Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 11

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,

Нарийн бичгийн дарга Ц.А

Улсын яллагч Н.А

Шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Н.Б-д холбогдох эрүүгийн 1820002800001 тоот хэргийг 2019 оны 01 сарын 11-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, М ХХК-д жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р багт оршин  суух хаягтай, одоо Дорноговь аймгийн Замын-Үүд сум 3-р багт түр оршин суух, Х овогт Н.Б,

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Н.Б нь согтуугаар 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 4 дүгээр багт оршин суух Я.Б-н гэрт өөрийн эхнэр А.Г-тэй маргалдаж улмаар түүний нуруун тус газар нь заазуураар хатгаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Н.Б мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ: “...Би Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн. Би айлын ууган хүүхэд нь болж гуравуулаа төрсөн. Бага насаа Дорноговь аймгийн Сайншанд сумын 1-р цэцэрлэгт хүмүүжиж өнгөрүүлсэн. 1981 онд ... настайдаа Дорноговь аймгийн Сайншанд сумын 10-н жилийн Ерөнхий боловсролын 2-р сургуульд элсэн орж 1989 онд тус сумын 1-р 10-н жилийн 8 дугаар ангиийг төгсөж бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн. 1989-1991 оны хооронд Дорноговь аймгийн Сайншанд сумын Үзүүр гэх газарт эмээ, өвөө дээрээ мал малласан. 1991 оны 09 сард Батлан хамгаалах нийгэмлэгт жолооны курс төгсөж BC ангилалтай жолооч болсон. 1992-1996 оны хооронд хувийн Зил-130 маркын машинаараа хувиараа ажил хийсэн. 1996-1999 оны хооронд аймгийнхаа холбоонд жолоочоор ажилласан. 2000-2009 оны хооронд Улаанбадрах суманд хөдөө мал малласан. 2009-2010 онд Сэлэнгэ аймгийн Б-д жолоочоор ажилласан. 2010-2018 онуудад Замын-Үүд суманд хөдөө мал дээр байж байгаад 2018 оны 06 сараас “М” ХХК-д жолоочоор ажиллаж байна. Эхнэр А.Г-тээ 1995 онд Сайншандад танилцаж тэр ондоо нэг гэрт орсон ба одоо дундаасаа 3 хүүхэдтэй. Хүүхдүүд одоо хамт амьдарч байгаа ба бүгд сургуульд сурч байна. Том охин А одоогоор ажилгүй гэрт байна. Би согтууруулах ундаа бараг хэрэглэдэггүй, тамхи татдаг. Би хүнтэй маргаж муудалцдаггүй. Урьд нь хуулийн байгууллагад ямарваа байдлаар шалгагдаж байгаагүй. Одоо бие эрүүл, ухаан саруул. Би 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр, бас 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрүүдэд гэрчийн мэдүүлэг өгч байсан. Энэ мэдүүлгүүд маань өөрчлөгдөхгүй. Би эхнэр А.Г-н биед нь хөнгөн гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байгаа. Хуулийн хариуцлагаа хүлээх болно. Ахиж ийм болчимгүй үйлдэл гаргахгүй. Надад торгуулийн ял оногдуулж өгөхийг хүсье, учир нь миний баруун хөл төмөр хадаас бэхэлгээтэй, ойрын үед өвдөөд байгаа ба авахуулах хугацаа нь өнгөрчихсөн, эмч яаралтай авахуул гэсэн. Тийм болохоор нийтэд тустай ажил хийж чадахгүйд хүрээд байна. Мөн хөлөө хурдан эмчлүүлчихээд Өмнөговь аймгийн Гашуун сухайт руу явж ажиллах даалгаврыг компаниас өгсөн. Гэртээ ганцаараа ажил хийдэг болохоор энэ байдлыг минь харгалзан үзэж торгуулийн ял оногдуулж өгөхийг прокурор, шүүхийн байгууллагаас хүсэх гэсэн юм гэв. /хх-ийн 42-43/

- Хохирогч А.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 12 сарын 03-ны өдөр 13 цагийн орчим Коксын үйлдвэрийн хашаанд байх гэрээсээ өөрийн аав, ээжийн хамт ус авахаар сумын төв рүү явсан. Ингээд гэр хорооллын “Х” банкны гадаа очсон ба аав, ээж 2 банк руу ажлаар орсон. Би тэндээс Х буудал руу явсан. Тэнд бичиг баримтаа үлдээчихсэн байсан. Бичиг баримтаа аваад гарах гэтэл араас буудлын коридорт байсан Т, Г, бас 2 эрэгтэй хүн дуудсан. Тэд бүгд архи уусан, нилээн согтуу байсан. Т гэх эгч надад тус болооч, согтуу байна гээд буудалд оруулахгүй байна гэхээр нь би Т буудалд оруулж өгсөн. Тэгтэл тэр 4 надад баярлалаа гээд цүнхнээсээ архи гаргаж ирээд нэг татчих гэхээр нь би татсан. Ингээд 4-үүлээ 0.75 гр-ын 1 шил архи хувааж уусан. Буудлын хүн биднийг согтуу байна гээд ахиад гаргасан. Энэ үед цаг 17-18 цаг л болж байсан байх. Т эгч ахиад тус болооч гээд байхаар нь Б ахынд дагуулж очсон. Б ахынх сумын эмнэлэгийн хойно монгол гэрт байдаг, хаягийг нь мэдэхгүй. Б ахынх руу Г, Т хоёрыг л дагуулж явсан, нөгөө 2 танихгүй хүн замаас салаад явсан. Б ахынд Б ах, Б ахын эхнэр Н, тэгээд Г, Т бид нар байсан. Ингээд 1 шил О.75 граммын ерөөл архи хуваагаад ууж байтал гаднаас манай нөхөр Б орж ирсэн. Ү ах манай нөхрийг Б ахынд оруулж өгөөд л буцаад гараад явсан. Б нилээн архи уусан байсан. Би Б ахын зүүн баганы хойд талд, Б миний хойно сууж байсан. Б-н хойно Г сууж байсан. Г-н хажуугаар Т, Б ах эхнэртэйгээ баруун орон дээрээ сууж байсан. Би сөн түшээд байж байтал Б миний өөдөөс гэнэт босч ирээд баруун гараараа миний зүүн дал дамнуулаад нэг удаа цохисон. Хармаанаасаа ямар нэг юм гаргаж ирээд цохих шиг л болсон. Олигтой харж чадаагүй, нүдний үзүүрт л тэгж харагдсан. Миний нурууны зүүн талд нэг юм хатгасан. Зүүгээр хатгах шиг болсон. Би нэг их тоогоогүй Б руу хартал хойшоо сууж байгаа харагдсан. Гарт нь юм байгаа эсэхийг анзаараагүй. Энэ үед Б ахын эхнэр яаж байгаа юм бэ чи гээд босч ирээд Б-г түлхэж суулгасан. Т, Б-н эхнэр 2 миний нурууг хараад цус гарч байна, эмнэлэгт үзүүлье гэсэн. Эмнэлэг дээр иртэл цус нь гарахаа байчихсан байсан. 2 ширхэг оёдол тавиулсан. Би зүгээр зүгээр гэсэн боловч хаанаас ч юм цагдааг дуудсан байсан. Ийм л зүйл болсон. Манай нөхөр надад гэмтэл учруулахдаа надтай маргаж муудалцаагүй. Зүгээр байж байгаад гэнэт 1 удаа л дайрсан. Ахиж дайраагүй. Би өөрөө гэрээсээ гарч яваад таних, танихгүй хүмүүстэй архи уучихсан байсан болохоор нөхрийнхөө яагаад уурласныг ойлгосон. Гэрийнхээ хамаг ажлыг хаячихаад явсан болохоор нөхөр маань уурласан байх. Миний нөхөр урьд нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй. Анх удаа л ийм зүйл болж байна. Би өөрөө хааяа жаахан архи уучихдаг юм, тэрнээсээ болоод нөхөртөө бас жаахан загнуулдаг. Хааяа уухаар хэд хэдэн хоногоор архи уучихдаг. Тэрнээс надад огт гар хүрч байгаагүй. Надаас энэ асуудал болсон болохоор би бүх буруугаа 100 хувь өөртөө өгнө. Би нөхөртөө ямар ч гомдол байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. 10 гаран жил ханилсан ханиа өөрийн буруутай үйлдлээс болж гэмт хэрэгтэн болгочихлоо. Хэргийг хааж өгнө үү. Миний буруу их байгаа. Одоо зүгээр болчихсон. Оёдолоо аль дээр авахуулсан. Тэр дороо л эдгэсэн. Бие эрүүл байгаа гэжээ. /хх-ийн 19-20/

- Гэрч Г.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би Б гэх хүнийг танихгүй, Г гэх хүнтэй 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр танилцсан. Би Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг жоншны уурхайд ажилладаг бөгөөд би 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хамт ажилладаг. Т бид хоёр Замын-Үүд суманд ирээд Х зочид буудлын ... тоотоод буугаад хоночихоод 03-ны өдөр Х буудлаасаа гараад хоол идчихээд Г гэх эмэгтэйтэй тааралдаад гадаа бид гудамжинд архи ууцгаагаад Г-н танидаг айлд очсон, тухайн айл нь эмнэлэгийн хойд талын барилгын манаач айлд бид архи уугаад сууцгааж байсан чинь Г-н нөхөр нь гэсэн нэг эрэгтэй гаднаас орж ирээд бид нарын дэргэд суугаад өөрийгөө Б гэж танилцуулаад бид архи тойруулаад сууж байсан чинь Б нь Г-н нуруун тус газарт нь заазуураар цохиж хатгасан, тэгтэл Г-н толгой нуруун тус газраас нь цус гарч эхэлсэн ингээд түүнийг эмнэлэг рүү аваад явцгаасан, би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учир үүнээс цааш тодорхой ярьж мэдэхгүй байна. Б нь хаанаас заазуур гаргаж ирсэн эсэхийг мэдэхгүй, би Г, Б нартай ойр сууж байсан болохоор сайн харсан юм. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй гэжээ. /хх-ийн 23/

- Гэрч М.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би Эрдэнэ сумын нутагт байрлах гар аргаар жонш олборлож ажилладаг юм. 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Замын-Үүд суманд хувийн ажлаар ирээд Х буудалд буусан юм, би Замын-Үүд суманд ирэхдээ л согтуу ирсэн тэгээд Г гэх хүнтэй яаж яваад танилцсан юм санахгүй байна бид гадуур архи уугаад л яваад байсан, би яг ямар асуудал болсон талаар санахгүй байна гэжээ. /хх-ийн 25/

- Гэрч Я.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гэртээ эхнэртэйгээ хоёулаа байж байхад 18 цаг арай болоогүй байсан байх гаднаас Г 1 эмэгтэй, 1 эрэгтэй хүн дагуулчихсан орж ирсэн. Тэд архи уучихсан байсан. Ингээд Г гэдэг залуу нь архи гаргаж ирээд бид нар манайд 1 шил архиа их удаан ууцгаасан. Ярьж хөөрч сууж байгаад нилээн орой болсон байх гаднаас Г-н нөхөр Б орж ирсэн. Б бас архи уусан байсан ба Ү гэдэг байхаа Сайншандын нэг хүн Б-г манайд оруулж өгчихөөд яваад өгсөн. Г зүүн баганын хажууд сөн түшээд байж байсан. Би эхнэртэйгээ баруун орон дээр сууж байсан ба Г-н зүүн хойно Б, хойд талд нь Г, хажууд нь Т сууж байсан. Цагийг нь сайн санахгүй байна архи уугаад байж байтал Б гэнэт хагас өндийгөөд Г-н өөдөөс мөрийг давуулаад нуруу руу нь цохих шиг болсон. Юу болов гээд эхнэр бид 2 босоод иртэл Б манай гэрийн жижиг ногоон эрээн хуванцар иштэй заазуурыг баруун гартаа барьчихсан байсан. Тэгтэл Г-н зүүн далны тэндээс цус гарч байсан. Эхнэр бид 2 алчуураар дараад эмнэлэгт хүргэж өгсөн. Б яагаад тэгснийг мэдээгүй, манайд байхдаа ямар ч хэрүүл маргаан хийгээгүй. Сүүлд нь бодохнээ хардаж сэрдсэн байж магадгүй, Г бол их хөдөлгөөнтэй, илүү дутуу юм ярьдаг хүн л дээ. Архи ч бас багагүй уучихдаг. Б бол их даруухан, дуу цөөтэй хүн. Тэр үед манай эхнэр л архинаас 2 удаа татсан байсан. Бусад нь нилээн архи уучихсан байсан. Би Б, Г хоёрыг бол сайн танина, манайхаар байнга орж гардаг, харин Т, Г хоёртой тэр өдөр Г дагуулж ирэхэд танилцсан. Б манайд ирээд зүүн хойд талд суусан. Сууж байсан газрынх нь хажууд би өдөр нь заазуураараа элэг хэрчээд савтай нь тавьчихсан байсан. Заазуураа тэнд орхисон байсныг Б хараад авсан байх гэжээ. /хх-ийн 28/

- Гэрч Р.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Манайх одоогийн байдлаар Замын-Үүд сумын 4-р багт түр оршин сууж байгаа. 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гэртээ нөхөртэйгээ хоёулаа байж байхад цагийг нь санахгүй байна, бараг харанхуй болчихсон байх гаднаас Г нилээн согтуу байдалтай 1 эмэгтэй, 1 эрэгтэй хүн дагуулчихсан орж ирсэн. Тэд бүгдээрээ архи уучихсан байсан. Ингээд хэн нь юм нэг нь архи гаргасан байсан ба манайд 1 шил архиа их удаан ууцгаасан. Би нойр булчирхай өвдөөд байсан учраас архи уугаагүй, надад архи хийж өгч байсан ч би уугаагүй. Тэгээд нилээн орой болсон байхад гаднаас Г-н нөхөр Б орж ирсэн. Б нэг өвгөнтэй хамт орж ирсэн нөгөө өвгөн нь Б-г гэрт оруулж өгчихөөд яваад өгсөн. Б бас архи уучихсан байсан. Би нөхөртэйгээ баруун орон дээр суух хэвтэх 2-ын хооронд байсан. Учир нойр булчирхай өвдөөд байсан. Г зүүн баганы хажууд архи хундагалаад байж байсан. Г-н зүүн хойно Б, хажууханд Г гэх залуу, түүний хажууд нь Т гэх эмэгтэй сууж байсан. Цагийг нь үнэхээр мэдэхгүй байна гэнэт Б хагас өндийгөөд Г-н өөдөөс мөрийг давуулаад тэврэх шиг болсон ба анзаараагүй байж байтал Г-н шилэн хүзүүнийх нь доох нь талаас цус гараад эхэлсэн. Б-н гарт нь юу байгаад эхлээд хараагүй. Би 2 алчуураар дараад эмнэлэгт хүргэж өгсөн. Ямар ч хэрүүл маргаан болоогүй байхад Б яагаад эхнэрийнхээ нуруу руу заазуураар хатгасныг ойлгоогүй. Б гэрт орж ирээд зүүн хойд талд суусан ба сууж байсан газрынх нь хажууд манай нөхөр өдөр нь надад шарж өгөх гээд заазуураараа элэг хэрчээд савтай нь тавьчихсан байсан. Заазуураа тэнд орхисон байсныг Б тэндээс авсан байх. Манай заазуур ямар ч л байсан тэнд байсан юм. Лааны гэрэлд, бас бие өвдөөд байсан болохоор бусад нарийн зүйлсийг сайн харж чадаагүй. Ямар ч байсан Б эхнэр Г-хээ нуруу руу заазуураар 1 удаа цохиж хатгасан гэдгийг л мэдэж байна. Эмч нар шархийг нь үзээд өнгөцхөн юм байна, 2 оёдол тавьбал тавих юм гэж байсан гэжээ. /хх-ийн 29/

- Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 16:00 цагаас 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 08:00 цагийн хооронд Замын-Үүд Нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн тасаг ээлжийн сувилагчаар гарч ажилласан. А.Г гэх эмэгтэй нь 21:50 цагт хүлээн авах яаралтай түргэн тусламжийн тасагт өөрөө ирсэн. А.Г нь их согтуу байсан ба зүүн далны дээд хэсэгт 2 орчим см зүсэгдсэн шархтай, цус нь тогтсон байдалтай ирсэн. Шархан дээрээ оёдол тавиулахгүй гэж зүтгэж байсан. Эхлээд яагаад гэмтэл авсанаа хэлэхгүй байж байгаад сүүлд нь нөхөртөө заазуураар цохиулж гэмтсэн гэж ярьж байсан. Манайд оёдол тавиулаад л явсан гэжээ. /хх-ийн 30/

- Гэмт хэргийн талаарх гомдол,  мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02/

- Хэргийн газарт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 03-07/

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-13/

- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 17/

- Шинжээчийн 02/07 дугаартай дүгнэлт: 1. 2018.12.03-ны яаралтай тусламжийн хуудсыг шинжлэн судлахад А.Г-н биед зүүн далны шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. 3. А.Г-н биед учирсан гэмтэл нь хутга болон заазуур бүхий ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр хатгах, зүсэх үед үүсгэгдэх боломжтой. 4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 31-32/

- Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 33-34/

- Шүүгдэгчийн иргэний цахим үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт, урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа /хх-ийн 44-47, 50-51/

- Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 58-59/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно. 

Гэм буруугийн хувьд:

