Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2023/01580

 

 

 

 

 2023 08 09 210/МА2023/01580

 

 

******* зөвлөл ТБАГУТҮГ-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Нямбазар, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2023/03022 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* зөвлөл ТБАГУТҮГ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э.Болорчулуунд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Төрд учирсан хохирол 15,744,187 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Жавзандулам, хариуцагч Э.Болорчулуун, хариуцагчийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. ******* тухай хууль /2002 он/-ийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т ******* тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах, төрийн албанд шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэх мэргэшил, арга зүйн удирдлагаар хангах, төрийн байгууллагын үйл ажиллагааг зохицуулсан стандартын хэрэгжилтийг шалган зааварлах, зөрчлийг арилгуулах хугацаатай үүрэг өгөх, гүйцэтгэлд нь хяналт тавих, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасан маргааныг хянан шийдвэрлэх, албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах гэж;

******* тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж, 50.2 дахь хэсэгт ******* төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана гэж тус тус заасан.

Тодруулбал, дээрх хуулиудад ******* зөвлөл төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хуульчилсан.

1.2. Э.Болорчулуун нь Нийслэлийн Газрын албаны даргаар ажиллаж байхдаа 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б/327 дугаар тушаалаар М.Отгонжаргалыг газрын төлбөр хариуцсан мэргэжилтний албан тушаалаас халах шийдвэр гаргасан байна. М.Отгонжаргал нь дээрх 2018 оны Б/327 тушаалыг эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсаны дагуу тус шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2020/0115 дугаар шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 273 дугаар магадлалаар тушаалыг хүчингүй болгож, М.Отгонжаргалыг урьд эрхэлж байсан Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны газрын төлбөр хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, бусад нэмэгдлийг зохих журмын дагуу бодож олгон, түүний эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж, мөн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2020/02918, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 428 дугаар магадлалаар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгохоор тус тус шийдвэрлэсэн байна.

1.3. Шүүхийн шийдвэрүүдийн дагуу Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 11,311,638 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 4,432,549 төгрөг нийтдээ 15,744,187 төгрөгийг М.Отгонжаргалд олгосон байна. Хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол 15,744,187 төгрөгийг буруутай албан тушаалтан Э.Болорчулуунаас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Э.Болорчулуун нь 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Нийслэлийн Газрын албаны даргаар томилогдож, 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, магадлалаар ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулсан.

2.2. Нийслэлийн Газрын алба /хуучнаар/ нь 19 хэлтэс, албатай нийт 348 албан хаагчтай М.Отгонжаргалыг хариуцсан хэлтсийн дарга, албаныхны судалгаа шинжилгээ хийсний дагуу ажил үүрэгтээ хариуцлагагүй ханддаг, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан алдаа дутагдал илэрсэн, мөн Улсын дээд шүүхийн тогтоол зэргийг биелүүлж түүнийг ажлаас чөлөөлөх тушаал гаргасан.

2.3. Нэхэмжлэгч ******* зөвлөл нь нэхэмжлэлийн шаардлагадаа ******* тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэг, 50.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэсэн байна.

******* тухай хууль (2002 он)-ийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-д хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцах гэж,

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж тус тус заасан.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд Э.Болорчулуун нь ******* зөвлөлийн нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх, төлөх үндэслэлгүй юм.

2.4 Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Э.Болорчулуунаас 15,744,187 төгрөг гаргуулж Төрийн сан банкны улсын төсвийн 100900021501 тоот дансанд оруулж,

Улсын тэмдэгтийн хураамжийг тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 236,671 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 5.1 дэх хэсэгт "... Хариуцагчаас төрийн албан хаагчийн бусдад учруулсан хохирлыг төр хариуцан арилгах үүрэгтэй тул түүний алба хааж байх хугацаанд гаргасан хууль бус тушаалаас үүдэлтэй хохирлыг хариуцах үүрэггүй гэж маргасан нь үндэслэлгүй байна. Иргэний хуултйн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт "Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана." гэж, 498.5 дахь хэсэгт "Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4 дэх хэсгүүдэд заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй." гэж тус тус заасан.

Уг хуулийн зохицуулалтаас дүгнэхэд төрийн албан хаагчийн бусдад учруулсан гэм хорыг төр хариуцах боловч тухайн албан хаагч нь шууд санаатай үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага нь өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй байна.

4.2. Хариуцагч Э.Болорчулуун Нийслэлийн газрын даргаар ажиллаж байхдаа М.Отгонжаргалыг хууль бусаар ажлаас халсан нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр магадлал, тогтоолоор тогтоогдсон. 15,744,187 төгрөгийг ажилтанд олгож, төрд хохирол учирсан байх тул хариуцагчаар төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх үндэслэлтэй гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

М.Отгонжаргалыг аль нэг дүүргийн Газрын албаны төлбөрийн байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоохыг Нийслэлийн Газрын албанд даалгаж шийдвэрлэсэн. Хариуцагч Э.Болорчулуун нь Нийслэлийн Газрын албаны даргын албан тушаалд ажиллаж байх хугацаандаа дээрх анхан шатны шүүхийн шийдвэр, Улсын дээд шүүхийн тогтоолд заасны дагуу шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлж М.Отгонжаргалыг Багахангай дүүргийн Газрын албаны газрын төлбөр хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилсон.

4.3. Гэтэл анхан шатны шүүхээс шууд санаатай үйлдлээр гэм хор учруулсан гэж дүгнэж байгаа нь хариуцагч Э.Болорчулууны эрх ашгийг ноцтой зөрчиж хуулийг буруу тайлбарласан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт "Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасан заалтыг зөрчиж байна. Нийслэлийн Газрын алба /хуучнаар/ нь 19 хэлтэс, албатай нийт 348 албан хаагчтай байсан. Тушаал, шийдвэрийг гаргаж байгаа үйл ажиллагаа ямар учраас гэм буруутай гэдэгт хамаарч байгаа нь ойлгомжгүй, шууд санаатай үйлдлээр төрд гэм хор учруулсан гэсэн нь үндэслэлгүй.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт "Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана" гэж заасан ба гэм буруутай байвал бусдад учруулж байгаа үйлдлийг ч мөн төр хариуцна.

Мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт "Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4 дэх хэсэгт заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй" гэж заасан.

4.4. Гэм хор буюу хохирлыг арилгасан байгууллага нь Нийслэлийн Өмчийн харилцааны газар /хуучнаар Нийслэлийн газрын алба/ болохоос биш ******* зөвлөл биш юм. ******* зөвлөл нь хохирлыг шаардах эрхгүй гэж үзэж байна.

******* тухай хууль /2017 оны/ нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн. Гэвч М.Отгонжаргалыг ажлаас чөлөөлсөн тушаал нь 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн тушаал байдаг. Мөн ******* тухай хууль /2017 оны/-ийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх заалтад 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсон ба гэм буруутай гэдгийг тогтоогоогүй байхад нэхэмжлэгч ******* зөвлөлийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4.5. Хариуцагч Э.Болорчулууны хувьд хуулиар олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргасан.

Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хуулийг илт буруу өөрт ашигтайгаар тайлбарладаг. Иргэний болон ******* тухай хуулинд төрийн албан хаагч гэж заасан болохоос тухайлсан тийм албан хаагч гэж заасан заалт байдаггүй. Хуулийг ******* зөвлөл тайлбарлах эрхгүй.

Иймд дээрх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасны дагуу ******* зөвлөлийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга:

5.1. М.Отгонжаргалыг хууль бусаар ажлаас халсан болох нь захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр тогтоогдсон байдаг.

5.2. ******* тухай хуулийн 50 дугаар зүйлд зааснаар төрд учруулсан хохирлыг буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж зохицуулсан. ******* тухай хуульд зааснаар манай байгууллагаас нэхэмжлэл гаргах эрхтэй. 2002 оны ******* тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т зааснаар албан тушаалын буруутай үйл ажиллагаанаас төрд учирсан хохирлыг арилгуулахаар ******* зөвлөлөөс анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирлыг албан тушаалтнаас өөрөөс нь гаргуулах үүрэгтэй. ******* тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсэгт зааснаар буруутай албан тушаалтнаас нөхөн гаргуулна гэж зохицуулсан. ******* зөвлөлөөс анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийг баримтлаагүй өмнөх үйлчилж байсан хуулийг баримталсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

6. Иргэдийн төлөөлөгч Ц.Хаш анхан шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хариуцагч нь М.Отгонжаргалыг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн гэж үзэж байна. Нэхэмжлэгч талын нэхэмжлэл үндэслэлтэй гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.   Нэхэмжлэгч ******* зөвлөл ТБАГУТҮГ нь хариуцагч Э.Болорчулуунд холбогдуулан төрд учруулсан хохирол 15,744,187 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ...Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт зааснаар төр хариуцна... гэсэн агуулгаар тайлбарлан маргасан байна.

 

3. Хэргийн үйл баримтын талаар:

 

3.а. ******* зөвлөл ТБАГУТҮГ нь ******* тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсэгт зааснаар төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

 

3.б. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2020/0115 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 273 дугаар магадлалаар М.Отгонжаргалын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Нийслэлийн газрын албаны даргын 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн М.Отгонжаргалыг ажилд томилох тухай Б/227 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, мөн газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн М.Отгонжаргалыг ажлаас халах тухай Б/327 дугаар тушаалыг хүчингүй болгож, М.Отгонжаргалыг Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар, Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргүүдийн аль нэг Газар зохион байгуулалтын албаны газрын төлбөр хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилохыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргад даалгаж,ажилгүй байсан хугацааны цалин хөлс 11,311,638 төгрөгөөс зохих татвар суутгалыг хийж нэхэмжлэгч М.Отгонжаргалд олгох, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргад даалгаж шийдвэрлэсэн байна. /хх-55-68/

 

Мөн, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2020/02918 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 00428 дугаар магадлалаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 4,279,132 төгрөгийг гаргуулан М.Отгонжаргалд олгож, шийдвэрлэсэн нь хуулийн төгөлдөр болсон байна. /хх-31-40, 79-83/

 

Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн зөв тогтоожээ.

 

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ... үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан.

 

4. Зохигч дээрх хохирол 15,744,187 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй эсэхэд маргаж байна.

 

4.а. Хариуцагч Э.Болорчулуун Нийслэлийн Газрын албаны даргаар ажиллаж байхдаа М.Отгонжаргалыг хууль бусаар ажлаас халсан нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлалаар тогтоогдсон, үүний улмаас Нийслэлийн газрын албанаас 15,744,187 төгрөгийн олговрыг М.Отгонжаргалд олгож, төрд хохирол учирсан үйл баримт тогтоогдсон гэж үзэх тул ...төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцна гэж агуулгатай хариуцагч талын татгалзал, давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

Анхан шатны шүүх хариуцагч Э.Болорчулуунаас 15,744,187 төгрөгийг гаргуулан Төрийн сан банкны 100900021501 тоот дансанд оруулж шийдвэрлэсэн нь ******* тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт ... төрийн албан хаагчийг ... хууль бусаар ... чөлөөлсөн, халсныг ... шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж заасантай нийцжээ. Энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

5. Анхан шатны шүүх хариуцагч Э.Болорчулуун Нийслэлийн Газрын албаны даргын албан тушаалаас 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр чөлөөлөгдсөн хугацаанд дүгнэлт хийхгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд хангаж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2020/0115 дугаар шийдвэр гарсан хугацаанаас хойш М.Отгонжаргалыг 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд шүүхийн шийдвэрийг биелүүлж ажилд томилоогүй үйл баримтад 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн Э.Болорчулууны гэм буруу шалтгаант холбоо байхгүй байх тул уг хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 4,279,132 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

6. Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй боловч нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл болсон зохицуулалтыг баримтлаагүй хууль хэрэглээний алдаа гаргасныг мөн давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

 

7. Иргэдийн төлөөлөгч Ц.Хаш нь ...нэхэмжлэгч талын нэхэмжлэл үндэслэлтэй гэж үзэж байна. гэж дүгнэлт гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

8. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2023/03022 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг ******* тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Болорчулуунаас 11,311,638 төгрөг гаргуулан Төрийн сан банкны 100900021501 тоот дансанд оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас 4,279,132 төгрөгт тооцогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

 

2 дахь заалтын 236,671 гэснийг 195,936 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э.Болорчулууны давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 238,071 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3,

172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ш.ОЮУНХАНД

  ШҮҮГЧИД  Д.НЯМБАЗАР

 

С.ЭНХБАЯР