Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 406

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Б.Мөнхзул би “Жи-Мобайл” ХХК-ний нэхэмжлэлтэй Б.Огторгуйд холбогдох “395.550 төгрөг гаргуулах”-ыг хүссэн хэргийг хүлээн авч хянаад: 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хэрэглэгч Б.Огторгуй нь манай компанитай 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 1348886 тоот “Зээлээр гар утас худалдан авсан хэрэглэгчид урьдчилсан төлбөрт үйлчилгээ үзүүлэх” гэрээ байгуулан U6 маркын 310.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг урьдчилгаа 40.000 төгрөг төлж, 12 сарын хугацаанд сар бүр 22.500 төгрөг төлөх нөхцөлөөр худалдаж авсан. Гэвч Б.Огторгуй нь гэрээний эргэн төлөлтөөр төлөх 270.000 төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээс зайлсхийж байгаа болно. Иймд Б.Огторгуйгаас U6 маркын гар утасны үлдэгдэл төлбөр 270.000 төгрөг, гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу 155 хоногийн алданги 125.550 төгрөг нийт 395.550 төгрөгийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 5 дугаар баг 2 дугаар хэсгийн  078 тоотод оршин суух хаягтай, Боржигон овогт Батмөнхийн Огторгуй /МЬ 77041135/ нь шүүхэд гаргасан тайлбартаа: 

Б.Огторгуй миний бие нь “Жи-Мобайл” ХХК-ний 395.550 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хүлээн авлаа. “Жи-Мобайл” ХХК-ний 395.550 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг төлөхөд татгалзах зүйлгүй, энэ тал дээр ямар нэгэн маргаан байхгүй. Мөнгийг 2016 оны 08 дугаар сарын 10-ны дотор төлж барагдуулна гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК нь хариуцагч Б.Огторгуйгаас “395.550 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.

 Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул  хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 12517 төгрөгийг орон нутгийн төвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 6258 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үлдэх 6258 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан 

 

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт зааснаар “Жи-Мобайл” ХХК-ний нэхэмжлэлтэй Б.Огторгуйд холбогдох “395.550 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг  хариуцагч нь бүрэн хэмжээгээр төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.     

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 12517 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь буюу 6258 төгрөгийг, үлдэх 6258 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын  журмаар  гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                       Б.МӨНХЗУЛ