Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2023/02087

 

 

 

 

 

 

 

   2023       12            01                                    210/МА2023/02087

 

 

Я.С-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 182/ШШ2023/02497 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Я.С-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч С.Э-, А.М-, О.М-нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 44,000,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.О, хариуцагч О.М, түүний өмгөөлөгч С.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Я.С- миний бие С.Э-, А.М- нартай 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 60,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, хүүгүй зээлэхээр тохиролцсон. Тус зээлийн гэрээгээр Г-2202004612 τоот гэрчилгээтэй, Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо, сурагчийн 1-11 тоот хаягт байрлах, 474 м.кв газар болон тус хаягт байрлах Ү-2202006017 улсын бүртгэлийн дугаартай, 216 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус тус барьцаалсан. С.Э-, А.М- нар нь “гадаад улсаас банк бус санхүүгийн байгууллагын зөвшөөрөл авч оруулж ирэхэд мөнгө хэрэгтэй байна” гэсний дагуу миний бие итгэж өөрийн Бенз маркийн Actross 1843 LS маркийн 00-00 УНЧ улсын дугаартай автомашиныг 50,000,000 төгрөгөөр бодож, бэлнээр 10,000,000 төрөг, нийт 60,000,000 төгрөгийг зээлүүлсэн. С.Э-, А.М- нар нь 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 46,000,000 төгрөгийг төлж барагдуулсан ба үлдэгдэл 14,000,000 төгрөгийг төлөөгүй өнөөдрийг хүрч байна. Миний бие С.Э-, А.М- нарт залилуулсан байна гэж бодон Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст хандаж гомдол гаргасан боловч Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 13 тоот тогтоолоор “гэмт хэргийн шинжгүй” гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба уг тогтоолд гомдол гаргасан хэдий ч Монгол Улсын Ерөнхий прокурорын 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн хариу мэдэгдэх хуудсаар гомдлыг хүлээн авахаас татгалзсан хариу өгсөн. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний үлдэгдэл 14,000,000 төгрөгийг хариуцагч С.Э-, А.М- нараас гаргуулна. Нэхэмжлэлийн шаардлагаа 30,000,000 нэмэгдүүлсэн. Иймд үндсэн зээл 14,000,000 төгрөг, алдангид 30,000,000 төгрөг, нийт 44,000,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч С.Э-, А.М- нарын тайлбарын агуулга:

Я.С- нь А.М-, С.Э- нарт холбогдуулан гаргасан 14,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. 2022 оны 12 дугаар сард багтсан цувуулан төлж дуусгах хүсэлтэй байна гэжээ.

 

3.Хариуцагч О.М-ын тайлбарын агуулга:

Я.С-, С.Э-, А.М- нарын хооронд байгуулагдсан гэрээ нь зээлийн гэрээ биш. Мөнгө зээлүүлэх хүсэл зориг байгаагүй, байсан бол хүү бичсэн байх ёстой. Энэ хүн машин худалдах зорилготой байсан. Бэлнээр 10,000,000 төгрөг өгсөн байсан. 50,000,000 төгрөгийн машин зээлсэн гэж үзэх үндэслэлгүй. 50,000,000 төгрөгийн үнэтэй машиныг сүүлд нь 36,000,000 төгрөгөөр худалдсан. 10,000,000 төгрөгийг бэлнээр зээлсэн. Мөн 10,000,000 төгрөгт О.М-ын хашаа байшин, 50,000,000 төгрөгт Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байрлах, 408 м.кв газрыг тавина гэж байгаа. Нийлээд 10,000,000 төгрөгийн барьцааны гэрээ хийчихээд дахиад цаашаа хоёрдох барьцааны гэрээгээ хийх ёстой байсан боловч хийгээгүй. Нэхэмжилж байгаа 44,000,000 төгрөгийг О.М-ын хөрөнгөөр хангуулах ямар ч үндэслэл байхгүй. Бид Хан-Уул дүүргийн шүүх дээр нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тэр нэхэмжлэлийн шаардлага дээрээ хариуцагч хүлээн зөвшөөрсөн. Хоёр дахь барьцааны гэрээг хийх гэж байгаад дундаасаа больчихсон. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч С.Э-, А.М- нараас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 14,000,000 төгрөг, алданги 7,000,000 төгрөг, нийт 21,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Я.С-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 23,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Я.С-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 606,100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Э-, А.М- нараас улсын тэмдэгтийн хураамжид 262,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Я.С-т олгож шийдвэрлэсэн байна.

 

5. Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.а. Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг нэхэмжлэгчийн зүгээс эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

5.б. Анхан шатны шүүх зээлийн харилцаа үүссэн гэж зөв дүгнэж, зээлийн үлдэгдэл төлбөр 14,000,000 төгрөг болохыг зөв тодорхойлсон атлаа Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэж, улмаар миний зээлийн алданги 23,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Зээлийн гэрээнд алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт нийцсэн.

2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс алданги шаардах, алданги тооцох эрх нээгдсэн тул мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар 60,000,000 төгрөгийн 50 хувиар буюу 30,000,000 төгрөг шаардсан. 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зээлийн гэрээний үүргээс 46,000,000 төгрөг төлснөөр хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, нэмэлт үүрэг шаардах эрх нээгдсэн. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт нь үүрэг гүйцэтгэх дарааллыг зохицуулсан болохоос үүргээс чөлөөлөх, нэмэлт үүргийг үгүйсгэсэн зохицуулалт биш юм. Үндсэн зээлийн төлүүлэхэд дараа нь хариуцлага алданги төлөгдөх дараалалтай. Энэ зохицуулалтыг ийнхүү буруу тайлбарлан хэрэглэвэл бүх хүү, алданги хасагдах сөрөг үр дагавар үүснэ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд хариуцагч О.М-ын гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч нь автомашин худалдах хүсэл сонирхолтой байж байгаад А.М-, С.Э- нартай уулзсан. Автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулах гэж байгаад больж, зээлийн гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үйл ажиллагаа явуулах эрхтэй байгууллага биш бөгөөд талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй байна. Мөн 10,000,000 төгрөгийн зээлийн гэрээг хүүгүй гэж бичсэн байна. Гэтэл автомашин худалдаж, худалдан авах асуудлыг зээлийн гэрээ гэж үзсэн тохиолдолд хэдэн төгрөг өгснийг тодорхой болгох ёстой. Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй бөгөөд худалдах, худалдан авах гэрээг халхавчилж хийсэн гэрээ гэж үзэж байна. Зээлийн гэрээ гэж үзсэн тохиолдолд 10,000,000 төгрөг, 46,000,000 төгрөг, 60,000,000 төгрөгийг өгсөн эсэх асуудал яригдана. Гэтэл зээлийн гэрээнд 60,000,000 төгрөгийг бэлэн мөнгөөр өгч, нотариатаар гэрчлүүлсэн байна. Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан тохиолдолд тухайн төлбөрөөс алдангийг тооцож, О.М-аас 44,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Гэтэл А.М-, С.Э- нар нь анхан шатны шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй. Манай зүгээс гомдол гаргаагүй боловч хэргийн гол хариуцагч болох С.Э- анхан шатны шүүх хуралдаанд оролцоогүй. Хариуцагчийн зүгээс талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж үзэж байна гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд хариуцагч С.Э-, А.М- нараас тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл тогтоогдож байна.

 

1. Нэхэмжлэгч Я.С- нь хариуцагч С.Э-, А.М-, О.М-нарт холбогдуулан үндсэн зээлд 14,000,000 төгрөг, алдангид 30,000,00 төгрөг, нийт 44,000,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч А.М-, С.Э- нар нь 14,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ. Харин хариуцагч О.М-бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 182/ШЗ2023/11023 дугаартай захирамжаар хариуцагч О.Мөнхбатад холбогдох үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг тусгаарлаж шийдвэрлэсэн байна. Энэ талаар шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт нэмж тусгах нь зүйтэй гэж үзлээ. /хх 201-202/

 

3. Я.С- нь А.М-, С.Э- нартай байгуулсан 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээгээр зээлдүүлэгч Я.С- нь 60,000,000 төгрөгийг, хүүгүй, 1 сарын хугацаатайгаар, уг мөнгийг тухайн өдрөө бэлнээр хүлээлгэн өгөх, зээлдэгч А.М-, С.Э- нар нь шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх нөхцлийг харилцан тохиролцжээ. /хх 4/

 

3.а. Дээрх зээлийн гэрээний дагуу 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 60,000,000 төгрөгийг бэлнээр тоолж хүлээлцсэн болох нь нэхэмжлэгч Я.С-, хариуцагч А.М- нарын гарын үсэг зурсан баримтаар нотлогджээ./хх 8/

 

4. Талуудын хооронд байгуулагдсан дээрх зээлийн гэрээг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт уг хуульд нийцсэн байна.

 

5. Хариуцагч нар гэрээгээр тогтоосон хугацаа буюу 1 сарын хугацаанд зээлийг буцаан төлөх үүргээ гүйцэтгээгүй, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 46,000,000 төгрөгийг буцаан төлсөн талаар зохигчид маргаагүй байх тул хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэлд 14,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцсэн.

 

6. Нэхэмжлэгч нь хариуцагч нарыг гэрээний үүргээ хугацаанд гүйцэтгээгүй үндэслэлээр нийт 60,0000,000 төгрөгөөс тооцон алдангид 30,000,000 төгрөг нэхэмжилсэн гэж тайлбарласан байна.

 

Хариуцагч нар гэрээний үүрэг 60,000,000 төгрөгийг хугацаандаа гүйцэтгээгүй боловч хугацаа дууссанаас хойш 46,000,000 төгрөгийг буцаан төлсөн тул гүйцэтгээгүй үүргийг 14,000,000 төгрөг гэж үзнэ. Анхан шатны шүүх уг үүргээс алданги тооцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг зөв хэрэглэсэн байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

            Тодруулбал, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.5-д “Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алдангийг зээлдүүлэгчид төлөх ба нийт алдангийн хэмжээ нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй” байхаар харилцан тохиролцсон нь хуулийн дээрх зохицуулалтад нийцжээ.

 

7. Харин шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй байх тул зөвтгөнө.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 182/ШШ2023/02497 дугаар шийдвэрийн

Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “232.6-д” гэснийг “232.4 дэх хэсэгт” гэж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтаар “Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 182/ШЗ/2023/11023 дугаартай шүүгчийн захирамжаар О.М-ын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 1 дүгээр гудамж, 11 тоотод байршилтай 18642317062295 нэгж талбарын дугаартай 474 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газар, Ү-2202006017 дугаарт бүртгэлтэй 216 м.кв талбайтай хувийн сууц, үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгч Я.С-ын шаардлагыг тусгаарласныг дурдсугай.” гэсэн нэмэлт оруулж, ,

Тогтоох хэсгийн “2, 3” гэсэн дугаарлалтыг “3, 4” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 272,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ч.ЦЭНД

 

       ШҮҮГЧИД                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