Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 119/2019/0006/З |
Дугаар | 221/МА2019/0363 |
Огноо | 2019-06-25 |
Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 221/МА2019/0363
2019 оны 06 сарын 25 өдөр | Дугаар 221/МА2019/0363 | Улаанбаатар хот |
|
|
|
“О” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгч нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.С, Л.Д, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц, Ө.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э, Б.О, гуравдагч этгээд “Ххк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, гуравдагч этгээд “Тф” ХХК-ийн төлөөлөгч Ж.У нарыг оролцуулан хийж, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 16 дугаар шийдвэртэй, “О” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ” ХХК, “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ” ААТҮГ-ын тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 16 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн:
1 дэх заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан “Эрдэнэт үйлдвэр” ХХК /ТӨҮГ/-ийн захирлын 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” ХБТ-12/58 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, тухайн шаардлагад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож,
2 дахь заалтаар: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 12 дугаар зүйлийн 12.1, 12.2, 12.3, 16 дугаар зүйлийн 16.1.1, 16.2, 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4, 28 дугаар зүйлийн 28.1, 29 дүгээр зүйлийн 29.1, 47 дугаар зүйлийн 47.2.2 дахь заалтуудыг тус тус баримтлан “О” ХХК-ийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК /ТӨҮГ/-ийн тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан
-2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендерийг 1, 2, 3 дугаар багцуудад шаардлагад нийцээгүй хэмээн тендерийн Үнэлгээний хорооноос хассан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох,
-2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендерийн Үнэлгээний хороо хуралдаж 1, 2, 3 дугаар багцуудад шалгаруулсан “Хаан хүнс катеринг” ХХК, “Таятан фүүд” ХХК-иудад холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах,
-“О” ХХК-ийн ирүүлсэн тендерийг оролцуулан, хууль журамд нийцүүлэн дахин үнэлгээ хийхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлүүд,
-“Эрдэнэт үйлдвэр” ХХК /ТӨҮГ/-т холбогдуулан гаргасан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТҮ-2019/01 тоот тендерийн Үнэлгээний хорооны 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хуралдаж гаргасан дүгнэлт дээр үндэслэн хийгдсэн “Захиалагчийн зүгээс гаргах шийдвэр”-ийг хүчингүй болгуулах,
-“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендерийн 1, 2, 3 дугаар багцуудад шалгаруулсан 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн Үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Х х к” ХХК-ийн хооронд байгуулсан 5/116-19, 5/117-19 тоот гэрээнүүдийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлүүдийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “ ... тендер шалгаруулалт 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр болсон байсан. Манай тендерээс татгалзахдаа техникийн чадавхийн шаардлагад багтах буюу тендерийн баримт бичгийн ТОӨЗ 4.2-т нийцээгүй гэж үзсэн. Бид тендерийн баримт бичигт нийцсэн материалыг хүргүүлсэн бөгөөд нийцээгүй үзсэн шаардлагыг нотолсон нотлох баримтыг зааврын дагуу үнэдээгүй нь даараах байдлаар харагддаг. Үүнд:
Тендерийн баримт бичгийн 26.1-д Бусад оролцогчийн шаардлагыг хангасан эсэхэд
-Эрх бүхий тендерт оролцогчийн шаардлагыг хангасан эсэх,
-Тендерийн иж бүрдэл, тендерт зохих ёсоор гарын үсэг зурсан эсэх,
-Бүрэн тендер ирүүлсэн эсэх,
-ТББ-ын шаардлагыг хангасан бүрэн тендер ирүүлсэн эсэхийг хянахад “Оддөл” ХХК-ийн хувьд ТББ-ын 26.2-т зааснаар томоохон зөрүү байхгүй байгаа юм.
