Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 128/2018/0675/З |
Дугаар | 221/МА2019/0340 |
Огноо | 2019-06-19 |
Маргааны төрөл | Газар, Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 221/МА2019/0340
2019 оны 06 сарын 19 өдөр | Дугаар 221/МА2019/0340 | Улаанбаатар хот |
|
|
|
“Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.С-Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШШ2019/0243 дугаар шийдвэртэй, “Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШШ2019/0243 дугаар шийдвэрээр:
Хот байгуулалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5, 11 дүгээр зүйлийн 11.1.4, 14 дүгээр зүйлийн 14.7.1.г, Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 46 дугаар тушаалаар батлагдсан Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журмын 5.2 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчийн “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А/650 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч У.Б давж заалдах гомдолдоо: “... Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 хорооны нутаг дэвсгэр нь хотын төвөөс алслагдмал зайтай, хүн ам шигүү суурьшсан боловч дэд бүтцийн хувьд ямар нэгэн шийдэлгүй, төвийн төвлөрсөн шугам сүлжээн огт холбогдоогүй суурьшлын бүс байсан.
“Ж” ХХК нь төсөл хэрэгжүүлэхээр шалгарсны дараа төслийн ажлыг эхлүүлэхээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж тухайн хороонд оршин сууж буй айл өрхүүдтэй удаа дараагийн уулзалтыг зохион байгуулж гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хийж байсан.
Бидний зүгээс Нийслэлийн шинэ төв байгуулагдах газарт төсөл хэрэгжүүлэх учраас орчин үеийн шийдэл бүхий орон сууцны цогцолбор хороолол байгуулахаар гадаад дотоодын зураг төслийн эрх бүхий этгээдүүдээр зураг төслөө хийлгэж Ерөнхий төлөвлөгөөний газар, нийслэлийн эрх бүхий байгууллагаар хянуулан батлуулсан.
Уг төсөл хэрэгжүүлэх газар нь төвийн төвлөрсөн дэд бүтэц шугам сүлжээгүй байсан бөгөөд Нийслэлийн удирдлагын зүгээс дэд бүтэц, шугам сүлжээний ажлыг хийлгүүлж 2015 оны намар ашиглалтад оруулж эхэлсэн. ... Гэтэл удирдлага солигдож улмаар нийслэлийн шинэ төвийг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байгуулахаар болсон. Уг шинэ төвийг байгуулах асуудлыг өөрчилсөн талаар холбогдох нотлох баримтыг нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргуулах хүсэлтийг шүүхэд хандан нэхэмжлэгчийн зүгээс удаа дараа тавьсан боловч огт хүлээн авалгүй хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй юм. Уг хүсэлтийг 2018 оны 09 сараас хойш гаргаж байсан боловч шүүхээс захирамж гаргасан ч захирамжийн биелэлтийг бүрэн хангуулаагүй.
Маргаан бүхий захирамжид Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 46 дугаар тушаалаар батлагдсан Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журмын 5.2-д заасныг үндэслэсэн байсан. Энэ журмын заалтыг зөрчсөн нөхцөл байдал огт үүсээгүй бөгөөд хамгийн сүүлийн техникийн нөхцөл 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гарсан байгаа бөгөөд үүнээс хойш 6 сарын хугацаа болоогүй байхад Засаг дарга цуцлах захирамж гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Нөгөө талаар үйл ажиллагааны болоод техникийн ноцтой зөрчил удаа дараа гаргасан нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр нотлогдсон байхыг шаардсан байхад огт ийм мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргаагүй байхад цуцалж байгаа нь Засаг даргын захирамж үндэслэлгүй болохыг харуулна. Иймд дүгнэлт гарсан тухай баримт ч хавтас хэрэгт огт байхгүй болно.
Мөн Гэр хорооллын дэд бүтцийн газраас 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 03/277 дугаар төслийн ажлыг 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дотор эхлүүл, хэрэв эхлүүлээгүй тохиолдолд талбайг багасгаж батлуулах арга хэмжээ авах талаар манай компанид мэдэгдсэн бөгөөд сүүлийн архитектур төлөвлөлтийн даалгавар 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр батлагдсан. Энэ нь захиргааны байгууллага хоорондоо уялдаа холбоогүй болох нь илэрхий харагдаж байгаа бөгөөд үүнийг анхан шатны шүүхийн анхаарч үзэлгүйгээр шийдвэрлэсэн.
