Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 374

 

 Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж, ерөнхий шүүгч Л.Энхтайван, шүүгч Л.Соёлмаа нарын бүрэлдхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг 4 дүгээр хороолол 4 дүгээр байр 115 тоотод оршин суух, 59 настай, эрэгтэй, одоо хувиараа хөдөлмөр эрхэлдэг Их Монгол овогт Хулганаа Төмөртогоогийн /ТИ-57090435/ нэхэмжлэлтэй; 

Хариуцагч:Сэлэнгэ аймгийн Түшиг сумын 1 дүгээр баг Ар нуга гэх газарт оршин суух, 26 настай, эрэгтэй, одоо айлд мал малладаг Жалайр овогт Чойжамцын Баянжаргалд /ДЗ-90021418/ холбогдох 

“Эд хөрөнгөнд учруулсан гэм хорын хохирол 3.045.000 төгрөг гаргуулах тухай”  иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгч Х.Төмөртогоо, иргэдийн төлөөлөгч Ч.Жамъян, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Бүүвэйцэцэг нар оролцов. 

                                                 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Төмөртогоо шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь 2014 оны 10 дугаар сард Дархан сумын “Бид” эмнэлгийн хажууд баригдаж буй барилгын хашаан доторх чингэлэгт тус барилгын компаний захиралтай тохиролцсоны үндсэн дээр мод үржүүлгийн газарт зориулахаар авсан байсан барилгын материал, торуудыг нэг чингэлэгт нь хийж өөрийн цоожоор цоожлон манаачид нь хэлээд  явсан. 2016 оны 06 дугаар сард ажил эхлэх гээд барилгын материалаа авах гэтэл чингэлэгийн цоожийг эвдлээд дотор нь байсан барилгын материалууд алга болсон байсан. Цагдаагийн байгууллагад шалгуулахад манаачийнх нь хүү Ч.Баянжаргал хулгайлсан болох нь тогтоогдож эрүүгийн хэрэг үүсгэсэн боловч “Өршөөл үзүүлэх тухай” хуулинд хамрагдсан гээд 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Прокурорын газрын 563 тоот тогтоолр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Цагдаа дээр байхад ч Ч.Баянжаргал нь ирдэггүй эрэн сурвалжилж байж авчирсан, шүүх дээр ч мөн ирээгүй бас л эрэн сурвалжилж байж олж ирсэн. Гэтэл Ч.Баянжаргал шүүхэд гаргасан тайлбартаа:  “650.000 төгрөгний эд зүйл авсан түүнийг л хүлээн зөвшөөрнө” гэснийг миний хувьд хүлээн зөвшөөрөхгүй. Иймд Ч.Баянжаргалаас эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол 3.045.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. 

Шүүх хуралдаанд уншин сонсгосон хариуцагч Ч.Баянжаргалын шүүхэд гаргасан тайлбартаа:

Түшиг сумын 2 дугаар багийн иргэн Ч.Баянжаргал миний бие барилгын матераилын хашаанд байсан континер дотроос зах зээлийн үнэлгээгээр 650.000 төгрөгний үнэ бүхий эд зүйлийг хэн нэгний зөвшөөрөлгүй авч хэрэглэсэн маань үнэн билээ. Өөр эд хогшил ердөө байхгүй байсан ба өөр юм аваагүй. Би түүнээс өөр зүйлийн эд зйүл хүлээхгүй, бусад зүйлийн хохиролыг би төлөхгүй. Харин 650.000 төгрөгийн эд зүйлийг өөрийн цалингаас болон бололцооныхоо хирээр төлбөрийг нь хийж болох юм гэжээ.

Нэхэмжлэгч Х.Төмөртогоо шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ:

Миний бие Хулганаа овогтой Төмөртогоо нь Чойжамц овогтой Баянжаргалаас хохиролоо барагдуулахаар нэхэмжлэл гаргасан билээ. Анхан шатны шүүхээс шүүх хурал зарлагдсан боловч Ч.Баянжаргал ирээгүй тул байлцуулахгүйгээр хэргийг шүүх хурлаар хэлэлцүүлж өгнө үү. Ч.Баянжаргал үргэлж зугтаагаад байдаг юм гэжээ.  

 

ҮНДЭСЛЭХ нь:

Х.Төмөртогоогийн нэхэмжлэлтэй Ч.Баянжаргалд холбогдох “Эд хөрөнгөнд учруулсан гэм хорын хохирол 4.045.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна. Учир нь: 

Ч.Баянжаргал нь 2015 оны 1 дүгээр сард Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг “Бид” эмнэлгийн хажууд баригдаж буй барилгын чингэлгээс иргэн Х.Төмөртогоогийн эзэмшлийн барилгын материалыг хулгайлж 3.045.000 төгрөгний хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт шалгагдан “Анхны ардчилсан сонгууль байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь болох нь хэрэгт авагдсан 2015 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “Сэжигтнээр байцаасан тэмдэглэл”, “Эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт”, Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 563 дугаартай “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоол зэргээр нотлогдож байна. 

Зохигчид нь эрүүгийн хэрэг шалгагдаж байх явцад хохирлын үнэлгээн дээр маргаагүй бөгөөд харин хариуцагч Ч.Баянжаргал  нь шүүхэд гаргасан тайлбартаа “...миний бие барилгын матераилын хашаанд байсан континер дотроос зах зээлийн үнэлгээгээр 650.000 төгрөгний үнэ бүхий эд зүйлийг хэн нэгний зөвшөөрөлгүй авч хэрэглэсэн маань үнэн билээ...Би түүнээс өөр зүйлийн эд зүйл хүлээхгүй, бусад зүйлийн хохирлыг би төлөхгүй. Харин 650.000 төгрөгийн эд зүйлийг өөрийн цалингаас болон бололцооныхоо хирээр төлбөрийг нь хийж болох юм” гэсэн байгаа хэдий ч хариуцагч нь бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрсөн харин хариуцагч нь үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй талаараа  шүүхэд хүсэлт болон үүнийгээ няцааж нотолсон баримтуудыг гаргаж өгөөгүй байна.

Иймд хариуцагч Ч.Баянжаргалаас эд хөрөнгөнд учруулсан хохирол 3.045.000 төгрөг гаргуулан Х.Төмөртогоод олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгчийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, хариуцагчаас 63670 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй гэж үзлээ.  

Хариуцагчид шүүх хуралдааны товыг боломжит хугацаанд мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу хэрэгт авагдпсан бусад нотолгоог үндэслэн хариуцагчийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийсэн болно. 

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Ч.Баянжаргалаас 3.045.000 төгрөг гаргуулан Х.Төмөртогоод олгосугай.   

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 63.670 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.    

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн  119.4 дэх хэсэгт зааснаар  шүүх  хуралдаанд  оролцсон тал  энэ  хуулийн 119.3 дахь хэсэгт заасан   хугацаа  өнгөрснөөс  хойш 14  хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар 119.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай. 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн   шүүхэд давж заалдах эрхтэй болохыг дурьдсугай.  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.МӨНХЗУЛ

                    ШҮҮГЧИД                        Л.ЭНХТАЙВАН

                                                         Л.СОЁЛМАА