Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 389

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар: 

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Түшиг сумын 2 дугаар баг Ар нуга 1 дүгээр хэсэг 29 тоотод оршин суух, 59 настай, эрэгтэй, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй Энх овогт Цэнджавын Гантөмөрийн /МН-56090576/ нэхэмжлэлтэй:

 “Ажилласан байдал тогтоолгох тухай“  иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгч Ц.Гантөмөр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов. 

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Ц.Гантөмөр шүүх хуралд гаргасан тайлбартаа:

Миний бие нь 1977 оны 08 дугаар сарын 31-нд цэргээс халагдаж ирээд Сэлэнгэ аймгийн “Алтанбулаг” кино театрт кино механикчаар тасралтгүй 16 жил ажилласан. Миний ажилласан талаар хөдөлмөрйин дэвтэрт бүрэн бичилт хийгдсэн хэдий ч тэтгэвэрт гарах гэтэл ажилд анх орсон, гарсан тушаал байхгүй учраас заавал ажилласан жил тогтоолгох шаардлагатай болсон. Аймгийн архивт энэ талаар ямар ч бичиг баримт байхгүй байна. Иймд намайг Сэлэнгэ аймгийн “Алтанбулаг” кино театрт кино механикчаар 1977 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 1994 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүртэл ажилласан жилийг тогтоож өгнө үү гэх.   

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Гантөмөр нь “...намайг Сэлэнгэ аймгийн “Алтанбулаг” кино театрт кино механикчаар 1977 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 1994 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүртэл ажилласан жилийг тогтоож өгнө үү” гэсэн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.   

 Ц.Гантөмөр нь Сэлэнгэ аймгийн “Алтанбулаг” кино театрт кино механикчаар 1977 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 1994 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүртэл ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд:

 №310517 дугаартай “Хөдөлмөрийн дэвтэр”-ийн 5-9 дүгээр талд авагдсан 1977 оны 08 дүгээр сарын 31-ний өдөр ажилд орсон, 1994 оны 05 дугаар сарын 24-ний өдөр ажлаас халагдсан тушаалуудын бичилт, Сэлэнгэ аймгийн Кино үзвэрийн газрын даргын 1994 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 15 дугаартай “Сумын кино цэгийн механикчдыг шилжүүлэх тухай” тушаалын хуулбар, БНМАУ-ын Соёлын яамны УКЕГ-ын мэргэжлийн төв комиссын 1986 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр олгосон №1570 дугаартай киномеханикчийн 2 дугаар зэрэг мөн 1989 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 08 дугаар тогтоолоор киномеханикчийн 1 дүгээр зэрэг олгосон мэргэжлийн үнэмлэхний хуулбарууд, БНМАУ-ын ерөнхийлөгчийн 1991 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 94 дүгээр зарлигаар “Ардын хувьсгалын 70 жилийн ойн хүндэт медаль”, Монгол Улсын ерөнхийлөгчийн 2001 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 137 дугаар зарлигаар “Ардын хувьсгалын 80 жилийн ойн хүндэт медаль”, 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1-2013-884 дугаартай “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнасан үнэмлэхний хуулбар, гэрч Х.Хишигдорж, Ц.Гансоёмбо, Н.Алтаннавч нарын шүүхэд Ц.Гантөмөрийн ажилласан байдлын талаар гаргасан тодорхойлолт, шүүхэд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар  нотлогдож байна. 

Иймд Ц.Гантөмөрийг Сэлэнгэ аймгийн “Кино үзвэрийн газар”-т /Алтанбулаг кино театрт/ кино механикчаар 1977 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 1994 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүртэл ажилласан жилийг тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. 

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөг төлсөн болохыг дурьдах нь зүйтэй. 

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

        

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Цэнджавын Гантөмөрийг Сэлэнгэ аймгийн “Кино үзвэрийн газар”-т /Алтанбулаг кино театрт/ кино механикчаар 1977 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 1994 оны 05 дугаар сарын 24-ний өдөр өдөр хүртэл ажилласан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.   

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн  119.4-д зааснаар  шүүх  хуралдаанд  оролцсон тал  энэ  хуулийн 119.3-т заасан   хугацаа  өнгөрснөөс  хойш 14  хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай. 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах эрхтэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Л.СОЁЛМАА