Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 223/МА2022/00031

 

                                                  

Ө.Д-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий  шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 151/ШШ2022/00352 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ө.Д-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч Төв аймгийн Зуун мод сумын З-д холбогдох,

 

Ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, үр дүнгийн гэрээний урамшуулалд 7.755.798 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг давж заалдах шатны шүүх 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.О, хариуцагч Ч.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ө.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ө.Д нь боловсролын салбарт 31 дэх, Төв аймгийн З сумын ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн захирлаар 11 дэх жилдээ ажиллаж байна. Сургуулийн захирлаар ажиллах хугацаандаа 2013 онд сургуулийн барилгын их засвар, 2015 онд Хөдөөгийн усан хангамж ариун цэврийн байгууламжийн төслийн хүрээнд Зүүн-Дэлгэр багийн нутаг дэвсгэрт Ариун цэврийн байгууламж, Хааны эрэлд 2016 цэргийн хээрийн сургуулийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд 30 сурагчийн дотуур байр зэрэг ажлуудын зураг төсвүүдийг хийлгэн бариулж, багш, ажилчид, сурагчдын сурах хөгжих, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх, багш нарын заах арга зүй, ур чадвар, мэргэжил боловсролыг дээшлүүлэх зорилгоор гадаадын улс оронд багш, сурагчийн солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлж, БНСУ-ын Пусан хотын Пихиуонг Их сургуулийн оюутнуудын сайн дурын үйл ажиллагааны хүрээнд сургуулийн урьд талбайд 40 ширхэг нарс мод, Самдан баатрын хөшөөний орчимд 60 ширхэг нарс мод тариулж ногоон байгууламж бий болгон, мэдээлэл зүйн танхим тохижуулах, сагсан бөмбөгийн гадаа талбай байгуулах, сургуулийн шалыг плитажуулах зэрэг сургалтын таатай орчин бүрдүүлэх, бүтээлч ажлуудыг санаачлан зохион байгуулж, сэтгэл зүтгэл гарган сургууль, сум, орон нутгийн хөгжилд багагүй хувь нэмрээ оруулж, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд идэвх зүтгэл, уйгагүй нөр их хөдөлмөр, энэхэн бие сэтгэлээ эргэж буцалтгүйгээр бүрэн зориулж ажилласаар ирсэн билээ.

 

Цаашид боловсролын стандарт, сургалтын чанарыг дээшлүүлэх, хамт олны нийгмийн асуудал, ажиллах орчин нөхцөлийг сайжруулахад бодит дэмжлэг болохуйц Буриад улсын ахлах сургууль, Дотоод хэргийн Их сургуулийн Лицей сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулах, БНСУ-ын Инчон хотын Инха ахлах сургуультай байгуулсан хамтын ажиллагааны гэрээг үргэлжлүүлэх, сургуулийн агааржуулалт салхивчийн ажлын зураг төсвийг хийлгэн барилгын хөгжлийн төвөөр магадлуулан, сургуулийн спорт заалыг засварлуулах, сургуулийн гадна талын ханыг хөөсдүүлж дулаалуулах зэрэг хэд хэдэн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн зүйлүүд, шийдвэрлүүлсэн төсөл хөтөлбөрүүд байгаа хэдий ч өөрөө санаачлаагүй байхад 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Б/15 тоот захирамжаар ажлаас чөлөөлсөн, хүнлэг бус шийдвэрт үнэхээр гомдолтой байна.

 

Үр дүнгийн гэрээ, улирлын ажлын үр дүнг хагас бүтэн жилээр дүгнүүлж, Засаг даргын захирамжаар урамшууллаа авч байсан болно. Сумын З миний ажлыг 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б/35 тоот захирамжаар улирлын мөнгөн урамшууллыг 84,8% үнэлгээгээр 37,8 хувь, 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А/188 тоот тушаалаар улирлын үр дүнгийн урамшууллыг 90 үнэлгээгээр 40,5 хувиар авсан. Би сүүлийн 5 cap ажлаас чөлөөлөгдөх ямар нэгэн хүсэлт өгөөгүй, харин сумын З Ч.С нь энэ албан тушаалд томилогдсоноос хойш янз бүрийн дарамт шахалт үзүүлж 2021 оны 02 дугаар сард гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлаагүй. Миний ажлын байр байнгын орон тоо учир хугацаагүй Хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой. Засаг даргын захирамжийг 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 12 цаг 15 минутын орчим Засаг даргын Тамгын газрын дарга Г.Батжаргалаар ахлуулсан комисс ирж танилцуулсан. Би тэр үед Засаг даргын захирамжаар гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хэлсэн.

