Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 20

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Эрэнмаш  овогт Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж,

Нарийн бичгийн дарга *******  овогт  *******ийн  *******

Улсын яллагч  ******* овогт *******гийн *******

Шүүгдэгч   ******* овогт   На-ийн Эн-

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Эн-д холбогдох 1923000000015 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1965 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Завхан аймгийн ******* сумд төрсөн, 54 настай, эрэгтэй, ******* боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-2, эхнэрийн хамт Завхан аймгийн хаан сум багийн нутаг дэвсгэр “Агьтын ам” гэх газарт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт На-ийн Эн- Регистрийн дугаар: /ИЮ********/

Шүүгдэгч Н.Эн- нь  Монгол Улсын Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

На-ийн Эн- нь 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Завхан аймгийн  Улиастай сумын Жинст багийн нутаг Дэвшил дэлгүүрийн урд талын машины зогсоолд “машины хаалганы цонх руу цохилоо” гэсэн шалтгаанаар иргэн Г.Лх-г зодсон хэргийн үйл баримт нь энэ талаар мэдүүлсэн хохирогч  Г.Лх-гийн “...миний хажуугаар орж ирээд машинаа зогсоолд тавихаар нь би машины хойд хаалганы цонх руу нь гараараа 2 удаа цохиод автал жолооч нь бууж ирээд намайг заамдаж барьж байгаад баруун гараараа миний зүүн нүдний дээд хөмсөг рүү 2-3 удаа цохиод автал цус гараад байсан...” гэсэн мэдүүлгээр,

Хохирогч Г.Лх-гийн мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч Ж.ийн “...жолооч нь бууж ирээд Лх-г заамдаж байгаад зүүн нүдний дээд хэсэгт нь 2-3 удаа цохиод автал Лх-гийн зүүн нүдний дээд хэсгээс цус гарахаар нь та болиоч ээ цус гараад барьцалдаад байж байтал 2 цагдаа ирээд салгаад аваад явсан...” гэсэн мэдүүлгээр,

Гэрч Б.ийн “...Тэр хүнийг заамдаж аваад 1 удаа гараараа нүүр рүү нь цохиод авахаар  нь би боль гээд салгасан. Тэр хүн эргэж ирээд манай нөхрийг барьж аваад хальт цохиод автал манай нөхөр рүү нь цохитол нүдний дээд хэсгээс цус гарахаар нь би салгасан...”гэсэн мэдүүлгээр,

Н.Эн-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн “...Би уур хүрээд заамдаж барьж байгаад нүүрэнд нь 1 удаа цохиод автал эхнэр нь ирээд бид хоёрыг салгаад байж байтал тэр Лх- гэх хүн намайг барьж аваад зуураад тавихгүй намайг цохих гээд сарваганаад байхаар нь зөрүүлээд дахиад 1 удаа цохиод автал зүүн нүдний дээд хэсгээс цус  гараад бид 2 зууралдаад байж байтал цагдаа ирээд бид хоёрыг аваад явсан” гэсэн мэдүүлэг, хохирогчийн биед учруулсан гэмтлийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт,  шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.Эн-ийн үйлдлийн улмаас хохирогч Г.Лх-гийн биед хөнгөн гэмтэл учирсан болох нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ний өдрийн 201920030 дугаартай  “Г.Лх-гийн биед тархи доргилт, зүүн нүдний хөмсөгний гадна булангийн шарх, зүүн нүдэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлтээр нотлогджээ.

Хохирогч болон гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд  Н.Эн-ийн үйлдэл, хэргийн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо.

Шүүгдэгч Н.Эн-ийн дээрх мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан гэрч, хохирогчийн мэдүүлгээр давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар үнэллээ.

Шүүгдэгч Н.Эн- нь Г.Лх-гийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт заасан, мөн Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд заасан “хүний халдашгүй дархан байх эрх”, “хүний халдашгүй чөлөөтэй байх, эрүүл мэндийн халдашгүй байдлыг зөрчиж, түүнийг зодсон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.  

Шүүгдэгч Н.Эн-ийн Г.Лх-г зодож түүний биед хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.

Иймд Н.Эн-ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Н.Эн- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаангүй байна.

Шүүгдэгч Н.Эн-ийг иргэн Г.Лх-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул  Монгол Улсын Эрүүгийн хуулийн  1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

Шүүгдэгч Н.Эн-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхгүйгээр улсын яллагчийн саналын хүрээнд  торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.2, 1.5, 1.6, 1.8-д  заасан, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овогт На-ийн Эн-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эн-ийг 455 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 455000/дөрвөн зуун  тавин  таван мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан  шүүгдэгч Н.Эн-д  оногдуулсан 455 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 455000 /дөрвөн зуун тавин таван мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эн-д оногдуулсан 455 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 455000/ дөрвөн зуун тавин таван мянган/ төгрөгөөр торгох ялыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж /15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.

5.Шүүгдэгч Н.Эн-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч Н.Эн- нь тогтоол гарахын өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.

8.Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА