Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ламжавын Соёлмаа |
Хэргийн индекс | 148/2016/00120/И |
Дугаар | 385 |
Огноо | 2016-07-21 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 385
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Охиндийн 2 дугаар баг Бүүргийн гудамж гудамж 1-10 тоотод оршин суух цахим үнэмлэхний хаятай, одоо Сүхбаатар сумын 2 дугаар баг 2 дугаар хэсэг 18-30 тоотод түр оршин суух, 27 настай, эрэгтэй, одоо ХААН банкны Сэлэнгэ салбарт цахим банк хариуцсан менежер ажилтай Хархүүхнийхэн овогт Тэгшээгийн Гүндалай /МО-89081717/ /ХААН банкны Сэлэнгэ салбарын/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг Салхит 4 дүгээр хэсэг 163б тоотод оршин суух, 42 настай, эрэгтэй, одоо хувиараа хөдөлмөр эрхэлдэг Боржигон овогт Уранчимэгийн Батчулуунд /МЭ-74020214/ холбогдох
“Тээвэрлэлтийн гэрээнээс учирсан хохирол 940.000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Гүндалай, хариуцагч У.Батчулуун, хариуцагчийн өмгөөлөгч Л.Доржпүрэв, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бүүвэйцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Гүндалай шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2015 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр ХААН банкны Сэлэнгэ салбараас өөрийн банкны эзэмшлийн 91-03 СЭА улсын дугаартай W-PASSAT маркийн албаны авто машиндаа тавихаар Улаанбаатар хотын төв ХААН банкнаас 2015х60х16 бриджстоне маркийн 4 ширхэг дугуйг “Тээвэрлэлтийн гэрээ” хийж жолооч У.Батчулуунаар авчруулсан байсан. Энэ үед миний бие нь тухайн банкны салбарт аж ахуйн няраваар ажилладаг байсан ба яг дугуй хүлээн авах үед би өөрөө чөлөө авч төв рүү гар бөмбөгийн тэмцээнд явсан байсан. Миний ажлыг бичиг хэрэг хийж байсан ажилтан түр орлон хийж байсан ба тухайн дугуйг У.Батчулуун 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр буюу хагас сайн өдөр над руу утсаар “дугуйгий чинь авчирлаа” гэхээр нь хагас сайн өдөр байсан учраас “нэг дэх өдөр хүлээн авъя” гэж хэлсэн. 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр манай бичиг хэргийн ажилтан, харуулын хамт 4 ширхэг дугуйг хүлээн авсан байсан. Дугуйг хүлээн авахдаа дугуйны дугаарыг шалгаагүй авсан байсан. Би хэд хоногийн дараа ажилдаа орж дугуйг бүртгэлд бүртгэн авсан ба манай жолооч дугуйгаа тавих гэтэл дугуй нь таарахгүй солигдсон хуучин дугуй авчирч өгсөн байсан. Хүлээн авсан дугуй маань нэг размераар бага угаасан харахад шинэ юм шиг дугуй байсан. Иймд У.Батчулуунаас тээвэрлэлтийн гэрээгээр хүлээн авсан шинэ 2015х60х16 бриджстоне маркийн дугуйг биетээр нь гаргуулан авах, боломжгүй бол 4 ширхэг дугуйны үнэ 940.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэх.
Хариуцагч У.Батчулуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Намайг 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод хүнсний зүйл ачиж байхад нэг танихгүй хүн ирээд “Сэлэнгэ явах жолооч байна уу, ХААН банкны 4 ширхэг машины дугуй ачуулах гэсэн юм” гэхээр нь зөвшөөрч дугуйгий нь ачиж авчирсан. Тухайн үед тэр хүн “дугуй өгсөн бичиг гарын үсэг зур” гэхээр нь гарын үсгээ зураад л 4 ширхэг дугуйгий нь ачаад маргааш нь ХААН банкны Сэлэнгэ салбарт ирэхэд хагас сайн өдөр учир нэг дэх өдөр авна гээд би 11 дүгээр сарын 09-ны өдөр хамгаалагч, нягтлан бодогч хоёрт нь хүлээлгэж өгөөд өгсөн бичигтэй нь хамт өгсөн. Дугуйг аваад агуулах руу хийсэн. Би дугуйнаас нь зөөлцсөн. Миний ХААН банкинд өгсөн дугуй улаан канттай цаас наасан цоо шинэ дугуй байсан. Дугуйн дээрх шифрийг хараагүй хотоос хүлээлгэж өгсөн хүн ч зөвхөн надад тоо ширхэгээр л 4 ширхэг дугуй өгсөн болохоос дугуйн дээрх шифр дугаартай байгаа ямар маркийн дугуй болох талаар хүлээлгэж өгсөн зүйл байхгүй. Би ч ХААН банкны Сэлэнгэ салбарт дугуйгий нь тоо ширхэгээр л хүлээлгэн өгсөн.
Гэтэл нэг сарын дараа намайг “цагдаа дээр дуудаж байна” гэхээр нь очиход “Чи ХААН банкны дугуй сольсон байна, машин явах эрхий нь хасна, үнэмлэх хураана” гэх зэргээр намайг дарамталсан. Цагдаа дээр 2 удаа очсон. Түүнээс хойш намайг дуудаагүй, яасан талаар би мэдэхгүй, надад ямар нэгэн бичиг баримт өгөөгүй. Тэгээд намайг шүүхэд өгсөн байгаа. Би хотоос өгсөн дугуйгий нь тоо ёсоор нь хүлээлгэж өгсөн. Түүнээс сольж хольсон зүйл байхгүй. Би өөрөө дандаа хүний бараа зөөдөг сольж, холиод байвал надад хэн бараагаа итгэж ачуулах вэ дээ. Цагдаа дээр шалгагдаж байхад ХААН банкин дээр очиж дугуйгий нь үзэхэд өөр дугуй болсон байсан. Миний ачиж авчирсан дугуй биш байсан. Би дугуйг солиогүй. нэг сар гаруйн хугацаанд хэн ч сольсон юм билээ би мэдэхгүй. Энэ надад хамаагүй гэж үзэж байна. Үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэх.
Шүүх хуралдаанд уншин сонсгосон гэрч Т.Баярхүүгийн шүүхэд өгсөн мэдүүлгээс:
Би сарыг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан ээлжинд гарч байсан өдөр “төвөөс 4 ширхэг дугуй ирлээ” гэсэн. Түүнийг хүлээн авсан. Дугуй хүлээн авахдаа би маркийг нь үзэж хараагүй. Тэр өдөр Г.Бадамгарав надад “дугуй ирчихлээ Т.Баяраа ахаа оруулаарай” гэхээр нь би өнхрүүлээд грашийн доорх складанд оруулсан. Тэгээд хэд хоногийн дараа манай жолооч ”энэ дугуй биш байна, марк нь биш байна” гэсэн. Ингээд л асуудал үүссэн...гэжээ.
Шүүх хуралдаанд уншин сонсгосон гэрч Г.Бадамгаравын шүүхэд өгсөн мэдүүлгээс:
Одоо мартчихаж. Сайн санахгүй байна. Т.Гүндалайгийн ажлыг орлож байхад манай албаны дугуй ирсэн түүнийг хүлээж авсан. Маркыг нь сайн мэдэхгүй байна. 4 ширхэг дугуй хүлээн авсан. Төвөөс ер нь ямар нэгэн зүйл ирэхэд тоо ширхэгээр нь хүлээж аваад л болчихдог. Тухайн үед бас тоо, ширхэгээр нь хүлээн авсан. Чанар бүрэн бүтэн байдал зэргийг шалгаагүй. Харахад шинэ л дугуй байсан. Ачиж авч ирсэн хүн нь бас өөрөө оруулахад тусласан. Түлхүүр нь аж ахуйн няравт байдаг. Аж ахуйн нярав нвь Т.Гүндалай юм. Турхайн үед би ажлыг нь орлож байгаад ирэхээр нь түлхүүрийг нь өгсөн...гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
ХААН банк Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй У.Батчулуунд холбогдох “Тээвэрлэлтийн гэрээнээс үүдэлтэй хохирол 940.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна. Учир нь:
Хаан банкны өмчийн харилцааны мэргэжилтэн тээвэрлэгч У.Батчулуунтай “Тээвэрлэлтийн гэрээ” хийсэн болох нь хэрэгт авагдсан “Тээвэрлэлтийн гэрээ”-ээр нотлогдож байгаа хэдий ч дагалдах бичиг өгсөн эсэх нь тодорхойгүй байгаа нь Иргэний хуулийн 386 дугаар зүйлийн 386.1-д заасан “Ачаа тээвэрлэлтийн гэрээг дагалдах бичгийн хэлбэрээр байгуулна.”, 386.2-т заасан дагалдах бичгийг 3 хувь үйлдэж талууд гарын үсгээ зурж эхний хувийг ачаа илгээгчид, хоёр дахь хувийг ачаанд хавсаргаж, гурав дахь хувийг тээвэрлэгчид өгнө”, мөн хуулийн 387 дугаар зүйлийн 387.1-д заасан “дагалдах бичиг үйлдсэн он, сар, өдөр, ачаа илгээгчийн нэр, хаяг, тээвэрлэгчийн нэр хаяг, ачааг тээвэрлэгчид шилжүүлэх он,сар, өдөр, газар болон хүргэх газар, хүлээн авагчийн нэр хаяг...” тусгасан, мөн тээвэрлэгч нь ачааг хүлээн авахдаа шалгах үүрэгтэй бөгөөд тухайлбал дагалдах бичигт заасан ачааны тоо хэмжээ,тэмдэг үнэн зөв эсэхийг шалгасан эсэх нь тодорхойгүй зэрэг ачаа илгээгч, тээвэрлэгч нарын аль аль нь буруутай байна.
Тээвэрлэгч нь /У.Батчулуун/ 4 ширхэг дугуйг ХААН банкны нягтлан бодогч, харуул нарт хүлээлгэн өгсөн, тэдгээр нь түүнийг хүлээн авахдаа тоо ширхэгээр авсан харин гэрээнд заагдсан марк болон дугуйны хэмжээг шалгаж аваагүй болох нь гэрч Т.Баярхүүгийн шүүхэд өгсөн: “...ээлжинд гарч байсан өдөр “төвөөс 4 ширхэг дугуй ирлээ” гэсэн. Түүнийг хүлээн авсан. Дугуй хүлээн авахдаа би маркийг нь үзэж хараагүй. Тэр өдөр Г.Бадамгарав надад “дугуй ирчихлээ Т.Баяраа ахаа оруулаарай” гэхээр нь би өнхрүүлээд грашийн доорх складанд оруулсан. Тэгээд хэд хоногийн дараа манай жолооч ”энэ дугуй биш байна, марк нь биш байна” гэсэн. Ингээд л асуудал үүссэн...” гэх, гэрч Г.Бадамгарав “...Т.Гүндалайгийн ажлыг орлож байхад манай албаны дугуй ирсэн түүнийг хүлээж авсан. Маркийг нь сайн мэдэхгүй байна. 4 ширхэг дугуй хүлээн авсан. Төвөөс ер нь ямар нэгэн зүйл ирэхэд тоо ширхэгээр нь хүлээж аваад л болчихдог. Тухайн үед бас тоо, ширхэгээр нь хүлээн авсан. Чанар бүрэн бүтэн байдал зэргийг шалгаагүй. Харахад шинэ л дугуй байсан...” зэрэг мэдүүлгээр нотлогдож байна. Мөн ХААН банк Сэлэнгэ салбарын аж ахуйн нярав нь төвөөс ирсэн дугуй нь өөр маркийн дугуй болохыг хэзээ мэдсэн өөрийн нь ажлыг орлож байсан гэх хүнээс хэзээ хүлээн авч бүртгэсэн, ямар маркийн дугуй байх ёстой байсан талаараа шүүхэд нотолсон баримт гаргаж ирүүлээгүй байгаа нь Иргэний хуулийн 394 дүгээр зүйлийн 394.1-д зааснаар “Ачаа хүлээн авагч ачааг хүлээн авахдаа тээвэрлэгчтэй хамт түүнийг шалгаагүй,...учирсан хохирлын талаар ямар нэгэн шаардлага тээвэрлэгчид гаргаагүй бол...ачааг дагалдах бичигт заасан байдлаар хүлээн авсанд тооцно” гэсний дагуу зохигчдын аль аль нь дугуйг хүлээн авахдаа шалгаагүй, тоо ширхэгээр нь хүлээн авсан, өгсөн байх тул түүнийг хүлээн авсанд тооцох бөгөөд хүлээн авагч нь ачааны талаарх гомдлын шаардлагаа ачааг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор бичгээр тээвэрлэгчид гаргана гэсэн заалтыг зөрчсөн гэж үзнэ. Мөн тухайн банкны бичиг хэргийн ажилтан Г.Бадамгаравт аж ахуйн няравыг эзэнгүй үед орлон ажиллуулахаар тус салбарын захирлын тушаал гарсан эсэх нь тодорхойгүй байгаа нь бичиг хэргийн ажилтан төвөөс ирсэн дугуйг хүлээн авах эрх бүхий этгээд мөн эсэх нь тодорхойгүй ажил орлон гүйцэтгэх талаарх нотлох баримтаа нэхэмжлэгчээс гарган ирүүлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Иймд ХААН Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй У.Батчулуунд холбогдох “Дугуйны үнэ 940.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 27.110 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний 394 дүгээр зүйлийн 394.1-т зааснаар ХААН банкны Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй У.Батчулуунд холбогдох “Дугуйны үнэ 940.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 27.110 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурьдсугай
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн шүүхэд давж заалдах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.СОЁЛМАА