| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2019/0051/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/57 |
| Огноо | 2019-03-06 |
| Зүйл хэсэг | 11.3.1., |
| Улсын яллагч | Г.Сэндэнсүрэн |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 2019/ШЦТ/57
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга П.Ундрах,
Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,
Шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Нт холбогдох эрүүгийн 1938000910074 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Б.Н нь 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын төвд хурдан морины үсэргээний үеэр 11 настай О.Б.Тг хамгаалтын тусгай хувцас, хэрэгсэл өмсгөлгүйгээр морь унуулж, унагаасны улмаас О.Б.Тгийн эрүүл мэндэд “дагз болон гавлын арын хонхорыг хамарсан цөмөрч бяцарсан хугарал бүхий“ хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Н нь 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын төвд хурдан морины үсэргээний үеэр 11 настай О.Б.Тг хамгаалтын тусгай хувцас, хэрэгсэл өмсгөлгүйгээр морь унуулж, унагаасны улмаас О.Б.Тгийн эрүүл мэндэд “дагз болон гавлын арын хонхорыг хамарсан цөмөрч бяцарсан хугарал бүхий“ хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Нын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Би 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өглөө Мөрөн сумын 14-р хороонд байх гэрээс нь морь унуулахаар Б.Тг очиж аваад бид хоёр шууд Тосонцэнгэл суманд очсон. Би Сүхбаатараар өөрийн 5 тооны хурдан удмын адууг маллуулдаг бөгөөд морьдынхоо чилээг гаргаад хөлөргөчихье гээд тэндээс өөрийн хүрэн азаргаа Б.Тгээр унуулаад сумын төвийн урд байдаг хурдан морины бариа ороод тэндээсээ урагшаа 1 км гаран зайд алхуулж байгаад буцаад эргүүлээд шогшуултал миний харснаар Б.Т амыг нь хоёр тийшээ займчуулж байгаад баруун тийш дарах шиг болоход хүрэн азарга засмал зам чиглээд давхисан. Тэгэхээр нь Сүхбаатар бид хоёр араас нь машинтай давхиад барааг нь хараад явж байтал нэг жижиг хар толгой оройгоод бараа тасарчихаар нь араас нь яваад толгойн ар дээр бараан дээр бараан газар Б.Т уначихсан хэвтэж байсан. Би яваад очтол “ёо ёо” гээд хэвтэж байхаар нь “ахын дүү яаж байна ахыгаа түшээрээ” гэж хэлээд машинруугаа тэврээд ороход ухаан алдсан байсан бөгөөд би шууд эмнэлэгт хүргэсэн...Б.Т ногоон дээлтэй, ноосон малгай, хүзүүний ороолт, бээлийтэй явсан бөгөөд каск, хамгаалах хэрэгсэл өмсөж хэрэглээгүй байсан...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Насанд хүрээгүй хохирогч Б.Т-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б.Н ахын хүрэн азаргыг унаж уралдаанд оролцсон. Би азаргаа унаад газраас эргээд давхиж байтал миний унаж явсан азарга хадуурч давхисан. Азарга маань хадуурч давхиад эхлэх үед би хажуу тийшээ унасан. Азарга маань хадуурч давхиад ойролцоогоор 2 км орчим явсан. Би унаж явсан азарганаасаа унаснаас хойш юу болсныг огт санахгүй байгаа. Нэг ухаан ороход аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр хүргэгдээд ирчихсэн, эмчилгээ хийгдэж байсан... тухайн үед хамгаалалтын малгай, каск болон хувцас хэрэгсэл огт өмсөөгүй. Би тухайн үед өөрийнхөө өмсөж явсан хувцастайгаа л уралдсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 12-13 дугаар хуудас/,
Гэрч А.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Одхүү эгч над руу залгаад Б.Т мориноос унаж гэмтсэн байна. Тосонцэнгэл сумаас Мөрөн рүү түргэний машинаар хүргэгдэж байна гэхээр нь би нэгдсэн эмнэлэг дээр яваад очиход ирсэн байсан. Б.Тг эмч нар ухаангүй байна гэж байсан бөгөөд хүүгээ харахад ар шилэн хүзүү нь бамбайж хавдсан, зүүн талынхаа далны тушаа доор зэрэгцээ хоёр хэсэг газарт хөхөрсөн, чихний зүүн дэлбээ хэсэг нь цус болсон байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 16-17 дугаар хуудас/,
Гэрч М.С-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б.Т гэх хүүхдийн унаж явсан Б.Нын хүрэн азарга хадуураад давхиад явчихсан. Тэр азарганы араас Б.Н бид хоёр 300 м орчим зайтай барааг нь хараад дагаж явсан бөгөөд дааган толгойн ард Б.Т мориноосоо уначихсан хэвтэж байсан ...Б.Н машиндаа суулгаж бид хоёр шууд эмнэлэгт хүргэсэн ...Б.Т ногоон дээлтэй, ноосон малгай, хүзүүний ороолт, бээлийтэй явсан бөгөөд каск, хамгаалах хэрэгсэл өмсөж хэрэглээгүй байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 18-19 дүгээр хуудас/,
Гэрч Б.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэр өдөр их нас, азарга, соёолон гэсэн гурван насны морьд уралдуулсан бөгөөд их нас 12 морь, азарга 10, соёолон 13 орчим барагцааны морьд уралдсан. Бид нар өвлийн эхэн сарын сайн өдөр байсан болохоор эхлэлээ тавьж морьдоо хөлсөлсөн юм ...бид нар тэр өдөр уяачдын холбоо болон засаг даргаас зөвшөөрөл аваагүй...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 24-25 дүгээр хуудас/,
Гэрч Ц.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэр өдөр азарга, их нас, соёолон насны нийт 30 гаран морьд үсэргэсэн бөгөөд ойролцоогоор 2.5 км зайд морьдоо үсэргэсэн. Манай сумын уяач нар зөвшөөрөл аваагүй байх өөрсдөө хоорондоо сайн өдөр гэж ярилцаад л морьдоо үсэргэсэн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 26-27 дугаар хуудас/,
Гэрч Т.М-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэр өдөр манай суманд уралдаан болоогүй бөгөөд манай сумын уяач нар ярилцаж байгаад морьдоо тарлы гээд 2.5 км зайд морьдоо үсэргэсэн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 28 дугаар хуудас/,
Хөвсгөл аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 82 тоот дүгнэлт:
1. 2. О.Б.Тгийн биед дагз болон гавлын арын хонхорыг хамарсан цөмөрч бяцарсан хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо.
3. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэт хүчтэй үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүсгэгджээ.
4. О.Б.Тгийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-Д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
5. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээнээс хамаарна гэх дүгнэлт /ХХ-ийн 31 дүгээр хуудас/,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Онь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /ХХ-ийн 61 дүгээр хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Эрүүгийн 1938000910074 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч Б.Н нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 53 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 4 эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж, түүнд эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Насанд хүрээгүй хохирогч Б.Т, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Онар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Б.Наас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн 1938000910074 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Нхүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Б.Н1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н нь оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Б.Нт хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн 1938000910074 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлөргүй, насанд хүрээгүй хохирогч Б.Т, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Онар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Б.Наас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР