Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 396

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би Б.Баярхишигийн нэхэмжлэлтэй М.Санаа-Амарт холбогдох “180.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр  хүлээн авч танилцаад: 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Баярхишиг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  М.Санаа-Амар нь 2014 оны 07 дугаар сард 22 цагийн үед найз Цэцэгтэйгээ бид хоёрыг дельфин бааранд оруулсан. 6 лааз пиво уугаад байж байтал 23 цагийн үед надаас утсыг минь гуйгаад гарсан чинь 30 орчим минут болоод орж ирэхгүй болохоор нь гарсан чинь байхгүй байсан. Маргааш нь асуусан чинь таксинд суусан чинь хээр хаяад явчихсан байсан гэсэн. Ингээд цагдаад мэдэгдэж 1 жил 8 сар шалгуулсан боловч машин нь олдохгүй гэх үндэслэлээр хэрэг хаагдсан. Иймд утасны үнэ 180.000 төгрөгийг Санаа-Амараас гаргуулж хохирол барагдуулж өгнө үү. Миний утас “nokia-301” хоёр симтэй 2014 оны 06 дугаар сард Улаанбаатар хотын мобикомын төвөөс авсан гэжээ.

Зохигчдоос шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Б.Баярхишиг миний бие нь хариуцагч М.Санаа-Амараас нэхэмжилж байгаа “nokia-301” утасны үнэ 180.000 төгрөгний оронд “nokia-301” утсаа 2016 оны 08 дугаар сарын 26-ны дотор авахаар, М.Санаа-Амар миний бие нь нэхэмжлэгч Б.Баярхишигт “nokia-301” маркын утсыг 2016 оны 08 дугаар сарын 26-ны дотор өгөхөөр тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. 

                                    Эвлэрлийн гэрээ байгуулсан:

                            Нэхэмжлэгч                            Б.Баярхишиг

                            Хариуцагч                               М.Санаа-Амар      ... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Баярхишиг нь 180.000 төгрөгийг хариуцагч М.Санаа-Амараас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид “nokia-301” утсыг 2016 оны 08 дугаар сарын 26-ны дотор өгч, авалцахаар эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан болох нь 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан зохигчдоос ирүүлсэн дээрх гэрээгээр батлагдаж байна.

Зохигчдын хооронд байгуулсан энэхүү эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Б.Баярхишигийн нэхэмжлэлтэй М.Санаа-Амарт холбогдох “180.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийн зохигчид “nokia-301” утсыг 2016 оны 08 дугаар сарын 26-ны дотор өгч, авалцахаар эвлэрсэн зохигчдын эвлэрэлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 6050 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 3025 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4 дахь хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын  журмаар  гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                          Б.МӨНХЗУЛ