Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 1408

 

 

  “Төрийн банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

  иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2016/03295 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК-ийн

Хариуцагч С.Чинзориг, А.Цэндмаа нарт холбогдох

           

Зээлийн гэрээний үүрэгт 71 355 578 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг 

 

Хариуцагч С.Чинзориг, А.Цэндмаа нарын гаргасан гомдлыг үндэслэн, хэргийг 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жавхлантөгс,

Хариуцагч С.Чинзориг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жавхлантөгс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Чинзориг, А.Цэндмаа нар 2011 оны 02 дугаар сары 28-ны өдөр Хадгаламж банкны “Ард” салбараас 103 тоот зээлийн болон барьцааны гэрээний үндсэн дээр 77 000 000 төгрөгийг жилийн 12 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч нь 2014 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн зээл, зээлийн хүүг гэрээний хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчиж, банкийг хохироож байна. Зээлдэгчтэй уулзаж, зээлийн төлбөрийг төлж барагдуулах, төлөөгүй тохиолдолд шүүхэд хандах талаар удаа дараа хугацаатай мэдэгдэлүүдийг өгсөн. Ингээд 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр зээл нь Тусгай активын хэлтэст шилжиж ирсэн. Гэрээний 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар гэрээг хугацаанаас нь өмнө дангаар цуцлах талаар зээлдэгчид мэдэгдсэн тул гэрээг 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон зээлдүүлэгчийн санаачилгаар цуцалж өгнө үү. Гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүссэн үүрэг буюу үндсэн зээл 62 706 039 төгрөг, үндсэн хүү 8 629 248 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 041 төгрөг, нотариатын зардал 17 250 төгрөг, нийт 71 355 578  төгрөгийг зээлдэгч С.Чинзориг, А.Цэндмаа нараас гаргуулж Төрийн банкинд олгуулж өгнө үү. Зээлдэгчтэй байгуулсан 2011 оны 02 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан 103 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж өгнө үү. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнд заасан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 7 хэсэг зайсан 8-1 байр, 2-11 тоот 102 м.кв орон сууц, 11 тоот 14 м.кв зогсоол гэх үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрт тусгайлан зааж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч А.Цэндмаа шүүхэд гаргасан тайлбартаа: Би Төрийн банкны нэхэмжлэлтэй зээлийн төлбөр гаргуулах иргэний хэрэгт хариуцагчаар дуудагдсан нь эндүүрэл болжээ. С.Чинзоригтой 2009 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гэр бүл болж, хамтран амьдрах хугацаандаа Төрийн банкны зээлд хамтран зээлдэгчээр орсон. Үүнээс хойш 2012 оны 12 дугаар сард гэр бүлээ цуцалсан болно. Иймд зээлийн гэрээг хүлээн зөвшөөрөхгүй, С.Чинзоригоос эд хөрөнгийн маргаангүй гэж салсан тул гэрлэлт цуцлалтын бүртгэлийн лавлагааг үндэслэн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн миний хариуцах хэсгээс чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хадгаламж банк болон С.Чинзориг, А.Цэндмаа нарын хооронд байгуулагдсан 2011 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 103 дугаар “Орон сууцны зээлийн гэрээ”-г цуцалж, хариуцагч С.Чинзориг, А.Цэндмаа нараас 71 355 578 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Төрийн банкинд олгож,

 

          Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Чинзориг, А.Цэндмаа нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлсэн тохиолдолд барьцаа хөрөнгө болох Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000141643 дугаар гэрчилгээтэй, С.Чинзоригийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн 8/1 дүгээр байр, 11 тоот 102 м.кв талбайтай орон сууц, 14 м.кв талбайтай 11 тоот зогсоолоос үүргийн гүйцэтгэлийг хангаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Төрийн банкнаас улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 514 642 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Чинзориг, А.Цэндмаа нараас улсын тэмдэгтийн хураамжид 514 642 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Төрийн банкинд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч С.Чинзориг, А.Цэндмаа нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Бидний зүгээс Төрийн банкнаас авсан зээлээ эргэн төлөлтийн хуваарийн дагуу 4 жилийн хугацаанд 40 гаруй сая төгрөгийг асуудалгүй төлж байсан. 2015 онд С.Чинзориг миний хувиараа эрхэлдэг бизнес доголдож зээлийн хуваариа зөрчсөн. Зээлийн эргэн төлөлт доголдсон үеийн үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлж Төрийн банктай байгуулсан 103 тоот гэрээгээ үргэлжлүүлэн төлөх хүсэлтэй байна. 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанаар С.Чинзориг миний бие биечлэн оролцсон бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг шүүх хуулийн шаардлага хангахгүй байна гэсэн үндэслэлээр хүлээн аваагүй бөгөөд дараагийн шүүх хуралдаанаас өмнө гаргаж өг, намайг нэмэгдүүлсэн шаардлагыг гардаж аваарай гээд шүүх хуралдаан хойшилсон. Миний зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсний дараа нэг мөр банкнаас зээлийн эргэн төлөлт хийж байсан баримтаа гаргуулна гэж бодож байсан. Үүнээс хойш шүүхээс шүүх хуралдаан хэзээ товлогдсон талаар бидэнд мэдэгдээгүй. Шүүхээс нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн эсэхийг тодруулахад шүүх хуралдаан болсон шийдвэр гарсан гэж хэлсэн. Бидэнд шүүх хуралдааны тов мэдэгдээгүй, хэргийн материалтай танилцуулаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцож, нотлох баримт гаргаж өгөх боломжоор хангаагүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэх боломжоор хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан  шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК нь хариуцагч С.Чинзориг, А.Цэндмаа нарт                               холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 71 355 578 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

