Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 224/МА2023/00023

 

 

 

 

 

 

 

 

2023         12          14                                         224/МА2023/00023

 

Н.А-гийн нэхэмжлэлтэй, Увс

Дунцагаан нөхөрлөл ББН-д

холбогдох иргэний хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Алтан даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 152/ШШ2023/00465 дугаар шийдвэртэй,

Н.Агийн нэхэмжлэлтэй, Увс Дунцагаан нөхөрлөл ББН-д холбогдох, ажилгүй байсан 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хугацааны цалин, урамшуулал нийт 38,479,588 төгрөг гаргуулах, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн гаргуулж бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав, хариуцагч Увс Дунцагаан нөхөрлөл ББН-ийн дарга Д.О, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баттулга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Н.А-гийн нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хугацааны цалингийн олговор, урамшуулал нийт 38,479,588 төгрөг гаргуулах, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн гаргуулж бичилт хийхийг даалгах.

2. Нэхэмжлэгч Н.А-гийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл:  Н.А миний бие Увс Дунцагаан өрхийн эрүүл мэндийн төвд сэргээн засах эмчилгээний сувилагчаар ажиллаж байгаад тус эрүүл мэндийн төвийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б\02 тоот тушаалаар үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн. Миний бие ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн тул Увс Дунцагаан өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 152/ШШ2022/00521 тоот шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг ханган тус эрүүл мэндийн төвийн сувилагчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон.Иймд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

2.1. Миний ажиллаж байсан сүүлийн 3 сарын цалин хөлсний дундаж 1,914,433 төгрөг болж байгаа бөгөөд ажилгүй байсан хугацаанд ногдох олговор тооцож гаргуулах, 2022 оны 1 дүгээр сарын 17-ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны олговор 31,779,588 төгрөг,

2.2. 2022 оны 1 дүгээр сард ажилласан эмч сувилагч ажилтан нийт 11 хүнд 13 дахь сарын урамшуулал олгосон. /200,000-800,000 төгрөгийн урамшуулал олгосон баримтыг үндэслээд 700,000 төгрөг гаргуулах, 2021 оны 10 дугаар сард ковид цар тахлын оргил ачааллын үед ажилласан эмч, сувилагч, ажилтнуудад олговол зохих урамшууллын мөнгө 2022 онд намайг ажлаас чөлөөлөгдсөний дараа Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс манай өрхийн эрүүл мэндийн төвийн дансанд орсон бөгөөд эмч сувилагч ажилтнуудад 1 сард 1,000,000 төгрөг мөн дараа нь нэг хүнд дунджаар 4,000,000 гаруй хүртэл төгрөгийг 1,000,000 төгрөгийн үнэ бүхий Samsung А52 маркын гар утасны хамт урамшуулал болгон олгосон. Тухайн үед би эмч сувилагч туслах ажилтнуудын хамт ковидын шинжилгээ авах, шинжилгээ шивэх, эмийн багц өгөх, оройн цагаар сууж маргааш нь өгөх эм боож бэлтгэх, ковидын вакцин хийх, мөн манай төвөөр эмчлүүлсэн иргэдийн судалгаа бүртгэлийг компьютерт шивдэг байсан. Зарим үед шөнийн 3 цаг хүртэл сууж ажиллаж байсан тул нийт урамшуулал дунджаар 6,000,000 төгрөгийг тус тус гаргуулж, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү” гэжээ.

        3. Хариуцагч Увс Дунцагаан нөхөрлөл ББН-ийн дарга Д.О хариу тайлбартаа:” Н.А-гийн нэхэмжлэлийн шаардлагаас 10.793.317 төгрөг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.Үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч нь өөрийн ажиллаж байсан сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсийг 1,914,433 төгрөгөөр тодорхойлж, ажилгүй байсан хугацаанд ногдох олговор буюу ажилгүй байсан хугацааны цалин, урамшуулал нийт 38,479,588 төгрөг нэхэмжилжээ.

     Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь бодит нөхцөлд тохирохгүй, үндэслэлгүй тооцоолол гэж үзэж байна. Ажилтны нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлого, түүнийг тодорхойлох журам, хувь хэмжээтэй холбоотой харилцааг Нийгмийн даатгалын тухай хуулиар зохицуулах бол ажилтанд ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгох, дундаж цалин хөлс тодорхойлохтой холбоотой харилцааг Хөдөлмөрийн тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмаар тус тус нарийвчлан зохицуулсан байна.

Өөрөөр хэлбэл, ажилтны ажилгүй байсан хугацааны олговор тооцоход баримтлах дундаж цалин хөлс болон нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах орлого нь өөр өөр эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагдах эрх зүйн харилцаа байх тул зөвхөн ажилтны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаанд үндэслэн дундаж цалин хөлсийг тодорхойлох нь хууль, эрх зүйн хэм хэмжээний актыг зөрчсөн, үндэслэлгүй тооцоолол болно.

 Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасны дагуу ажилтны цалин хөлс, түүнтэй адилтгах орлогод нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах бол ажилтанд ажилгүй байсан хугацааны олговрыг олгоход баримтлах дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд олгосон бүх төрлийн олговор, хөнгөлөлт, мөнгөн тэтгэмж зэргийг цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулахгүйгээр ажилтны нэг сарын дундаж цалин хөлсийг тогтоох тухай Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 1.5 дугаар зүйлд тодорхой заасан байна.

Иймд нэхэмжлэгчийн сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо зөвхөн нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаанд бус Н.Агийн үндсэн цалин тогтоосон Дунцагаан ӨЭМТ-ийн даргын шийдвэр, цалингийн хүснэгт, хөнгөлөлт, мөнгөн тэтгэмж олгосон шийдвэрүүд зэрэг нотлох баримтуудад үндэслэн бодитойгоор тогтоох нь шүүхээс нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, хэргийг шударгаар хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэж байна.

Мөн Дунцагаан ӨЭМТ-өөс ажилтнуудад 4,000,000 хүртэл төгрөгийн мөнгөн тэтгэмж болон А/52 маркийн утас олгосон асуудал байхгүй тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Манай эмнэлэг иргэдэд 2021 оны 6 дугаар сараас ковидын тусламж үйлчилгээг хийж эхэлсэн. Нэг иргэн 160,000 төгрөгөөр тооцож санхүүжилт олгодог байсан. Тухайн сарын нэхэмжилсэн мөнгөн дүн сар хойшилж дараа сард болон түүний дараа сард хуваагдаж орж ирдэг байсан. Н.А-д ковидын урамшууллын мөнгийг 2021 онд нь өгчихсөн байхад дахин ковидын урамшуулалд 6 сая төгрөг ямар ч үндэслэлгүйгээр нэхэмжилж байна.

Н.А-гийн дундаж цалинг сүүлийн 3 сараар буюу 2021 оны 11, 12, 2022 оны 1 дүгээр сарыг бодож үзвэл үндсэн цалин 692,000 орон нутгийн нэмэгдэл 15 хувь олон жилийн нэмэгдэл 15 хувь, нийт 760,814 төгрөгийн цалинг сард авдаг байсан. Мөн манай байгууллага 13 дахь сарын цалин гэж олгож байгаагүй, 2022 онд ч 13 дахь сарын цалин гэж олгоогүй тул хүлээн 700,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Нэхэмжлэгч Н.А нь 2021 оны 12 дугаар сард 550,000 төгрөгийн урамшуулал, 2022 оны 11 дүгээр сард 1,400,000 төгрөгийн урамшуулал, 2021 оны 12 дугаар сард 1,000,000 төгрөгийн нүүрсний хөнгөлөлт авч байсан, мөн сард 33,000 төгрөгийн хоолны мөнгө авдаг байсан. 2021 оны 11, 12 дугаар садуудад 33,000 төгрөгийн хоолны мөнгө авч байсан. Н.Агийн нэхэмжлэлийн шаардлагаас 10,793,317 төгрөг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 152/ШШ2023/00465 дугаар шийдвэрээр:

- Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7, 158 дугаар зүйлийн 158.1.5-д заасныг тус тус баримтлан хариуцагч Увс Дунцагаан нөхөрлөл ББН-өөс ажилгүй байсан 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 25,138,194 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13,341,394 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Н.Агийн ажилгүй байсан 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч Увс Дунцагаан нөхөрлөл ББН-д даалгаж шийдвэрлэсэн байна.  

