| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2019/0352/э |
| Дугаар | 0382 |
| Огноо | 2019-03-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Алтансүх |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 0382
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,
нарийн бичгийн дарга: Д.Амуундарь
улсын яллагч: Ч.Алтансүх
шүүгдэгч: Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт У овогт Б Д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1906008360398 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, У овогт Б Д,19 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Увс аймгийн Хяргас суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Нарантуул ОУХТөвд харуул ажилтай, ам бүл 1, Баянзүрх дүүргийн дугаар хороо Зүүн Алтан-Өлгийн дугаар гудамжны тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД:,
Холбогдсон хэргийн талаар:
Б.Д нь согтуугаар 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн дугаар хороо Зүүн Алтан-Өлгийн дугаар гудамжны тоотод хамтран амьдрагч Н.Ц хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй, сая уншсан яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүгдэгч Б.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би ажлаа тараад нэг найзтайгаа Цайз захын хойно нэг шил архи хувааж уучихаад гэртээ 11.00 цаг өнгөрөөд очсон. Манайд хүн байгаагүй тэгэхээр нь би эхнэр Ц руу ярьтал ажил тараагүй байна гэхээр нь би хурдан ирээрэй гэж хэлчихээд унтаад өгсөн. Ц хэзээ ирсэнийг би мэдээгүй. Ць хамт ажилладаг Он хамт ирсэн байсан. Би эхнэртээ эртхэн ирэхэд яадгийн гээд жоохон уурласан. Гэтэл ажил тараад л ирлээ ш дээ гээд бид хоёр жоохон маргасан. Тэгээд би эхнэртээ гэртээ байхгүй юм бол юмаа аваад яваарай гэж хэлсэн. Тэгтэл Ць юмаа аваад явлаа гээд аяга шанага, хивс энэ тэрийг буулгаад эхлэхээр нь би очоод чи яах гээд байгаа юм гэж хэлээд болиулах гээд бариад авсан чинь өөдөөс үгүй гээд бид хоёр хэрэлдэж маргалдсан. Энэ явдал нилээн удаан үргэлжилсэн. Бид хоёр хамт амьдраад 5 жил болж байгаа юм. Би Ц гар луу 4-5 удаа цохисон, хөлний булчин хавьд нь гараараа 2-3 удаа өшиглөсөн. Гадаа хэрэлдэж байхдаа үснээс нь зулгаасан байж магадгүй. Би зарим зүйлийг санахгүй байгаа юм гэжээ. /хх-ийн 18/
Хохирогч Н.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өглөө ажлаасаа буугаад байж байсан чинь миний утас руу нэг танихгүй эмэгтэй залгаад чи одоо хүүхэд хамаг юмаа аваад манай гэрээс яв гэж хэлээд элдвээр доромжлоод байхаар нь юм хэлэлгүй утсаа салгасан. Орой ажлаасаа 17.00 цагийн орчимд тараад ажлыхаа газрын Ой хамт гэртээ очсон чинь Д архи уусан бололтой согтуу миний хамаг юмыг бөөгнүүлээд тавьчихсан байж байсан. Тэгээд би яаж байгаа юм бэ гэхэд миний өөдөөс хэрэлдсэн. Д аяга аваад шидтэл миний хазрын зүүн хэсэгт оносон ба над руу дайраад үснээс зулгаагаад намайг газар унагаасан. О салгах гэтэл улам дайраад миний гар луу хөлөөрөө өшиглөсөн. Тэгэхээр нь би арай гэж салаад чамайг би цагдаад өгнө чи удаа дараа ийм үйлдэл гаргаж байгаа гэхэд намайг хөөсөн. Би гэрээсээ гараад зугтаагаад хашааныхаа зүүн талд байдаг худгын орчимд явж байтал араас гүйцэж ирээд намайг цементэн шалан дээр чирсэн. Мөн миний утсыг дэвсээд эвдэлсэн гэжээ. /хх-н 9-13/
Гэрч Д.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2019 оны 1 дүгээр сарын 14-ны өдөр Ц хамт Х буудал дахь ажил дээрээ хамт гараатай байсан. Бид хоёр 15-ны орой буусан. Тэгээд буух гэж байхад Цн утас руу нэг хүн залгаад доромжлоод байр сууриа тавьж өг бид хоёрын амьдралд битгий саад хийгээд бай гээд байсан. Ер нь өмнө нь нөхөр нь болох Дү мөн утсаар доромжлоод байдаг л байсан. Ер нь Д их хартай гараатай өдөр нь хардаад доромжлоод байдаг юм. Тэгээд Ц бид хоёр гэрт нь хамт очсон. Бид хоёрыг гэрт нь ороход Д согтуу байсан шууд л Цг доромжлоод аяга таваг аваад шидлээд унасан. Ць миний утсанд симээ хийчихсэн байсан ба цагдаа дуудна гэсэн чинь утсыг маань аваад эвдчихсэн. Тэгээд тэр хоёр зууралдаад гараад явсан. Би салгах гэсэн боловч дийлээгүй. Намайг дуудхаар нь Ць дээр очтол нүүр ам нь нил цус болчихсон хувцас хунар нь шороотой холилдсон байсан. Д зугтаад алга болчихсон байсан гэжээ. /хх-н 14-15/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н /
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн 1454 тоот шинжилгээ дүгнэлтэд:
1.Н.Ц биед тархи доргилт, зүүн шанаа, эрүү, хоёр бугалга, хоёр шуу, баруун сарвуу, баруун гуя, баруун өвдөг, хоёр шилбэ, баруун өгзөгт цус хуралт, баруун алга, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 19/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 20-21/
Б.Д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 45-46/
Б.Д иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 28/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 26 /, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 27/
Б.Д Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 40/, прокурорын тогтоол /хх-н 41/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 43/ зэрэг болно.
Б.Д нь 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Зүүн Алтан-Өлгийн 22 дугаар гудамжны 336 тоотод буюу гэртээ хамтран амьдрагч Н.Ц хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Н.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Далхүү архи уусан бололтой согтуу миний хамаг юмыг бөөгнүүлээд тавьчихсан байж байсан. Тэгээд би яаж байгаа юм бэ гэхэд миний өөдөөс хэрэлдсэн. Д аяга аваад шидтэл миний хацрын зүүн хэсэгт оносон ба над руу дайраад үснээс зулгаагаад намайг газар унагаасан. О салгах гэтэл улам дайраад миний гар луу хөлөөрөө өшиглөсөн. Тэгэхээр нь би арай гэж салаад чамайг би цагдаад өгнө чи удаа дараа ийм үйлдэл гаргаж байгаа гэхэд намайг хөөсөн. Би гэрээсээ гараад зугтаагаад хашааныхаа зүүн талд байдаг худгын орчимд явж байтал араас гүйцэж ирээд намайг цементэн шалан дээр чирсэн. Мөн миний утсыг дэвсээд эвдэлсэн гэсэн мэдүүлэг /хх-н 9-13/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн 1454 тоот шинжилгээ дүгнэлтээр: Н.Ц биед тархи доргилт, зүүн шанаа, эрүү, хоёр бугалга, хоёр шуу, баруун сарвуу, баруун гуя, баруун өвдөг, хоёр шилбэ, баруун өгзөгт цус хуралт, баруун алга, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 19/
Гэрч Д.О мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Бид хоёрыг гэрт нь ороход Д согтуу байсан шууд л Ц доромжлоод аяга таваг аваад шидлээд унасан. Ц миний утсанд симээ хийчихсэн байсан ба цагдаа дуудна гэсэн чинь утсыг маань аваад эвдчихсэн. Тэгээд тэр хоёр зууралдаад гараад явсан. Ц дээр очтол нүүр ам нь нил цус болчихсон хувцас хунар нь шороотой холилдсон байсан гэсэн мэдүүлэг /хх-н 14-15/
Шүүгдэгч Б.Д мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... би эхнэртээ гэртээ байхгүй юм бол юмаа аваад яваарай гэж хэлсэн. Тэгтэл Ц юмаа аваад явлаа гээд аяга шанага, хивс энэ тэрийг буулгаад эхлэхээр нь би очоод чи яах гээд байгаа юм гэж хэлээд болиулах гээд бариад авсан чинь өөдөөс үгүй гээд бид хоёр хэрэлдэж маргалдсан. ...Би Ц гар луу 4-5 удаа цохисон, хөлний булчин хавьд нь гараараа 2-3 удаа өшиглөсөн. Гадаа хэрэлдэж байхдаа үснээс нь зулгаасан байж магадгүй гэсэн мэдүүлэг зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Б.Д нь өөрийн хамтран амьдрагчийг гэртээ байхгүй бол яваарай гэж хэлж маргаан үүсгэж хоорондоо маргалдаж улмаар Н. аягаар шидэж, үснээс нь зулгаан цементэн дээр чирсэнээс Н.Ц биед тархи доргилт, зүүн шанаа, эрүү, хоёр бугалга, хоёр шуу, баруун сарвуу, баруун гуя, баруун өвдөг, хоёр шилбэ, баруун өгзөгт цус хуралт, баруун алга, зүүн сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Б.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч Н.Ц шүүхэд нэхэмжлэл гаргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгаа боловч шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчаас санал болгосон ялыг шүүгдэгчийн гэм бурууд тохирч байна гэж үзэж 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 4 сарын дотор нэг сард 175.000 төгрөг хэсэгчлэн төлөхөөр, шүүгдэгчийн сард олох орлогын байдлыг харгалзан тогтоов.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. У овогт Б Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Д 700 нэгжтэй тэнцэх хэмжээний 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Д нь торгох ялыг 4 сарын дотор нэг сард 175.000 төгрөг хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Д нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Б.Д нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч шүүхэд нэхэмжлэл гаргаагүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН