Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 391

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн, шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:  

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар баг Бүүрэгчин гудамж 6-41 тоотод оршин суух, эмэгтэй, 29 настай, хувиараа хөдөлмөр эрхэлдэг Боржигон овогт Хишигбаярын Отгонзаяагийн /МЕ-87061501/ нэхэмжлэлтэй

“Т.Төвшинтөгсийн эрэн сурвалжлуулах тухай “ хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Отгонзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхтайван нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Отгонзаяа шүүх хуралдаанд болон шүүхэд гаргасан тайлбартаа: 

Би 2009 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хариуцагч Т.Төвшинтөгсөөс “Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах”-аар шүүхийн шийдвэр гаргуулан хүүхдийн тэтгэлгийг 2012 он хүртэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар авч байсан. Гэхдээ тухайн үедээ хүүхдийн тэтгэлэгийг бүрэн гүйцэт аваагүй юм. Гэтэл Т.Төвшигтөгс нь Хөвсгөл аймгийн Мөрөн сум руу шилжилт хөдөлгөөн хийлгэсэн учир Т.Төвшинтөгсийн материалыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас Хөвсгөл аймгийн Шийдвэр гүйцэтгэлийн алба руу шилжүүлсэн боловч заагдсан хаягтаа байхгүй тэнд оршин суудаггүй гэсэн учир эрэн сурвалжлуулахаар шүүхэд хандаж байгаа юм. Сүүлд сонсоход нэг хүнтэй гэр бүл болсон Улаанбаатар хотод байгаа сурагтай, ээжээс нь асуухаар хэлж өгөхгүй байгаа юм. Миний хувьд Т.Төвшинтөгс хүүхдийн тэтгэлэг төлөхөөс зайлсхийн оргон зайлсан гэж үздэг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа Т.Төвшинтөгс оршин суух тодорхой хаяггүй болсон учраас зогссон байгаа. Т.Төвшинтөгс нь одоо хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй учир эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү гэжээ.    

                                                  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Отгонзаяа нь шүүхэд “Т.Төвшинтөгсийг эрэн сурвалжлах тухай“ нэхэмжлэл гаргасаныг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2009 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 181 дугаартай шүүхийн шийдвэрээр “Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж Т.Төвшинтөгсөөс хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар заасан байх бөгөөд 2012 он хүртэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар хүүхдийн тэтгэлэгийг төлж байгаад Хөвсгөл аймгийн Мөрөн сум руу шилжсэн гэх боловч тэнд заагдсан хаягтаа байхгүй, оршин  суух хаяг нь тодорхойгүй болсон болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбараар  нотлогдож байх тул Цорос овогт Төгсбүрэнгийн Төвшинтөгсийг /МЕ-88052514/ эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзлээ. 

Т.Төвшинтөгс нь МЕ-88052514 регистрийн дугаартай, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар баг Бурхан толгойн 1-49 тоотод оршин сууж байсан, “Болд төмөр Ерөө гол” ХХК-нд жолоочоор ажиллаж байсан, одоо Улаанбаатар хотод Шархадны чиглэлд микрын жолоочоор шугаманд явдаг байж болзошгүй, ээж Уранчимэг утас-958414914 дугаартай байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтйин хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.   

 

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулий 115 дугаар зүйлийн 115.2.1,116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг   удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар баг Бурхантолгойн 1-49 тоотод оршин сууж байсан Цорос овогт Төгсбүрэнгийн Төвшинтөгсийг /МЕ-88052514/  эрэн сурвалжилсугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Төгсбүрэнгийн төвшинтөгсийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг нь тогтоох ажиллагаа хийхийг Цагдаагийн Ерөнхий газар, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар, 9 дүгээр тойргийн Тахарын албаны Сэлэнгэ аймаг дахь Тахарын хэсэгт тус тус үүрэг болгосугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн  119.4-д зааснаар  шүүх  хуралдаанд  оролцсон тал  энэ  хуулийн 119.3-т заасан   хугацаа  өнгөрснөөс  хойш 14  хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн Давж заалдах  шүүхэд давж заалдах эрхтэй. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Л.СОЁЛМАА