Иймд бид Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа нотлох баримтаар тендерт шалгарсан болон хасагдсан оролцогчдын материалыг эх хувиар нь ирүүлсэн бөгөөд тэдгээр материалтай танилцсанаар тендерт шалгарсан хамгийн сайн үнэлэгдсэн гэх “Х х к” ХХК-ийн материал нь тендерийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн шаардлагатай нийцэхгүй томоохон зөрүүтэй нөхцөл байдлууд байсныг танилцан нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн.
Манайх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлүүдээ хэрэгт судлагдсан нотлох баримтын үндсэн дээр тайлбарласан бөгөөд шүүхээс шийдвэрлэхдээ уг судлагдсан нотлох баримтуудыг хэрхэн үзсэн талаар дүгнэлт огт хийгээгүй байна гэж үзэж байна. Жишээ нь: 2019 оны 03 сарын 06-ны өдөр тендерийн үнэлгээний хорооны хурлаас гарсан шийдвэр /хурлын тэмдэглэлээс/ үзэхэд тендерийн үнэлгээний хороо тендерийг хянан үзэх, нарийвчлан үнэлэх зэрэг үйл ажиллагаануудаараа тендерийг шалгаруулахдаа хууль дээдлэх зарчмыг баримтлаагүй, хууль болон түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам /2012 оны Тендерийн үнэлгээ хийх заавар/-ыг зөрчиж тендерийг шалгаруулах үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдсон.
Шүүх 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендерийн 1,2,3 дугаар багцуудад шаардлагад нийцээгүй хэмээн тендерийн Үнэлгээний хорооноос хассан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд дүгнэлт хийхдээ тендерийн үнэлгээний хорооны үйл ажиллагаатай холбоотой нотлох баримтуудыг хэрхэн яаж дүгнэж, үзэж байгаа талаар дүгнэлт хийгээгүй. Тендерийн үнэлгээний хорооны үйл ажиллагаа хууль зөрчсөн байгаа талаар хариуцагч тал няцааж, мэтгэлцэж чадаагүй. Бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо манай компанийн хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул гэж үзэн хэрэгсэхгүй болгосон нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байж чадсангүй. Хууль бус үйл ажиллагаа байсныг дараах нотлох баримтуудаар нотолсон. Үүнд:
А.Ц нь хоол зүйчийн албан тушаалд тавигдах мэргэжлийн шаардлагыг хангаагүй холбогдох мэргэжлийн үнэмлэх, диплом байхгүй гэсэн нь тогтоогдсон. Иймд А.Ц-ийн хувьд ТББ-т заасан “Хоол зүйчийн албан тушаалд ажиллах ажилтны боловсрол, мэргэжлийн ур чадварын шаардлагыг хангахгүй” гэж үзэх үндэслэлтэй гэснийг бид зөвшөөрөхгүй байна.
Учир нь Нийтийн хоол үйлдвэрлэгч, үйлчилгээний технологич, хоол зүйчийн албан тушаалд ажиллах А.Ц-ийн ажлын үнэмлэх, мэргэжлийн диплом, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг тендерийн материалд ирүүлсэн бөгөөд А.Ц нь Политехникийн дээд сургуулийг “Нийтийн хоолны технологи, зохион байгуулалт”-ыг мэргэжлээр төгссөн ба технологи инженер мэргэжлийн цолтой байна. Тэрээр энэ мэргэжлээрээ тасралтгүй 32 жил ажилласан, 2014 оноос “О” ХХК-ийн үндсэн ажилтан болж ажилласан. 2015 онд Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний Монгол Улсын Зөвлөх цол, үнэмлэхийг авсан. Энэ нь хавтас 1, хх-26 дугаар хуудсанд хавсаргагдсан байгаа. Монгол Улсын Зөвлөх нь мэргэжлийн чиглэлээр төсөл тооцоо, техник технологийн шийдэлд үнэлэлт өгөх, дүгнэлт гаргах, зөвлөгөө өгөх эрхтэйг уг гэрчилгээ нотолж байгаа юм. Энэ нь ТББ-ийн ТОӨЗ 4.2-д Бүлэг VII.Үйлчилгээний тодорхойлолтын Хүснэгт №3-ын 6.1.7-д Хоол зүйч нь төлөвлөгөөт цэсийг боловсруулах, хоол үйлдвэрлэлийн технологит хяналт тавих, сургалт явуулах, үйлчлүүлэгчдэд зөвлөгөө өгөх чадвартай, шим судлалын ухааны бакалавр болон дүйцэхүйц, түүнээс дээш зэрэгтэй мэргэжлэээрээ 3-аас доошгүй жил ажилласан байна гэсэн шаардлагад нийцэж байна.
