| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2019/0004/Э |
| Дугаар | 04 |
| Огноо | 2018-12-28 |
| Зүйл хэсэг | 19.14.2.1., |
| Улсын яллагч | Э.Тулгаа |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 04
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,
Нарийн бичгийн дарга Ц.А
Улсын яллагч Э.Т
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э
Шүүгдэгч А.А, А.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Дорноговь аймгийн Замын-Үүд дахь сум дундын прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт А.А, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт А.М нарт холбогдох эрүүгийн 182.000.265.0147 тоот хэргийг 2018 оны 12 сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сүлжигч мэргэжилтэй, С ХХК-д машин баригчаар ажилладаг, ам бүл 8, эцэг, эх, эгч, дүү, хүүхдийн хамт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд оршин суух, урьд ял шийтгэл эдлэж байгаагүй, Б овогт А.А,
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эцэг, эх, дүү, хүүхдийн хамт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд оршин суух, урьд ял шийтгэл эдлэж байгаагүй, Ш овогт А.М,
Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдснаар/
Шүүгдэгч А.А нь М-н зурагтай өөрийн нэр, биеийн байцаалт бүхий Е дугаартай хуурамч гадаад паспортоор 2018 оны 11 сарын 27-ны өдөр Дорноговь амйгийн Замын-Үүд сумын автозамын шалган нэвтрүүлэх боомтоор Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн, мөн А.М-н Е дугаартай гадаад паспортыг ашиглан 2018 оны 07 сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг автозамын шалган нэвтрүүлэх боомтоор гарч Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрч, 2018 оны 07 сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг автозамын шалган нэвтрүүлэх боомтоор нэвтэрч орж ирэн Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн,
Шүүгдэгч А.М нь өөрийн зурагтай А.А-н нэр, биеийн байцаалт бүхий Е дугаартай хуурамч гадаад паспортыг ашиглан 2016 оны 12 сарын 31-ний өдөр Буянт-Ухаа олон улсын боомтоор гарч Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрч, 2018 оны 07 сарын 19-ний өдөр Буянт-Ухаа олон улсын боомтоор нэвтэрч орж ирэн Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч А.А гэрчээр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 онд миний төрсөн эгч А.М нь надад “миний дүү эгчдээ өөрийнхөө мэдээлэлтэй, миний зурагтай гадаад паспорт аваад өгөөч” гэж гуйсан. Тэгэхээр нь би зөвшөөрч өөрийнхөө мэдээлэлтэй эгчийнхээ зурагтай гадаад паспорт Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулан авч өгсөн. Эгч маань уг паспортыг авч Турк улс руу 2016 оны 12 сарын 31-ний өдөр яваад тэндээ ажиллаж байгаад 2018 оны 07 сарын 19-нд Монголд ирээд тус паспортыг надад буцааж өгсөн. Тэгээд паспортаа авчихаад гэртээ байлгаж байгаад сая 2018 оны 11 сарын 26-нд БНХАУ-ын Эрээн хот руу явж хэрэгцээний зүйлээ авахаар Улаанбаатар хотоос галт тэргэнд сууж 2018 оны 11 сарын 27-ны өдөр Замын-Үүдэд ирээд хилээр гарах гэж саатуулагдсан. “...Манай С байгууллагын 20 жилийн ой 2018 оны 07 сарын 07-нд болсон юм. Тэр үед манай компани байгууллагынхаа 80 гаруй ажилтныг ОХУ-ын Улаан-Үдэ рүү аялуулахаар зардлыг компаниас гаргахаар болсон юм. Тэгээд намайг удаан жил сайн ажилласан гээд ОХУ-руу явуулахаар болсон. Гэтэл миний гадаад паспорт эгчид байсан болохоор, гэрт байсан эгчийн гадаад паспортыг олоод харсан чинь надтай төстэй харагдсан. Тэгэхээр нь эгч миний гадаад паспортаар гарч болсон юм чинь би гарч болох байх гэж бодсон. Тэгээд эгчийн паспортаар гарах уу, яах уу гэж бодож байгаад 2018 оны 07 сарын 12-ны өдөр эгчийн паспортыг аваад Улаанбаатар хотоос хамт олныхоо хамт Сэлэнгэ рүү явсан. Тэгээд 2018 оны 07 сарын 13-ны өдөр Алтанбулаг боомтоор гараад, Улаан-Үдэд 4 хоноод 2018 оны 07 сарын 17-ны өдөр буцаж Монголд орж ирсэн гэжээ. /хх-ийн 54-56, 57-58/
- Шүүгдэгч А.А шүүхийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй гэв.
