Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 228

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Гэрэлтуяа, нэхэмжлэгч Д.Э , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М , Б.Д нарыг оролцуулан иргэн Д.Э ийн нэхэмжлэлтэй, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийв.

Нэхэмжлэгч: Д ийн Э , 

Хариуцагч: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд

Нэхэмжлэлийн шаардлага: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/14 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн гаргуулах. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэгч миний бие Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/14 тоот тушаалыг үл зөвшөөрч энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. 

1. Тушаалын үндсэн хэсэгт: Монгол Улсын Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг, Авилгатай тэмцэх газрын 2016 оны “Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан тухай” 01/8858 тоот албан бичиг, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг үндэслэн гэж заасан нь тухайн тушаалыг гаргасан бодит үйлдэлтэй үл нийцэх үндэслэл юм. 

Миний бие сургууль төгссөн үеэс эхлэн Музейн удирдах газар, Соёлын яам, Соёл урлагийн хөгжлийн хороо, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Театрын музей зэрэг соёлын байгууллагад 32 жил ажилласан ахмад боловсон хүчин юм. Энэ хугацаанд Театрын музейн удирдлагаар 3 удаа томилогдон өөрийн амьдралын залуу халуун нас, бүхий л хугацааг соёлын байгууллага, хамт олны төлөө зориулж, өнөөдрийн энэ түвшинд хүргэхэд гар бие оролцсон. 

2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Б/307 тоот сайдын тушаалаар 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн Театрын музейн захирлын түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон. Надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Би ажил үүргээ зохих ёсоор нь гүйцэтгэж байсан. 

Гэтэл 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Соёл, урлагийн бодлогын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Н.Б ажлаас халсан тушаал гаргасан тухай мэдэгдэж, ажлаа хүлээлгэн өгөхийг шаардаж миний ажлыг хүлээн авсан. Би өөрийн ажлаас ямар үндэслэл шалтгаанаар халагдсанаа ойлгохгүй, мэдэхгүй байгаа ба ажлаас халагдах зөрчил дутагдал гаргаагүй гэж үзэж байна. Миний бие өөрийн мэргэжлийн ажилдаа үр бүтээлтэй, үнэнч шударга ажиллаж байсныг улсаас үнэлж “Алтан гадас” одон, бусад одон, медалиар шагнаж байсан. Үндэслэлгүйгээр ажлаас халагдсандаа миний бие гомдолтой байна. 

Иймд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/14 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд минь эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн төлөх шимтгэлийг гаргуулахыг даалгаж миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус шүүхэд иргэн Д.Э ийн гаргасан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/14 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй танилцлаа.

Иргэн Д.Э нь соёлын асуудал эрхэлсэн сайдын тушаалаар Театрын музейн захирлаар 3 удаа томилогдож, чөлөөлөгдөж байжээ. Ажлаас чөлөөлөгдөх гол үндэслэл нь ажлын байрандаа архидан согтуурч, ажлын хариуцлага алдсанаас болж байсан байна. Тус яамны Соёл урлагийн бодлогын газрын мэргэжилтэн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр тус музейд албан ажлаар очиход Д.Э нь ажлын байрандаа согтуу байсан бөгөөд хэл амаар доромжлон, биед нь халдсан үйлдэл гаргасан.

Иргэн Д.Э ийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын тушаалаар 2016 оны 07 дугаар сард тус музейн захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна.Тэрээр ажиллах хугацаандаа музейн хэвийн үйл ажиллагааг тасралтгүй хангах, сан хөмрөгийн хадгалалт хамгаалалт, үзүүлэнгийн нөхцөл байдлыг сайжруулах, сан хөмрөгийг баяжуулах, ажилтан албан хаагчдаа хөгжүүлэх талаар Д.Э нь тодорхой ажил санаачлан хэрэгжүүлээгүй, ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн, ажлын хариуцлага алдсан тул ажлаас чөлөөлсөн болно.

Нэхэмжлэлд ямар шалтгаанаар ажлаас халагдсанаа ойлгохгүй байна гэсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.6 дахь хэсэгт “Шүүгч гэрчээс мэдүүлгийг урьдчилан авах, эсхүл давтан асууж болно” гэж заасны дагуу Театрын музейн албан хаагчид, тус яамны Соёл урлагийн бодлогын газрын мэргэжилтнээс гэрчийн мэдүүлгийг шүүх хуралдаан болохоос өмнө урьдчилан авч өгнө үү.Иймд дээрх нөхцөл байдлыг судлан үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Э нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Б/307 дугаар тушаалаар Театрын музейн захирлын албан тушаалд түр томилогдон 5 сарын хугацаанд ажиллаж байгаад  Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/14 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгджээ. 

Ийнхүү түүнийг ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль бус, өөрийнх нь эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хэмээн үзэж Д.Э “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/14 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.  

Хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Театрын музейн захирлын үүргийг гүйцэтгэгч байсан Д.Э ийг ажлаас чөлөөлөхдөө Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 “Дараах газарт согтууруулах ундаа хэрэглэх, худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно”, 7.1.1-д “төрийн болон төрийн бус байгууллагын албан байр”гэж заасныг тус тус зөрчсөн гэх үндэслэлийг заажээ. 

Ийнхүү ажлаас чөлөөлөх болсон үндэслэл нь дараах баримт, гэрчүүдийн мэдүүлгээр хангалттай тогтоогдож байна гэж шүүх дүгнэв. Нэхэмжлэгч Д.Э ийн удирдлага доор ажиллаж байсан Монголын Театрын музейн ажилчид болох Ц.А , Б.Б , Ж.Г , И.М , Б.Ө , Ч.М , Д.Н , Ц.Т , А.Ц нар 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “...Д.Э нь архи байнга хэрэглэдэг, ...2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр согтуу байсан, ...өдөр болгон дараалан уудаг, ...ер нь дандаа согтуу байдаг, агсам согтуу тавьдаг, ...хэл амаар доромжилдог, ...архины мөнгө нэхдэг байсан, архи авч өгөхгүй бол ажлаас хална гэдэг байсан, ...согтуу үедээ ажилчдыг доромжилдог, ...ажил хийх нөхцөл байдал бүрдүүлж өгдөггүй байсан, ...хамтран ажиллахад байнгын сэтгэл санааны дарамттай, ...хамт ажиллах боломжгүй хүн, ...уусан үед нь бид нар захирлаас зугтаадаг, ...2012 оны эхээр ажлаас чөлөөлөгдөөд тамга тэмдгээ өгөхгүй гээд архины эмчилгээ хийдэг эмнэлгээс очиж авсан” гэжээ. 

Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2006 оны 18 дугаар тушаалын 1-д “Соёл, урлагийн газрын Түүх, соёлын дурсгал, музейн бодлого, зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Д.Э ийн сарын үндсэн цалинг 1 сарын хугацаатай 20 хувь бууруулсугай”, 2006 оны 39 дүгээр тушаалын 1-д “Д.Э нь ажлын байранд удаа дараа архидан согтуурч хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан тул 2006 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс тасалбар болгон Соёл, урлагийн газрын Түүх, соёлын дурсгал, музейн бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтний үүрэгт ажлаас чөлөөлсүгэй”, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2012 оны 18 дугаар тушаалын 1-д “Ажлын байранд удаа дараа архидан согтуурч, ажлын хариуцлага алдсан Театрын музейн захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Э ийг 2012 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй” гэж дурдсан байгаагаас дүгнэхэд нэхэмжлэгч Д.Э нь ажлын байран дээрээ байнга архи уудаг, ажилтан, албан хаагчидтайгаа зүй бус харьцаж, хэвийн ажиллах нөхцөл бололцоо олгодоггүйгээс гадна удирдлагын зүгээс хамт олноо манлайлан удирдан чиглүүлэх, төрийн албан хаагчийн нэр хүнд, ёс зүйн хэм хэмжээг эрхэмлэн сахих үүргээ биелүүлдэггүй  байжээ.  

Нэхэмжлэгч Д.Э нь Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т “....соёл, урлаг зэрэг төрийн үйлчилгээний төсөвт байгууллагын удирдах албан тушаал”-ын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан бөгөөд энэ нь төрийн суурь үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах албан тушаал юм. Хэдийгээр нэхэмжлэгч, ажил олгогч нарын хооронд ямар нэгэн хөдөлмөрийн болон үр дүнгийн гэрээ байгуулаагүй байх боловч энэ нь түүнийг төрийн үйлчилгээний төсөвт байгууллагын удирдах албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргээ биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй юм. 

Иймд нэхэмжлэгч нь төрийн албан хаагчийн хууль дээдлэх, захирах, захирагдах ёсыг удаа дараа зөрчсөн төдийгүй, хамт олных нь зүгээс салбарын яаманд гаргасан хүсэлт зэргийг үндэслэж Д.Э нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны чиг үүргийг цаашид үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэн хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Соёлын тухай хуулийн 15  дугаар зүйлийн 2-т “Улсын болон бүс нутгийн чанартай соёлын байгууллагын даргыг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ... томилж, чөлөөлнө” гэж заасны дагуу хуулиар өөрт олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/14 дүгээр тушаалыг гаргасан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй байна. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г ын шүүх хуралдаан дээр “Маргаан бүхий тушаалд ямар хуулийг баримтлан ажлаас чөлөөлж байгаа нь тодорхойгүй, Авилгатай тэмцэх газрын албан бичгийг үндэслэн ажлаас чөлөөлсөн” гэж маргадаг тухайд.

Төрийн үйлчилгээний албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож, Д.Э ийг тухайн үүрэгт ажлаас нь чөлөөлж байгаагийн хувьд салбарын сайдын маргаан бүхий тушаалын хууль зүйн үндэслэлд Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг баримтлах ёстой гэдгийг үгүйсгэх боломжгүй боловч Төрийн албаны тухай хуульд төрийн үйлчилгээний албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнийг ажлаас чөлөөлөх, халах харилцааг зохицуулаагүй бөгөөд мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна” гэж заасан.  Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын Б/14 дүгээр тушаалд хэдийгээр Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл заалтыг баримтлаагүй нь тухайн тушаалыг хүчингүй болгох үндэслэл болохгүйгээс гадна  уг тушаал нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна. Мөн нэхэмжлэгч үүнийг захиргааны актын илэрхий алдаа гэж үзэж байвал Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлд 45.1, 45.2-т заасны дагуу шийдвэрлүүлэх бүрэн боломжтой байна. 

Харин “...Авилгатай тэмцэх газрын албан бичгийг үндэслэн ажлаас чөлөөлсөн” гэх үндэслэлийн тухайд тус албан бичиг нь Д.Н ыг ажилд томилсон харилцаанд буюу тушаалын 2 дахь заалтад хамааралтай болох нь баримтаар тогтоогдох ба төрийн алба тасралтгүй, үргэлжилсэн, залгамж чанартай байх шаардлагын дагуу салбарын сайд дараагийн хүнийг томилсныг холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэхгүй юм. 

Нэгэнт нэхэмжлэгч Д.Э ийг ажлаас чөлөөлсөн харилцаа нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй, хуульд нийцсэн байх тул нэхэмжлэгчийн “...ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй учраас дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Э ийн “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Б/14 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н.ДОЛГОРСҮРЭН