5. Хариуцагч Д.О давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүн болох 25.138.194 төгрөгөөс 10.208.474 төгрөгийг нэхэмжлэгчид олгохыг зөвшөөрч байгаа бөгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15.109.720 төгрөг гаргуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

5.1. Шүүхээс нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо зөвхөн нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаанд үндэслэн нэхэмжлэгчийн сүүлийн 3 сарын цалин хөлсийг тодорхойлсон нь үндэслэлгүй тооцоолол юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалаар “Дундаж цалин хөлс тодорхойлох журам" батлагдсан ба тус журмын 1.5 дугаар зүйлд: Ажилтанд олгож байгаа бүх төрлийн олговор (богиносгосон цагаар ажиллах үеийн, сул зогсолтын үеийн олговор гэх мэт), тэтгэмж (нярай хүүхэд үрчлэн авсан эцэг, эхэд олгох тэтгэмж гэх мэт), нөхөн төлбөр, хөнгөлөлт (унаа, хоолны үнийн хөнгөлөлт гэх мэт)-ийг ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулахгүй” гэж заасан байна. Гэтэл шүүх маргааныг шийдвэрлэхдээ Дунцагаан нөхөрлөлөөс 2021 оны 11 сарын 10-ний өдөр нэхэмжлэгчид тэтгэмж хэлбэрээр олгосон 1.400.000 төгрөгийг нэхэмжлэгчийн цалин хөлсний бүрэлдэхүүнээс хасч тооцохгүйгээр түүний сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсийг тооцоолсноор нэхэмжлэгчийн 1 сарын дундаж цалин хөлс бодит нөхцөл тохирохгүй хэт өндөр тогтоогдоод байна.

Мөн Дунцагаан ӨЭМТ-ийн даргын 2021 оны 11 сарын 10-ны өдрийн Б/23 дугаар тушаалаар коронавируст цар тахлын халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх , хариу арга хэмжээнд 2021 оны 09 дүгээр сард тус өрхийн эрүүл мэндийн төвд ажилласан эмч, ажилтнуудад мөнгөн тэтгэмж олгохоор шийдвэрлэж, нэхэмжлэгчид 1.400.000 төгрөгийн мөнгөн тэтгэмж олгосон байна. Яагаад 2021 оны 09 дүгээр сард олговол зохих байсан 1.400.000 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сард ажилтанд олгосон бэ гэвэл, тус сарын санхүүжилт нь Эрүүл мэндийн даатгалын газраас 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр болон 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр тус тус хоёр хуваагдаж байгууллагын дансанд шилжүүлэг хийгдсэний улмаас 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ажилтнуудад олгогдсон. Үүнийг Дун цагаан ӨЭМТ-өөс эрүүл мэндийн даатгалын газраас санхүүжилт хүссэн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр өдрийн 09 дугаар нэхэмжлэх, тус ӨЭМТ-ийн дансны хуулгаас тус тус харж болно.

Иймд 2021 оны 11 дүгээр сард ажилтанд олгогдсон 1.400.00 төгрөгийн мөнгөн тэтгэмжийг 2021 оны 11 дүгээр сарын цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулан тооцох үндэслэлгүй юм.

