. Ж.Чинзоригтой холбоотой 2 өөр шүүхийн хэрэгт түүний өмгөөлөгчөөр бүтэн 5 жилийн турш ажилласан.
1.2. Энэхүү шийдвэр баталгаажсанаар хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг талууд 2016 оны 05 дугаар сарын 14-ний өдөр дүгнэж, гэрээний хөлс 7 хувиар тооцож, 13.73 м.кв болох талаар тохиролцсон. Мөн, орон сууцыг худалдахаар бол зах зээлийн үнээс 200,000 төгрөгөөс 300,000 төгрөгөөр бууруулах талаар тохиролцсон.
Үүний дараа талууд 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гэрээ дүгнэсэн актыг үйлдэж Монхаус ХХК нь 1 м.кв-ыг 1,200,000 төгрөгөөр барьсан, энэ үнийн дүнгээр хоёулаа тохиролцоод 13.73 м.кв байрны үнийг 16,476,000 төгрөг гэж тохиролцсон бөгөөд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москвагийн гудамж 21 дүгээр байрны 74 тоот хаягт байрлах 66,21 м.кв талбайтай байрыг 75,000,000 төгрөгөөр харилцан худалдахаар тохиролцож, өмнөх ажлын хөлс 16,476,000 төгрөгийг урьдчилгаанд тооцож, үлдэх 58,000,000 төгрөгийг 60,000,000 төгрөг болгон төлөхөөр тохиролцож баталгаажуулсан боловч байрыг буцаан авсан.
1.3. Тухайн үеийн орон сууцны үнийн мэдээллийг харахад, шинэ орон сууцны дундаж үнэ Сонгинохайрхан дүүрэгт 2,300,000-2,500,000 төгрөг болж нэмэгдсэн тцл ажлын хөлс болох 13.73 м.кв талбайгаа 2,000,000 төгрөгөөр үнэлж, нийт 20,595,000 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан.
Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хавсралтад 0.3 хувийн алданги тооцохоор заасан. 13,73 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн 50 хувиар тооцоход 6.8 хувийн алданги төлөх байх тул 13,600,000 төгрөгийн алданги, нийт 41,000,000 төгрөг гаргуулж өгнө үү.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:
2.1. 2016 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн гэрээ дүгнэсэн, байрыг худалдана гэсэн зүйл огт байхгүй. Хэрэв авахаар сонирхвол би зах зээлийн үнээс 200,000 төгрөгийг бууруулж, үнэлнэ гэж зүгээр тохиролцоо хийсэн. Учир нь энэ хүн яагаад Ж.Чинзориг гэх хүний өмчлөлийн 56.03 м.кв 3 өрөө байрыг 5 жилийн хугацаанд хүнд түрээсэлж, асар их хэмжээний ашиг олсныг үгүйсгэхгүй үнэн, өөрөө ч хүлээн зөвшөөрдөг.
2.2. Анхны гэрээ дүгнэсэн актыг үгүйсгээгүй өмгөөллийн хөлсийг 16,476,000 төгрөгийн хэмжээнд төлөхийг зөвшөөрч байгаа. Тэгтэл нэхэмжлэгчийн хувьд алданги нэмж хоёр дахин өсгөсөн. Иймд нэхэмжлэгчийн гаргаж буй нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн агуулга:
3.1. Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москвагийн гудамж, 21 дүгээр байрны 74 тоотод байрлалтай 66.21 м.кв талбайтай 3 өрөө шинэ байрыг 2017 оны 04 дүгээр сараас эхлэн 2022 оны 09 дүгээр сар хүртэл нийт 65 сарын турш бусдад түрээслүүлэн ашиглаж ихээхэн хэмжээний орлого олсныг нэг сарын 500,000 төгрөгөөр тооцож 32,500,000 төгрөг болж байна. Иймд 3 өрөө байрыг бусдад түрээслэн олсон 32,500,000 төгрөгийг өмгөөлөгч Ц.*******аас гаргуулж өгнө үү гэжээ.
4. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:
4.1. 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Ж.Чинзориг нэг байраа 75,000,000 төгрөг буюу тухайн үеийн ханшаар үнэлсэн. Ийнхүү гэрээний үүргийн биелэлт тооцох дээр миний өмнөх төлбөр 13.73 м.кв-ын төлбөрийг төлөөгүй байсан учир урьдчилгаанд төллөө гэж хасуулаад, үлдэгдлийг 60,000,000 төгрөгөөр тооцохоор баталгаажуулсан. Гэтэл Ж.Чинзориг нь энэ байрыг түрээслэх хэрэгтэй байна гэхэд нь та надад худалдсан талаар хэлэхэд эс зөвшөөрсөн. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 359 дүгээр зүйлийн 359.1, 492 дугаар зүйлийн 492.1, 493.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ж.Чинзоригоос 16,476,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 24,524,000 төгрөгийг, хариуцагч Ж.Чинзоригийн 32,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 521,000 төгрөгийг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 333,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Чинзоригоос 240,330 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******д олгож, шийдвэрлэжээ.
6. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
6.1. Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг тодруулаагүй, орон сууцны зах зээлийн үнэлгээг дүгнээгүй, алданги тооцоогүй шийдвэр гаргаснаараа нэхэмжлэгчид хохиролтой, хариуцагчид ашигтай шийдвэр гаргасан.
6.2. Нэхэмжлэгчээс шинжээч томилуулах хүсэлт, мөн тухайн орон сууцны зах зээлийн үнийн мэдээлэл гаргуулах хүсэлтүүдийг шүүхэд гаргаж байсан боловч шүүгчийн захирамжуудаар хэрэгт хамааралгүй хэмээн татгалзаж, хангахгүй орхисон нь шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйл 38.6-д заасан "нотлох баримтыг хэргийн оролцогчдын хүсэлтээр шүүх бүрдүүлнэ" гэсэн зүйл заалтыг зөрчсөн.
6.3. 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Гэрээний үүргийн биелэлт дүгнэх тухай №01/17 тоотын 6.2 дахь хэсэгт "...Өрийн үлдэгдлийг тохиролцсон хугацаанд төлж барагдуулаагүй бол хугацаа хэтэрсэн хоног тутам 0.3% алданги тооцно." гэж заасан бөгөөд 13.73 мкв талбай дээр алданги 6.8 мкв нэмэгдүүлэн нийт 20.5 мкв талбайг нэхэмжилж байна.
6.4. Нэхэмжлэгч тал худалдах, худалдан авах гэрээг цуцлах санал гаргаагүй. Өөрт оногдох ажлын хөлс болох 13.73 мкв талбайг өнөөгийн орон сууцны зах зээлийн дундаж үнэлгээнээс доогуур тооцож мөнгөн дүнгээр нэхэмжилж байгаа. Орон сууцны 1 метр талбайн үнийг 2,000,000 төгрөгөөр тооцсон бөгөөд нийт 20,5 мкв талбайн үнийг 41,000,000 төгрөгөөр үнэлсэн. Анхан шатны шүүх энэ бүхэнд энгийн дүгнэлт ч хийсэнгүй.
Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 21 өдрийн 183/ШШ2023/02079 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулан, нэхэмжлэгчийн шаардлага болох 41,000,000 төгрөгийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
7. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд хариуцагч тайлбар гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Ж.Чинзоригт холбогдуулан 41,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч, 32,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж, талууд маргажээ. /1хх. 1-3, 36,81-82 дугаар тал/
Зохигчдын хооронд 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр өмгөөлөгч Ц.******* нь С.Эрдэнэд холбогдох, хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээний үүргийн биелэлтийн маргаанд хууль зүйн туслалцаа үзүүлэх, Ж.Чинзориг нь шүүхээс гарсан шийдвэрийн 7 хувьтай тэнцэх хэмжээний хөлс төлөх үүргийг тус тус хүлээхээр харилцан тохиролцжээ. /1хх. 7 дугаар тал/
Анхан шатны шүүх Ц.*******, Ж.Чинзориг нарын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хөлсөөр ажиллах гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.
3. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан гэрээ дүгнэх актууд хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй алдааг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой.
3.1. Талууд 2016 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Гэрээ дүгнэлт, 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Гэрээний үүргийн биелэлт дүгнэх тухай, 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Гэрээний үүргийн биелэлт дүгнэх тухай актуудыг үйлдсэн байна. /1хх. 8, 9, 83, 125 дугаар тал/
Эдгээр актууд нь хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хөлс болон талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцааг зохицуулсан хоорондоо хамаарал бүхий актууд бөгөөд талууд 2016 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Гэрээ дүгнэлт гэх баримтаар гэрээний хөлс 13.73 м.кв талбай байхаар тохиролцож, улмаар 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Гэрээний үүргийн биелэлт дүгнэх тухай актаар ...Монхаус ХХК-ийн гаргасан нэхэмжлэл, гомдол бүрийг шүүхээр хэлэлцүүлж, хэргийг бүрэн дуусгаж ажиллана...13.73 м.кв талбайн үнэлгээг 1 м.кв-ыг 1,200,000 төгрөгөөр тооцож 16,476,000 төгрөг... гэж тохиролцож баталгаажуулжээ. /хх. 8-9/
3.2. Анхан шатны шүүхийн нэхэмжлэлийн шаардлагыг 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Гэрээний үүргийн биелэлт дүгнэх тухай актад дурдсан 16,476,000 төгрөгийн хэмжээнд хангаж шийдвэрлэхдээ 2016 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Гэрээ дүгнэлт гэх нэртэй актаар ... Зах зээлийн үнээс 1,500,000 төгрөгөөс доош бол 200,000 төгрөгөөр буруулна гэж тохиролцоог үнэлээгүй байна.