Шүүгдэгч Н.Б нь согтуугаар 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 4 дүгээр багт оршин суух Я.Б-н гэрт өөрийн эхнэр А.Г-тэй маргалдаж улмаар түүний нуруун тус газар нь заазуураар хатгаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хохирогч А.Г-н “....Б нилээн архи уусан байсан. Би Б ахын зүүн баганы хойд талд, Б миний хойно сууж байсан. Б-н хойно Г сууж байсан. Г-н хажуугаар Т, Б ах эхнэртэйгээ баруун орон дээрээ сууж байсан. Би сөн түшээд байж байтал Б миний өөдөөс гэнэт босч ирээд баруун гараараа миний зүүн дал дамнуулаад нэг удаа цохисон. Хармаанаасаа ямар нэг юм гаргаж ирээд цохих шиг л болсон. Олигтой харж чадаагүй, нүдний үзүүрт л тэгж харагдсан. Миний нурууны зүүн талд нэг юм хатгасан. Зүүгээр хатгах шиг болсон. Би нэг их тоогоогүй Б руу хартал хойшоо сууж байгаа харагдсан. Гарт нь юм байгаа эсэхийг анзаараагүй. Энэ үед Б ахын эхнэр яаж байгаа юм бэ чи гээд босч ирээд Б-г түлхэж суулгасан. Т, Б-н эхнэр 2 миний нурууг хараад цус гарч байна, эмнэлэгт үзүүлье гэсэн. Эмнэлэг дээр иртэл цус нь гарахаа байчихсан байсан. 2 ширхэг оёдол тавиулсан.” гэх мэдүүлэг, гэрч Г.Г-н “...Г-н танидаг айлд очсон, тухайн айл нь эмнэлэгийн хойд талын барилгын манаач айлд бид архи уугаад сууцгааж байсан чинь Г-н нөхөр нь гэсэн нэг эрэгтэй гаднаас орж ирээд бид нарын дэргэд суугаад өөрийгөө Б гэж танилцуулаад бид архи тойруулаад сууж байсан чинь Б нь Г-н нуруун тус газарт нь заазуураар цохиж хатгасан, тэгтэл Г-н толгой нуруун тус газраас нь цус гарч эхэлсэн ингээд түүнийг эмнэлэг рүү аваад явцгаасан,” гэх мэдүүлэг, гэрч Я.Б-н “...Г зүүн баганы хажууд сөн түшээд байж байсан. Би эхнэртэйгээ баруун орон дээр сууж байсан ба Г-н зүүн хойно Б, хойд талд нь Г, хажууд нь Т сууж байсан. Цагийг нь сайн санахгүй байна архи уугаад байж байтал Б гэнэт хагас өндийгөөд Г-н өөдөөс мөрийг давуулаад нуруу руу нь цохих шиг болсон. Юу болов гээд эхнэр бид 2 босоод иртэл Б манай гэрийн жижиг ногоон эрээн хуванцар иштэй заазуурыг баруун гартаа барьчихсан байсан. Тэгтэл Г-н зүүн далны тэндээс цус гарч байсан. Эхнэр бид 2 алчуураар дараад эмнэлэгт хүргэж өгсөн.” гэх мэдүүлэг, гэрч Р.Н-н “...Г-н зүүн хойно Б, хажууханд Г гэх залуу, түүний хажууд нь Т гэх эмэгтэй сууж байсан. Цагийг нь үнэхээр мэдэхгүй байна гэнэт Б хагас өндийгөөд Г-н өөдөөс мөрийг давуулаад тэврэх шиг болсон ба анзаараагүй байж байтал Г-н шилэн хүзүүнийх нь доох нь талаас цус гараад эхэлсэн. Б-н гарт нь юу байгаад эхлээд хараагүй. Би 2 алчуураар дараад эмнэлэгт хүргэж өгсөн.” гэх мэдүүлэг, гэрч Д.Б-н “...Би 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 16:00 цагаас 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 08:00 цагийн хооронд Замын-Үүд Нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн тасаг ээлжийн сувилагчаар гарч ажилласан. А.Г гэх эмэгтэй нь 21:50 цагт хүлээн авах яаралтай түргэн тусламжийн тасагт өөрөө ирсэн. А.Г нь их согтуу байсан ба зүүн далны дээд хэсэгт 2 орчим см зүсэгдсэн шархтай, цус нь тогтсон байдалтай ирсэн. Шархан дээрээ оёдол тавиулахгүй гэж зүтгэж байсан. Эхлээд яагаад гэмтэл авсанаа хэлэхгүй байж байгаад сүүлд нь нөхөртөө заазуураар цохиулж гэмтсэн гэж ярьж байсан. Манайд оёдол тавиулаад л явсан.” гэх мэдүүлгүүд, хохирогч А.Г-н биед хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн 02/07 дугаартай дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын прокуророос шүүгдэгч Н.Б-д зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмшсэн, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй зэргийг харгалзан ял оногдуулсан болно.

Шүүгдэгчийн хувьд торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд болон даруй төлөх бололцоогүй нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд тогтоогдоогүй тул торгох ялыг тодорхой хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх шаардлага тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй ба энэ хэрэгт иргэний бичиг баримт хураагдан ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эд мөрийн баримтаар хураагдсан 25,2 см урттай заазуурыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:          

1. Шүүгдэгч Х овогт Н.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Н.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.1 дүгээр зүйлийн 8.5-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 25,2 см урттай 1 ширхэг заазуурыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлжсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, шүүгдэгчийн битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолийг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Баттогтоход урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Э.Б