5.2. Нэхэмжлэгчийн 2021 оны 12 дугаар сарын цалин хөлсний тухайд, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтод тухайн сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг 760816 төгрөг гэж тодорхойлон, нийгмийн даатгалын шимтгэл суутган төлжээ. Үүнээс, 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгчид үндсэн цалин 692.000 төгрөг, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 103.800 төгрөг, хоолны хөнгөлөлт 33.000 төгрөг, нийт 760816 төгрөгийн цалин хөлс олгосон бол 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/27 дугаар тушаалаар коронавируст халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээнд тус ӨЭМТ-д 2021 оны 10 дугаар сард ажилласан ажилтнуудад 350.000 төгрөгийн мөнгөн тэтгэмж, мөн Дунцагаан ӨЭМТ-ийн даргын 2021 оны 12 сарын 27-ны өдрийн хөнгөлөлт олгох тухай Б/28 дугаар тушаалаар 2021 оны 11, 12 дугаар сарын түлээ нүүрсний хөнгөлөлтийг нэгтгэн олгохоор шийдвэрлэж 1.000.000 төгрөг тус тус олгожээ.

“Дундаж цалин хөлс тодорхойлох журам” -ын 1.5 дугаар зүйлд заасны дагуу хоолны үнийн хөнгөлөлт болох 33.000 төгрөг, түлээ нүүрсний хөнгөлөлт болох 1.000.000 төгрөг, мөнгөн тэтгэмж хэлбэрээр олгосон 350.000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчийн тухайн сарын цалин хөлснөөс хассан дүнгээр тухайн сарын цалин хөлсийг тодорхойлох нь зүйтэй байна. Ийнхүү тухайн сард нэхэмжлэгчид олгосон 1.995.391 төгрөгөөс хоолны хөнгөлөлт 33.000 төгрөг, түлээ нүүрсний хөнгөлөлт 1.000.000 төгрөг, мөнгөн тэтгэмжийн 350.000 төгрөгийг тус тус хасвал нэхэмжлэгчийн 2021 оны 12 дугаар сарын дундаж цалин хөлс 760.816 төгрөг байна.

5.3. Нэхэмжлэгчийн 2022 оны 01 дүгээр сарын цалин хөлсний тухайд, Дунцагаан ӨЭМТ-өөс нэхэмжлэгчид 449.076 төгрөгийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлого өгсөн байх бөгөөд дэлгэрэнгүй авч үзвэл, 692.000 төгрөг нь тухайн сарын үндсэн цалин, 30.000 төгрөг хоолны хөнгөлөлт, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 49.429 төгрөг, илүү цагийн хөлс 80.321 төгрөг байна. Үүнээс хоолны хөнгөлөлт болох 30.000 төгрөг нь ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд хамаарахгүй тул нэхэмжлэгчийн 2022 оны 01 дүгээр сарын цалин хөлсийг 419.076 төгрөг гэж тодорхойлох үндэслэлтэй байна. Дээрх тооцооллоос  үндэслэвэл, нэхэмжлэгчийн 2021 оны 11 дүгээр сарын цалин хөлс 758.426 төгрөг, 12 дугаар сарын цалин 760.816 төгрөг тус тус байгаа бөгөөд нэхэмжлэгчийн сүүлийн 3 сарын дундаж цалин хөлс 646.106 төгрөг байна.

Гэвч шүүхийн шийдвэрт шүүхээс нэхэмжлэгчийн сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсийг хэдэн төгрөгөөр тооцоолж, хэдэн сар, хэд хоногийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн нь хангалтгүй, тодорхой бус байна.

Ажилтны нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлого, түүнийг тодорхойлох журам, хувь хэмжээтэй холбоотой харилцааг Нийгмийн даатгалын тухай хуулиар зохицуулах бол, ажилтанд ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгох, дундаж цалин хөлс тодорхойлохтой холбоотой харилцааг Хөдөлмөрийн тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмаар тус тус нарийвчлан зохицуулсан байна.

Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2.3 дугаар зүйлийн 2.3.5 дахь хэсэгт “хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговор”-ыг тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно гэж заасан байх тул нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо нэхэмжлэгчийн сүүлийн 3 сарын цалин хөлс болох 2021 оны 11, 12 дугаар сар, 2022 оны 01 дүгээр сарын цалингийн хүснэгт болон Дунцагаан ӨЭМТ-ийн даргын хөнгөлөлт, мөнгөн тэтгэмж, олговор олгосон шийдвэрүүд зэрэг нотлох баримтуудад үндэслэн түүний дундаж цалин хөлсийг тодорхойлох нь шүүх хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бодитойгоор тодорхойлох, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцнэ гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэгчийн сүүлийн гурван сарын дундаж цалин хөлсийг тогтоохдоо зөвхөн ажилтны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаанд үндэслэх бус хариуцагчаас нотлох баримтаар гаргаж, хэрэгт авагдсан Дунцагаан нөхөрлөлийн ажилтнуудын цалингийн хүснэгт, мөнгөн тэтгэмж болон урамшуулал олгох тухай тус нөхөрлөлийн даргын шийдвэрүүдийг судлах замаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаж өгнө үү” гэжээ.  

6. Хариуцагчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Нэхэмжлэгч Н.А-гийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 465 дугаартай шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу хэрэгт хамааралтай талаас нь үнэлж чадаагүй гэж дүгнэж байна. Нэхэмжлэгч нь сувилагч ажилтай байж 1.548.100 төгрөгийн цалин авах боломжгүй. Манай улсад ийм өндөр цалинтай сувилагч байхгүй. Нэхэмжилж байгаа мөнгөнөөс 25.138.194 төгрөгийг анхан шатны шүүх хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн.

Хариуцагч талаас Н.А-гийн сүүлийн 3 сарын цалин хөлсийг тооцоход  10.208.474 төгрөгийн цалин гаргах боломжтой байгаа. Энэ хэмжээний мөнгийг гаргаж өгөх асуудлаар хариуцагч талаас маргахгүй байгаа. Гэтэл 15.109.720 төгрөгөөр илүү бодож  үндэслэлгүй тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хууль журамд нийцсэн зөв тооцоолол хийж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг багасгаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

7. Нэхэмжлэгч Н.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна. Намайг 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр намайг ажлаас чөлөөлсөн. Анхан шатны шүүх нь миний цалингийн дунджийг 10, 11, 12 саруудын дунджаар бодож тооцоолсон. 2022 оны 01 дүгээр сард би хагас ажилласан учраас цалингийнхаа талыг авсан. Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна” гэв. 

8. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Агийн өмгөөлөгчөөр оролцож байна. Миний үйлчлүүлэгч нь 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 22-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин нийт 38.479.588 төгрөгийн нэхэмжилсэн. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 465 дугаар шийдвэрээр 25.138.194 төгрөгийг ажилгүй байсан хугацааны цалин хөлс гэж тооцож, хариуцагчаас гаргаж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Яагаад гэвэл миний үйлчлүүлэгчийн цалинг сүүлийн гурван сар буюу 2021 оны 10, 11, 12 саруудын дунджаар бодож тооцоолсон.

Ийм учраас хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

                                               ҮНДЭСЛЭХ нь :

1. Хариуцагч “Увс Дунцагаан” нөхөрлөл ББН-ийн дарга Д.О-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 152/ШШ2023/00465 дугаар шийдвэртэй иргэний хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, хэргийг бүхэлд нь хянав.

2. Нэхэмжлэгч Н.А “Увс Дунцагаан” нөхөрлөл ББН-д холбогдуулан 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 28.716.495  төгрөг,  13 дахь сарын цалин 700.000 төгрөг, урамшуулал 6,000,000 төгрөг, нийт 34.716.495 төгрөг гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах шаардлага тус тус гаргасан,

- хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг 2022 оны 04 дүгээр сарын 4-ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацаагаар тооцож, олговрыг 3.063.093 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 38.479.588 төгрөг гаргуулахаар шаардсан байна.

3. Хариуцагч “Увс Дунцагаан” нөхөрлөл ББН-ийн дарга Д.О нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, маргасан байна.

4. Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд, “Увс Дунцагаан” нөхөрлөл ББН-өөс нэхэмжлэгчийн өмнө нь авч байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт нийт 25.138.194 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13.341.394 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөхийг даалгаж шийдвэрлэснийг хариуцагч тал эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан байх ба гомдлыг хангах үндэслэлгүй байна.

          5. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргааныг зөв тодорхойлж, хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэгт  хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

          5.1.  Увс Дунцагаан” нөхөрлөл ББН-ийн дарга Д.О-ийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар нэхэмжлэгч Н.А-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, сувилагчийн ажлаас чөлөөлсөн байх ба нэхэмжлэгч ажил олгогчийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч, ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага бүхий  нэхэмжлэл гаргасныг иргэний хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 152/ШШ2022/00521 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийг “Увс Дунцагаан” нөхөрлөл ББН-ийн сувилагчийн ажилд эгүүлэн тогтоосон байна.

 Нэхэмжлэгч Н.Аг “Увс Дунцагаан” нөхөрлөл ББН-ийн сувилагчийн ажилд эгүүлэн тогтоосон Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 152/ШШ2022/00521 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноор хариуцагч уг шүүхийн шийдвэрийг 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр  биелүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

         5.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т: “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч олгоно” гэж хуульчилсан ба Н.Аг шүүхийн шийдвэрээр урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон байх тул нэхэмжлэгч нь дээрхи ажилгүй байсан хугацаа буюу 2022 оны 1-р сарын 17-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацааны өмнө нь авч байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогчоос  шаардах эрхтэй.  Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуульд нийцжээ. 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд өмнө нь авч байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулахдаа хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зөв үнэлэн ажилгүй байсан хугацааны олговрыг зөв  тооцоолсон байна.

           5.3.  Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс урамшуулалд авах байсан  6 сая төгрөг, 13 дахь сарын цалин 700.000 төгрөг, нийт 6.700.000 төгрөг тус тус гаргуулах тухай шаардлагыг ажилтан ажил үүргээ гүйцэтгээгүй байх хугацаанд урамшуулал авах байсан гэх үндэслэлээр хариуцагч байгууллагаас нэхэмжлэх эрхгүй гэх агуулга бүхий дүгнэлт хийж, уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй ба талууд энэ талаар давж заалдах гомдол гомдол гаргаагүй байна.

            6. Хариуцагч тал анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан үнийн дүн 25.138.194 төгрөгөөс 10.206.474 төгрөгийг нэхэмжлэгчид олгохыг зөвшөөрч, үлдэх 15.109.720 төгрөг гаргуулахыг эс зөвшөөрч, үндэслэлээ “шүүх нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо мөнгөн тэтгэмж хэлбэрээр олгосон 1.400.000 төгрөгийг цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулж, дундаж цалин хөлсийг тогтоосон нь үндэслэлгүй”  гэж тайлбарлан маргаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгөхийг хүссэн давж заалдах гомдол гаргасан байх ба гомдлыг хангах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.

           Хариуцагч тал 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрөөр дуусгавар болгон Н.Атай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байх бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэгч Н.Агийн  ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцохдоо түүний сувилагчийн ажлаас халагдахаас өмнөх 3 сарын буюу 2021 оны 10, 11, 12 дугаар  саруудад авч байсан цалин хөлсний нийлбэрээс 1 сарын дундаж цалин хөлсийг тодорхойлж, ингэхдээ тухайн саруудад олгосон урамшууллыг цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулан тооцож,  харин эдгээр саруудад нэхэмжлэгч Н.Ад олгогдсон түлээ нүүрсний хөнгөлөлт болон хоолны үнийн хөнгөлөлтийг тус тус хасч, дундаж цалин хөлсийг тооцсон нь Хөдөлмөрийн тухай хууль болон Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д нийцсэн, үндэслэлтэй байна.

          Дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон тухайн сараас өмнөх 3 сарын дундаж цалин хөлсний нийлбэрээс тооцсон нь зөв байна.

         Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т : цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ” гэж заасан ба Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам"-ын 1.4 дүгээр зүйлд дээрх цалин хөлсний бүрэлдэхүүн тус бүрийн агуулга, ойлголтыг тус тус тодорхойлсон байна.

