Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батсайханы Мөнхзул |
Хэргийн индекс | 148/2016/00309/И |
Дугаар | 421 |
Огноо | 2016-08-08 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 421
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би “Майнд Тэч” ХХК-ний нэхэмжлэлтэй “Өгөөж Моностой” ХХК-д холбогдох “59.362.917 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч танилцаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Майнд Тэч ХХК нь Өгөөж Моностой ХХК 2014 онд №013 дугаартай Зээлийн ба барьцааны гэрээ байгуулан нэг бүр нь 316.000 төгрөгний үнэ бүхий 40 уут нийт 12.640.000 төгрөгний үнэтэй ХБНГУ-д үйлдвэрлэсэн Trapper сортын рапсын үрийг зээлээр нийлүүлсэн.
Зээлийн болон барьцааны гэрээний гол зохицуулалт нь Майнд Тэч ХХК нь Өгөөж Моностой ХХК-нд рапсийн үр зээлээр нийлүүлэх, Өгөөж Моностой ХХК нь зээлээр авсан рапсийн үрийг тарьж ургуулах, ургацын хэмжээг талууд харилцан зөвшилцөж тооцоолох, ургацыг Майнд Тэч ХХК-д буцаан худалдах, Өгөөж Моностой ХХК нь гэрээгээр тохиролцсон хэмжээнээс бага хэмжээгээр ургац нийлүүлсэн, гэрээнд заасан хэмжээний ургац болон илүү ургасан ургацыг Майнд Тэч ХХК-д нийлүүлээгүй, гуравдагч этгээдэд худалдсан тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль төлөх зохицуулалттай гэрээ юм. Гэрээний дагуу Өгөөж Моностой ХХК нь 2014 оны 11-р сарын 01-ний өдөр гэхэд зээлээр авсан үрийн төлбөр, мөн 200 тн ургацыг Майнд Тэч ХХК-нд тушаах ёстой байсан. Өгөөж Моностой ХХК нь гэрээний 2.2-т заасан 2015 оны 11-р сарын 01-ний өдөр гэхэд төлөх байсан төлбөрөөс 117.062 төгрөг төлсөн ба үлдэгдэл төлбөрийг өнөөдрийг болтол төлөөгүй ба гэрээний 5.2-д заасан алданги 6.261.469 төгрөг талууд гэрээгээр тохиролцсон 200 тн ургацаа манай компанид тушаагаагүй ба гэрээний 5.3-д заасан торгууль 40.578.510 төгрөг болж байна. Мөн Өгөөж Моностой ХХК манай компаниас тариалалтын ажилд дэмжлэг хүсэж 2014 оны 08-р сарын 19-ний өдөр 10.000.000 төгрөгийг шатахууны дэмжлэг авсан, үүний төлбөрийг бүрэн төлсөн. Иймд 2014 оны зээлийн үлдэгдэл 12.522.938 төгрөг, алданги 6.261.469 төгрөг, гэрээний 5.3-д заасан торгууль 40.578.510 төгрөг нийт 59.362.917 төгрөгийг Өгөөж моностой ХХК-аас гаргуулахаар нэхэмжилж байна. Гэрээний барьцаа хөрөнгөөр барьцаалсан Өгөөж Моностой ХХК-ийн эзэмшлийн 0206676 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээний дугаартай, 236478 тоот нэгж талбарын дугаар бүхий Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Ар тойлбо Жаргалант тохойд байрлах 100 га газраар зээлийн өр төлбөрийг хангуулж өгнө үү гэжээ.
Зохигчдоос шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Майнд Тэч ХХК нь нэхэмжлэлийн үнийн дүнгээс 40.362.917 төгрөгнөөс татгалзаж, үлдэгдэл 19.000.000 төгрөгийг хариуцагч Өгөөж Моностой ХХК-иас авахаар, хариуцагч Өгөөж Моностой ХХК нь үндсэн гэрээний төлбөр 19.000.000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 01-ний дотор бүрэн төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулав.
Эвлэрлийн гэрээ байгуулсан:
Нэхэмжлэгч Майнд Тэч ХХК-ний захирал У.Мөнхжаргал
Хариуцагч Өгөөж Моностой ХХК-ний захирал Н.Батбаяр...гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Майнд Тэч ХХК нь 59.362.917 төгрөгийг хариуцагч Өгөөж Моностой ХХК-иас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид 19.000.000 төгрөгийн хэмжээнд эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан болох нь 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан зохигчдоос ирүүлсэн дээрх гэрээгээр батлагдаж байна.
Зохигчдын хооронд байгуулсан энэхүү эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Майнд Тэч ХХК-ний нэхэмжлэлтэй Өгөөж Моностой ХХК-д холбогдох “59.362.917 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах” тухай иргэний хэргийн зохигч 19.000.000 төгрөгийн хэмжээнд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 454765 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 19.000.000 төгрөгөнд оногдох улсын тэмдэгтийн хураамж 252950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дахь хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