Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 17

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,

Нарийн бичгийн дарга О.У

Улсын яллагч Э.Т

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Б

Шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Т.Б-т холбогдох эрүүгийн 1820002550141 тоот хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, ... настай, эмэгтэй, халх, боловсрол, мэргэжилгүй, ам бүл 5, 4 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, М овогт Т.Б,

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдснаар/

Шүүгдэгч Т.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд Улаанбадрах сумын 1-р багийн нутаг гүн гашуун гэдэг газраас хохирогч Н.Т-н 2 тооны адууг хулгайлж бусдад 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Т.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2018 оны 11 сарын эхээр банкны мөнгө нэхэгдээд мөнгөний хэрэг гарсан учир миний урьд нь сууж байгаад салсан нөхөр Т.Н-н том хүү Н.Т-н адуунд миний 15 тооны адуу байсан учир адуугаа авахаар түүний гар утас руу залгаж “адуугаа авах хэрэгтэй байна” гэж ярихад “таны адуу гэж юу байдаг юм бэ” гэж хэлсэн. “Энэ адуу чинь манай аавын адуу чиний адуу биш” гэхээр нь 2018 оны 11 сарын 10-аар байх Н.Т-с 10 тооны адуугаа авах гээд Улаанбадрах сумаас урагшаа 21 км морьтой яваад түүний адуун дээр очиход миний 10 адуунаас ромбо тамгатай буурал зүстэй үрээ, ромбо тамгатай шар халтар зүстэй гүү зэрэг адуунууд байхгүй байсан. Тэгээд Н.Т-д миний 10 адуунаас 2 тооны адуу дутсан байна гэж хэлэхэд тэр юм дуграхгүй мотоциклтойгоо яваад өгсөн тэгээд дахиж араас нь утас руу нь залгасан боловч утас нь холбогдохгүй байсан. Н.Т-н адуунаас өөрийнхөө 8 адууг авахдаа түүний алга болгосон 2 адуутай дүйцэхүйц адууг нь өөрийн 8 адуутайгаа хамт аваад явсан. Улаанбадрах сумын 1-р багт байрлах мал мах авдаг газарт очоод 8 адуугаа 4.900.000 төгрөгөөр өгөөд Н.Т-н адуунаас авсан 2 тооны адуунаас буурал гүүг нь тухайн бойнд 400.000 төгрөгөөр зарсан тэгээд үлдсэн хар морийг бойний хашаанд байлгаж байтал Н.Т ирээд чи миний адууг хэлэлгүй хулгайлаад авсан байна гэж хэлсэн тэгээд хашаанд байсан хар адууг Н.Т хашаанаас гаргаад аваад явсан. Би Т-д учруулсан хохирлоо барагдуулаагүй хоёр адууны нэгийг нь Т-д буцаагаад өгсөн, харин нэг адууны хохирлыг төлөөгүй байгаа. 2019 оны нэг дүгээр сард багтаан төлнө гэжээ. /хх-ийн 25-26/

- Шүүгдэгч Т.Б шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ: Нэмж хэлэх зүйл байхгүй гэв.