Анхан шатны шүүхээс маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийг бүрэн дүүрэн ойлгож холбогдох нотлох баримтад тулгуурлан хэргийг шийдвэрлээгүй болох нь энэхүү гомдол дурдсан үндэслэл болон хавтас хэрэгт авагдсан уг үндэслэлийн нотолсон нотлох баримтаас хангалттай.
Мөн компанийн зүгээс уг төслийг хэрэгжүүлэхэд зориулан 2013 онд 36,6 сая төгрөг, 2014 онд 319,2 сая төгрөг, 2015 онд 3,7 тэрбум төгрөг, 2016 онд 828,6 сая төгрөг, 2017 онд 866,3 сая төгрөг, 2018 онд 24,4 сая төгрөг нийтдээ 5,7 тэрбум төгрөгийн зардал гаргасан бөгөөд газраа чөлөөлсөн айл өрхүүдэд нүүлгэлтийн зардал болоод холбогдох түрээсийн зардлыг төлж байсан нотлох баримтуудыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн.
Ийнхүү нэхэмжлэгч нь маргаан бүхий захирамжийн хууль зүйн үндэслэлийг няцаасан баримтуудыг шүүхэд гаргаж өгсөөр байтал, мөн холбогдох нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг удаа дараа гаргасаар байтал шүүхээс хэргийг тал бүрээс нь бодитой хянаж үзэлгүй хэт нэг талыг барьж нэхэмжлэгчийг буруутган нотлох баримтад тулгуурлаагүй шийдвэр гаргасан байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШШ2019/0243 дугаар шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэргийн үйл баримттай холбоотой ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлсэнээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч “Ж” ХХК-иас Нийслэлийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А/650 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, үндэслэлээ ... нийслэлийн шинэ төвийг Сонгинохайрхан дүүрэгт хөгжүүлэхээр болсонтой холбоотойгоор ерөнхий төлөвлөгөөнд тусган зураг төслийг хийлгэсэн байхад нийслэлийн шинэ төвийг Хан-Уул дүүрэгт байгуулахаар болсон, энэ нь дэд бүтэцтэй холбоотой ажлуудаас шалтгаан дахин төслийг хэрэгжүүлэх нөхцөл удааширч, мөн шинэ төвийг өөрчилсөнтэй холбоотой зураг төсөл, ерөнхий төлөвлөгөөг өөрчлөх шаардлага гарч, өөрчлөх хүсэлтийг нийслэлийн байгууллагад гаргаж өгч байсан ч өнөөдрийг хүртэл баталж өгөөгүй, төсөл хэрэгжүүлж эхэлснээс хойш зураг төсөл боловсруулах, холбогдох баримт бичгийн бүрдэл хангах, газар чөлөөлөх, газар чөлөөлсөн айлуудын байр хөлслөх зардал, ажиллах хүчний зардлыг гарган ажилласаар ирсэн байхад захиргааны байгууллага дахин төлөвлөлттэй холбоотой хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй, удаа дараа гаргасан шийдвэрээ өөрчилж ирсэн нь хэрэгжүүлэгч компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж ирсэн, мөн төсөл хэрэгжүүлэгч газрыг 5 байршил болгож хувааснаараа зураг төсөл болон бодит байдалтай нийцээгүй, төрийн байгууллагаас шалтгаалж архитектур төлөвлөлтийн даалгавар өөрчлөгдсөнтэй холбоотой ажлаа хийх боломжгүй нөхцөл байдал үүссэн, маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн актад тавигдах шаардлага хангаагүй, хөндлөнгийн байгууллагын дүгнэлт байхгүй ... гэжээ.
Харин хариуцагчаас 3... төсөл хэрэгжүүлэх газар дэд бүтэц төлөвлөгдсөн эсэх хамаагүй, нэхэмжлэгчийн өөрийнх нь хүсэлтээр удаа дараа архитектур төлөвлөлтийн даалгавар өөрчлөгдөж байсан, үүргээ биелүүл гэж шаардлага тавьж хугацаа өгч байсан, түрээсийн төлбөрийг нийслэлээс шийдэж, дамжин өнгөрөх байранд түр байрлуулж байсан, иргэдийн хүсэлт болон хяналтын хорооны хурлаар орж төсөл хэрэгжүүлэгч компанийг ажлаа гүйцэтгэж чадахгүй гэж дүгнэн гэрээг цуцалсан ... гэж маргажээ.
Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахыг хүссэн маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/650 дугаар захирамжаар хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 46 дугаар тушаалаар баталсан “Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам”-ын 5.2-т заасныг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хороо, Ханын материал орчмын ГХДТ-2013/1 багцын Б2, В, Г1 хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгч буюу нэхэмжлэгч “Ж” ХХК-ийг гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, үйл ажиллагааны зөрчил удаа дараа гаргасан гэх үндэслэлээр компанийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан байна.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “... удаа дараа захиргааны байгууллагаас болж архитектур төлөвлөлтийн даалгавар өөрчлөгдсөн, шүүхээс маргааны үйл баримттай холбоотой баримтуудыг гаргуулах хүсэлт удаа дараа гаргаж байсан биелүүлээгүй, хотын шинэ төв байгуулахтай холбоотой баримтуудыг шаардсан атлаа ирүүлээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй ...” гэжээ.
Нэхэмжлэгч компани нь Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/1043 дугаар захирамжаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч, 2014 оны 05 дугаар сараас эхлэн нэг талаас иргэн, нөгөө талаас хариуцагч буюу Нийслэлийн Засаг дарга нартай гурван талт гэрээнүүдийг байгуулж, газраа чөлөөлж өгсөн иргэдийг түр байршуулж, түрээсийн төлбөрийг төлж, 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ДТ 14/88 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулан, барилгын суурь цутгаж, төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг эхэлсэн байна. Мөн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 10.75 га газарт МЗХ2017/18-28 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар, 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 10.9 га газарт МЗХ2018/09-49 дүгээр архитектур төлөвлөлтийн даалгавар тус тус батлуулсан нь хэрэгт авагдсан байна.
Эдгээр баримт болон нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбараас үзэхэд тухайн төсөл хэрэгжүүлэх газрын архитектур төлөвлөлтийн даалгавар нь дээр дурдсны дагуу 3 удаа батлуулсан байх бөгөөд нэхэмжлэгч талаас хариуцагч байгууллагын үйл ажиллагаатай холбоотойгоор өөрчлөгдөж байсан гэх, харин хариуцагч байгууллагаас нэхэмжлэгч талын хүсэлтээс шалтгаалан өөрчлөгдөж, батлагдаж байсан гэх зөрүүтэй тайлбарыг шүүхэд гаргах бөгөөд шүүхээс энэ нөхцөл байдлыг тодруулаагүй байна.
Нэхэмжлэгчээс төсөл хэрэгжүүлэх ажлыг эхэлснээс хойш архитектур төлөвлөлтийн даалгаврыг удаа дараа өөрчлүүлэх хүсэлтийг гаргахдаа ямар үндэслэлээр гаргасан, архитектур төлөвлөлтийн даалгавар ямар үндэслэл, шалтгаанаар удаа дараа өөрчлөгдсөн талаар тодруулж, холбогдох баримтыг цуглуулах нь дээрх гурван талт гэрээний оролцогч болох нэхэмжлэгч, хариуцагчийн хэнийх нь буруутай үйл ажиллагаанаас уг төслийг хэрэгжүүлэх хугацаа сунжирсныг тогтоож, маргаан бүхий актыг үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгөхөд ач холбогдолтой юм.
Мөн Нийслэлийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/711 дүгээр захирамжаар гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн талбайн хилийн заагийг баталсан, уг захирамжаар батлагдсан хэсэгчилсэн хилийн заагийн талбай нь төсөл хэрэгжүүлэгч “Ж” ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх талбайн газарт өөрчлөлт оруулж, хуваагдсан эсэх талаар тодруулах, урьд нь шаардсан боловч ирүүлээгүй Улаанбаатар хотын шинэ дэд төв байгуулахтай холбоотой баримтуудыг авах нь зүйтэй.
Нэхэмжлэлийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаа төлөвлөлт өөрчлөгдсөнтэй холбоотой өөрчилж батлуулж байсан, мөн 2018 оны 04 дүгээр сард МЗХ2018/09-49 дүгээр Архитектур төлөвлөлтийн даалгаврыг өөрчилж, төслөө хэрэгжүүлэх боломж олгосон атлаа Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 46 дугаар тушаалаар батлагдсан журмын 5.2-т заасан “6 сарын” боломжит хугацаа өгөөгүй гэх тайлбар болон хариуцагчийн “нэхэмжлэгчийн өөрийнх нь хүсэлтээр төсөл хэрэгжүүлэх боломж олгож өөрчилж байсан” гэх тайлбаруудын аль нь үндэслэлтэй болохыг дүгнэхэд ач холбогдолтой юм.
Анхан шатны шүүх маргааны үйл баримттай холбогдуулан хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий дээр дурдсан баримтуудыг бүрэн цуглуулж, нотлох үүргээ хэрэгжүүлсний үндсэн дээр энэхүү хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.