Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ламжавын Соёлмаа |
Хэргийн индекс | 148/2016/00293/И |
Дугаар | 359 |
Огноо | 2016-07-01 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 359
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн, шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа би Зүүнбүрэн сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй Б.Дэлгэржаргалд холбогдох “Сум хөгжүүлэх сангийн зээл, зээлийн хүү, хугацаа хэтэрсэн алданги 3.434.112 төгрөг гаргуулах“ тухай иргэний хэргийг 2016 оны 06-р сарын 22-ны өдөр хүлээн авч танилцаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Бэлчир 2-р багт оршин суух Бавуугийн Дэлгэржаргал нь 2012 оны 05-р сарын 03-ны өдөр Сум хөгжүүлэх сангаас “Хүнсний бусад бүтээгдэхүүн” төсөл хэрэгжүүлэхээр 2.000.000 төгрөгийг 20144 оны 05-р сарын 03-ны өдөр эргэн төлөх нөхцөлтэйгээр зээл авсан. Иргэн Б.Дэлгэржаргал нь зээлээ гэрээнд заасны дагуу зээлийн төлөлт, түүний хүүг хугацаа хэтрүүлэн, зээлийн гэрээний 2.5 дахь заалтыг зөрчиж, удаа дараа зээл төлөх шаардлага, мэдэгдэл хүргүүлсэн боловч одоог хүртэл төлж барагдуулаагүй тул зээлийн үлдэгдэл 1.049.184 төгрөг, зээлийн хүү 118.368 төгрөг, хугацаа хэтэрсэн алданги 2.266.560 төгрөг, нийт 3.434.112 төгрөгийг төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Зохигчид нь шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:
Нэг талаас нэхэмжлэгч Зүүнбүрэн сумын Засаг даргын Тамгын газрын Төрийн сангийн мэргэжилтэн, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батцэцэг
Нөгөө талаас хариуцагч Зүүнбүрэн сумын Бэлчир 2-р баг 3-р хэсэгт амьдран суугч Бавуугийн Дэлгэржаргал
1.МЖ-69100410 регистрийн дугаартай Бавуу овогтой Дэлгэржаргал Сум хөгжүүлэх сангийн зээл 1.049.184 төгрөг, хүү 118.368 төгрөг, нийт 1.049.184 төгрөгөнд бодогдсон алданги 2.266.560 төгрөгийг хүчингүй болгох эвлэрлийн гэрээ байгуулав.
2.Бавуу овогтой Дэлгэржаргал нь үндсэн зээл 1.049.184 төгрөг, хүү 118.368 төгрөг нийт 1.167.552 төгрөгийг зээл төлөх графикийн дагуу 2016 оны 08-р сарын 31-ний дотор төлж дуусгах, төлж дуусаагүй тохиолдолд гэрээн заасны дагуу алданги тооцох болно.
Б.Дэлгэржаргалын Сум хөгжүүлэх сангийн зээл төлөх график:
2016 оны 07-р сарын 30-ны өдөр -200.000 төгрөг
2016 оны 08-р сарын 31-ний өдөр -967.552 төгрөг нийт 1.167.552 төгрөг.
Эвлэрлийн гэрээ байгуулсан:
Нэхэмжлэгчийн
итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батцэцэг
Хариуцагч Б.Дэлгэржаргал гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Зүүнбүрэн сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй Б.Дэлгэржаргалд холбогдох “Сум хөгжүүлэх сангийн зээл, зээлийн хүү, хугацаа хэтэрсэн алданги 3.434.112 төгрөг гаргуулах“ тухай иргэний хэргийн зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Уг гэрээгээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батцэцэг нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох хугацаа хэтэрсэн алданги 2.266.560 төгрөгнөөс татгалзаж, үлдэх 1.167.552 төгрөгийг гаргуулахаар, хариуцагч Б.Дэлгэржаргал нь уг мөнгийг 2016 оны 07-р сарын 30-ны өдөр 200.000 төгрөг, 2016 оны 08-р сарын 31-ний өдөр 967.552 төгрөгийг графикийн дагуу төлж барагдуулахаар, уг графикийн дагуу төлж барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэгч талаас гэрээнд заасны дагуу алданги тооцохоор болж талууд эвлэрэн хэлэлцсэн байна.
Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Мөн нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаад, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлага болох 1.167.552 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 32.571 төгрөгний тал хувь 16.285 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Зүүнбүрэн сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй хариуцагч Б.Дэлгэржаргалд холбогдох “Сум хөгжүүлэх сангийн зээл, зээлийн хүү, хугацаа хэтэрсэн алданги 3.434.112 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийн зохигчид нь 1.167.552 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч Зүүнбүрэн сумын Засаг даргын Тамгын газар нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаад, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлага болох 1.167.552 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 32.571 төгрөгний тал хувь 16.285 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Л.СОЁЛМАА