Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 22

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Халх боржигин овогт Доржийн Ням даргалж, Нарийн бичгийн дарга Алаг адуун овогт Батцэнгэлийн Долгорсүрэн Улсын яллагч Боржигон овогт Данзансамбуугийн Шинэбал Шүүгдэгч Барга овогт Ба-ын Мө- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Мө-ад холбогдох 1923000080013 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Отгон суманд 1978 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдүүдийн хамт Завхан аймгийн Отгон сумын Хужирт багт оршин суух хаягтай Барга овогт Ба-ын Мө-.РД/ИЙ********/

Шүүгдэгч Б.Мө- нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг буюу бусдын 2 адууг хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Мө- нь 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Завхан аймгийн Отгон сумын Соёл багийн нутгаас бусдын 2 тооны адууг хулгайлан авсан тухайгаа мөрдөн байцаалтын шатанд “...Би 2019 оны 01 дүгээр сарын 07-ний өдөр гэртээ байж байхад миний утас руу хөдөөнөөс Гунгаа гэдэг хүн утастаад манай энүүгээр чоно, нохой гүйгээд болохгүй байна буугаа аваад хүрээд ирээч гэхээр нь маргааш очъё гэж хэлсэн. 01 сарын 08-ны өглөө гэрээсээ гараад Отгон сумын Соёл багийн нутаг Улаан чулууны Шар хад гэдэг газарт байсан Гунгаагийнд мотоциклоор явж очсон. Очоод Гунгаагийн гаднаас Хээр билүү хүрэн зүстэй морь эмээлж унаад чоно дурандах гэж Цагаан овооны нуруун дээр гарахад адуу байсан. Хэсэг хугацаанд уулын хамар дагуулж чоно дурандаад юм харагдахгүй нар хэвийгээд орой болохоор нь тэнд байсан адуунаас халтар морь, бор морь нийт 2 тооны адууг барьж аваад сумын төвийн доод талд шөнө гаргаж төхөөрсөн. Миний авсан 2 тооны адуу манай сумын Жаргалсайхан гэдэг хүний адуу байсан байна лээ” гэж мэдүүлжээ. Хохирогч Б.Жаргалсайхан дээрх үйл баримтын талаар мөрдөн байцаалтын шатанд “...Би өөрийнхөө адууг Завхан аймгийн Отгон сумын Соёл багийн нутагт хариулдаг. 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр адуундаа очоод бүртгэхэд бүрэн бүтэн байсан. Хоёр хоногийн дараа буюу 8-ны өдөр очиж үзэхэд 2 тооны адуу дутчихсан байхаар нь би адуугаа хулгайд алдчихлаа гээд цагдаагийн байгууллагад бүртгүүлсэн юм. Миний алга болсон хоёр тооны адуу нь зөв талын гуян дээрээ задгай гул шар тамгатай, монгол ба үсгэн тамгатай нас гүйцсэн арилжаа сайвар бор морь нэг, халтар морь нь арилжаа сайвар явдалтай зөв талын гуян дээрээ задгай гул шар тамгатай, монгол ба үсгэн тамгатай морь байсан” гэж мэдүүлсэн байна. Хохирогчийг дээрх цаг хугацаанд 2 морио алдлаа хэмээн сураг тавьж, өөрсдөд нь захиж байсан гэдгийг гэрч Б.Дэлгэрэх, Ж.Отгончулуун нар, уг морьд нь сайвар явдалтай адуу байсан гэдгийг гэрч Ж.Пүрэвсүрэн болон бусад гэрчүүдийн мэдүүлэг нотолжээ. Мөн мөрдөн шалгах ажиллагааны үед шинжээч томилж дүгнэлт гаргуулахад хохирогчийн 2 морийг тус бүрийг 1.0 сая төгрөгөөр үнэлсэн бөгөөд үнэлгээний талаар талууд маргаагүй байна. Хохирогч болон гэрчүүдийн мэдүүлэг хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан, хоорондоо зөрүүгүй, харилцан бие биенээ нотолсон, энэ хэрэгт хамааралтай байх тул шүүх үнэн зөв гэж үнэлэн шийдвэрийн үндэслэл болголоо. Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Мө-ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг давхар нотлогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүний мэдүүлгийг өөрийг нь яллах үндэслэл болгох боломжтой. Ийнхүү Б.Мө- бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай тогтоогдсон учир түүнийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй. Шүүгдэгч Б.Мө- мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан бөгөөд шүүх хуралдааны үед ч энэ байдлаа илэрхийлж байх тул түүнийг гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, ийнхүү хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, өөрт нь хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн гэж үзэх үндэстэй байна. Шүүгдэгч 2 морины үнэ 2.0 сая төгрөгийг хохирогчид төлсөн бөгөөд хохирогч Б.Жаргалсайхан гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байна. Улсын яллагч шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар тэнсэж, тодорхой үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх саналтайгаар хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлж, шүүх хуралдааны үед дээрх саналаа дэмжжээ. Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирлоо нөхөн төлсөн зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар улсын яллагчийн саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.8, 1.9 болон 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Барга овогт Ба-ын Мө-ыг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар Б.Мө-ыг 1/нэг/ жилийн хугацаагаар тэнсэж энэ хугацаанд түүнд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Шүүгдэгч Б.Мө- тэнссэн 1/нэг/ жилийн хугацаанд хүлээлгэсэн дээрх албадлагын арга хэмжээг зөрчвөл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах журамтай болохыг анхааруулсугай.

4. Шүүгдэгч Б.Мө-ад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Б.Мө- нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирол төлбөргүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа болон хуулбар хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгчийн хөрөнгө болох 1000000 төгрөгний үнэлгээ бүхий Challenger маркийн 50-70 ЗАН улсын дугаартай авто машины битүүмжлэлийг хүчингүй болгосугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно. 8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч нар, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Д.НЯМ