Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 18

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Эрэнмаш  овогт Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж,

Нарийн бичгийн дарга Алаг адуу  овогт  Батцэнгэлийн  Долгорсүрэн

Улсын яллагч Баяжих  овогт  Батжаргалын  Одонтуяа

Шүүгдэгч Алаг адуун овогт   Эр-ын Би-

Хохирогч  Жаргалант овогт Бад-ийн Га-

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Би-д холбогдох 1923000000008 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1985 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Завхан аймгийн Улиастай сумд төрсөн, 33 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт Завхан аймгийн Улиастай сум Жаргалант багийн Алтангийн хэсгийн 5-19 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Алаг адуун овогт Эр-ын Би- Регистрийн дугаар: /ИХ********/

Шүүгдэгч Э.Би- нь  Монгол Улсын Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Алаг адуун овогт Эр-ын Би- нь 2018 оны 01 дүгээр сарын 04-ний орой Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант багийн Алтангийн хэсгийн 5-19 тоотод байрлах өөрийн гэртээ эхнэр Б.Га-ийг зодсон хэргийн үйл баримт нь энэ талаар мэдүүлсэн хохирогч  Б.Га-ийн “...миний зүүн хөлний гуянаас чимхээд ...нүүрэн хэсэгт 2-3 удаа цохичихоод гарч яваад буцаж орж ирчихээд миний цээж хэсэгт нэг удаа цохичихоор нь миний уур хүрээд ...зайл гэж хэлсэн.  Уг асуудлаас болж миний нүд, гуя, цээж хөхөрч, толгой өвдсөн...” гэсэн мэдүүлгээр,

Хохирогч Б.Га-ийн мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч Б.Насан-Эрдэнийн “...Га- нь Би-д хандаж чи алцгар найзуудтайгаа уугаад байдаг юм байсан бид хоёртой болохоор яагаад уудаггүй юм гэж хэрүүл маргаан болж ирсэн чинь Э.Би- нь Га-ийг түлхчих шиг болсон...” гэсэн мэдүүлгээр,

Гэрч Х.Буриадын “ Биндэрьяа  Га-ийг чимхээд  ...цээж рүү нь цохиод нүүр рүү нь 2-3 удаа цохисон...”гэсэн мэдүүлгээр,

Э.Би-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн “...манай эхнэр намайг чи зайл тэр хамт уудаг хүмүүстэйгээ очиж уу гээд тийрээд байхаар нь би эхнэрийнхээ гуянаас нь базчихсан юм. Тэгээд дахиад л намайг зайл ямар ядаргаатай юм гээд хөөгөөд байхаар нь гарынхаа араар дух руу нь нэг удаа цохичихоод зайллаа гэж гараад гадаа зогсож байгаад даараад байхаар нь буцаад ортол эхнэр урдаас зайл чамайг хонуулахгүй гээд байхаар нь би эхнэрийг яасан ядаргаатай юм бэ гээд цээжинд нь гараараа нэг удаа цохичихоод гараад явсан” гэсэн мэдүүлэг, хохирогчийн биед учруулсан гэмтлийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт,  шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.Би-гийн үйлдлийн улмаас хохирогч Б.Га-ийн биед хөнгөн гэмтэл учирсан болох нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 201920025 дугаартай  “Б.Га-ийн биед тархи доргилт, зүүн нүд, баруун бугалга, баруун гуя, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлтээр нотлогджээ.

Э.Биндэрьяа Б. Га- нар нь  Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн  3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан  гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд болох нь хэрэгт авагдсан хохирогч болон яллагдагч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Хохирогч болон гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд  Э.Би-гийн үйлдэл, хэргийн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо.

Шүүгдэгч Э.Би-гийн дээрх мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан гэрч, хохирогчийн мэдүүлгээр давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар үнэллээ.

Шүүгдэгч Э.Би- нь эхнэр Б.Га-ийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт заасан, мөн Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд заасан “хүний халдашгүй дархан байх эрх”, “хүний халдашгүй чөлөөтэй байх, эрүүл мэндийн халдашгүй байдлыг зөрчиж, түүнийг зодсон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн биед халдсан үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзнэ гэжээ.

Э. Биндэрьяагийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр  Б.Га-ийн биед хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь  Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй байна.

Иймд Э.Би-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.Би- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаангүй байна.

Шүүгдэгч Э.Би-г эхнэр Б.Га-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул  Монгол Улсын Эрүүгийн хуулийн  1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

Шүүгдэгч  Э.Би-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхгүйгээр улсын яллагчийн саналын хүрээнд  торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.2, 1.5, 1.6, 1.8-д  заасан, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Алаг адуун овогт Эр-ын Би-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн  11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Би-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000/дөрвөн зуун  тавин  мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан  шүүгдэгч Э.Би-д  оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 02 /хоёр /сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр буюу сард 225000 /хоёр зуун хорин таван мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Би-д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000/ дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж /15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.

5.Шүүгдэгч  Э.Биндэрьяад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Шүүгдэгч Э.Би-гийн хувьд ногдох хөрөнгөнөөс Hyundai porter маркийн 27-93 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

7.Шүүгдэгч Э.Би- нь тогтоол гарахын өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.

9.Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан эсхүл эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА