Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 207/МА2023/00097

 

2023 12 04 207/МА2023/000.......

 

 

 

Г.Ж-ы нэхэмжлэлтэй,

хариуцагч Э үйлдвэр ТӨҮГ-т

холбогдох иргэний хэргийн тухай

 

О аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Б даргалж, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.А, шүүгч С.У нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 142/ШШ2023/......... дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Г.Ж-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э үйлдвэр ТӨҮГ-т холбогдох,

Э үйлдвэр ТӨҮГ-ын Мэдээллийн технологийн хэлтсийн даргын ажилд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, ажилгүй байсан хугацаанд эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт нөхөн бичилт хийх үүргийг Э үйлдвэр ТӨҮГ-т даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.З, Б.С нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлын үндэслэн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Б /цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, Х.З, нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Ж- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Г.Ж- Э үйлдвэр Төрийн өмчит үйлдвэрийн газар 2006 оноос эхлэн ажиллаж, 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр ...................... дугаартай Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр Мэдээллийн технологийн хэлтсийн дарга ажил, албан тушаалд ажиллаж байтал Э үйлдвэр Төрийн өмчит үйлдвэрийн газрын ерөнхий захирлын 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай Б/........ дугаар тушаалаар миний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон. Тушаалын үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4 (эрх бүхий байгууллага шаардсан), 80 дугаар зүйлийн 80.1.4 (ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зарчил гаргасан), Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.1.7.6 (Албан тушаалаа урвуулан ашигласан, эрх мэдлээ хэтрүүлсэн, эрхэлсэн ажил, албан тушаалын онцлогоо хувийн зорилгоор ашигласан), Хөдөлмөрийн гэрээний 6.3.7 (Албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, эрх мэдлээ хэтрүүлсэн, эрхэлсэн ажил, албан тушаалын онцлогоо хувийн зорилгоор ашигласан болохыг эрх бүхий байгууллага тогтоосон), Авлигатай тэмцэх газрын 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн ...................... дугаар албан бичиг, Авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ........дугаар мэдэгдэл зэргийг үндэслэсэн. Миний бие Б/........ дугаар тушаалыг эс зөвшөөрч Э үйлдвэр ТӨҮГ-ын дэргэдэх Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандаж, уг комиссын хуралдаанаар ТӨҮГ-ын төлөөлөгч хуульч тушаалыг үндэслэлтэй гаргасан тул тушаалыг хүчингүй болгох үндэслэлгүй гэсэн тайлбар гаргасан. Тус комисс шийдвэр гаргадаггүй, маргааны талуудыг эвлэрүүлэх, зохицуулах чиг үүрэгтэй тул комиссын үйл ажиллагаа дуусгавар болсон. Комиссын хуралдааны тэмдэглэлийг аваад хуулийн хугацаанд Б сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан. 3 талт хороо 2023 оны 06 дугаар сарын 08 өдөр гомдлын хариу болгож ХТХ-ийн 158-р зүйл, 158.2.2-т зааснаар та шүүхэд хандана уу гээд өргөдлийг буцаасан юм. Ерөнхий захирлын Б/........ тоот тушаалын үндэслэл нь намайг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан болохыг эрх бүхий байгууллага тогтоосон байх тул гээд үүнийгээ АТГ-ыг 2023 оны 02 дугаар сарын 28-ны ........тоот мөрдөгчийн мэдэгдэл, АТГ-ын 2023 оны 03 сарын 01-ний албан бичиг, Хөдөлмөрийн дотоод журмын 8.17.6, Хөдөлмөрийн гэрээний 6.3.7 дах заалт зэргийг үндэслэсэн байсан. Авлигатай тэмцэх газраас намайг эрүүгийн хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явагдаж, уг ажиллагааны үр дүнг прокурорын байгууллага хянаж байгаа. Одоогийн байдлаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоох шүүх байгууллагад асуудал шилжээгүй байгаа бөгөөд албан тушаалаа урвуулан ашигласан гэх эрүүгийн хэрэгт гэм буруутай нь шүүхээр нотлогдоогүй байгаа юм. Э үйлдвэр ТӨҮГ болон ажилтан бидний хооронд байгуулагдсан хөдөлмөрийн эрх харилцааны үйлчлэлийг АТГ болон түүний албан тушаалтан болох мөрдөгч дуусгавар болгохыг шаардах эрх бүхий субъект биш юм. Авлигатай тэмцэх газар авлигын эсрэг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх, тухайн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий байгууллага болохоос түүний мөрдөгч нь аливаа хүний гэм буруутайг эцэслэн шийдвэрлэх үндсэн хуулиас давсан эрх бүхий этгээд биш юм. Э үйлдвэр ТӨҮГ-ын захирал мөн Монгол улсын үндсэн хуулиас хальж шийдвэр гаргах эрхгүй билээ. Тушаалд Хөдөлмөрийн дотоод журмын 8.17.6.-д заасан, хөдөлмөрийн гэрээний 16.3.7-д заасан албан тушаалаа урвуулан ашигласан зөрчил гаргасан гэсэн боловч тушаалд уг зөрчлийг хэзээ, хэрхэн гаргасныг дурьдаагүй бөгөөд уг зөрчил гаргасан хугацааг тогтоохгүйгээр хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэж сахилгын шийтгэл ноогдуулж, хөдөлмөрийн эрхийн харилцааг дуусгавар болгож буй нь сахилгын шийтгэлийг үндэслэлгүйгээр оногдуулж миний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байна. Тушаалд дурьдсан үндэслэл нь ч оновчгүй байна. Ажил олгогчийн төлөөлөгч, хуульч ...бид Г.Ж-ыг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж халаагүй, эрх бүхий байгууллагын шаардсанаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон гэж тайлбар гаргадаг юм. Хөдөлмөрийн дотоод журмын 8.18-д заасан журмыг ажил олгогч хэрэгжүүлээгүй. Зөрчил гаргасан гэж үзэж байгаа бол хариуцлага тооцох хугацааг хэрхэн тооцож буй нь ойлгомжгүй. АТГ-ын хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохыг шаардаж буй нь эрх бүхий байгууллага гэж үзэж байгаа тул ХХ-ийн 78 дугаар зүйлийн 78.1.4-ийг үндэслэсэн байна. АТГ нь намайг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж түүнд буруутай гэдгийг тогтоох нь зөвхөн үндсэн хуулийн 16-р зүйлийн 16.14-д ...гэм буруутай нь хуулийн дагуу нотлогдох хүртэл хэнийг ч гэм буруутайд тооцож үл болно гэсэн хэм хэмжээг зөрчиж, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан зөрчил гаргасан гэсэн нь хоорондоо зөрчилдөж байна. Иймд Э үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Б/........ тоот хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тушаал үндэслэлгүй тул Э үйлдвэр ТӨҮГ-ын Мэдээллийн технологийн хэлтсийн даргын ажилд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин (сарын цалин 5.900.000 төгрөг) олгохыг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар тооцон Э үйлдвэр ТӨҮГ-с гаргуулж, ажилгүй байсан хугацаанд эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт нөхөн бичилт хийх үүргийг Э үйлдвэр ТӨҮГ-т даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Г.Ж- шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа:

Хариуцагч Э үйлдвэр ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон шүүхэд ирүүлсэн нотлох баримттай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. АТГ-с 2023.03.01-ний өдрийн ...................... дугаартай албан бичиг, мөрдөгчийн 2023.02.28-ны өдрийн ........дугаартай мэдэгдэлд Г.Ж-г Авилгын эсрэг хуулийг зөрчиж,...гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон болохыг дурьдаж, Хөдөлмөрийн дотоод журмын 8.17.6-д заасан арга хэмжээ авахыг мэдэгдсэн тул хөдөлмөрийн дотоод журмын 8.17.6-р заалт, хөдөлмөрийн гэрээний 6.3.7-р заалтуудын дагуу сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хууль зөрчөөгүй гэжээ. ...Авилгын эсрэг хуулийн зорилт бол авилгатай тэмцэх үйл ажиллагаа, АТГ-ын эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээртэй холбоотой харилцааг зохицуулахад оршино гэж тодорхойлсон байгаа. (Авилгын эсрэг хуулийн 1 -р зүйл) АТГ-ыг авилгын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авилгаас урьдчилан сэргийлэх, авилгын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, авилгын эсрэг хуульд заасан этгээдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах чиг үүрэг бүхий хараат бус бие даасан төрийн тусгай байгууллага гэж хуулийн 15-р зүйлийн 15.1-д заажээ. ... АТГ-ын гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт эрхэлсэн албан хаагчийн эрхэд 10 төрлийн эрхийг хэрэгжүүлэх тухай заасан байна. Эдгээр эрх нь зөвхөн гүйцэтгэх ажлын тухай хууль болон ЭХХШТХ-нд заасан мөрдөгчийн эрх үүргийг эдлэх журмын дагуу мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахтай холбоотой эрхүүдийг олгосон байна. (Авилгын эсрэг хуулийн 24-р зүйл 24.1.1-24.1.10) Дээрхээс үзвэл авилгын эсрэг хуулийн зорилт, АТГ-ын чиг үүрэг, мөрдөгчийн эдлэх эрх үүргийг тодорхойлсон зохицуулалтаар Г.Ж- миний Э үйлдвэр ТӨҮГ-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр үүссэн хөдөлмөрийн харилцааг цуцлахыг шаардах эрх бүхий байгууллага гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбар үндэслэлгүй байна. Өөрийн гаргасан нэхэмжлэлийг хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэлээ дэмжин дэлгэрэнгүй тайлбарыг гаргах болно гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Г.Ж- нь Э үйлдвэр ТӨҮГ-ын мэдээлэл технологийн хэлтсийн даргын ажил албан тушаалд ажиллаж байсан, 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Э үйлдвэр ТӨҮГ-ын ерөнхий захирлын б........ тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан болохыг эрх бүхий байгууллага тогтоосон гэсэн үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тушаал гаргасан. Уг тушаалыг эс зөвшөөрч Ж нь тухайн үйлдвэрийн дэргэдэх хөдөлмөрийн маргаан таслах комисст хандсан байгаа, маргаан таслах комисс нь зохицуулах чиг үүрэгтэй учраас гомдолд дурдсан Э үйлдвэр ТӨҮГ-ын төлөөлөгч уг маргаанд эвлэрэх зохицох боломжгүй гэж хэлсэн учраас ажиллагааг дуусгавар болгосон. Дараа нь О аймгийн Б сумын дэргэдэх хөдөлмөрийн 3 талд хороонд гомдол гаргасан. Уг хороо нь шүүхээр шийдүүлэх нь зүйтэй гэсэн хариу өгсөн. Уг б........ дугаартай 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн тушаалыг үндэслэлгүй гэж үзэж байгаа. ...Авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн тэмдэглэл нь хөдөлмөрийн эрх зүйн харилцаа буюу Э үйлдвэр ТӨҮГ ажилтан хоёрын хооронд байгуулсан хөдөлмөр гэрээг шууд цуцлах эрх бүхий байгууллага гэж үзэх боломжгүй. Хэдий Э үйлдвэр ТӨҮГ-ын хэд хэдэн ажилтан, албан тушаалтнууд албан тушаалын холбогдолтой зүйл заалт бүхий хэрэгт холбогдож шалгагдаж байгаа боловч тухайн хэрэгт гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй. Мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй байхад мөрдөгчийн мэдэгдлийг үндэслэж хөдөлмөр эрхлэлтийг харилцааг дуусгавар болгож байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Монгол улсын Үндсэн хуульд гэм буруутай нь шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэм буруутайд тооцож болохгүй гэсэн заалт байдаг. Мөрдөгчийн тэмдэглэлийг үндэслэж Үндсэн хуулийн заалтыг зөрчиж тушаал гарсан гэж үзэж байна. Тийм учраас б........ дугаартай тушаалыг хүчингүй болгож Г.Ж-ыг Э үйлдвэр ТӨҮГ-ын мэдээлэл технологийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү. ...Тэгэхээр 5 дугаар сарын 17-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл буюу 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл цалин болох 61.001.466 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э үйлдвэр ТӨҮГ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.З шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч Г.Ж-аас Э үйлдвэр ТӨҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах, 7.1.6-т албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх, 7.1,7-т албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх зөрчлүүдийг хориглоно гэж заасан. Авлига нь нийгмийн үнэт зүйлс, шударга ёсыг сулруулж, тогтвортой хөгжил, хууль дээдлэх ёсонд хохирол учруулах ноцтой үр дагавартай тул авлигаас урьдчилан сэргийлэх, олон нийтэд шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэх, ил тод, нээлттэй, хариуцлагатай нийгмийг хөгжүүлэх төрийн бодлогод бүхий л иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нэгдэж, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүрэгтэй болохыг Авлигын эсрэг хууль тогтоомжид тусгаж, нийтээр дагаж мөрдөхийг үүрэг болгосон. Тиймээс Э үйлдвэр ТӨҮГ-ын Хөдөлмөрийн дотоод журмын 5.2.1-т ажилтан ажил үүргээ биечлэн, үнэнчээр, өөрийн ур чадвар, боломжоо дайчлан зохих ёсоор гүйцэтгэх, ажлын цагийг баримтлах, ажлын цагийг гагцхүү ажил үүргээ гүйцэтгэхэд зарцуулах үүрэгтэй гэж зааснаар тус үйлдвэрийн газрын ажилтан, албан тушаалтан бүр нь аливаа ашиг сонирхолд автахгүй байж, ажил үүргээ үнэнчээр гүйцэтгэх нийтлэг үүргийг хүлээдэг. Авлигатай тэмцэх газрын 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн ...................... дугаар албан бичиг, мөн мөрдөгчийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ........дугаартай мэдэгдэлд Г.Ж- нь үнэлгээний хорооны дарга, гишүүнээр ажиллахдаа Авлигын эсрэг хуулийг зөрчиж, хахууль авсан, бусдад хууль бус эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон болохыг дурдаж, Хөдөлмөрийн дотоод журмын 8.17-д заасан арга хэмжээ авахыг мэдэгдсэн. Э үйлдвэр ТӨҮГ-ын Хөдөлмөрийн дотоод журмын 8.17.6-д Албан тушаалаа урвуулан ашигласан, эрх мэдлээ хэтрүүлсэн, эрхэлсэн ажил, албан тушаалын онцлогоо хувийн зорилгоор ашигласан бол хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцон, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцална гэж заасан. Мөн ажилтан Г.Ж-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.3.7-д албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, эрх мэдлээ хэтрүүлсэн, эрхэлсэн ажил үүрэг, албан тушаалын онцлогоо хувийн зорилгоор ашигласан бол ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцална гэж заасан байна. Э үйлдвэр ТӨҮГ-ын Хөдөлмөрийн дотоод журам, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчилд тооцохоор тусгайлан заасан дээрх зөрчлийг ажил олгогч илрүүлэх боломжгүй, нууц далд аргаар үйлдэгддэг зөрчил тул эрх бүхий байгууллага тухайн зөрчлийг илрүүлж, олж тогтоосон тохиолдолд ажил олгогч ажилтанд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах эрхтэй юм. Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа гэж авлигын шалтгаан, нөхцөлийг судлан тогтоох, тэдгээрийг арилгах, авлигыг таслан зогсооход чиглэгдсэн арга хэмжээний цогцолборыг гэж тодорхойлсон бөгөөд авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны хүрээнд Авлигатай тэмцэх газраас бүрэн эрхийнхээ дагуу гаргасан хууль ёсны шаардлага, шийдвэрийг хүлээн авсан аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан түүний дагуу холбогдох арга хэмжээг заавал авч, хариуг хугацаанд нь өгөх үүрэгтэй гэж мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д заасан байна. Тус үйлдвэрийн газар нь Г.Ж-ыг гэмт хэрэгт холбогдсон, эсхүл гэм буруутай гэх үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулаагүй, харин хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5-т зааснаар хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан. Иймд Авлигатай тэмцэх газрын 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн ...................... дугаар албан бичиг, мөн мөрдөгчийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ........дугаартай мэдэгдлийн дагуу Э үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Б/........ дугаар тушаалаар Г.Ж-ы гаргасан зөрчилд Хөдөлмөрийн дотоод журмын 8.17.6, хөдөлмөрийн гэрээний 6.3.7 дахь заалтуудын дагуу сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хууль зөрчөөгүй. Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу дараах баримтуудыг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр бэлтгэн хүргүүлж байна. Үүнд: Э үйлдвэр ТӨҮГ-ын Хөдөлмөрийн дотоод журам, Авлигатай тэмцэх газрын 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн ...................... дугар албан бичиг, мөрдөгчийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ........дугаар мэдэгдэл эдгээр болно гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Э үйлдвэр ТӨҮГ-ын ерөнхий захирлыг 2023 оны 3 дугаар сарын 24-ны өдрийн б........ дугаартай тушаалаар Жтай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийг харилцааг цуцалсан байдаг. Тушаалын хууль зүйн үндэслэл дээр Авлигатай тэмцэх газрын 2023 оны 3 дугаар сарын 1-ны өдрийн ...................... дугаар албан бичиг, тус газрын мөрдөгчийн 2023 оны 2 дугаар сарын 28-ний өдрийн ........дугаартай мэдэгдлийг үндэслэж Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.4, 80.1.1-т заасныг үндэслэж Ж нь албан үүргийн байдлаа урвуулан ашиглаж хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан болохыг эрх бүхий байгууллага тогтоосон гэх үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан байдаг. ...Хөдөлмөрийн дотоод журмын 8.17-д заасан арга хэмжээ нь хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахыг заасан байдаг. Тэгэхээр хууль хяналтын байгууллагаас ажил олгогчид ирүүлсэн шаардлага нь энэ хүнтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болго, тэгж байж авлига албан тушаалын гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдэх байна гэх утга агуулгыг Авлигатай тэмцэх газраас даалгаж ирүүлсэн байгаа. ...Авлигын эсрэг зөрчлүүдийг тусгайлан заасан Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3-т албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.6-д албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.7-д албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх зэргийг хориглоно гэж заасан байгаа. Эдгээр хориглоно гэх заалтуудыг зөрсөн учраас Авлигатай тэмцэх газраас уг мэдэгдлийг бичсэн болов уу гэж үзэж байна....Нэхэмжлэгч талын ярьж байгаа шиг гэм буруутай нь шүүхээр эцэслэн тогтоогдсоны дараа ажлаас халах ёстой байсан гэж хэлж байна. Хэрэв гэм буруу нь шүүхээр эцэслэн тогтоогдвол Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.6-д ажилтан гэмт хэрэг үйлдсэний улмаас уг ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй, ял оногдуулсан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг дуусгавар болгоно гэж заасан байгаа. Гэтэл дуусгавар болгохыг хүлээхгүйгээр ноцтой зөрчил гаргасан бол ажлаас халж болно гэх бүрэн эрх Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 болон хөдөлмөрийн дотоод журмын 8.17.6 дугаар зүйлд заагаад өгсөн учраас хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан нь хууль бус зүйл огт биш. Мөрдөгчийн мэдэгдлийг үндэслэж ажлаас халж байгаа нь мөрдөгч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах эрхтэй субъект биш гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлж байна. Гэвч тушаалын хууль зүйн үндэслэлийг аваад үзэхэд Жыг ямар нэгэн гэмт хэрэгт холбогдсон учраас ажлаас халаагүй, та ажлын байран дээр ажиллахдаа ийм зөрчил гаргасныг эрх бүхий байгууллагаас тогтоосон байгаа, энэ нь хөдөлмөрийн сахилгын зөрчил учраас ажлаас халж байна гэсэн асуудал л яригдаж байгаа. Тийм учраас Жтай холбоотой асуудлыг гэм буруу нь шүүхээс эцэслэн тогтоогдсон байхыг шаардахгүй. Ажлын байран дээр 2 хүн зодолдоод нэгэндээ хүндэвтэр гэмтэл учруулсан гэж үзэхэд гэм буруугийн асуудлыг ажил олгогчоос хүлээдэггүй, ажлын байран дээр гэмтэл учруулсан гэх үндэслэлээр халах эрх нь байдаг. Хэн ч та хоёрын хэн нь буруутай вэ, үүнийг л хүлээж байж хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг аль нэгэнд нь оногдуулна гэж ярьдаггүй. Уг асуудалтай агаар нэг Ж асуудал сахилгын зөрчил учраас сахилгын шийтгэлийг ажил олгогчоос оногдуулсан байгаа. Тэр нь Авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн мэдэгдэл буюу эрх бүхий байгууллага зөрчлийг шалган тогтоосон учраас тухайн баримтыг үндэслэж ажлаас халсан байгаа. Тийм учраас тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгохоор гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тушаал бол үндэслэлтэй гарсан, тушаалын үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хууль болон Э үйлдвэр ТӨҮГ-ын хөдөлмөрийн дотоод журам, Жтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний холбогдох заалт, Авлигатай тэмцэх газрын албан бичиг, мөрдөгчийн мэдэгдлийг үндэслэсэн байгаа. Сая дурдсан хууль дүрэм журмын заалтууд нь ажилтны гаргасан сахилгын зөрчилтэй холбоо хамааралгүй заалт байхгүй. Сахилгын зөрчлийг үйлдлийг дан ганц ажил олгогч биш Авлигатай тэмцэх газар, түүний эрх бүхий ажилтан болох мөрдөгч тогтоосон байдаг, үүнийг хэрэгт хавсаргасан Авлигатай тэмцэх газрын албан бичиг, мөрдөгчийн мэдэгдэл дээр тодорхой дурдсан байгаа. Нэхэмжлэгч Жы холбогдсон гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь жирийн нэг гэмт хэрэг биш, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан буюу эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, 22.4 дүгээр зүйлд заасан нийтийн албан тушаалтан хахууль авах гэх зүйл ангиар шалгагдаж, хийсэн үйлдлийг нь эрх бүхий байгууллага тогтоосон байгаа. Дээр дурдсан үйлдлүүд нь хөдөлмөрийн эрхлэлтийн харилцаатай холбогддог, холбогдоогүй байсан бол өөр хэрэг. Э үйлдвэр ТӨҮГ-ын хөдөлмөрийн дотоод журмын 8.2-т хууль зөрчсөн ажилтны гэм буруутай үйлдэл эс үйлдэхүй нь хөдөлмөр эрхлэлтийн харилцаатай холбогдох бол эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн энэ журмын 8.1-т зааснаар хөдөлмөрийн сахилгын зөрчилд тооцно гэж заасан. Тийм учраас нэхэмжлэгч Жы үйлдэл нь хөдөлмөр эрхлэлтийн харилцаатай холбогдож байгаа учраас уг тушаал гарсан нь үндэслэлтэй байна. Э үйлдвэр ТӨҮГ нь хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. Нэхэмжлэгч нь Э үйлдвэр ТӨҮГ-ын мэдээлэл технологийн хэлтсийн даргаар ажиллаж байсан. Тухайн албан тушаалтай холбоотой үйлдвэрийн газрын мэдээллийн технологи, холбоо мэдээллийн аюулгүй байдал болон бусад нэгдсэн системүүдтэй холбоотой худалдан авах ажиллагаанд үнэлгээний хорооны дарга болон гишүүнээр ажиллаж байсан байгаа. Энэ талаар мөрдөгчийн мэдэгдэлд илүү тодорхой дурдсан байдаг. ...Бид эрүүгийн хэрэгт холбоотой холбогдох баримтуудыг эрх бүхий байгууллагаас гаргуулъя гэсэн боловч хэрэгт хавсаргагдсангүй. Дээр дурдсанаар нэхэмжлэгч Ж нь 2 жилийн хугацаанд 37 тендерт оролцсон, хэрэв гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг шүүхээр эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд Жыг ажил албан тушаалын байдалд нь хэвээр ажиллуулсаар байх юм бол дахин гэмт хэрэг үйлдэх магадлал өндөр байх байсан. Нэхэмжлэгч Жд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байгаа, энэ нь хэрэгт авагдсан Ерөнхий шүүгчийн 2023 оны 3 дугаар сарын 13-ний өдрийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгасан захирамжаас харагдана. Тэгэхээр уг хугацаанаас өмнө таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байгаа. ... Албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлсэн таслан сэргийлэх арга хэмжээ авагдчихаад байхад ажил олгогчийн зүгээс яах ёстой вэ. Тухайн хүний цалинг нь өгөөд байлгаад байх ёстой юм уу эсвэл чөлөө өгөх ёстой юм уу. Ажил олгогч бие даан хэргийг шийдвэрлэх хүртэл албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлье гэж шийдэх боломжгүй, энэ нь таслан сэргийлэх арга хэмжээ учраас прокурорын саналаар шүүгч түдгэлзүүлдэг зохицуулалт байдаг. ...Шүүгч тухайн хэрэг дээр нухацтай болгоомжтой хандах нь зүйтэй, авлига албан тушаалын хэрэгтэй холбоотой этгээдүүд шүүхээр ороод цагаатгагдчихлаа. Шүүхийн нэр хүнд олон нийтийн дунд муу байдаг, шүүхэд итгэх итгэл нь мууддаг. Хэрэв энэ төрлийн гэмт хэрэгт холбогдоод мөрдөгчийн мэдэгдлийн дагуу ажлаас хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдсан албан тушаалтныг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гарчихвал авлигалчдад боломж олгосон болоод шүүхэд итгэх итгэл шалан дээр унана, үүнийг шүүх шийдвэр гаргахдаа болгоомжтой хандах хэрэгтэй, шүүхийн өөрийн шийдвэрээс хамаарч олон нийтийн шүүхэд итгэх итгэл буурдаг байгааг анхаарах нь зүйтэй юм болов уу гэж бодож байна гэжээ.