Учир нь талуудын 13.73 м.кв талбайн үнэлгээг 1 м.кв-ыг 1,200,000 төгрөгөөр тооцож 16,476,000 төгрөг гэх тохиролцоо нь 1 м.кв-ийн үнэлгээг 200,000 төгрөгөөр бууруулж тооцсон ба 1 м.кв-ийн үнэлгээг 1,400,000 төгрөг гэж үзэх үндэслэлтэй.
Иймд, хариуцагч Ж.Чинзоригоос хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 19,222,000 төгрөг /13,73 х 1,400,000/ гаргуулж, нэхэмжлэгч Ц.*******д олгох нь зүйтэй.
4. Талууд 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр үйлдсэн Гэрээний үүргийн биелэлт дүгнэх тухай актаар ...Өмгөөлөгчийн хөлс нэхэмжлэл хангагдсан шийдвэрийн долоон хувь буюу нийт 196.15 м.кв талбайтай орон сууцны 13.73 м.кв...1 м.кв байрны үнийг 1,200,000 төгрөг-өөр тооцож, ...хугацаандаа төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам 0.3 хувийн алданги төлөхөөр тусгаж, энэ акт нь 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ-ний хавсралт гэж тус тус заасан боловч дээрх гэрээний төлбөр, тооцог нэгтгэн дүгнэсэн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Гэрээний үүргийн биелэлт дүгнэх тухай хэлцэлд алдангийн талаар тохиролцоогүй тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7 дахь хэсэгт зааснаар алданги шаардах эрхгүй. Энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.
5. Талуудын хооронд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москвагийн гудамж /18072/ 21 дүгээр байрны 74 тоотод байршилтай, 66.21 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-220105243 дугаартай, орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, уг гэрээний харилцаа дуусгавар болсон, түрээсийн гэрээ байгуулагдаагүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.
Анхан шатны шүүх гэрээг цуцалж, гэрээ үүргийн гүйцэтгэлээс олсон ашгийг харилцан буцаах үүрэгтэй гэж Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1. дэх хэсэгт заасныг баримтлан маргааныг шийдвэрлэхдээ орон сууцны эзэмшлийг харилцан буцаах боломжгүйг анхаарч үзэлгүйгээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэснийг зөвтгөн Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.1 дэх хэсэгт заасныг баримталсан өөрчлөлт оруулна.
Харин, нэхэмжлэгч Ц.*******аас 32,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэсэн хэсэгт давж заалдах гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүх дүгнэх шаардлагагүй гэж үзэв.
6. Гэрээний үнийг гэрээгээр тохиролцсон тохиолдолд шүүх талуудын хүсэл зоригийн илэрхийллийг үнэлэх бөгөөд Үндэсний статистикийн хорооноос гаргасан орон сууцны үнийн өсөлтийн баримтад үндэслэн гэрээний үнэ тогтоосон талуудын тохиролцоог өөрчлөх боломжгүй тул үл хөдлөх эд хөрөнгийн үнийн өсөлттэй холбоотой 1 м.кв талбайг 2,000,000 төгрөгөөр тооцох талаар нэхэмжлэгчийн гаргасан гомдол үндэслэлгүй.
7. Анхан шатны шүүх 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн захирамжаар нэхэмжлэгчийн гаргасан шинжээч томилуулах тухай хүсэлтийг хэрэгт хамааралгүй гэж, Үндэсний статистикийн хорооноос орон сууцны үнийн мэдээг нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг өөрөө авах боломжтой гэх үндэслэлээр тус тус хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2023/02079 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.2.1, 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ж.Чинзоригоос 19,222,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 21,778,000 төгрөгийг, хариуцагч Ж.Чинзоригийн 32,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтыг ...240,330 төгрөг... гэснийг ...254,060 төгрөг... гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280,570 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
С.ЭНХБАЯР