Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 377

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг Буур хээр 2 дугаар хэсэг 134 тоотод оршин суух цахим үнэмлэхний хаягтай, одоо Сүхбаатар сумын 4 дүгээр баг 5 дугаар хэсэг 059 тоотод оршин суух, 48 настай, эмэгтэй, одоо хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Боржигон овогт Ламзавын Жаргалнэмэхийн /СП-67112006/ нэхэмжлэлтэй; 

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг Салхит 3 дугаар хэсэг 130 тоотод оршин оршин суух, 28 настай, эрэгтэй одоо эрхэлсэн тодорхой ажилгүй Боржигон овогт Анхбаярын Баярсайханд /МЮ-87101877/ холбогдох

  “Эцэг байх эрх хасуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай“ иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгч Л.Жаргалнэмэх, хариуцагч А.Баярсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Жаргалнэмэх шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Манай охин Ж.Туяа нь 2009 онд А.Баярсайхантай гэр бүл болж улмаар гэрлэлтээ батлуулан 2010 оны 02-р сарын 13-нд хүү Б.Хишигбаяр төрсөн. Миний охин Ж.Туяа уушигны сүрьеэ өвчин тусч хүндэрч 2015 оны 08 дугаар сарын 30-ны өдөр нас барсан. А.Баярсайхан нь манай охин Ж.Туяатай хамт амьдарч байх хугацаандаа байнга дарамтанд байлгаж эцэст нь манай охин маань нөхрөөсөө тусдаа амьдрахаар болоод 2012 оны хавар манай охин надтай хамт амьдарч байгаад нас барж, одоо зээ хүү Б.Хишигбаяр нь надтай хамт амьдарч байна. Цаашид би зээ хүүгээ би өөрийнхөө асрамжинд байлгаж өөрийнхөө төрүүлсэн хүүхэд шиг өсгөнө гэж бодож байна. 

Миний хувьд шүүхэд нэхэмжлэл гаргахдаа А.Баярсайханы эцэг байх эрхийг хасуулах шалтгаан нь А.Баярсайхан нь эхнэрээ төрсөн цагаас нь хойш ямар ч нөхрийн хайр халамжгүй, хүүхдээ төрсөн цагаас нь хойш эцэг хүний үүргээ биелүүлэхгүй мөн эхнэрээ байнга гэр бүлийн дарамтанд байлгадаг байсан учир эцэг байх эрхийг нь хасуулах хүсэлтэй байна. Сүүлдээ манай охин над дээр ирэхдээ их сэтгэлийн дарамтанд байсан. Миний хувьд А.Баярсайханы эцэг байх эрхийг нь хасуулая гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан шалтгаан нь эхнэр, хүүхэддээ анхаарал халамжгүй байсан эцэг хүний үүргээ биелүүлж чадаагүй гэж би А.Баярсайханд гомдсондоо эцэг байх эрхийг нь хасуулъя гэж бодож байна. Мөн А.Баярсайханаас хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар урьд хийсэн шүүх хуралдаанд нэмэлт шаардлага гаргаж, зээ хүү Б.Хишигбаяраа өөрийн асрамжиндаа үлдээх хүсэлтэй байна гэх.   

Хариуцагч  А.Баярсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би Ж.Туяатай 2009 оны 04-р сард  гэр бүл болж гэрлэлтээ батлуулж 2010 оны 02 дугаар сарын 13-нд хүү Б.Хишигбаяр төрсөн. Бид хоёр хамт амьдрах хугацаанд эв түнжин сайтай байсан. 2013 оны 03 дугаар сард бага сага зүйлээс  болж маргалдаж манай эхнэр хааяа ээж дээрээ очиж амьдарна гээд явчихдаг байсан. Манай эхнэр хатгаа өвчин тусаад нэг хэсэг өвчтэй байх хугацаандаа өөрөө “ээж дээрээ баймаар байна” гэхээр нь би нэг хэсэг хадам ээж дээрээ эхнэрээ байлгаж байсан. Тэр үед би эхнэр, хүүхэд хоёроо хадам ээжийнд амьдарч байх хугацаанд байнга эргэж очиж асрамжилдаг байсан. Би тухайн үед Улаанбаатар хотод барилгын ажил хийдэг байсан. Манай талийгаач 2014 оны 11 дүгээр сард өөр хүнтэй гэр бүл болж тэднийдээ байж байгаад өвчний улмаас нас барсан. Хүү маань манай хадам ээж болох Л.Жаргалнэмэхийн асрамжинд байдаг. Миний зүгээс эцэг байх эрх хасуулах талаар татгалзаж хүлээн зөвшөөрөхгүй. Би хүүдээ янз бүрийн ааш араншин гаргаж байгаагүй учир санал нийлэхгүй байна. Мөн өөрөө ажилгүй учраас хүүхдийн тэгэлэг төлөх асуудалд санал нийлэхгүй байна. Миний хувьд боломжтой үедээ хүүхэддээ байнга тусламж дэмжлэг үзүүлнэ. Урьд нь ч дэмжлэг үзүүлж байсан одоо ч үзүүлж байгаа. Хүүхдийн асрамжийн асуудалд маргаан байхгүй эмээгийнх нь асрамжинд үлдээнэ гэх. 

