Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 1432

 

"Шинрёпринтс" ХХК-ийн  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Дамдин-Од, Ч.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2016/04377 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Шинрёпринтс” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

 

Үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2/47, 2/48, 2/49 тоот тогтоолуудыг хүчингүй болгож, дуудлага худалдааны үнэлгээг хүчингүй болгох тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Энхболдын гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Ч.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Цэрэнсодном,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Шинрёпринтс” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Энхболд шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 3427 дугаар захирамжаар "Шинрёпринтс" ХХК-иас 1 081 803 568 төгрөгийг гаргуулан Капитрон банкинд олгохоор шийдвэрлэсэн.

Энэхүү шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 26 дугаар байрны 31 тоот хаягт байрлах 34 м.кв орон сууцыг 118 353 895 төгрөгөөр, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын ам, 5.000 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газрыг 37 071 667 төгрөгөөр, Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Хар Усан тохойд байрлах 700 м.кв талбай бүхий газрыг 17 516 970 төгрөгөөр тус тус үнэлж зах зээлийн үнэлгээнээс хэт багаар тооцож үнэлэн дуудлага худалдаанд оруулж байна.

Төлбөр төлөгчийн зүгээс 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хандан шинжээчийн үнэлгээ хэт бага байгаа нь манай байгууллагын эрхийг зөрчиж байгаа тухай мэдэгдэж дахин үнэлгээчин томилуулах тухай хүсэлт гаргасан хэдий ч 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 3/82 тоот албан бичгээр татгалзсан хариу ирүүлсэн.

Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны үл хөдлөх хөрөнгө, дуудлага худалдаанд оруулах тухай 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2/47, 2/48, 2/49 тоот тогтоолуудыг хүчингүй болгож, дахин шинжээчийн үнэлгээг гаргуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжилсэн төлөөлөгчөөс с  шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан төлбөр төлөгч "Шинрёпринтс" ХХК-ийн захирал Д.Энхболдын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохойн 700 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газар, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын ам, 5000 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газар, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан улсын бүртгэлийн Ү-2203006203 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол 26 дугаар байрны 31 тоот орон сууц, төлбөр төлөгч "Шинрёпринтс" ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн X-2203000002 дугаарт бүртгэгдсэн Скрийн катана 5055 №2072, Полли 466 АРН №10489, Полли 266 АРН №14601, Ферфекта 115 №72322, МВО Г 520 №Р10/Р20, Евройталиа 700 С/НПФ №015, Сиглоч СБ500 №С-4361099, Вохленберг Спринтер 7009 №129, Хохнер Эксакт №99.007.748 шинж төлөв бүхий 9 ширхэг хэвлэх үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 02/07 дугаартай тогтоолоор битүүмжлэн, 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 02/07 дугаартай тогтоолоор хураасан.

Төлбөр төлөгч, төлбөр авагч талуудаас үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналыг авахад харилцан тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээч 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол 26 дугаар байрны 31 тоот орон сууцыг 118 353 895 төгрөгөөр, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохойн 700 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газрыг 17 516 970 төгрөгөөр, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын ам, 5000 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газрыг 37 071 667 төгрөгөөр, 9 ширхэг хэвлэлийн тоног төхөөрөмжүүдийг 365 000 000 төгрөгөөр тус тус үнэлсэн.

Дээрх барьцаа хөрөнгүүдийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас зохион байгуулсан анхны албадан дуудлага худалдаанд шинжээчийн үнэлсэн үнэлгээ болох зах зээлийн үнийн 70 хувиар тус тус бууруулан 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр оруулахад худалдан борлогдоогүй.

Иймд төлбөр төлөгч "Шинрёпринтс" ХХК-ийн захирал Д.Энхболд нь үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээнд үндэслэлгүйгээр гомдол гаргаж төлбөр төлөхөөс санаатайгаар зайлсхийж, хугацаа хожих замаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

           

Шүүх:Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар "Шинрёпринтс" ХХК-ийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2/47, 2/48, 2/49 тоот үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолууд болон дуудлага худалдааны үнэлгээг хүчингүй болгож дахин шинжээч томилохыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Тус шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 101/Ш32016/10109 дугаартай шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжийн үйлчлэлийг энэ өдрөөс дуусгавар болсонд тоож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч "Шинрёпринтс" ХХК улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Шинрёпринтс" ХХК-ийн  төлөөлөгч Д.Энхболд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШШ2016/04337  дугаартай шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны үл хөдлөх хөрөнгө дуудлага худалдаанд оруулах тухай 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2/49, 2/48, 2/47 тоот тогтоолуудыг хүчингүй болгож, дахин шинжээчийн үнэлгээг гаргуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалган шийдвэрлэж өгнө үү.

Иймд тус шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн маргаанд эрх зүйн үндэслэлтэй дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч “Шинрёпринтс” ХХК,  хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулж  үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2/47, 2/48, 2/49 тоот тогтоолуудыг хүчингүй болгож, дуудлага худалдааны үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагчаас нэхэмжлэлийг эс зөвшөөрч хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбар гаргаж мэтгэлцсэн байна.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 3427  дугаартай захирамжаар “Шинрёпринтс” ХХК нь  1 078 827 524  төгрөгийг 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр  Капитрон банкинд төлж барагдуулахаар, эвлэрлийн гэрээнд заасан хугацаанд үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар зохигчдын эвлэрлийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулжээ.

 

Хариуцагчаас нэхэмжлэгчид төлбөрийг сайн дураар төлөхийг мэдэгдсэн мэдэгдэл хүргүүлж,   2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 2015/01, 1015/02, мөн сарын 117-ны өдрийн  04/03, 02/07  дугаар эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор ажиллагаа хийж, мөн сарын 24-ний өдөр эд хөрөнгийг хураах тогтоол гаргаж, төлбөр төлөгчөөс төлбөрөө сайн дураар биелүүлээгүй, барьцааны хөрөнгийн үнийн   талаар төлбөр төлөгч, төлбөр авагч нар тохиролцоогүйгээс  шинжээчээр  “БЭСГЭ төв” ХХК-ийг томилж, шинжээч 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол 26 дугаар байрны 31 тоот орон сууцыг 118 353 895 төгрөгөөр, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохойн 700 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газрыг 17 516 970 төгрөгөөр, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын ам, 5 000 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газрыг 37 071 667 төгрөгөөр, 9 ширхэг хэвлэлийн тоног төхөөрөмжүүдийг 365 000 000 төгрөгөөр тус тус үнэлгээ тогтоолгож  /хэргийн 58-73 дугаар тал/ улмаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хөрөнгийн  үнэлгээний талаар мэдэгдлийг төлбөр төлөгчид хүргүүлж,  “Шинрёпринтс" ХХК  мөн сарын  29-ний өдөр уг мэдэгдлийг хүлээн авсан үйл баримт тогтоогдсон байна.

 

Нэхэмжлэгч “Шинрёпринтс" ХХК үнэлгээг зөвшөөрөхгүй тухай гомдлыг шүүхэд 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр  гаргахдаа үл хөдлөх хөрөнгийн үнийн 70 хувиар тогтоож  анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар тогтоосныг зөвшөөрөхгүй гэсэн бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт  “Төлбөр төлөгч, төлбөр авагч эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасан хугацааг хэтрүүлсэн байна.

 

Дээрх барьцаа хөрөнгүүдийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас зохион байгуулсан анхны албадан дуудлага худалдаанд шинжээчийн үнэлсэн үнэлгээ болох зах зээлийн үнийн 70 хувиар тус тус бууруулан 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр албадан дуудлага худалдаанд оруулахад худалдан борлогдоогүй, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт заасны дагуу зах зээлийн үнийн 50 хувиар бууруулан нийтэд мэдээлэх ажиллагааг хариуцагчаас  хийгдсэн гэжээ.

 

Хуулиар анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны доод үнийг үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгчийн харилцан тохирч тогтоосон, эсвэл үнэлгээчиний тогтоосон зах зээлийн үнийн 70, 50 хувиар тогтоож зохицуулсан тул хариуцагч үнэ тогтоогоогүй, түүнийг буруутгах үндэслэл байхгүй болно.

 

Иймд нэхэмжлэгч “Шинрёпринтс" ХХК-ийн  хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт багаар тооцож үнэлэн дуудлага худалдаанд оруулж байгааг зөвшөөрөхгүй, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны  үл хөдлөх хөрөнгө, дуудлага худалдаанд оруулах тухай 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2/47, 2/48, 2/49 тоот тогтоолуудыг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг  хангахгүй орхив.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

           1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны  өдрийн 101/ШШ2016/04377 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Энхболдын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

          2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Шинрёпринтс” ХХК давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг дүүргийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

          3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

             ШҮҮГЧИД                                        Д.ДАМДИН-ОД

 

                                                                        Ч.ОЮУНЦЭЦЭГ