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 142/ШШ2023/......... дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Ж-ыг Э үйлдвэр ТӨҮГ-ын Мэдээллийн технологийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т зааснаар хариуцагч Э үйлдвэр ТӨҮГ-аас Г.Ж-ы ажилгүй байсан хугацааны нөхөх олговорт 48.349.298 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Ж-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар дээрхи олговроос шимтгэл тооцож, хуульд заасан хэмжээгээр нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг ажил олгогч Э үйлдвэр ТӨҮГ-т даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, хариуцагч Э үйлдвэр ТӨҮГ-аас 451.862 төгрөг гаргуулан улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.З, Б.С нар шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж зааснаар шүүх хэргийн гол нөхцөл, байдлыг нотлох баримтад үндэслэн зөв тогтоож, тухайн хэрэг, маргаанд хамааралтай эрх зүйн хэм хэмжээг хэрэглэж, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргах учиртай. Э үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Б/........ дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4, 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасныг үндэслэж, Авлигатай тэмцэх газрын 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн ...................... дугаар албан бичиг, тус газрын мөрдөгчийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ........дугаартай мэдэгдлийн дагуу Г.Ж- нь албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан болохыг эрх бүхий байгууллага тогтоосон гэх үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно, мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ... хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцална гэж заасан. Ямар зөрчлийг хөдөлмөрийн сахилгын зөрчилд тооцох, ямар зөрчлийг ноцтой тооцох, түүнд ямар хариуцлага хүлээлгэхийг дээрх хуулийн зохицуулалтаар ажил олгогчид олгосон тул хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцох үндэслэлүүдийг ажил олгогч Хөдөлмөрийн дотоод журамд болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан. Э үйлдвэр ТӨҮГ-ын Хөдөлмөрийн дотоод журмын 8.17.6, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.3.7-д Албан тушаалаа урвуулан ашигласан, эрх мэдлээ хэтрүүлсэн, эрхэлсэн ажил, албан тушаалын онцлогоо хувийн зорилгоор ашигласан тохиолдолд сахилгын ноцтой зөрчилд тооцон, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахаар тусгайлан заасан тул гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон байхыг шаардахгүй. Сахилгын зөрчлийг зөвхөн ажил олгогч ирүүлэх ёстой гэх хуулийн зохицуулалт байхгүй. Ялангуяа албан тушаалаа урвуулан ашигласан, эрх мэдлээ хэтрүүлсэн. эрхэлсэн ажил, албан тушаалын онцлогоо хувийн зорилгоор ашиглах үйлдэл нь ажил олгогч илрүүлэх боломжгүй, нууц далд аргаар үйлдэгддэг зөрчил тул эрх бүхий хууль хяналтын байгууллага тухайн зөрчлийг илрүүлж, олж тогтоосон тохиолдолд ажил олгогчоос ажилтанд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах эрхтэй юм. Гэтэл анхан шатны шүүх шийдвэрийнхээ 12-т ... гэмт хэрэг үйлдсэн, гэм бурууг тогтоосон гэж үзэх боломжгүй байна, 13-т ... шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, захирамж гараагүй байхад ... ажлаас халсан нь буруутай байна гэж, хөдөлмөрийн сахилгын зөрчил болон гэмт хэрэг гэх эрх зүйн ойлголтуудыг ялгалгүй буруу дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Ж-ыг хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан гэх тайлбарыг гаргаж, мэтгэлцсэн боловч шүүгч хөдөлмөрийн сахилгын зөрчил талаас нь огт дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэгч гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдохгүй байна гэх үндэслэлээр эрүүгийн хэргийн талаар урьдчилсан дүгнэлт гаргаж, зөвхөн нэхэмжлэгч талын тайлбараар хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.Зт- Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэж заасныг зөрчсөн. Шүүх шаардлагатай нотлох баримтуудыг дутуу бүрдүүлсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаархтага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх. цуглуулах үүрэгтэй гэж заасан боловч нэхэмжлэгч нь Авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн мэдэгдэлд дурдсан зөрчлийн талаар ямар нэгэн тайлбар хийж, маргадаггүй, холбогдох нотлох баримтуудыг гаргаж өгөөгүй, цуглуулаагүй болно. Нэхэмжлэгч нь Авлигатай тэмцэх газар зөрчлийг илрүүлэх, шалгах. хариуцлага тооцохыг шаардах субъект мөн эсэх, Авлигатай тэмцэх газрын шаардсаны дагуу ажил олгогч ажилтанд хариуцлага тооцох үндэслэлтэй эсэх талаар маргасан боловч шүүгч энэ талаар огт дүгнэлт хийгээгүй бөгөөд эсрэгээрээ шийдвэрийнхээ 14-т ... ноцтой зөрчил гаргаснь:: Э үйлдвэр ТӨҮГ шалгаж тогтоосон талаарх баримтаа ирүүлээгүй гэж дурдсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь тушаалын хууль зүйн үндэслэлд дурдсан болоод энэ хэрэгт хамааралтай бүхий л баримтуудыг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр бэлтгэн хүргүүлсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явкад нэхэмжлэгчийн гаргасан зөрчилд хамаарах баримтуудыг цуглуулах, эрүүгийн хэрэг үүсгэж. яллагдагчаар татсан тогтоолыг холбогдох хууль хяналтын байгууллагаас гаргуулах хүсэлтүүдийг удаа дараа гаргасан боловч шүүгч нотлох баримтыг цуглуулах талаар холбогдох арга хэмжээг бүрэн дүүрэн авч хэрэгжүүлээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй;... тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ гэж зааснаар нотлох баримт нь төрийнболон албаны нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой ч хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай гэж үзсэн тохиолдолд тухайн нотлох баримтыг бүрдүүлэх эрхийг хуулиар шүүхэд олгосон бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан этгээдэд хариуцлага тооцох талаар ч Зөрчлийн тухай хуулийн 15.7 дугаар зүйлд заасан. Гэтэл шүүгч хуулиар олгогдсон эрхээ хангалттай хэрэгжүүлж, нотлох баримтыг цуглуулаагүй мөртлөө хариуцагч нотлох баримт ирүүлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд цугларсан нотлох баримтыг авах боломжгүй байгаа нь нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг үгүйсгэх, зөвтгөх үндэслэл болохгүй юм. 3. Шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоогоогүй, зохигчийн маргаж буй үндэслэлд дүгнэлт хийгээгүй. Дээр дурдсанчлан шүүгч зохигчийн маргаж буй үндэслэл болох Авлигатай тэмцэх газар зөрчлийг илрүүлэх, шалгах, хариуцлага тооцохыг шаардах субъект мөн эсэх талаар огт дүгнээгүй. Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д Авлигатай тэмцэх газраас бүрэн эрхийнхээ дагуу гаргасан хууль ёсны шаардлага, шийдвэрийг хүлээн авсан аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан түүний дагуу холбогдох арга хэмжээг заавал авч, хариуг хугацаанд нь өгөх үүрэгтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.6 дугаар зүйлийн 2-т Хуулийн этгээд нь мөрдөгч, прокурорын мэдэгдлийн дагуу шаардлагатай арга хэмжээ авч, 1 сарын дотор тэр тухай мөрдөгч, прокурорт хариу мэдэгдэх үүрэгтэй гэж заасны дагуу ажил олгогч дээрх тушаалыг гаргасан болохыг шүүхэд тайлбарласан. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-т Улсын дээд шүүх давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хянан үзэх замаар хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангана гэж зааснаар хууль хэрэглээний нэгдмэл байдал гэх ойлголт нь эрүү, иргэн, захиргааны эрх зүйн чиглэлийг үл харгалзан хэрэг маргаан хянан шийдвэрлэх анхан болон давж заалдах шатны шүүхээс гадна хууль сахиулах, гүйцэтгэх бүхий л байгууллага болон иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хамааралтай өргөн ойлголт юм. Тодорхой эрх зүйн маргааныг шүүх хууль хэрэглэн эцэслэн шийдвэрлэсэн бол түүнтэй адил тохиолдолд хуулийг өөрөөр тайлбарлан хэрэглэх бус хуулийг нэг мөр тайлбарлан хэрэглэх зорилгоор хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах бүрэн эрхийг Улсын дээд шүүхэд хадгалуулсан байна. 'эр ч утгаараа Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2-т Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ гэж заасан. Авлигатай тэмцэх газар, түүний мөрдөгчийн мэдэгдлийн дагуу ажил олгогч ноцтой зөрчил гаргасан ажилтанд ажлаас халах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 он/ 37 дугаар зүйлийн 37.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.4-т нийцсэн бөгөөд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй, эрх бүхий байгууллагаас хуулийн дагуу өгсөн үүргийг хэрэгжүүлсэн байна гэх дүгнэлтийг Улсын дээд шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 001/ХТ2022/010........дугаартай тогтоолд1 /иргэний хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн/ болон Авлигатай тэмцэх газраас гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг тогтоох, зохих этгээдэд тэрхүү шалтгаан нөхцөлийг арилгах арга хэмжээ авахуулахаар мэдэгдэл бичих эрхийн хүрээнд зөрчлийн шалтгаан, нөхцөл болон түүнийг арилгах тодорхой арга хэмжээний талаар мэдэгдэл, зөвлөмж хүргүүлснийг буруутгахгүй, ... мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч бусдыг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай болохыг тогтоодог субъект биш гэх үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэлгүй байна гэж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2022/0538 дугаар магадлалд/ магадлал хүчин төгөлдөр болсон/ дүгнэсэн байдаг. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэлийн талаар огт дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн бөгөөд Авлигатай тэмцэх газрын 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн ...................... дугаар албан бичиг, тус газрын мөрдөгчийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ........дугаартай мэдэгдэл хүчин төгөлдөр байсаар байхад тэдгээрийн шийдвэрийг биелүүлсэн Э үйлдвэр ТӨҮГ-ыг буруутгаж байгаа нь авлигатай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх төрийн бодлогыг үгүйсгэж, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан. 4. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т Энэ хуулийн ... 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана, 65 дугаар зүйлийн 65.1.8-т уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа гэж заасан. Мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т эрүүгийн, иргэний, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх, арбитрын журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй тохиолдолд шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлнэ гэж заасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хүсэлтээр цуглуулсан нотлох баримтуудаар буюу Авлигатай тэмцэх газрын 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн ...................... дугаар албан бичиг, Нийслэлийн Прокурорын газрын 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн ...................... дугаар албан бичиг, мөн Нийслэлийн Прокурорын газрын 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ....................... дугаар албан бичгүүдээр Г.Ж- нарт холбогдох эрүүгийн 22......................... дугаартай хэрэгт мөрдөн байцаалт явуулж, 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр ................. дугаартай яллах дүгнэлт үйлдсэн гэх мэдээллийг ирүүлсэн. Үүнээс үзэхэд, нэхэмжлэгч Г.Ж- болон түүнтэй хамаарал бүхий Л.Г, М.О нарт холбогдох эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа болно. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ 1-д ... гэмт хэрэг үйлдэн шалгагдаж байгаа гэсэн үндэслэлээр хөдөлмөрлөх эрхийг хязгаарлах боломжгүй гэж дурдсан байх боловч Авлигатай тэмцэх газар, түүний мөрдөгчийн мэдэгдэл нь авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, нотлох баримтыг устгах, арилгахаас урьдчилан сэргийлэх зорилгоор үйлдэгдсэн болохыг шүүгч мөрдөгчийн мэдэгдэлтэй танилцаж, ойлгоогүй байна. Хэрэв гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр тогтоогдсон тохиолдолд ажилтныг зөрчил гаргасан гэж үзэх бол Г.Ж-д холбогдох эрүүгийн хэрэг шийдвэрлэгдэхээс шүүх Иргэний хэрэг шүүхэд зохицуулагдахаар байсан. Гэтэл шүүх дээрх байдлаар хууль зүйн үндэслэлгүйгээр нэхэмжлэлийг хангаж байгаа нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргах зорилгогүй, гагцхүү нэхэмжлэгч талын эрхийг сэргээх зорилгоор хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байна. 5. Бусад зөрчлийн талаар. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 18-т нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцож, 48.349.289 төгрөг гэж дурдсан мөртлөө тогтоох хэсэгт 48.349.298 төгрөг гэж зөрүүтэй бичсэн байна. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө гэж заасан. Гэтэл нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн дүнгээс улсын тэмдэгтийн хураамжийг тооцоход шүүхийн шийдвэрт дурдсан дүн гарахгүй байна. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг хавсаргав. Давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтэй болно гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцээгүй байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасан үндэслэлээр хянав.

Нэхэмжлэгч Г.Ж- нь Э үйлдвэр ТӨҮГ-ын мэдээллийн технологийн хэлтсийн даргын ажилд эргүүлж тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, ажилгүй байсан хугацаанд эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг Э үйлдвэр ТӨҮГ-т даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Э үйлдвэр ТӨҮГ нь мэдээлэл технологийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Ж- нь Э үйлдвэр ТӨҮГ-ын хөдөлмөрийн дотоод журам, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчилд тооцохоор тусгайлан заасан зөрчил гаргасан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэсэн тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргаж мэтгэлцжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч Г.Ж- нь Э үйлдвэр ТӨҮГ-т 2006 оноос эхлэн ажилласан, 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр ...................... дугаартай хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр мэдээллийн технологийн хэлтсийн даргын ажилд томилогдсон, Э үйлдвэр ТӨҮГ-т ерөнхий захирлын 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Б/........ дугаар тушаалаар Хөдөлмөрийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4., 80 дугаар зүйлийн 80.1.4., 83 дугаар зүйлийн 83.3., 83.4., 123 дугаар зүйлийн 123.2., 123.2.5. дахь заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 8.1.7., хөдөлмөрийн гэрээний 6.3.7. дахь заалт, Авилгатай тэмцэх газрын 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн ...................... дугаар албан бичиг, Авилгатай тэмцэх газрын мөрдөгчийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ........дугаар мэдэгдэл зэргийг үндэслэн Г.Ж-ы хөдөлмөр эрхлэлтийн харилцааг албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан, хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан болохыг эрх бүхий байгууллага тогтоосон үндэслэлээр дуусгавар болгосон, нэхэмжлэгч Г.Ж- нь тухайн тушаалыг зөвшөөрөхгүй Э үйлдвэр ТӨҮГ-ын дэргэдэх хөдөлмөрийн маргаан таслах комисс болон О аймаг Б сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хороонд гомдол гаргасан, нэхэмжлэгч Г.Ж- нь авлига албан тушаалын гэмт хэрэгт Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа зэрэг үйл баримт тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх ажилтан Г.Ж-ыг гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа нь Авлигатай тэмцэх газрын албан бичиг, Авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн мэдэгдэл зэргээр тогтоогдож байгаа боловч гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр тогтоогдоогүй, энэ талаарх баримтаа хариуцагч гаргаагүй, эдгээр албан бичгээр нэхэмжлэгч Г.Ж-ыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эрх мэдлээ хэтрүүлсэн, эрхэлсэн ажил үүрэг, албан тушаалын онцлогоо хувийн зорилгоор ашигласан гэмт хэрэг үйлдсэн, гэм бурууг тогтоосон гэж үзэх боломжгүй, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэгч Г.Ж-ыг Э үйлдвэр ТӨҮГ-ын мэдээлэл технологийн хэлтсийн даргын ажилд эргүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй, шүүх хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.

