Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 13

 

 

 

 

 

 

 

 

          Ж.Эд холбогдох

   эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                              Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

            Прокурор Б.Б,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.У,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Батжаргал даргалж шийдвэрлэсэн, 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 05 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Ж.Эд холбогдох, эрүүгийн 201610010171 дугаартай, 1 хавтас, 139 хуудас эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Уийн давж заалдсан гомдлыг үндэслэн  давж заалдах шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Э -нд холбогдуулан Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр  хүлээн авч хянан хэлэлцжээ. 

Шүүгдэгч Ж.Э нь шунахайн сэдэлтээр шууд санаатай үйлдлээр 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 23 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг, Эрүүл мэндийн 2-19 тоотод оршин суух Д.Дгийн гэрт нэвтрэн орж, бага бус хэмжээний буюу 350000 төгрөгийн үнэ бүхий “Леново” маркын нөүтбүүк хулгайлсан,

дээрх хэрэгт 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр сэжигтнээр тооцогдон шалгагдаж байхдаа 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг зөрчин 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Ж.Эыг бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгийг хулгайлсан, мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Эд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 4 сарын баривчлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 сарын баривчлах ялыг мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялд багтааж, түүний биечлэн эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Эд оногдуулсан 1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Эыг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 56 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож,

Шүүгдэгч Ж.Э нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт, иргэний бичиг баримт ирээгүй бөгөөд битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.Эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэж, тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.У давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Анхан шатны шүүхийн тус шийтгэх тогтоолд Ж.Эыг Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.2 дахь хэсэгт зааснаар ялтай байдал арилаагүй боловч уг хугацаа нь Анхны ардчилсан сонгууль  болж байнгын парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-т зааснаар хэрэгсэхгүй болсон гэж дүгнэсэн нь шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь Ж.Э нь Дорноговь аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 10 сарын 09-ний өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж шийдвэрлэсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт зааснаар 2015 оны 10 сарын 09-ний өдөр ялгүй болсон гэж үзнэ. Миний үйлчлүүлэгч Ж.Э нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт хорих ял шийтгүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал нь урьдчилан төлөвлөсөн шинжгүй, тохиолдлын шинж чанартай, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж, гэм хорыг бүрэн арилгасан, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж хянан харгалзаж өгнө үү гэжээ.

 

Прокурор Б.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлар, дүгнэлтдээ: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1, 78.2.2 дахь заалтуудыг хэрэглэсэн нь ял оногдуулахад нөлөөлжээ. Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1 буюу тэнсэж хянан харгалзах хугацаа дуусаагүй байхад гэдэг дээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол дээр техникийн алдаа гарсан гэж үзэж байна. Энэ нь Эд оногдуулсан ял шийтгэлийн хувьд нөлөөлөхгүй. Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулаад шийдвэрлэх боломжтой. Эы хувийн байдлыг анхан шатны шүүх маш их харгалзаж үзсэн. Монгол Улсын шүүх Эд 2 удаа энэрэнгүй ёсыг үзүүлсэн. 2 удаа тэнсэж хянан харгалзсан байгаа. Дандаа хулгайн асуудал байгаа. Хулгайн хэрэгт шалгагдаж байхдаа оргон зайлаад явчихсан. Анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Сум дундын шүүх шүүгдэгч Ж.Эыг  Д.Дгийн гэрийн цонхоор нэвтрэн  350.000 төгрөгийн үнэ бүхий үнэтэй Леново маркийн нөүтбүүк хулгайлсан  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2,   уг гэмт хэрэгт шалгагдаж байхдаа мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн буюу Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-т заасан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сарын баривчлах, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 жилийн хорих ялуудыг тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар ялуудын хөнгөнийг хүндэд нь багтааж биечлэн эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар тогтоож, уг ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-5/,  хохирогчид эд зүйлийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 9-10/, хохирогч Б.Нэргүй, гэрч нарын мэдүүлгүүд, цагдаагийн ажилтнуудын бичсэн илтгэх хуудас /хх-ийн 31-33, 46-47/,  Ж.Эыг эрэн сурвалжлах зар, эрэн сурвалжлагдсан этгээдийн хувийн мэдээлэл /хх-34-45/ зэргээр тус тус тогтоогдож байна. Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу хэрэгт олж авсан, хэргийн бодит нөхцөл байдлыг хангалттай тогтоох нотлох баримтууд байна гэж үзлээ.

Шүүгдэгч нь хулгайн гэмт хэрэг үйлдсэний улмаас 2013 оны 10 дугаар сарын 09-нд Замын-Үүд сумын Сум дундын шүүхээр шийтгүүлж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан нь тогтоогдож байгаа /хх-ийн 83-т байгаа шийтгэх тогтоолын хуулбар/ ба анхан шатны шүүх шүүгдэгчийн ялтай байдлыг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гарсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болсон гэж үзсэн нь үндэслэлтэй болно.

Учир нь шүүгдэгчийн ялтай байдал 2015 оны 10 дугаар сарын 9-ны өдөр дуусах байсан боловч Өршөөл үзүүлэх тухай хууль 2015 оны 08 дугаар сарын 11-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн тул шүүгдэгчийн ялтай байдал нь Өршөөлийн тухай хуульд зааснаар хэрэгсэхгүй болсон гэж үзнэ.

Анхан шатны шүүх шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-т  заасан ялуудаас баривчлах болон хорих ялуудыг сонгон хэрэглэсэн боловч баривчлах ялыг хорих ялд нь багтааж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.2-т зааснаар хорих ялын үндсэн хугацааны хамгийн багаар буюу 1 жилийн хорих ялыг оногдуулсан байна. Шүүгдэгч нь хулгайн гэмт хэрэгт шалгагдаж байхдаа мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийж мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд саад учруулж хувийн байдлаа хүндрүүлсэн байх тул түүнд оногдуулсан 1 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэх  нь хэргийн нөхцөл байдалд нь тохирсон гэж үзэхээр байна.

Эдгээр нөхцөл байдлуудад үндэслэн шүүгдэгч Ж.Эд ял оногдуулсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-д заасан шаардлагыг хангасан байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Уийн ялтай байдлыг тооцсон анхан шатны шүүхийн үндэслэлийг өөрчилж, шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзаж өгөхийг хүссэн тухай давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 313, 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 05 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Уийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

   2. Давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Н.БАТЧИМЭГ

                                      ШҮҮГЧИД                                  Г.ТЭГШСУУРЬ

                                                                                        А.САЙНТӨГС