- Шүүгдэгч А.М гэрчээр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Манай гэр бүлийн амьдрал тааруу учир Турк руу дахин явж ажил хийвэл арай илүү мөнгө олох боломжтой гэж бодоод 2016 онд өөрийн төрсөн дүү А-д “надад миний зурагтай гадаад паспорт гаргуулаад өгөөч” гэж гуйсан чинь зөвшөөрсөн. Тэгээд би өөрийнхөө зургийг дүүдээ өгөөд дүү маань Улсын бүртгэлд дээр очоод гадаад паспорт авахад бүрдүүлсэн материалаа өгсөн. Тэгээд хэд хоногийн дараа гадаад паспортыг нь би очиж авсан. Тэгээд 6 сар гарангийн дараа буюу 2016 оны 12 сарын 31-ний өдөр Буянт-Ухаагаар Турк улс руу явсан гэжээ. /хх-ийн 60-62/
- Шүүгдэгч А.М шүүхийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг дээр нэмж хэлэх зүйл байхгүй гэв.
- Гэрч П.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 11 сарын 27-ны өдөр зорчигчийн гарах чиглэлийн баримт бичиг шалгах манаанд үүрэг гүйцэтгэж байхад 10 цаг өнгөрч байхад нэг эмэгтэй баримт бичгээ шалгуулахаар өгсөн. Түүний баримт бичгийг авч гадаад паспортын зурагтай өөрийнх нь царайтай тулгалт хийхэд түүний царай өөр харагдсан болохоор нь түүнээс “чи өөр харагдаж байна” гэж асуухад “би жаахан таргалчихсан байгаа, хамраа өндөрсгөөд будчихсан байгаа” гэж хариулсан. Тэгээд түүний паспортын мэдээллийг асуухад бүгдийг нь зөв хариулсан. Тэгэхээр нь иргэний бүртгэлийн сангаас түүний мэдээллийг харахад өөрийнх нь зургийг харахад яг өөрийнх нь байсан. Тэгээд паспортыг нь харахаар өөр харагдаад байсан. Тэгээд түүний гэр бүлийн хүмүүсийг асуухад эгчтэй гэхээр нь эгчийнх нь овог нэрийг хийж үзэн шалгахад А.А-н авч явсан Е дугаартай гадаад паспорт дээрх зурагтай тохирч байсан. Тэгээд үнэнээ хэлнэ үү гээд хариу өгөөгүй бөгөөд түүнээс үнэнээ хэлвэл явуулья гэсэн чинь би эгчийнхээ зурагтай өөрийн мэдээлэлтэй гадаад паспорт гаргуулан авсан юм гэж хариулсан. Үүний дараа А.А-г боомтын шалган нэвтрүүлэх алба эрхэлсэн орлогч, хошууч Э-т хүлээлгэн өгөөд ажлаа үргэлжүүлсэн гэжээ. /хх-ийн 63-64/
- Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын 182000265 дугаартай тогтоол /хх-ийн 1/
- Зөрчлийн хэрэг /хх-ийн 3-15/
- Хил хамгаалах Ерөнхий газрын 2-5а/13123 дугаартай албан тоот, хавсралт /хх-ийн 19-20/
- Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 11/4180 дугаартай албан тоот, иргэний үнэмлэхний лавлагаанууд /хх-ийн 24-33/
- Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 34-38/
- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 43-52/
- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 53/
- Шүүгдэгч А.А-н иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 59/
- Шинжээчийн 9 дугаартай дүгнэлт /хх-ийн 86-87/
- Шинжээчийн 10 дугаартай дүгнэлт /хх-ийн 88-94/
- Сонгинохайрхан дүүргийн 1-р хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 128-129/
- А.А-н охин Я төрсний гэрчилгээ /хх-ийн 134/
- Шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 135, 136/
- Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 143-144/
- Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүссэн шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын хүсэлт /хх-ийн 150/
- Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын 5/19 дугаартай тогтоол /хх-ийн 151-152/
- Хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал /хх-ийн 153/ зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт судалсан болно.