- Хохирогч Н.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2018 оны 11 сарын 09-ний өдөр би Улаанбадрах сумын 1 багийн нутаг Гүн гашуун гэх газрын худаг дээр Буурал азаргатай 18 тооны адуугаа, халтар азаргатай 28 тооны адуугаа хамт услаад гаргах үед бүгд бүрэн байсан. 2018 оны 11 сарын 11-ний өдрөөс хойш буурал азаргатай адуугаа хайгаад олохгүй байсан. 2018 оны 11 сарын 12-ны өдөр манай гэрээс баруун хойд зүгт 20 орчим кл газар Хөндийн нуурнаас олсон. Гэтэл миний адуунаас Т.Б-н даагатай 3 гүү миний буурал зүсмийн зөв талын гуян дээрээ ромбо, саран дэвсгэртэй ромбон тамга, зөв талын хаан дээрээ саран дэвсгэртэй хас тамгатай ирэх хавар унагалах байдсан гүү байхгүй  байсан. Сумын төвд адуу авч байна гэж сонсоод иртэл миний буурал гүүг төхөөрчихсөн байсан. Төхөөрөх гэж байгаа хашаатай адуунууд байхаар нь очиж үзтэл миний халтар азрагтай адуунд байдаг хар зүсмийн зөв талын гуян дээрээ ромбо, саран дэвсгэртэй ромбон тамга, зөв талын хаан дээрээ саран дэвсгэртэй хас тамгатай нас гүйцсэн морь байсан. Т.Б-н манай адуунд байсан зөв талын гуян дээрээ ромбон тамгатай зээрд зүсмийн гүү, хонгор зүсмийн зөв талын ташаан толгой дээр нь дарсан дугуй хүрээтэй ширээтэй зуузай тамгатай даага, зөв талын гуян дээрээ ромбон тамгатай хээр зүсмийн гүү, буурал зүсмийн зөв талын ташаан толгой дээр нь дарсан дугуй хүрээтэй ширээтэй зуузай тамгатай даага, зөв талын гуян дээрээ ромбон тамгатай хээр зүсмийн гүү, хээр зүсмийн зөв талын ташаан толгой дээр нь дарсан дугуй хүрээтэй ширээтэй зуузай тамгатай даага зургаан тооны адууг төхөөрчихсөн байсан. Адуу худалдаж авч байгаа Ү гэдэг хүнээс хэн гэдэг хүн авчирч өгсөн талаар асуутал миний төрсөн эцэг Т.Н-той хамтран амьдарч байгаад салсан. Т.Б гэх эмэгтэй авчирч өгсөн гэж хэлсэн тэгээд л хэсгийн төлөөлөгчид хэлсэн. Би буурал гүүгээ 500.000 төгрөгөөр, хар морио 800.000 төгрөгөөр үнэлнэ гэжээ. /хх-ийн 7-9/     

- Гэрч Н.Ү-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2018 оны 11 сарын 10-ны өдөр би сумын төвд байж байтал Т.Б ... дугаартай утсаар миний ... дугаарын утас руу залгаад сумын баруун талд байдаг Н ахын хашаанд хашчихсан байсан гэж хэлсэн. Намайг очиход Т.Б 10 тооны адуу хашаанд хашчихсан байсан. Зүсээр нь хэлэхэд буурал зүсмийн  зөв талын гуян дээрээ ромбо, саран дэвсгэртэй ромбон  тамга, зөв талын хаан дээрээ саран дэвсгэртэй хас тамгатай байдсан 1 тооны гүүг 400.000 төгрөгөөр, хар зүсмийн зөв талын гуян дээрээ ромбо, саран дэвсгэртэй ромбон тамга, зөв талын хаан дээрээ саран дэвсгэртэй хас тамгатай 1 тооны морийг 700.000 төгрөгөөр, хар зүсмийн зөв талын гуян дээрээ ромбон тамгатай 1 тооны морийг 700.000 төгрөгөөр, хүрэн зүсмийн зөв талын гуян дээрээ ромбон тамгатай 1 тооны гүүг 550.000 төгрөгөөр, халтар зүсмийн зөв талын гуян дээрээ ромбо тамгатай 3 тооны гүүг тус бүрийг нь 550.000 төгрөгөөр хонгор зээрд, буурал зүсмийн 3 тооны зөв талын ташаан толгой дээр нь дарсан дугуй хүрээтэй ширээтэй зуузай тамгатай даагнуудыг тус бүрийг нь 300.000 төгрөгөөр 10 адууг нийт 4.900.000 төгрөгөөр худалдаж авсан гэжээ. /хх-ийн 11/   

- Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол /хх-ийн 1/

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-4/

- Эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 5/

- А ХХК-ны үнэлгээний тайлан /хх-ийн 13-15/

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, өрхөд тоологдсон малын тооны бүртгэл, Улаанбадрах сумын 1-р багын Засаг даргын тодорхойлолт, урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 27-29, 31-33/

- Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 34-35/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно. 

Гэм буруугийн хувьд:

Шүүгдэгч Т.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд Улаанбадрах сумын 1 дүгээр багийн нутаг Гүн гашуун гэдэг газраас хохирогч Н.Т-н 2 тооны адууг хулгайлж бусдад 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаан дээр болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, хохирогч Н.Т-н “...2018 оны 11 сарын 11-ний өдрөөс хойш буурал азаргатай адуугаа хайгаад олохгүй байсан. 2018 оны 11 сарын 12-ны өдөр манай гэрээс баруун хойд зүгт 20 орчим км газар Хөндийн нуурнаас олсон. Гэтэл миний адуунаас Т.Б-н даагатай 3 гүү миний буурал зүсмийн зөв талын гуян дээрээ ромбо, саран дэвсгэртэй ромбон тамга, зөв талын хаан дээрээ саран дэвсгэртэй хас тамгатай ирэх хавар унагалах байдсан гүү байхгүй  байсан. Сумын төвд адуу авч байна гэж сонсоод иртэл миний буурал гүүг төхөөрчихсөн байсан. Төхөөрөх гэж байгаа хашаатай адуунууд байхаар нь очиж үзтэл миний халтар азаргатай адуунд байдаг хар зүсмийн зөв талын гуян дээрээ ромбо, саран дэвсгэртэй ромбон тамга, зөв талын хаан дээрээ саран дэвсгэртэй хас тамгатай нас гүйцсэн морь байсан.” гэх мэдүүлэг, гэрч Н.Ү-н “...Намайг очиход Т.Б 10 тооны адуу хашаанд хашчихсан байсан. Зүсээр нь хэлэхэд буурал зүсмийн  зөв талын гуян дээрээ ромбо, саран дэвсгэртэй ромбон  тамга, зөв талын хаан дээрээ саран дэвсгэртэй хас тамгатай байдсан 1 тооны гүүг 400.000 төгрөгөөр, хар зүсмийн зөв талын гуян дээрээ ромбо, саран дэвсгэртэй ромбон тамга, зөв талын хаан дээрээ саран дэвсгэртэй хас тамгатай 1 тооны морийг 700.000 төгрөгөөр, хар зүсмийн зөв талын гуян дээрээ ромбон тамгатай 1 тооны морийг 700.000 төгрөгөөр, хүрэн зүсмийн зөв талын гуян дээрээ ромбон тамгатай 1 тооны гүүг 550.000 төгрөгөөр, халтар зүсмийн зөв талын гуян дээрээ ромбо тамгатай 3 тооны гүүг тус бүрийг нь 550.000 төгрөгөөр хонгор зээрд, буурал зүсмийн 3 тооны зөв талын ташаан толгой дээр нь дарсан дугуй хүрээтэй ширээтэй зуузай тамгатай даагнуудыг тус бүрийг нь 300.000 төгрөгөөр 10 адууг нийт 4.900.000 төгрөгөөр худалдаж авсан” гэх мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-4/, эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 5/, А ХХК-ний үнэлгээний тайлан /хх-ийн 13-15/ зэрэг баримтуудаар гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дундын прокурорын газрын прокуророос шүүгдэгч Т.Б-т зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирлын хувьд:

Шүүгдэгч Т.Б нь хохирогч Н.Т-д 1.200.000 төгрөгийн хохирол учруулсанаас хохирогч нь 700.000 төгрөгийн үнэ бүхий хар зүсмийн зөв талын гуян дээрээ ромбо, саран дэвсгэртэй ромбон тамга, зөв талын хаан дээрээ саран дэвсгэртэй хас тамгатай нас гүйцсэн морио буцаан авсан нь хохирогч Н.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгч Т.Б нь хохирогчид 500.000 төгрөгийн үнэ бүхий буурал зүсмийн гүүний хохиролыг барагдуулаагүй байгаа тул түүнээс 500.000 төгрөгийг гаргуулж Н.Т-д олгох нь зүйтэй гэж үзлээ.     

Шүүгдэгч Т.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгч Т.Б-т нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх боломжгүй гэж мэтгэлзсэн боловч хавтаст хэрэгт шүүгдэгчийн хувийн байдалд дээрх ялыг оногдуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдсонгүй. Түүнчлэн шүүгдэгчийг хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэх баримт хэрэгт байхгүй болно. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овогт Т.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Т.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б нь оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Т.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгчийн битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Т.Б-с 500.000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Т-д олгосугай.

6. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                 Э.Б