 

Иймд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ө.Д нь 2012 оны 1 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн Төв аймгийн З хотын Ерөнхий боловсролын ... дүгээр сургуулийн захирлаар 11 дэх жилдээ ажиллаж байгаа. Бага анги, Монгол хэл, Уран зохиолын багш, Боловсролын удирдлагын менежер мэргэжилтэй. Төв аймгийн З сумын Засаг даргын захирамжаар үр дүнгийн урамшууллыг тогтмол авч байсан. Ажиллах хугацаанд нь хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Хөдөлмөрийн гэрээ байгуулах саналыг хүргүүлсэн боловч ажлаас чөлөөлөгдөх хугацаанд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Удаа дараа ажлын байрны дарамт ирж, ажлаас чөлөөлнө гэдэг шаардлагыг удаа дараа тавьж байсан байдаг. Сүүлд 2021 оны 6 дугаар сарын 31 гэх өдөр нэг нь он сар өдөртэй, нөгөө он сар өдөргүй хоёр өргөдөл бичүүлсэн байдаг. Шүүхэд нотлох баримтаар он сар өдөртэй өргөдөл хэргийн материалд хавсаргагдсан. Үүнээс өмнө 2021 оны 3 дугаар сард буюу хатуу хөл хорионы үед архи хэрэглэсэн асуудал яригдсан. Тухайн үед Ө.Д-тэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй тул сахилгын арга хэмжээ авах боломжгүй байсан учир тайлбар бичүүлж авсан.

 

Энэ тайлбарын дагуу дарамталж дээр дурдсан хоёр өргөдлийг бичүүлсэн байдаг. Гэхдээ 2021 оны 6 дугаар сарын 31-ний өдөр гэж хуанлид байхгүй. Ө.Д тухайн үед сэтгэл зүйн дарамтад орсон байсан учир 2021 оны 6 дугаар сарын 31-ний өдөр гэж өргөдөл бичсэн байдаг. Ө.Д уг өргөдлийг өгөхдөө сэтгэл зүйн дарамтад орж бичсэн гэж өөрөө тодорхойлдог. Хэрэв 2021 оны 6 дугаар сарын 31-ний өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх байсан бол өргөдөл өгсөн өдрөөс эхэлж ажиллахгүй байж болох байсан нэхэмжлэгч нь 2021 оны 11 дүгээр сар хүртэл ажилласан нь өөрийн хүсэл зорилгыг илэрхийлж байна. Нэхэмжлэгч нь сургуулийн захирлаар ажиллах хугацаандаа 2013 онд сургуулийн барилгын их засвар болон бусад төсөл хэрэгжүүлэн сургалтын таатай орчин бүрдүүлэх, бүтээлч ажлуудыг санаачлан зохион байгуулж ажилласаар ирсэн.

 

Мөн цаашид боловсролын стандарт, сургалтын чанарыг дээшлүүлэх, хамт олны нийгмийн асуудал, ажиллах орчин нөхцөлийг сайжруулахад бодит дэмжлэг болохуйц хэд хэдэн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн зүйлүүд шийдвэрлүүлсэн төсөл хөтөлбөрүүд байсан гэдэг.

