Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 405

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Шаамар сум Дулаанхаан тосгон 1 дүгээр баг 1 дүгээр хэсэг Бумцэндийн гудамж 43 тоотод оршин суух, Асгал овогт Мишкагийн Ганбаатар / МД: 66042571/-ийн нэхэмжлэлтэй, 

“Ж.Пэлжидийг сураггүй алга болсонд тооцуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Ганбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:  

Нэхэмжлэгч М.Ганбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа; 

Миний ээж Боржигон овогтой Жавдалын Пэлжид 1942 онд Архангай аймгийн Цахир суманд төрсөн. Одоо байвал 74 настай Амьдралынхаа туршид 3 хүүхэд төрүүлж өсгөсөн. Улс нийслэлд 35 жил кранчаар ажиллаж байгаад 1997 онд тэтгэвэрт гарсан. Миний ээж Жавдал овогтой Пэлжид нь 2011 оны 08-р сарын 21-нд Сэлэнгэ аймаг Дулаанхаан тосгоны Ерөө голд усанд эндэж нас барсан байж болзошгүй нөхцөлд алга болоод түүний шарил нь одоо хүртэл олдоогүй. Ямар нэгэн байдлаар сураг чимээ огт гараагүй юм. Энэ олон жил огт чимээ сураггүй алга болсноос нь шалтгаалаад ээжийг нас барсан гэж үзэж байгаа юм. 

Ээжийг нас барсан гэж тооцуулах нь эрх зүйн ач холбогдол бүхий бусад иргэний эдлэх эрх, хүлээх үүрэг дуусгавар болж байгаатай холбоотой.

Иймд ээжийн оршуулгын зардлыг авах бодолтой байгаа. 1942 оны 5 дугаар сарын 25-нд төрсөн Боржигон овгийн Жавдалын Пэлжидийг сураггүй алга болсонд тооцож өгнө үү! гэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Ганбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Учир нь: Боржигон овогтой Жавдалын Пэлжид нь Сэлэнгэ аймгийн Шаамар сум Дулаанхаан тосгон 1 дүгээр баг 1 дүгээр хэсэг Бумцэндийн гудамж 43 тоотод оршин суух тоотод оршин суух хаягтай байсан бөгөөд 2011 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Ерөө гол эмнэлэгийн гарам гэх газар усанд осолдсоноос хойш өнөөдрийг хүртэл хаа байгаа нь мэдэгдэхгүй сураггүй алга болсон болох нь Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 3 дугаар баг Дулаанхаан тосгоны захирагч Ж.Ганболдын тодорхойлолт, Сэлэнгэ аймгийн онцгой байдлын газрын тодорхойлолт зэрэг бусад нотлох баримтуудаар батлагдаж байх тул нэхэмжлэгчийн Ж.Пэлжидийг “сураггүй алга болсонд тооцуулах тухай” нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

Нэхэмжлэгч М.Ганбаатарын улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдах нь зүйтэй. 

     

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Боржигон овогтой Жавдалын Пэлжидийг сураггүй алга болсонд тооцсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар  зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг  бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, энэ хуулийн 119.4 дэх хэсэгт зааснаар дээрхи хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч өөрөө шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар 119.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрийг зохигч гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.  

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, түүний өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                             Б.МӨНХЗУЛ