А.Ц нь Хоол зүйч гэх албан тушаалд мэргэжил, ур чадварын хувьд тавигдах шаардлагыг бүрэн хангаж байгаа. Ийм учраас 2014, 2016 онд Эрдэнэт үйлдвэрээс зарлагдаж байсан Халуун хоолны тендерт А.Ц, С.У яг энэ материалаар шаардлага хангаж байсан байтал одоо энэ удаагийнх яагаад болохоо байчихваа. А.Ц төлөвлөгөөт цэсийг зохиож, шимт бодисыг тооцоолж, ичлэлг ккл-ыг боловсруулж, тэр цэсээр хоол үйлдвэрлэгдэж явсан ба, уг үйлдвэрлэлийн үйл ажиллагааг Эрдэнэт үйлдвэрийн хяналтын баг өөрөө хянаж, хүлээн зөвшөөрч баталгаажуулж байсан шүүдээ. Энэ 4-н жилийн хугацаанд А.Ц тогтвор суурьшилтай, тасралтгүй ажиллаж байсан.
Хоол зүйчийн албан тушаалд ажиллах ажилтны боловсрол, мэргэжлийн ур чадварын шаардлагыг хангахгүй гэж үзэх үндэслэлтэй гэсэн нь ойлгомжгүй үндэслэл бүхий дүгнэлт болж чадсангүй.
.... Тендерт шалгарсан “Х х к” ХХК-ийн хоолны цэсийг хоол зүйч биш, технологич инженер нь гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Хоолны цэсийг батласан инженер Л.Нямсүрэн гэх хүний баримт материал ТББ-т огт байхгүй. ТББ-ийн ТОӨЗ-ийн 4.2.д-д “Сүүлийн 6 сарын байдлаар буюу 2018 оны 07-12 саруудын НД8 маягтыг ирүүлнэ” гэсэн заалтын хүрээнд “Х х к” ХХК-ийн хувьд НД8 маягтыг огт хүргүүлээгүй. “О” ХХК-ийн хувьд шаардсан дээрх саруудын НД8 маягтыг хүргүүлсэн. ТББ-ийн ТОӨЗ-ийн 18.2-т “Тендер эрх бүхий шаардлагын хувьд тендерийн агуулга, үнэтэй холбоотой бүх хуудсанд төлөөлөх эрх бүхий этгээд гарын үсэг зурна.” гэсэн шаардлагыг “Хаан хүнс катеринг” ХХК хангаагүй, мөн ТББ-ийн ТОӨЗ-ийн 4.2.а-д “Тендерт оролцогчийн өмнө үүрэг хүлээж, түүнийг төлөөлж гарын үсэг зурах этгээдийн албан ёсны итгэмжлэлийг ирүүлнэ.” гэсэн шаардлагыг “Х х к” ХХК болон “Тф” ХХК нь хангаагүй байна. Мөн ТББ-ийн 4.2.а /1 дэх а/-д заасан шаардлагад “Хх к” ХХК-ийн нь дүрэмээ хүргүүлээгүй байгаа нь улсын бүртгэлийн гэрчилгээ болон НӨАТ-ын гэрчилгээ нь уг компанийг хууль ёсны компани гэдгийг бүрэн нотолж чадахгүй байна.
“О” ХХК-ийн хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй гэж үзсэн байгаа нь цаашид “Эрдэнэт үйлдвэр” ХХК буюу захиалагч байгууллагад нийцэж ажиллахын тулд олон улсын чаналын удирдлагын тогтолцоо ISO 9001:2015 стандартыг хэрэгжүүлж, нэвтрүүлсэн. Энэ стандартыг нэвтрүүлэхийн тулд сургалт явуулсан, компани шаардлагын дагуу сурч боловсорсон, ажилчдаа зохих ёсны түвшинд зардал гарган бэлтгэсэн, стандартад шаардсан тоног төхөөрөмж болон багаж хэрэгсэл, аюулгүй ажиллагааны хэрэгслийг хэрэглэж хэвшсэн. Монгол Улсад мөрдөгдөж байгаа татвар болон бусад хууль тогтоомжийн хүрээнд хамгийн багадаа 5-10% ашигт ажиллагааг алдсан. Үнэ цэнэтэй ажлын байран дээр сургасан ажилчид буюу ажлын капитал нь итгэх итгэлгүй болж, сул зогсолтын мөнгийг олгохоос гадна эдгээр ажилчид эдийн засгийн баталгаагаа алдаж, зээлийн өрөнд орсон.
Монгол Улсын Зөвлөх инженер А.Ц нь зөвлөх инженерийн хүрээнд ажлын байран дээр хөдөлмөрийн гэрээний дагуу олгосон цалин дээр нэмэх нь сургалтын зардлыг үнэгүй явуулж тогооч нар бэлтгэж байсан, зэрэгтэй тогооч нар байхгүй болсон, компанийн хэвийн үйл ажиллагаа алдагдсан, олон төхөөрөмжүүдийг эрүүл, аюулгүй чанартай хэвийн үйл ажиллагаа явуулж, үйлчилгээ үзүүлэхийн тулд худалдаж авсан нь хууль бус тендерийн үйл ажиллагаанаас болж одоо хэрэглэгдэхгүй хураалттай байна.
Иймд Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 сарын 27-ны өдрийн 16 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.С давж заалдах гомдолдоо: “... хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн төлөөлөгчид нэхэмжлэлийн шаардлагын хариуцагч нь биш, хариуцагч нъ Сангийн яам, тиймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох талаар мэтгэлзсэн. Шүүх хариуцагч талын татгалзсан тайлбар нь үндэслэлгүй талаар хуулийн дагуу дүгнэлт хийсэн. Харин нэхэмжлэлийн шаардлага болох “О” ХХК-ийн тендерээс татгалзсан шйидвэр хууль бус, хүчингүй болгуулах шаардлагын талаар үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан дүгнэлт хийсэнгүй.
Тендерийн тухай хуулинд заасан Тендерийг хянан үзэх шатны ажиллагаа нь хуульд нийцэж явагдаагүй, хууль болон түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, зааврыг баримтлаагүй явагдсан тул хууль бус байгаа талаар нотлох баримт болох тендерийн үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл, ТББ-ийн ТОӨЗ-ын Тендерийн үнэлэх гэсэн “Г" бүлгийн 26-р зүйл, тендерийн баримт бичгээс судлагдсан ОДДӨЛ ХХК-ийн нотлох баримтууд зэргийг үндэслэл болгосон. Тус үнэлгээний хорооноос тендерийн шаардлага хангагдсан материалаа хүргүүлснийг хуулинд нийцүүлж хянаж үзээгүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ашиг сонирхол сөргөөр хөндөгдөж, эрх зүйн байдлыг дордуулсан байгаа тэр үндэслэлүүдийг нотлох абримтаар судлаад, мэтгэлзээд байхад түүнийг бат шалгаж үзэн, үнэлгээний хорооны хянан үзэх үйл ажиллагаа хуульд нийцээгүй, эрх зүйн зөрчилтэй байгаа эсэхийг тогтоосонгүй.