 

Хариуцагч Ч.С нь дарамт шахалт үзүүлж, өргөдлөө өгөхгүй бол ажлаас хална гэх мэтээр дарамталж өргөдөл бичүүлсэн. Энэ талаар тухайн үед нарийн бичгийн дарга байсан одоо хүний нөөцийн ажилтан болсон Р.Цэрэнпагма тодорхой нотолж хэлсэн байсан. Түүний дагуу Хүний эрхийн үндэсний хороонд гомдол гаргаж шалгуулж байх явцад Р.Ц нь нэхэмжлэгч Ө.Д-г Ч.С-ийн өрөөнөөс уйлж гарч ирсэн гэдгийг хэлсэн байдаг. З Ч.С нь Ө.Д-г согтууруулах ундаа хэрэглэсэн захиргааны санаачилгаар төрийн албанд эргэж орох эрхгүйгээр ажлаас халах, сахилгын шийтгэл авахаар сануулахад Ө.Д Ч.С-д хандаж 2021 оны 9 дүгээр сард оюутан хүүгээ хот ороход нь хот руу шилжинэ гэж хэлсний улмаас тухайн үед нь ажлаас чөлөөлөөгүй гэдэг. Энэ нь эрх зүйн үндэслэл байхгүй. Хэрэв Хөдөлмөрийн гэрээ байгуулсан бол нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх боломж байсан. Гэтэл хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй учир дээр дурдсан нөхцөлөөр чөлөөлөх боломжгүй. Нэхэмжлэгч нь ажлын хамт олондоо өргөдөл хүсэлтээ өгөөд ажлаас гарна гэж хэлж байгаагүй. Түүний дараагаар ажлаас чөлөөлөгдөхөд сургуулийн нийт 43 багш, ажилчид гарын үсэг зурж З Ч.С-д хүргүүлж байсан. Мөн сургуулийн эцэг эхийн зөвлөл Ө.Дг сургуулийн захирлаар ажиллуулах өргөдөл хүсэлт өгч 200 гаруй эцэг эх гарын үсэг зурсан байдаг. Эдгээр байдлуудаас харахад нэхэмжлэгчийн хувьд өөрийн хүсэл зорилгоо илэрхийлж ажлаас чөлөөлөгдөөгүй гэдэг нь хангалттай харагдаж байна.

 

Иймд Төв аймгийн З сумын З Ч.С-ийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Б/15 тоот захирамжийг хүчингүй болгож, З сумын Ерөнхий боловсролын .. дүгээр сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгэх, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд нийт 7,755,798 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Төв аймгийн З сумын З Ч.С-ийн анхан шатны шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Төв аймгийн З сумын Ерөнхий боловсролын .. дүгээр сургуулийн захирлаар ажиллаж байсан Ө.Д нь 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хот руу шилжин ажиллах болсон тул тус өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлтийг үндэслэн З сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Б/15 дугаар захирамжаар үүрэгт ажлаас чөлөөлсөн болно. Энэ нэхэмжлэлийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд З сумын Зд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч З сумын З Ч.С анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь 2012 оноос эхэлж Ө.Д нь Төв аймгийн .. дүгээр сургуулийн захирлаар ажилласан. Миний бие 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Төв аймгийн З сумын Зар томилогдож 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ажлаа хүлээж авсан. Ажил хүлээж авах үеэр дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахал гарч улсын онцгой комисс, аймгийн онцгой комисс, сумын онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд үйл ажиллагаа явуулж байсан. 2021 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн З суманд Ковид-19 цар тахлын анхны тохиолдол батлагдсан. Энэ үед аймгийн онцгой комисс, сумын онцгой комисс, Төв аймгийн Засаг даргын тамгын газар, зургаан баг, харьяа байгууллагын бүх ажилтан ажилласан. 2021 оны 3 дугаар сарын 06-ны өдөр анхны тохиолдол батлагдсанаас хэд хоногийн дараа өрх бүрээс нэг иргэнийг шинжилгээнд хамруулж, тандалт хийхээр болсон. Ингээд Төв аймгийн З сумын бүх удирдлага, төрийн байгууллага болон харьяа байгууллагын алба хаагчдыг хуваарилсан. Тэгэхэд Ө.Д 016 дугаар цэргийн ангийн орон сууцанд хуваарилагдаж шинжилгээ авах үүрэг гүйцэтгэсэн. Тэр үед Ө.Д нь шинжилгээ авчхаад М.Ш гэх Төв аймгийн З сумын Засаг даргын Тамгын газрын хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хариуцсан мэргэжилтэнтэй архи уусан байдаг. Энэ үед бүх иргэд хөл хорионд орж хүнсний дэлгүүр, үйлчилгээний газар бүгд хаалттай байх үеэр архи уусан асуудал гарсан. Миний бие тухайн үед М.Ш-тай уулзахад архи ууснаа хүлээн зөвшөөрч тайлбар бичиж өгсөн. Түүнийг хэргийн материалд хавсаргасан. Түүний дагуу М.Шижирбаатартай хариуцлагын асуудал ярихад залуу хүний хувьд захиргааны санаачилгаар арга хэмжээ авхуулах нь хэцүү байна гэж өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан тайлбартаа зөв ярьж байна. 2021 оны 6 дугаар сарын 31-ний өдөр гэх өдөр байхгүй. Ө.Д надтай уулзаж өргөдөл бичиж өгсөн нь 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр юм. Энэ нь архи уусан асуудлаар М.Ш-тай уулзаад түүний дараагаар Ө.Дтэй уулзахад архи уусан нь үнэн гэдгээ хэлсэн. Түүний дагуу хариуцлагын асуудал ярихад би боловсролын салбарт олон жил ажилласан. Архи уусан гэж ажлаас халагдах юм бол миний насны хүн дахин ажлын байр олоход хэцүү. Тийм учир би өргөдөл гаргаж өгч, өргөдлийн дагуу асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн. Ингэхдээ 2021 оны 9 дүгээр сард манай хүү оюутан болж Улаанбаатар хот руу явна тэр үед би ажлаас чөлөөлөгдөж Улаанбаатар хот руу шилжинэ гэж хэлээд 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр өргөдөл бичиж өгсөн.

 

Төв аймагт үйл ажиллагаа явуулдаг сургуулиудаас З сумын ... дүгээр сургууль бүх сургалтын үйл ажиллагаагаар хамгийн сүүлд ордог сургууль юм. Ө.Дгийн 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр өгсөн өргөдлийн дагуу 2021 оны 9 дүгээр сард асуудлыг шийдвэрлэх гэхэд Ковид-19 цар тахлын том давлагаа гарч Боловсролын яам, агентлагаас хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаа учир танхимын сургалтыг зохицуулах хэрэгтэй гэсэн чиглэл ирсэн. Энэ үед сургуулийн захирлыг ажлаас чөлөөлөх асуудал яриад хэрэггүй байх гэж бодоод асуудлыг хойш тавьсан. Түүний дараагаар 2021 оны 10 дугаар сард энэ асуудлын талаар нэхэмжлэгчтэй ярих гэхэд нэхэмжлэгч Ковид-19 халдвар аваад өвдчихсөн. Тийм учир 2021 оны 10 дугаар сарын сүүлээр нэхэмжлэгч Ө.Д-г өөрийн хүсэлтийн дагуу ажлаас чөлөөлсөн.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт ажлын байрны дарамт шахалт үзүүлсэн гэж тайлбарлаж байна. Тийм зүйл огт байхгүй. Би төрийн байгууллагыг төлөөлж ажиллаж байгаагийн хувьд Ө.Дгийн бичгээр гаргасан өргөдлийн дагуу асуудлыг шийдвэрлэсэн. 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл буюу ажлаас чөлөөлөх захирамж гаргах хүртэл 8 сарын хугацаанд би ажил дээрээ байсан. Дунд нь нэг сарын хугацаанд ээлжийн амралттай байсан. Хэрэв Ө.Дгийн өөрийнх нь хүсэл биш бол энэ хугацаанд нэг ч удаа ирж уулзаж, ажлаа үргэлжлүүлэх, ажиллах хүсэлт амаар болон бичгээр гаргасан зүйл байдаггүй. Тийм учир би Ө.Дгийн өөрийнх нь хүсэлтийг шийдвэрлэсэн.