          Тухайлбал, тус журмын 1.4 дүгээр зүйлийн 1.4.5-т: “ шагнал урамшуулал ” гэж ажилтны ажлын үр дүн, гүйцэтгэл эсхүл тухайн байгууллагын үйл ажиллагаанд оруулсан хувь нэмэр, онцгой чухал ажил гүйцэтгэсэн байдлыг үнэлэн олгож байгаа мөнгөн урамшууллыг хэлнэ. Шагнал урамшуулалд ажлын үр дүн, гүйцэтгэлийн урамшуулал, онцгой чухал ажил гүйцэтгэсний төлөө олгосон нэг удаагийн мөнгөн урамшуулал болон хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр тогтоон олгож байгаа мөнгөн урамшуулал тус тус хамаарна ” гэж тодорхойлжээ.

“Увс Дунцагаан ” нөхөрлөл ББН-ийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/23 дугаар “Мөнгөн тэтгэмж олгох тухай” тушаал /хх-ийн 172 дугаар тал/,  2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/27 дугаар “Мөнгөн тэтгэмж олгох тухай” тушаал /хх-ийн 173 дугаар тал/-аар тус тус Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2021 оны 4 сарын 30-ны өдрийн 67/А/268 дугаар тушаал, Эрүүл мэндийн сайдын 2021 оны 221 дүгээр тушаалыг тус тус үндэслэн коронавируст халдвар/ Ковид 19/-ын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний хүрээнд ковид цар тахлын үед онцгой нөхцөлд ажилласан тус эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч, ажилтнуудад мөнгөн тэтгэмж нэрээр урамшуулал олгосон байх бөгөөд уг тушаалаар сувиалагчаар  ажиллаж байсан Н.А-д  2021 оны 11-р сард 1.400.000 төгрөг, 2021 оны 12 дугаар сард 550.000 төгрөгийн урамшуулал тус тус олгосон нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон байна.

Хариуцагч “ Увс Дунцагаан “ нөхөрлөл ББН-ийн 2021 оны 10, 11, 12 дугаар саруудын орлого, зарлагын талаархи ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга баримт хэрэгт авагдсан байх ба уг баримтуудад Ковид 19–ийн урамшуулал, эрүүл мэндийн  ажилтнуудад олгох урамшуулал  нэрээр орлого, зарлагын гүйлгээ хийгдэж байснаас дүгнэхэд халдварт цар тахлын онцгой нөхцөлд ажилласны урамшууллыг тус эрүүл мэндийн даргын тушаалаар эмч, сувилагч, ажилтнуудад  мөнгөн тэтгэмж нэрээр олгож байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Коронавируст халдвар / Ковид 19 /-ын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний хүрээнд ковид цар тахлын үед онцгой нөхцөлд ажилласан  эмч, эмнэлгийн ажилтнуудад олгосон мөнгөн урамшуулал нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам"-ын 1.4 дүгээр зүйлийн 1.4.5-т заасан онцгой чухал ажил гүйцэтгэсний төлөө олгож буй нэг удаагийн мөнгөн урамшуулалд хамаарч байна.

Ажил олгогчоос олгосон урамшууллыг цалин хөлсний бүрдэлд оруулан тооцож, нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсийг зөв тодорхойлон нэхэмжлэгчийн  ажилгүй байсан хугацааны олговорт 25.138.194 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

         7.  Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй  орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.   

         8. Давж заалдах шатны шүүхээс гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн тул хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 283.641  төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 152/ШШ2022/00465 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч “Увс Дунцагаан” нөхөрлөл ББН-ийн дарга Д.О-ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч “Увс Дунцагаан” нөхөрлөл ББН-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 283.641.00 /хоёр зуун ная гурван  мянга зургаан зуун дөчин нэгэн / төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсгүүдэд зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Л.АЛТАН

 

                ШҮҮГЧИД                                         Н.МӨНХЖАРГАЛ

                                                                     

                                                                          Д.ЖАМБАЛСҮРЭН