Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ламжавын Соёлмаа |
Хэргийн индекс | 148/2016/00223/И |
Дугаар | 379 |
Огноо | 2016-07-18 |
Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 379
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо усны гудамж 1 тоотод оршин суух, 27 настай, эмэгтэй, одоо “Монгол 333” корпарацид хуулийн зөвлөгч ажилтай Бэсүд овогт Содномдэлгэрийн Болорчимэгийн /МЮ-89060786/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг Салхит 3 дугаар хэсэг 242 тоотод оршин суух, 23 настай, эрэгтэй, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй Боржигон овогт Сүхбаатарын Өлзийжаргалд /МВ-92110539/ холбогдох
“Эцэг тогтоолгон, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай“ иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгч С.Болорчимэг, хариуцагч С.Өлзийжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Бүүвэйцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Болорчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие нь 2010 оноос С.Өлзийжаргалтай үерхэж байгаад 2014 оны 11 дүгээр сард сүй тавьж, 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүү Б.Сүлд төрсөн. Намайг төрснөөс хойш С.Өлзийжаргалын ээж нь манайд ирж надад “Энэ хоёрыг сонгох юм бол намайг ээжээ гэж битгий дуудаарай, сүй цуцлагдсан “ гэж хэлээд гарахад С.Өлзийжаргал хүү бид хоёрыг орхиж ээжийгээ сонгосон. Тухайн үед би С.Өлзийжаргалд “хоёулаа 2 сар хамт амьдраад үзье” гэж гуйсан боловч хүлээн зөвшөөрөөгүй. Бид хоёр хадмындаа 6 сар гаруй хамт амьдарсан. Тийм учраас би цаашид энэ талаар ярилцах шалтгээн байхгүй гэж үзсэн. Тэгээд би хүүхдээ өвдөхөд С.Өлзийжаргал руу утасдаж “туслах боломж байна уу” гэж асуухад энэ “бодож үзье” гэчихээд алга болсон. Тухайн үед бидний дунд бага зэргийн маргаан бол байсан. Түүнээс өөрөөр бид хоёр муудалцсан асуудал байхгүй. С.Өлзийжаргалыг би энэ хооронд хүрээд ирэх болов уу гэж зөндөө харсан боловч нэг ч удаа ирээгүй, хүүхдээ ч эргэж тойрч байгаагүй. Иймд миний хүү Б.Сүлдийн эцэг С.Өлзийжаргал болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэх.
Хариуцагч С.Өлзийжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний хувьд хариу тайлбар алга. Энэ хүний ярьсан зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй. Харин хүүхдийн тэтгэлэгийн асуудлыг хүлээн зөвшөөрнө гэх.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 5163 дугаартай шинжээчийн дүгнэлтээс:
...1. Хүний геномын микросателлит D3S1358, THO1, D21S11, D18S51, Penta E, D5S818, D13S317, D7S820, Penta D, vWA, D8S1179, TPOX, FGA локусын аллелиар С.Өлзийжаргал нь Б.Сүлдийн эцэг байх боломжтой байна.
2. С.Өлзийжаргал нь Б.Сүлдийн биологийн эцэг байх магадлалыг тооцоолж үзэхэд 99.99 %-ийн магадлалтай байна...гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Болорчимэг нь С.Өлзийжаргалд холбогдуулан гаргасан “Эцэг тогтоолгон, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай“ нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Зохигчид нь 2010 оноос үерхэж байгаад дотно харьцаатай болж хамтран амьдарч байгаад 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүү Б.Сүлд төрсөн болох нь 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр бүртгэсэн Б.Сүлдийн 1125002891 дугаартай “Төрсний гэрчилгээ”-ний хуулбар, “Эрүүл өрх” ББН-ийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн хүүхэд эрүүл бойжиж байгаа талаарх тодорхойлолт зэргээр нотлогдож байгаа болно.
Зохигчид нь 2015 оны 08 дугаар сараас эхлэн тус тусдаа амьдарсан байна. 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү Б.Сүлдийн эцэг нь С.Өлзийжаргал болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “...Миний бие нь 2010 оноос С.Өлзийжаргалтай үерхэж байгаад 2014 оны 11 дүгээр сард сүй тавьж, 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүү Б.Сүлд төрсөн...Тухайн үед би С.Өлзийжаргалд “хоёулаа 2 сар хамт амьдраад үзье” гэж гуйсан боловч хүлээн зөвшөөрөөгүй. Тийм учраас би цаашид энэ талаар ярилцах шалтгээн байхгүй гэж үзсэн...Иймд миний хүү Б.Сүлдийн эцэг С.Өлзийжаргал болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү” гэх зохигчдын тайлбар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 5163 дугаартай “Шинжээчийн дүгнэлт” зэрэг бусад нотлох баримтаар нотлогдож байна.
Иймд 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү Б.Сүлдийн эцэг нь С.Өлзийжаргал мөн болохыг тогтоож, хүү Б.Сүлдийг эх С.Болорчимэгийн асрамжинд үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү Б.Сүлдийг 11 нас хүртэл нь тухайн орон нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн 50 хувиар, 40.1.2-т зааснаар 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас /-тай болтол нь амьжиргааны түвшингийн хэмжээгээр эцэг С.Өлзийжаргалаар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
Энэ нэхэмжлэлийн үнийн дүн нь хүү Б.Сүлдэд төлөх тэтгэлэгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тодорхойлогдох тул (164.300:2х12=985.200 төгрөг) улсын тэмдэгтийн хураамжинд 28.195 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгох ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү Б.Сүлдийн эцэг нь С.Өлзийжаргал болохыг тогтоосугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү Б.Сүлдийг эх С.Болорчимэгийн асрамжинд үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр 40.1.1-д зааснаар 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү Б.Сүлдийг 11 нас хүртэл нь тухайн орон нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн 50 хувиар 40.1.2-т зааснаар 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас /-тай болтол нь амьжиргааны түвшингийн хэмжээгээр эцэг С.Өлзийжаргалаар тэжээн тэтгүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1--д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар С.Өлзийжаргалаас 28.195 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.СОЁЛМАА