Ажилтан байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцохоор тусгайлан заасан сахилгын зөрчлийг гаргаж ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж буй тохиолдолд тухайн ажилтны албан тушаалын байдал, эрх мэдлээ хэтрүүлж, албан тушаалын байдлаа хувийн зорилгоор ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон байхыг шаардахгүй болно.

Нэхэмжлэгч Г.Ж- нь мэдээлэл технологийн хэлтсийн даргын үүрэгт ажлыг гүйцэтгэж байх хугацаандаа Авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн мэдэгдэлд дурдсан 2020-2022 онд зарлагдсан нийт 49.827.076.975 төгрөгийн 37 тендер сонгон шалгаруулалтын 33-т үнэлгээний хорооны даргаар 4-т нь гишүүнээр томилогдон ажиллахдаа тендерийн баримт бичигт заасан нөхцөл байдал шаардлагыг хангаагүй, өөрийн найз Ц.Т-ийн М ХХК-ийг 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр сонгон шалгаруулж тус компанид хууль бус эдийн засгийн давуу байдал бий болгосон, тендерт шалгарсан В ХХК-ийн захирал Н.М-ны ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 5.000.000 төгрөгийн хахууль авсан, 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр мөн тендерт шалгарсан П ХХК-ийн захирал Н.Б-ийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 3.000.000 төгрөгийн хахууль авсан зэрэг үйлдэлд Авлигатай тэмцэх газраас эрүүгийн хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа болох нь тогтоогджээ.

Энэ үйлдэл нь Э үйлдвэр ТӨҮГ-ын хөдөлмөрийн дотоод журмын 8.17.6., хөдөлмөрийн гэрээний 6.3.7.-д заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцогдох хориглосон заалтыг зөрчсөн зөрчил тул ажил олгогчийн санаачилгаар ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах үндэслэл болсон байна.

Хариуцагч Э үйлдвэр ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Б/........ дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4.-т заасныг баримталсан ба энэ зүйл заалт хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохоор эрх бүхий байгууллага шаардсан байхыг зохицуулсан тул энэ нь Авилгатай тэмцэх газрын 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн ...................... тоот албан бичиг, мөрдөгчийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ........дугаар мэдэгдэл зэрэгт үндэслэсэн нь хуульд нийцжээ.

Ийнхүү хариуцагч Э үйлдвэр ТӨҮГ-ын 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Б/........ дугаар тушаал хуульд нийцсэн байхад үндэслэлгүй дүгнэлт хийж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь буруу байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.Ж-ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 142/ШШ2023/......... дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.Ж-ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.З, Б.С нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 469.900 төгрөгийг төрийн сангаас шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.Б

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.А

ШҮҮГЧ С.У