 

Харин уг хүсэлтийг шийдвэрлээгүй бол магадгүй би өөрөө асуудалд орж болзошгүй нөхцөл байдал үүссэн гэдгийг хэлмээр байна. Тийм учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.  

 

 Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар нэхэмжлэгч Баясгалан овогт Өлзийбилэгийн Дуламсүрэнг Төв аймгийн З сумын ... дүгээр сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож,

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч Ө.Дд ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 6.678.600 төгрөг олгохыг хариуцагч Төв аймгийн З сумын З /санхүү/-д даалгаж, үлдэх 1.077.194 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч Ө.Дгийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан журмын дагуу тооцож, шимтгэл төлөлтөд баталгаажилт хийлгэхийг Төв аймгийн З сумын З /санхүү/-д даалгаж,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдол гаргагч Ө.Д нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж,

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Төв аймгийн З сумын З /санхүү/-аас 121.808 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулан шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Ч.С гаргасан давж заалдсан гомдолдоо: 1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3 дахь заалтад “Хөдөлмөрийн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар байгуулж, хөдөлмөрийн гэрээг бичгээр ажил олгогчийн буруу байна” гэжээ. Мөн заалтад "Боловсролын тухай хуульд 2018 оны 6 дугаар сард сумын З-н бүрэн эрхэд шилжүүлсэнтэй холбогдуулан Төв аймгийн З сумын Засаг даргын 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Б/119 захирамжаар сургуулийн эрхлэгчээр Ө.Дг томилсон байна” гэжээ.

 

Ө.Д нь сургуулийн захирлын албан тушаалд өмнө нь ажиллаж байсан хөдөлмөрийн гэрээтэй бөгөөд хуулийн өөрчлөлтөөр сумын З шинээр захирамж гаргасан болно. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх хэсэгт заасан “байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээ хугацаагүй” байх зохицуулалтаар сургуулийн захирлын байнгын ажлын байранд өмнө хийсэн хөдөлмөрийн гэрээ нь хугацаагүй тул дахин хөдөлмөрийн гэрээ хийх шаардлагагүй байхад ажил олгогчийн буруу гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

 

Монгол Улсын Дээд Шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн зөвлөмжид “Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д заасан “байнгын ажлын байр”-д ажиллаж буй ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээ нь ажилтантай тохиролцсоноос бусад тохиолдолд мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д зааснаар хугацаагүй байна” гэснээр дахин хөдөлмөрийн гэрээ байгуулах шаардлагагүй байсан. Гэхдээ ажил олгогч ажил, үүрэг гүйцэтгэхийг шаардсан түүний шаардлага, хариуцлагатай холбоотой захирамж гаргаагүй маргааны агуулгад хамааралгүй дүгнэлт шүүх хийсэн гэж үзнэ.

 

2. Маргааны гол зүйл нь 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Б/15 дугаартай захирамж юм. Захирамж нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх заалтыг үндэслэсэн бөгөөд Ө.Д нь “9 дүгээр сараас хүү оюутан болохоор Улаанбаатар шилжинэ, намраас ажлаас чөлөөлж өгнө үү” гэсэн өргөдөл гаргасны дагуу ажилтны санаачилгаар ажлаас чөлөөлсөн болно.

 

Нэхэмжлэгч өргөдөл гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрдөг бөгөөд шүүх “өргөдөл бичсэн эсэх үйл баримтад талууд маргаагүй болно” гэж дүгнэснээр нотлогдоно. Монгол Улсын Дээд шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн зөвлөмжид “ажил олгогчийн зүгээс ямар нэгэн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл байх учиргүй бөгөөд ажилтан өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр өргөдөл гаргасан эсэхийг шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ анхаарвал зохино” гэсэн. Дээрх үндэслэл тогтоогдоогүй учраас шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй гэж үзнэ.

