Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 16

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Халх боржигин овогт Доржийн Ням даргалж, Нарийн бичгийн дарга Алаг адуун овогт Батцэнгэлийн Долгорсүрэн Улсын яллагч Боржигон овогт Данзансамбуугийн Шинэбал Шүүгдэгч Тайжууд овогт Рэ-ийн Да- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.Да-д холбогдох 1823001630001 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Яруу суманд 1980 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, урьд нь Завхан аймгийн сум дундын 1-р шүүхийн 1998 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 34 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан тусгай ангийн 1231 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар, Завхан аймгийн Сум дундын шүүхийн 2002 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 127 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сарын баривчлах ялаар, Нийслэлийн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 390 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багт оршин суух хаягтай Тайжууд овогт Рэ-ийн Да-.РД/ИХ********/

Шүүгдэгч Р.Да- нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг буюу бусдын 7 адууг хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогч С.*******, Я.*******, Ж.******* нар 2018 оны 11 дүгээр сарын 13- наас 15-ны өдрүүдийн орчимд Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Мөсөн багийн нутаг Хүйтэн нуруу гэдэг газраас хэдэн тооны адуугаа, хэрхэн алдсан талаараа мөрдөн байцаалтын шатанд тодорхой мэдүүлжээ. Тухайлбал хохирогч С.******* “...Завхан а Хохирогч Я.******* “....2018 оны 11 сарын 14-ний үеэр Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Мөсөн багийн Хүйтний чойндон гэх газраас манай адуунаас хүрэн гүү алга болсон байсан. Тэгээд хайгаад олдохгүй цагдаад бүртгүүлсэн юм. Хүрэн гүүгээ буцааж хүлээж авсан. Ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэж, Ж.******* “...Би 2018 оны 11 сарын 14-ний үеэр Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Мөсөн багийн Хүйтэн нуруу гэх газраас адуунаасаа зөв талын хаан дээрээ чандмань тамгатай сартай хундан/хүрэн/ морио алдсан юм. Алдсан морио буцааж авсан, одоо гомдол санал, хохирол нэхэмжлэх зүйлгүй. ” гэж тус тус мэдүүлсэн байна. Хохирогчдын дээрх мэдүүлгүүдээр тухайн цаг хугацаанд 6 адуу алдагдсан болох нь нотлогджээ.

Шүүгдэгч Р.Да- нь дээрх 6 адууг өөр бас нэг халтар гүүний хамт авсан гэдгээ хүлээн “...Би 2018 оны 11 сарын 10-д гараад /өдрийг нь одоо сайн санахгүй байна/ Ховд аймгийн төвөөс Завхан аймаг явна гэсэн машинд суугаад тэр өдрийнхөө орой Эрдэнэхайрхан сумын Хүйтэн нуруу гэх газар бууж үлдээд тэндээ Хүйтний ард хэсэгт адуу цас идээд бөөгнөрсөн байхаар нь явган очиж сартай хүрэн морь бугуйлдаж барьж аваад, би өөрөө эмээл хазаар бугуйлтай явсан юм, эмээлж унаад, дахиад өөр хэсэг адуунаас сартай хүрэн гүү барьж аваад тэрийгээ хөтлөөд бас 5 тооны адуу тусдаа байхаар нь тууж тэндээсээ Ховд аймгийн чиглэлд явсан юм. Өглөө болж гэгээ ортол адуунуудаа тууж яваад нэрийг нь мэдэхгүй ууланд хоргоож өнжөөд орой харанхуй болохоор цааш нь тууж яваад Завхан голын гүүр гарсан юм. Тэгээд дахиад өглөө болж гэгээ орохоор нь Ховд аймгийн бас нэг ууланд хоргоож өнжөөд орой болохоор нь цааш нь тууж Ховд аймгийн Мянгат сумын нутагт Хүрлээ гэдэг айлд очиж тэндээсээ баригдсан юм” гэж мэдүүлжээ. Гэрч У.Хүрлээгийн “...2018 оны 11 сарын 18-ны орой бүтэн сайн өдөр 17 цагаас хойш байх орой 18 цаг болоогүй байсан, гадаа хүний дуу гараад нохой хорь гэж сонсогдсон тэгээд гарсан чинь адуу туусан 1 хүн байсан. Тэр хүн орж ирээд цай унд уугаад манайд 30 орчим минут болсон байхаа. Удалгүй нэг нь цагдаа хувцастай нөгөө хүн нь энгийн хувцастай 2 хүн/цагдаа/ орж ирээд аваад гараад явсан. Харахад 7 тооны адуу харагдсан харанхуй байсан болохоор сайн харж чадаагүй.” гэсэн мэдүүлэг ч мөн шүүгдэгчийн адуу хулгайлан авч тууж явах замдаа гэрт нь ирсэн болон цагдаагийн байгууллагын ажилтнуудад баригдсан байдлыг нотлон гэрчилсэн байна. Түүнчлэн хохирогч С.*******, Я.*******, Ж.******* нарт өөр өөрсдийнх нь адууг хүлээлгэн өгсөн болох нь мөрдөн байцаалтын явцад уг ажиллагааг гүйцэтгэсэн тэмдэглэлүүдээр нотлогдож байна. Шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн дээрх нотлох баримтууд шүүгдэгч Р.Да-гийн 7 тооны адуу авсан гэдгээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгийг давхар нотолж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүний мэдүүлгийг өөрийг нь яллах үндэслэл болгох боломжтой. Ийнхүү Р.Да- бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай тогтоогдсон учир түүнийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй. Шүүгдэгч Р.Да- мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан бөгөөд шүүх хуралдааны үед ч энэ байдлаа илэрхийлж байх тул түүнийг гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, ийнхүү хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, өөрт нь хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн гэж үзэх үндэстэй байна. Хохирогч С.*******ид хул гүү, сартай хүрэн гүү, хээр гүү, шарга унагыг, хохирогч Я.*******од хүрэн гүүг, Ж.*******т хундан морийг тус тус буцаан олгосон бөгөөд хохирогчдын хэн аль нь гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байна. Улсын яллагч шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар тэнсэж, тодорхой үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх саналтайгаар хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлж, шүүх хуралдааны үед дээрх саналаа дэмжжээ. Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, нөхөн төлөх хохиролгүй зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар улсын яллагчийн саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.8, 1.9 болон 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Тайжууд овогт Рэ-ийн Да-г Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан Р.Да-г 1/нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар Р.Да-г тэнссэн 1/нэг/ жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4. Шүүгдэгч Р.Да- тэнссэн 1/нэг/ жилийн хугацаанд хүлээлгэсэн дээрх албадлагын арга хэмжээг зөрчвөл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах журамтай болохыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч Р.Да-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч Р.Да- нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирол төлбөргүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн хяртай,саарал өнгийн гөлөмтэй, 2 ширхэг эсгий тохомтой монгол эмээл, 12 метр урттай суран бугуйл, суран хазаар 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа улсын орлого болгосугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.

9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч нар, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Д.НЯМ