| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Алтан |
| Хэргийн индекс | 152/2023/00517/И |
| Дугаар | 224/МА2023/00021 |
| Огноо | 2023-12-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 224/МА2023/00021
2023 12 14 224/МА2023/00021
Ц.Ц-ийн нэхэмжлэлтэй,
иргэний хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхжаргал даргалж, ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн, шүүгч Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 152/ШШ2023/00444 дүгээр шийдвэртэй,
Ц.Цийн нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баттулга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох.
2. Нэхэмжлэгч Ц.Ц-ийн шаардлагын үндэслэл: Mиний бие 1984 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Хартарвагатайн нүүрсний уурхайд ресс тоологчоор, 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл Хартарвагатайн уурхайн бага сургуулийн сав угаагчаар, 1989 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 1997 он хүртэл мөн уурхайн Хүний их эмчийн салбарт цагаан хэрэглэл угаагчаар тус тус ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас болж тэтгэврийн бичиг баримтаа бүрдүүлэхэд тухайн үед ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч усанд норж бичилтүүд бүдгэрсэн, ажилд томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал олдохгүй байгаа тул шүүхэд хандаж байна.
Иймд миний 1984 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Хартарвагатайн нүүрсний уурхайд ресс тоологчоор, 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл Хартарвагатайн уурхайн бага сургуулийн сав угаагчаар, 1989 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 1997 он хүртэл Хартарвагатайн уурхайн Хүний их эмчийн салбарт цагаан хэрэглэл угаагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
4. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 152/ШШ2023/00444 дүгээр шийдвэрээр:
- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар бөхнүүд овогт Цэрэнжавын Цийн 1989 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал Увс аймгийн Хартарвагатайн уурхайн Хүний их эмчийн салбарт цагаан хэрэглэл угаагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Увс аймгийн Хартарвагатайн уурхайд 1984 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ресс тоологчоор, Увс аймгийн Хартарвагатайн уурхайн бага сургуульд 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл сав угаагчаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
5. Нэхэмжлэгч Ц.Ц давж заалдсан гомдолдоо: “...Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 152/ШШ2023/00444 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
Шүүхээс миний зарим ажиллаж байсан байдлыг тогтоож, 1984 оны 7 дугаар сараас 1988 оны 10 дугаар сарыг дуустал уурхайд ресс тоологчоор ажиллаж байсан байдал нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна гэж үзэж, хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Шүүхээс дээрх гэрчүүдийн /Д.Б, Х.К/ мэдүүлгийг дутуу үнэлсэн гэж үзэж байна. Гэрч Д.Б, Х.К нар намайг Увс аймгийн Тариалан сумын Хартарвагатайн нүүрсний уурхайд ресс тоологчоор ажиллаж байсныг нотлоод байхад үүнийг шүүх нотлогдохгүй байна гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Иймд миний гаргасан нэхэмжлэл, гэрчүүдийн мэдүүлгийг бүхэлд нь хянаж Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 152/ШШ2023/00444 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж, миний 1984 оны 7 дугаар сараас 1988 оны 10 дугаар сарыг дуустал Увс аймгийн Тариалан сумын Хартарвагатайн нүүрсний уурхайд ресс тоологчоор ажиллаж байсан байдлыг нэмж тогтоож өгнө үү” гэжээ.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай ээж Ц.Ц нь эрүүл мэндийн шалтгааны улмаас хотод эмчилгээнд явж байгаа учраас миний бие нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна.
Миний ээж 1984 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 30-ний өдөр хүртэлх хугацаанд Хар тарвагатайн нүүрсний уурхайд ресс тоологчоор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан.
Анхан шатны шүүхэд Уурхайчдын баяраар тэмцээн уралдаанд оролцож байсан баярын бичгийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Ийм учраас нэхэмжлэгч Ц.Ц-ийн 1984 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх ресс тоологчоор ажилласан жилийг тогтоож өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь :
1. Нэхэмжлэгч Ц.Ц-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 152/ШШ2023/00444 дүгээр шийдвэртэй иргэний хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч Ц.Ц Увс аймгийн Хартарвагатайн уурхайд 1984 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ресс тоологчоор, Увс аймгийн Хартарвагатайн уурхайн бага сургуульд 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл сав угаагчаар, 1989 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 1997 он хүртэл мөн уурхайн Хүний их эмчийн салбар эмнэлэгт цагаан хэрэглэл угаагчаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан байх бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийн шаардлагын зарим хэсэг буюу 1989 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 1994 оны 12дугаар сарыг дуустал Увс аймгийн Хартарвагатайн уурхайн Хүний их эмчийн салбарт цагаан хэрэглэл угаагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Анхан шатны шүүх Ц.Цийн ажилласан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг үнэлэх үндэслэл, журмыг зөрчсөн гэж дүгнэх үндэслэлтэй байна.
3.1. Нэхэмжлэгчийн Увс аймгийн Хартарвагатайн уурхайд 1984 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ресс тоологчоор, Увс аймгийн Хартарвагатайн уурхайн бага сургуульд 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл сав угаагчаар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай шаардлагыг шүүхээс хэрэгсэхгүй болгохдоо “нэхэмжлэгчийг тухайн онд ажиллаж байсныг нотлох баримт хэрэгт авагдаагүй ” гэх үндэслэл дурдсан нь хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс бүрэн бодитойгоор харьцуулж, үнэн зөв эргэлзээгүй байх талаас нь үнэлж чадаагүй гэж үзэх үндэслэл болж байна.