          Зохигчдын хооронд байгуулагдсан 2011 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 103 тоот “Орон сууцны зээлийн гэрээ” /хх 8/, 2011 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ”-ний / хх13-14/ дагуу 2011 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 77 000 000 төгрөгийг 180 сарын хугацаатай, жилийн 12 хувийн хүүтэй зээлсэн үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

        “Хадгаламж банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас Төрийн банкинд 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн “Шаардах эрх шилжүүлэх гэрээ”-гээр /хх 6/ 2011 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 103 дугаар “Орон сууцны зээлийн гэрээ”, 2011 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх шилжсэн болох нь тогтоогдсон байна.

 

Хадгаламж банк болон С.Чинзориг, А.Цэндмаа нарын хооронд байгуулагдсан 2011 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 103 дугаар орон сууцны зээлийн гэрээг цуцалж, хариуцагч С.Чинзориг, А.Цэндмаа нараас 71 355 578 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Төрийн банкинд олгож, мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүхийн шийдвэрийг хариуцагч нар сайн дураар эс биелүүлсэн тохиолдолд барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүсч, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээлсэн мөнгөн хөрөнгийг болон зээлийн хүүг тогтооосон хуваарийн дагуу хугацаанд нь буцаан төлөх үүрэг хүлээсэн, зээлийн гэрээний 3.1.5-д нэмэгдүүлсэн хүү тооцох, барьцааны гэрээний 6.1-д ...зээлийн гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон тул Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээсэн талаар болон хариуцагч нар гэрээний үүргээ зөрчсөн тул зээлийн болон барьцааны гэрээний үүргийн  гүйцэтгэлийг шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн талаар шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

 

Хариуцагч С.Чинзориг, А.Цэндмаа нар 2014 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс  зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөхгүй гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар гэрээний үүргээ зөрчсөн нь гэрээ цуцлах үндэслэл болсон бөгөөд зээлдүүлэгч нь зээлийн гэрээг цуцлах талаар мэдэгдсэн байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээг цуцалсан нь зөв болжээ.

 

Хадгаламж банк болон С.Чинзориг, А.Цэндмаа нарын хооронд байгуулагдсан 2011 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 103 дугаар орон сууцны зээлийн гэрээг цуцалж, хариуцагч С.Чинзориг, А.Цэндмаа нараас 71 355 578 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Төрийн банкинд олгож, шүүхийн шийдвэрийг хариуцагч нар сайн дураар эс биелүүлсэн тохиолдолд барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

          Хариуцагч А.Цэндмаа нь “...С.Чинзоригоос гэрлэлтээ цуцлуулсан тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг төлөх үндэслэлгүй...”, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан боловч зохигчдын гэрлэлт цуцлуулсан байдал нь зээлийн гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.

 

          Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2016 оны 02 дугаар сарын 22-нд хариуцагч А.Цэндмаа, 2016 оны 02 дугаар сарын 29-нд хариуцагч С.Чинзориг нарт нэхэмжлэлийн хувийг гардуулж, хэргийн оролцогчийн эрх, үүргийг тэдэнд тайлбарлаж өгсөн байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар нь өөрсдийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа гаргаж өгөх, цуглуулах, хариуцагч С.Чинзориг нь хуульд заасан хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй  байна.

 

          Хариуцагч С.Чинзоригт хэргийн материал танилцуулж, шүүх хуралдааны тов мэдэгдсэн /хх-35, 55/ баримт хэрэгт авагдсан, мөн 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд тэрээр “өмгөөлөгч авах, хэргийн материалтай танилцах” хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг хойшлуулж байсан болох нь хэргийн баримтаар тогтоогдож байх тул түүний давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

         Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч С.Чинзориг, А.Цэндмаа нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2016/03295 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч С.Чинзориг, А.Цэндмаа нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Чинзоригоос давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 514 727 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Н.БАТЗОРИГ

 

                                            ШҮҮГЧИД                                          Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                       Д.БАЙГАЛМАА