Гэм буруугийн хувьд:
Шүүгдэгч А.А нь М-н зурагтай өөрийн нэр, биеийн байцаалт бүхий Е дугаартай хуурамч гадаад паспортоор 2018 оны 11 сарын 27-ны өдөр Дорноговь амйгийн Замын-Үүд сумын Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн, мөн А.М-н Е дугаартай гадаад паспортыг ашиглан 2018 оны 07 сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг автозамын шалган нэвтрүүлэх боомтоор гарч Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрч, 2018 оны 07 сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг автозамын шалган нэвтрүүлэх боомтоор нэвтэрч орж ирэн Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн,
Шүүгдэгч А.М нь өөрийн зурагтай А.А-н нэр, биеийн байцаалт бүхий Е дугаартай хуурамч гадаад паспортыг ашиглан 2016 оны 12 сарын 31-ний өдөр Буянт-Ухаа олон улсын боомтоор гарч Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрч, 2018 оны 07 сарын 19-ний өдөр Буянт-Ухаа олон улсын боомтоор нэвтэрч орж ирэн Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэг, гэрч П.Н-н “Түүний баримт бичгийг авч гадаад паспортын зурагтай өөрийнх нь царайтай тулгалт хийхэд түүний царай өөр харагдсан болохоор нь түүнээс “чи өөр харагдаж байна” гэж асуухад “би жаахан таргалчихсан байгаа, хамраа өндөрсгөөд будчихсан байгаа” гэж хариулсан. Тэгээд түүний паспортын мэдээллийг асуухад бүгдийг нь зөв хариулсан. Тэгэхээр нь иргэний бүртгэлийн сангаас түүний мэдээллийг харахад өөрийнх нь зургийг харахад яг өөрийнх нь байсан. Тэгээд паспортыг нь харахаар өөр харагдаад байсан. Тэгээд түүний гэр бүлийн хүмүүсийг асуухад эгчтэй гэхээр нь эгчийнх нь овог нэрийг хийж үзэн шалгахад А.А-н авч явсан Е дугаартай гадаад паспорт дээрх зурагтай тохирч байсан. Тэгээд үнэнээ хэлнэ үү гээд хариу өгөөгүй бөгөөд түүнээс үнэнээ хэлвэл явуулья гэсэн чинь би эгчийнхээ зурагтай өөрийн мэдээлэлтэй гадаад паспорт гаргуулан авсан юм гэж хариулсан.” гэх мэдүүлэг, шинжээчийн 9 дугаартай дүгнэлт /хх-ийн 86-87/, шинжээчийн 10 дугаартай дүгнэлт /хх-ийн 88-94/, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 34-38/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 43-52/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай болох нь тогтоогдсон.
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын прокуророос шүүгдэгч А.А, А.М нарт зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын хувьд:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар анх удаа хөнгөн хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.
Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Е дугаартай хуурамч гадаад паспортыг Улсын бүртгэлийн Ерөнхий газарт шилжүүлж, бичлэг бүхий 1 ширхэг CD-ийг хэрэгт хадгалах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч А.А нь бага насны хүүхэдтэй болох нь 2016 оны 03 сарын 12-ны өдөр төрсөн охин А.Я төрсний гэрчилгээ /хх-ийн 134/-гээр батлагдаж байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлд зааснаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах нь зүйтэй гэж үзлээ. Түүнчлэн шүүгдэгч А.М-н хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлаггүй гэж үзлээ.
Мөн улсын яллагч шүүгдэгч нарт Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авах санал гаргаж байгааг шүүх шаардлагагүй гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нарт дээрхи таслан сэргийлэх арга хэмжээ авах нөхцөл байдал хавтаст хэрэгт тогтоогдсонгүй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт А.А, Ш овогт А.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар бүлэглэж Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр хуурамч баримт бичгээр Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-г 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-г хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-д оногдуулсан 1 жил 1 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-д 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг мөн хугацаагаар буюу 1 жил 1 сарын хугацаагаар хойшлуулж, хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад үүрэг болгосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А нь хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ял биечлэн эдлүүлхийг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.М нь 1 жил 1 сарын хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М нь шүүхээс тогтоосон үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
8. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүйг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.1 дүгээр зүйлийн 8.5 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар шүүхэд хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг СД-ийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хавтаст хэрэгт хадгалж, Е серийн ... дугаартай хуурамч гадаад паспортыг Улсын Бүртгэлийн Ерөнхий газарт шилжүүлсүгэй.
10. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.А, А. М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.Б