Тухайлбал, шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Увс аймгийн Хартарвагатайн уурхай болон тус уурхайн Хүний их эмчийн салбар эмнэлэгт ажиллаж байсан гэх Д.О, Д.Б, Х.К нарыг гэрчээр асуусан тэмдэглэл хэргийн 68-73 дугаар талд авагдсан байх ба гэрч Д.Б, Х.К нар мэдүүлэгтээ : “ Ц.Ц нь Увс аймгийн Хартарвагатайн нүүрсний уурхайд ресс тоологчоор, Хүний их эмчийн салбарт цагаан хэрэглэл угаагчаар тус тус ажиллаж байсан” талаар дурдсан байна.
Шүүхээс нэхэмжлэгч Ц.Цийн 1989 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал Увс аймгийн Хартарвагатайн уурхайн Хүний их эмчийн салбарт цагаан хэрэглэл угаагчаар ажиллаж байсан байдлыг тогтоохдоо дээрх нэр бүхий 3 гэрчийн мэдүүлгийг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтаар үнэлсэн байх боловч нэхэмжлэгчийн “Увс аймгийн Хартарвагатайн уурхайд 1984 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ресс тоологчоор ажилласан” гэх шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо гэрч Х.К, Д.Б нарын “ Ц.Ц нь Увс аймгийн Хартарвагатайн нүүрсний уурхайд ресс тоологчоор ажиллаж байсан” гэх мэдүүлэг нь нэхэмжлэлийн энэ шаардлагатай хамааралтай эсэх, шаардлагыг нотолж, эсхүл үгүйсгэж буй үндэслэлийн талаар огт дүгнээгүй байна. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдсан гомдол үндэслэлтэй байна.
3.2. Хэрэгт Ц-ын Ц гэх нэртэй, Увс аймгийн Тарвагатайн уурхайн Бага сургууль гэх тамга бүхий, 1988 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр олгосон гэх бичилттэй, 4-9-р талд нь бичилт хийгдсэн хөдөлмөрийн дэвтэр / хх-ийн 34-58/ авагдсан, уг дэвтэрт : Бага сургуульд сав угаагчийн ажилд томилсон, чөлөөлсөн талаар бичилт хийгдсэн байх ба шүүхээс уг хөдөлмөрийн дэвтэр нь усанд норж, бичгүүд арилсан тул нотлох баримтын шаардлага хангаагүй гэж дүгнэсэн байна.
Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн дээрх хөдөлмөрийн дэвтэр нь түүний Хартарвагатайн уурхайн Бага сургуульд сав угаагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагыг нотлох эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөхийн тулд шүүхээс шаардлагатай ажиллагааг хийхгүйгээр нотлох баримтын шаардлага хангаагүй гэж шууд дүгнэсэн нь нотлох баримтыг үнэлэх зарчимд нийцээгүй байна.
Нэхэмжлэгчээс өөрийн гаргаж буй шаардлагаа хангуулахад ач холбогдолтой гэж үзэж гаргаж өгсөн баримт болох уг хөдөлмөрийн дэвтэр нь “усанд норсон” –оос зарим бичвэр нь арилсан, бүдэг зэрэг шалтгааны улмаас нотлох баримтаар үнэлэхэд эргэлзээтэй байвал шүүх шинжээч томилж, дүгнэлт гаргуулах зэрэг ажиллагаа явуулж, үйл баримтыг тогтооход ач холбогдолтой нотлох баримтаар үнэлэх эсэхээ шийдвэрлэх боломжтой атал шүүх энэ талаар ажиллагаа хийгээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагаа явуулах агуулга, зарчимд нийцээгүй байна.
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэгчийн хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлд заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарч, мөн хуулийн 133 дугаар зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэгддэг тусгай зохицуулалттай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт: хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ, мөн зүйлийн 6.6 дахь хэсэгт: Энэ хуулийн 133 дугаар зүйлд заасан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт энэ зүйл хамаарахгүй гэж зааснаас үзэхэд шүүхээс эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжүүлэхийг шаардаагүй байна.
Онцгой ажилагааны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад хүсэлт гаргагч / нэхэмжлэгч / нь тогтоолгохыг хүсч буй үйл явдал, үйл баримтаа зөвхөн өөрөө нотлох, нотлох баримт цуглуулах үүргийг дангаар хүлээхгүй бөгөөд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаар нотлох баримт цуглуулах, мөн цугларсан баримт, мэдээллүүдийн нотолгооны ач холбогдлыг хуульд заасан ажиллагаагаар тодруулах, зохигчоос гаргаж ирүүлсэн баримтын хуульд заасан шаардлагыг хангуулах зэрэг ажиллагаа явуулах боломжтой байхаар хуульчилсан байна.
Тодруулбал, шүүх нэхэмжлэгчийн хүсэлтэд үндэслэн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл баримтыг сэргээн тогтооход шаардлагатай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахыг хуулиар хязгаарлаагүй байна.
4. Дээрх байдлаар анхан шатны шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэлтэй, зөв дүгнэлт хийж чадаагүй, нэхэмжлэгчийн тогтоолгохыг хүсч буй үйл явдал, үйл баримтыг сэргээн тогтооход шаардлагатай ажиллагааг хийгээгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Ц.Цийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 сарын 20-ны өдрийн 152/ШШ2023/00444 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Ц-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн далан мянга хоёр зуу/ 70200/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсгүүдэд зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ЖАМБАЛСҮРЭН
ШҮҮГЧИД Н.МӨНХЖАРГАЛ
Л.АЛТАН