 

З. Үйл баримтаар нэхэмжлэгч өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр ажлаас чөлөөлж өгнө үү гэсэн агуулгатай өргөдлийг гаргасан бөгөөд хугацааг хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-т зааснаар ажил олгогчтой харилцан тохиролцсон. Гэтэл шүүх  “өргөдлийг 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүлээн   авч, 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр шийдвэрлэсэн гэж бүртгэсэн” гээд 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор шийдвэрлэж хариу өгөх үүрэгтэй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд хуулиар ажил олгогчтой хугацааг тохирох боломжтой бөгөөд хугацааг тодорхой заалгүй намраас ажлаас чөлөөлж өгнө үү гэсэн нь намрын 3 сарын алинд ч шийдвэрлэж болохоор харилцан тохиролцсон байхад 30 хоногийн дотор шийдвэрлэх ёстой гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

 

4. Мөн ажилтан хуулийн 39 дугээр зүйлийн 39.1-д зааснаар “30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй” гэсэн зохицуулалт болохоос ажлын байраа орхиогүй нь ергөдлөөсөө татгалзсан гэж үзэх үндэслэлгүй байхад үүрэгт ажлаа үргэлжлүүлэн хийж байснаар хүсэлтээсээ татгалзсан гэж дүгнэх үндэслэлтэй юм” гэж хуулийг буруу тайлбарлан, зөрүүтэй хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч хүсэлтээсээ татгалзсан гэх асуудлаар захирамж гарах хүртэл хугацаанд нэг ч удаа бичгээр болон утсаар, амаар хандаагүй байхад хүсэлтээсээ татгалзсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

 

5. Ө.Д нь З сумын ... дүгээр сургуулийн захирлаар ажиллаж байсан атал шүүхийн шийдвэрийн 7 дугаар хуудсанд 2 ч удаа З сумын ... дүгээр сургуулийн “эрхлэгч” гэж томьёолсон, мөн Ө.Д өргөдлөө З сумын З. Д. тамгын газарт гаргасан байх атал 8 дугаар хуудсанд Ө.Д-гийн өргөдлийг “Төв аймгийн З Тамгын газар нь” гэх мэтээр буруу дүгнэсэн алдаа гаргажээ. Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. 

 

Нэхэмжлэгч Ө.Д Төв аймгийн З сумын З Ч.С-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны болон үр дүнгийн гэрээний урамшуулал 4.730.640 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа Төв аймгийн З сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Б/15 тоот захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдөр буюу 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалингийн олговорт 7.755.798 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх гэж нэмэгдүүлэн, З Ч.С уг албан тушаалд томилогдсоноос хойш ажлын гүйцэтгэлийн төлөвлөгөө батлахгүй, байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, янз бүрийн дарамт шахалт үзүүлэн өргөдөл бичүүлэн авсан хэмээн тодруулжээ. 

 

Хариуцагчаас нэхэмжлэгчид ямар нэгэн дарамт, шахалт үзүүлсэн асуудал байхгүй ба харин Ө.Д нь 2021 оны 03 дугаар сард буюу Ковид-19 цар тахлын онцгой дэглэмтэй, өрх бүрийн нэг иргэнийг шинжилгээнд хамруулах тандалтын үед архи уусан сахилгын зөрчил гаргасан, 2021 оны 9 дүгээр сард хүүхдээ оюутан болохоор Улаанбаатар хотод шилжих учир намар ажлаас чөлөөлж өгнө үү гэсэн түүний өргөдлийг үндэслэн ажлаас чөлөөлсөн хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан байна.

 

Анхан шатны шүүх ажил олгогчоос ажилтан Ө.Д-г тухайн албан тушаалд томилсон боловч түүнтэй хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулаагүй болох нь нотлогдсон, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлж өгнө үү гэх өргөдлийн огноог талууд өөр өөрөөр тайлбарлаж байгаа ч өргөдөл бичсэн үйл баримтад маргаагүй, ажил олгогч нь ажилтны өргөдлийг бүртгэж авснаас хойш хуульд заасан 30 хоногийн хугацаанд шийдвэрлэлгүй, хугацаа хэтрүүлсэн гэх үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу баримтаар нотолж чадаагүй, харин Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн харилцааны нөгөө тал болох ажилтан нь 9 дүгээр сараас ажлаас чөлөөлөх өргөдлөө гаргаснаас хойш ажлаа орхих эрхтэй боловч үүрэгт ажлаа үргэлжлүүлэн хийж байснаараа ажилтан хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох буюу гэрээг цуцлах санаачилга болох хүсэлтээсээ татгалзсан гэж үзнэ хэмээн дүгнэж нэхэмжлэгч Ө.Дг ажил нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 6.678.600 төгрөг олгож, үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан журмын дагуу тооцож, шимтгэл төлөлтөд баталгаажилт хийлгэхийг хариуцагчид даалган шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл: Ажил олгогч Төв аймгийн З сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Б/15 дугаар захирамжаар Өлзийбилэгийн Дуламсүрэнг З сумын .. сургуулийн захирлын албан тушаалаас Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.5, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 43 дугаар зүйлийн 43.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

 

Анхан шатны шүүх тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг тал бүрээс бодитойгоор харьцуулан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж чадалгүйгээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна. 

 

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлээ нотлохын тул Төрийн албаны зөвлөлийн Төв аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 137 дугаар, Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 04/1861 дугаар, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн даргын 2021 оны 01/2406 дугаар, Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссын гишүүний 2022 оны 05/291 дугаар /хх-ийн 1-р хавтас 5, 95, 96, 2-р хавтас 17-р тал/ албан бичгүүдийг гарган өгсөн байдаг.

 

Уг албан бичгүүдээс үзвэл хариуцагчаас нэхэмжлэгч Ө.Д-г ажлаас нь чөлөөлөхөөр ямар нэгэн хууль бус шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй гарган дарамт, шахалт үзүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-т зааснаар нэхэмжлэгч нь өөрөө ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй байна.

 

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасан “...ажилтан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай өргөдлөө ажил олгогчид өгсөн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй...” гэх заалт нь ажилтан нь дээрх хугацаа өнгөрмөгц ажлын байраа орхин явах эрхийг хуулиар олгосон ба энэ тохиолдолд ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болсонд тооцох буюу өөрөөр хэлбэл энэ тохиолдолд ажилтан Хөдөлмөрийн тухай хууль зөрчөөгүй гэдгийг илэрхийлсэн заалт байхад анхан шатны шүүх хуулийн дээрх агуулгыг ажилтан ажлаа орхин яваагүй нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээсээ татгалзсан гэж үзнэ хэмээн дүгнэсэн нь шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцаатай маргаанд хэрэглэвэл зохих хуулийн зүйл, хэсэг заалтыг үндсэн агуулгаас нь зөрүүтэй ойлгон буруу тайлбарлан хэрэглэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг зөрчжээ.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагчийн гаргасан давж заалдсан гомдлыг хүлээн авч ханган, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ө.Дгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

2022 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс шинэчлэн найруулсан “Хөдөлмөрийн тухай хууль” тухай хууль үйлчилж эхэлсэн, Хөдөлмөрийн тухай хууль нь хөдөлмөрийн харилцааны зарчим, суурь хэм хэмжээг тогтоон тодорхойлдог иргэний хууль тогтоомжид хамаарах хувийн эрх зүйн харилцаа бөгөөд Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан, хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтуудаас үзвэл зохигчийн хооронд үүссэн үйл баримтууд нь 1999 оны Хөдөлмөрийн тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байхад өрнөсөн байх тул шүүхээс уг хуулийг нь хэрэглэн хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Төв  аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 151/ШШ2022/00352 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 он/ 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Төв аймгийн З сумын З*д холбогдох, ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, үр дүнгийн гэрээний урамшуулалд 7.755.798 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч Ө.Д-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гаргасан давж заалдсан гомдлыг хүлээн авч хангасугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч байгууллага нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4 дэх хэсэгт заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                   ШҮҮГЧИД                                            Г.ТЭГШСУУРЬ

 

                                                                               М.МӨНХДАВАА