Нэхэмжлэгч талын гаргаж ирсэн нотлох баримтуудыг хариуцагч тал няцааж чадаагүй. ... Хянан үзэх шатны ажиллагаа хуулийн дагуу хуульд нийцэн явагдсан нь хариуцагч талын няцааж буй баримтаар тогтоохгүй буй талаар шүүх дүгнээгүй. Хурал дээр судлагдсан ТББ-т авагдсан нотлох баримтуудыг хэрхэн үзсэн талаараа бичээгүй, шүүх үнэлгээний хорооны тендерээс татгалзсан тухай шийдвэрийг хуульд нийцсэн гэж үзэхдээ хариуцагчийн гаргасан ямар баримтыг илүүд үзэж нэхэмжлэлийн судлаад байгаа, ямар нотлох баримтыг ач холбогдолгүй гэж түүнийг үндэслэлгүй гэдгээ тайлбарлаагүй.
“Х х к” ХХК-ийн тендер нь ТББ-ийн үндсэн шаардлагыг хангахгүй томоохон зөрүүтэй гэж үзэх хэмжээнд байхад тендерийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар үнэлгээний хороо Үйлчилгээний хамрах хүрээ, чанар болон гүйцэтгэлд сөрөг нөлөө үзүүлэхээр бусад тендер ирүүлсэн оролцогчийн өрсөлдөөнд шударга бус байдал үүсгэхээр байгаа эсэхийг тодорхойлох, хянах, үүрэг хүлээдлгийн хувьд Тендерийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасан байдал хангалттай тогтоогүй байхад 27.4-д заасны дагуу захиалагч “Эрдэнэт үйлдвэр” ХХК, түүний үнэлгээний хороо нь нэхэмжлэгчийн тендерээс татгалзах хууль зүйн үр дагавар үүсээгүй байгаа талаар шүүх огт үндэслэл бүхий тайлбарлан дүгнэлт хийсэнгүй.
Тендерийн хянан үзэх шатны явцад Тендерийн үнэлгээний зааврын 6-р зүйлд заасан асуудлыг сайтар магадлан хянаж үзэх шаардлагатай гэсэн журмыг ер дагаж мөрдөөгүй. Энэ 6-р маягтад хавсаргасан дэлгэрэнгүй тайлбар, яагаад хавсаргаагүй талаар хариуцагч тал огт няцаалт, тайлбар хийгээгүй.
Хариуцагч тал нэхэмжлэгчийн тендерээс татгалзсан тухай шийдвэрийг гаргахдаа хуульд нийцүүлээгүй, хууль, дүрэм, зааврыг зөрчсөн нь хууль бус байгаа болохыг харуулж байна. Мөн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн тендерийн үнэлгээний хорооны үйл ажиллагааны дүгнэлт нь хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавих үүргээ яаж хэрэгжүүлсэнд шүүх дүгнэлт хийгээгүй. Эдгээр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т заасныг зөрчсөн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг, мөн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтанд үндэслэсэн байна, мөн хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т тавигдсан шаардлагыг хангаагүй тул нэхэмжлэгч компанийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Д давж заалдах гомдолдоо: “ ... Тендерийн үнэлгээний хорооны гишүүд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх хуулийн зарчмыг зөрчсөн нь Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 03 сарын 06-ны өдрийн 05 дугаар хурлын тэмдэглэлээс нотлогдож байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасныг зөрчсөн байхад шүүхээс харгалзсан үзсэнгүй.
Тендерийн үнэлгээний зааврын 6 дугаар зүйлд заасны дагуу тендерт шалгарсан “Х х к” ХХК, “Т ф” ХХК-ийн тендерийн баримт бичиг хуудас бүрт гарын үсэг зурагдаагүй баталгаажаагүй байсан. Энэ илэрхий алдааг үнэлгээний хорооны гишүүн бүгд үл анзааран үнэлгээ хийсэн нь шүүх хурлын нотлох баримт шинжлэн судлах шатанд Тендерийн эх баримт бичгүүдээс судлах үед тогтоогдож байгааг шүүх шийдвэртээ огт тусгасангүй. ... Шүүх бакалавр зэрэг болон түүнтэй дүйцэхүйц биш мэргэжлийн ур чадвар хангахгүй гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. ТОӨЗ-ийн 6.1.7-д нэг хоол зүйч шаардсан бөгөөд бид үндсэн ажилтан А.Ц-ийг энэ албан тушаал дээр санал болгосон юм. С.У нь компанийн үндсэн ажилтан биш гэдэг дээр бид маргаагүй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа нь хэргийн нотлох баримтыг шүүх цуглуулдгаараа бусад процесс эрх зүйгээс ялгаатай байдаг. Хэргийн оролцогчдын хувьд тендерт оролцсон бүх оролцогч, захиалагчийн эх бичиг баримт болох 9 хавтас эх баримт бичгээс нотлох баримт шинжлэн судлах шатанд, иш татагдсан баримтуудын талаар шүүх хэрхэн үнэлж, ямар баримтаар няцаагдаж байгаа талаар шийдвэртээ тусгаагүй.
Шүүх нотлох баримт үнэлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасныг зөрчсөн нь шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 25 дугаар хуудсанд А.Ц-ийн талаар хийсэн дүгнэлтээс харагдаж байна. Эдгээр үндэслэлүүд байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхилоо.
“Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ” ААТҮГ нь “Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендер” шалгаруулалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан журмаар явуулжээ.
Нэхэмжлэгчээс ““Эрдэнэт үйлдвэр” ХХК /ТӨҮГ/-ийн захирлын 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” ХБТ-12/58 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах,
-2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендерийг 1, 2, 3 дугаар багцуудад шаардлагад нийцээгүй хэмээн тендерийн Үнэлгээний хорооноос хассан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох,
-2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендерийн Үнэлгээний хороо хуралдаж 1, 2, 3 дугаар багцуудад шалгаруулсан “Х х к” ХХК, “Тф” ХХК-иудад холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах,
-“О” ХХК-ийн ирүүлсэн тендерийг оролцуулан, хууль журамд нийцүүлэн дахин үнэлгээ хийхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлүүд,
-“Эрдэнэт үйлдвэр” ХХК /ТӨҮГ/-т холбогдуулан гаргасан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТҮ-2019/01 тоот тендерийн Үнэлгээний хорооны 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хуралдаж гаргасан дүгнэлт дээр үндэслэн хийгдсэн “Захиалагчийн зүгээс гаргах шийдвэр”-ийг хүчингүй болгуулах,
-“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ТҮ-2019/01 тоот тендерийн 1, 2, 3 дугаар багцуудад шалгаруулсан 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн Үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Хаан хүнс катеринг” ХХК-ийн хооронд байгуулсан 5/116-19, 5/117-19 тоот гэрээнүүдийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ ... ерөнхий тогооч, хоол зүйч гэх албан тушаалыг хавсран ажиллаж болохгүй гэж тендерийн баримт бичигт заагаагүй, “Хаан хүнс катеринг” ХХК-тай 5/116-19, 5/117-19 дугаар Ажил гүйцэтгэх гэрээнүүдийг байгуулахдаа гэрээ байгуулах дотоод журмыг зөрчиж байгуулсан, тендерт шаардлага хангаагүй компаниудыг оруулсан ... гэж маргажээ.
“Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ” ААТҮГ газрын тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 03 дугаар сарын 05-нд нэхэмжлэгч “О” ХХК-ийг дээрх хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу тендерийг хянан үзэх шатанд тендерийн баримт бичигт заасан албан тушаалд А.Ц, С.О гэх хүмүүсийг давхцуулан санал болгож, хоол зүйчид С.У-ыг санал болгохдоо ажлын үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар ирүүлээгүй, мөн компанид ажиллаж буй даатгуулагчдын шимтгэл ногдуулалтад үндсэн мэргэжилтнүүд хүснэгтэд Хоол зүйч албан тушаалд санал болгосон С.Уянга нь байхгүй, Хүснэгт №03-н 5.2.3, 6.1.8-д заасан мэдээллүүдийг дутуу ирүүлсэн гэх” үндэслэлүүдээр тендерт оролцуулахаас татгалзсан байна.
“Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ”-ийн захирлын 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” ХБ-Т-12/58 дугаар албан бичгээр дээрх үндэслэлээр тендерийн баримт бичгийн шаардлага хангаагүй талаарх Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг нэхэмжлэгч “О” ХХК-д хүргүүлсэн байх бөгөөд энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасан захиргааны актын шинжийг агуулаагүй, мэдээллийн шинжтэй байгууллагын албан бичиг гэж үзэж татгалзсан анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч компаниас дээрх тендерийн баримт бичгийн хүний нөөц, боловсон хүчинд хамаарах дээрх хэсэгт заасан тусгай, нөхцөл шаардлага хангасан баримтуудыг хүргүүлээгүй болох нь хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбараар тогтоогдож байх бөгөөд энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв болжээ.
Тодруулбал, тендерийн баримт бичгийн ... 7 дугаар бүлгийн 6.1.4-д “Ерөнхий тогооч”, 6.1.7-д “Хоол зүйч” гэх 2 өөр албан тушаалыг тус бүрийг нэрлэн зааж, тавигдах шаардлагыг тус бүрт нь жагсааснаас үзвэл энэ 2 албан тушаалыг нэг хүн гүйцэтгэж болохоор заасан гэж үзэхээргүй байна.
Нэхэмжлэгч компаниас А.Ц-ийг ерөнхий тогооч, хоол зүйч гэх 2 өөр албан тушаалыг хавсран ажиллуулах, мөн хоол зүйчийн албан тушаалд С.У-ыг тус тус санал болгон хүргүүлсэн нь тендерийн баримт бичигт тавигдах дээрх шаардлагыг хангаагүй байна.
А.Ц-ийн боловсрол, ур чадварын байдал нь ерөнхий тогооч, хоол зүйчийн аль алиныг хангахыг үгүйсгэхгүй боловч уг 2 албан тушаалыг нэг хүн хийж болохоор тендерийн баримт бичигт заагаагүй, бусад тендерт оролцогч нь уг албан тушаал тус бүрт өөр өөр иргэнийг санал болгосон, мөн нэхэмжлэгч нь хоол зүйчээр С.У-ыг давхар санал болгосон боловч тус компанийн үндсэн ажилтан биш болох нь нэхэмжлэгчийн өөрийнх нь тайлбараар тогтоогдож байх тул бусад ялсан компаниудад тэгш хандалгүй, үндэслэлгүйгээр нэхэмжлэгчийг тендер хянан үзэх шатанд хассан гэж үзэхээргүй байна.
Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ:”, 27.1.3-д “тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага” гэж тус тус зааснаар тендерийг хянан үзэх шатанд тендерийн баримт бичигт заасан нөхцөл, шаардлагад нийцүүлэн баримт бичгийг ирүүлээгүй гэж үзэн тендерт оролцуулахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй.
Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Нэг үе шаттай тендер шалгаруулалтын үед энэ хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хянаж, шаардлагад нийцсэн гэж үзсэн бүх тендерт үнэлгээ хийнэ.”, 29 дүгээр зүйлийн 29.1-д “Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ.” гэж тус тус заажээ.
Дээрх хуулийн зохицуулалтын дагуу ... халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх тендерт оролцож баримт бичгийн шаардлага хангаж, тендерийн Багц 1, 3-т “Хх к” ХХК-ийг, Багц 3-т “Тф” ХХК-ийг шалгаруулсан захиалагчийн шийдвэрүүдийн улмаас тендерийг хянан үзэх шатанд хасагдсан нэхэмжлэгч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй буюу хамгаалагдах боломжгүй талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэжээ.
Иймд шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.