Сэлэнгэ аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэсийн 2016 оны 21-ний өдрийн 131 дугаартай нөхцөл байдлын үнэлгээний дүгнэлтээс:

...А.Баярсайхан, Ж.Туяа нар нь 2008 онд танилцаж улмаар 2009 онд гэр бүл болж 2010 онд хүү Б.Хишигбаярыг төрүүлсэн байна. Хүү Б.Хишигбаярыг 3 нас хүртэл нь хамт амьдарч байгаад 2013 оны 04 дүгээр сараас эхлэн тусдаа амьдарсан байна. Хамт амьдарч байх хугацаандаа хоорондоо таарамж муутай байгаагүй ч эрүүл мэндийн хувьд эхнэр Ж.Туяа өвчтэй байсан байна. Эхнэр Ж.Туяа буюу талийгаач маань өөрөө төрсөн гэртээ хүүтэйгээ хамт ирж ээж, дүү нарын хамт амьдарсан байна. Энэ хугацаанд эмчилгээ хийлгэж эмнэлэгт хэвтэж байгаад 2015 оны намар нас  баржээ. Үүнээс хойш хүү Б.Хишигбаяр нь эмэг эх Л.Жаргалнэмэхийн асрамжинд үлджээ. Хүү Б.Хишигбаярыг эмээ нь өсгөн хүмүүжүүлж анхаарал халамж тавьж байна. Хүү Б.Хишигбаяр эмээ Л.Жаргалнэмэхийн асрамжинд төрсөн цагаасаа эхлэн хамтдаа байсан бөгөөд эмээгээсээ холдож үзээгүйг 2 сараас хойш 6 сар хүртэлх хугацаанд ажиглагдаж байлаа. 

Цаашид хүүхдийн эрүүл аюулгүй таатай орчинг бүрдүүлж, асрамж халамжаар дүүрэн өсгөн хүмүүжүүлэх нөхцөл бололцоо хангалттай байна. Мөн хүү Б.Хишигбаяр эмээтэйгээ хамтдаа байж төрж өссөн орчиндоо байх нь чухал гэж дүгнэлээ гэжээ.  

 

ҮНДЭСЛЭХ нь:

Л.Жаргалнэмэхийн нэхэмжлэлтэй А.Баярсайханд холбогдох “Эцэг байх эрхийг нь хасуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ. Үүнд: 

Нэхэмжлэгч Л.Жаргалнэмэх нь А.Баярсайханд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас “эцэг байх эрх хасуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хүүхдийн асрамжийг хэвээр үлдээх, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ. 

1.А.Баярсайхан, Ж.Туяа нар нь 2009 онд гэр бүл болж 2009 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлж, 2010 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүү Б.Хишигбаяр төрж хамтран амьдарч хүүхдээ өсгөн хүмүүжүүлж байсан болох нь зохигчдын шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар мэдүүлгүүдээр нотлогдож байна. Харин Ж.Туяа нь хүнд өвчний улмаас эмнэлэгт хэвтэж, эмчилгээ хийлгэхээр өөрийн төрсөн ээж Л.Жаргалнэмэхийнд хүүгийн хамт 2013 онд ирж амьдарсан байна. 2015 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүнд өвчний улмаас нас барж хүү Б.Хишигбаяр нь эмээ Л.Жаргалнэмэхийн асрамжинд үлдсэн болох нь хэрэгт авагдсан Сүхбаатар сумын 4 дүгээр багийн засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1568 тоот тодорхойлолт, Ж.Туяагийн нас барсны №0000137453 дугаартай “Нас барсны гэрчилгээ”, Улсын бүртгэлийн хэлтсийн 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 00/003663 дугаартай “Нас барсны бүртгэлийн лавлагаа”, Сүхбаатар сумын засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 13-ны А/03 дугаартай “Асран хамгаалагч тогтоох тухай” захирамж, Сэлэнгэ аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэсийн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 131 тоот “Нөхцөл байдлын үнэлгээ” зэргээр нотлогдож байх тул 2010 оны 02 дугаар сарын 13-ны өдөр төрсөн Б.Хишигбаярыг эмэг эх Л.Жаргалнэмэхийн асрамжинд хэвээр үлдээж,  Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар 2010 оны 02 дугаар сарын 13-ны өдөр төрсөн Б.Хишигбаярыг 11 нас хүртэл нь тухайн орон нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн 50 хувиар, 40.1.2-т зааснаар 16-18 нас хүртэл нь амьжиргааны түвшингийн хэмжээгээр эцэг А.Баярсайханаар тэжээн тэтгүүлэх нь  зүйтэй гэж үзлээ. 

2.Л.Жаргалнэмэх нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...А.Баярсайханы эцэг байх эрхийг хасуулах шалтгаан нь А.Баярсайхан нь эхнэрээ төрсөн цагаас нь хойш ямар ч нөхрийн хайр халамжгүй, хүүхдээ төрсөн цагаас нь хойш эцэг хүний үүргээ биелүүлэхгүй мөн эхнэрээ байнга гэр бүлийн дарамтанд байлгадаг байсан учир эцэг байх эрхийг нь хасуулах хүсэлтэй байна. Сүүлдээ манай охин над дээр ирэхдээ их сэтгэлийн дарамтанд байсан. Миний хувьд А.Баярсайханы эцэг байх эрхийг нь хасуулая гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан шалтгаан нь эхнэр, хүүхэддээ анхаарал халамжгүй байсан эцэг хүний үүргээ биелүүлж чадаагүй гэж би А.Баярсайханд гомдсондоо  эцэг байх эрхийг нь хасуулъя гэж бодож байна...” гэсэн байх бөгөөд эцэг байх эрх хасах талаарх гол үндэслэл болсон эцэг байх эрхээ урвуулан ашигласан тухайлбал:

Хүүхдээ хаях, санаатай төөрүүлэх, тарчлаан зовоох, барьцаалах, шунахай зорилгоор ашиглах, эрх зүйн зөрчилд татан оролцуулах, хүүхэдтэйгээ удаа дараа хэрцгий харьцсан, сэтгэл санааны хүнд дарамтад байлгасан, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээс санаатай зайлсхийсэн, согтууруулах, мансууруулах бодис байнга хэрэглэдэг зэрэг байдлуудыг нотолсон нотлох баримтуудаа гаргаж ирүүлээгүй, нотолж чадахгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Энэ нэхэмжлэлийн үнийн дүн нь А.Баярсайханаас хүү Б.Хишигбаярт төлөх тэтгэлэгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тодорхойлогдох тул (/164.300:2х2х12=1.971.600 төгрөг) улсын тэмдэгтийн хураамжинд 28.195 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах, нэхэмжлэгчийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2329 дугаартай захирамжаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурьдаж, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй гэж үзлээ. 

 

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг  удирдлага болгох ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2010 оны 02 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү Б.Хишигбаярыг эмэг эх Л.Жаргалнэмэхийн асрамжинд хэвээр үлдээсүгэй.

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зйүлийн 40.1.1-д зааснаар 2010 оны 02 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү Б.Хишигбаярыг 11 нас хүртэл нь орон нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн 50 хувиар, 40.1.2-т зааснаар 11-18 нас хүртэл нь амьжиргааны түвшингийн хэмжээгээр эцэг А.Баярсайханаар тэжээн тэтгүүлсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д зааснаар А.Баярсайханы эцэг байх эрх хасуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2329 дугаартай захирамжаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурьдаж, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай. 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар А.Баярсайханаас 28195 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.  

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болохыг дурьдсугай

 7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн  119.4-д зааснаар  шүүх  хуралдаанд  оролцсон тал  энэ  хуулийн 119.3-т заасан   хугацаа  өнгөрснөөс  хойш 14  хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай. 

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл, 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд давж заалдах  эрхтэй. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.СОЁЛМАА