Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/02113

 

 

 

 

 

 

 

 

2023 12 06 210/МА2023/02113

 

 

Б.Т-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2023/03906 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Т-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ч.Г-д холбогдох,

9,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч Ч.Г-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Б.Т- нь Ч.Г- болон М.И- нартай харилцан тохиролцож 2011 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 38,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай сарын 3 хувийн хүүтэй зээлүүлсэн. Тухайн гэрээний нэг тал нь М.И-, нөгөө тал Б.Т- байх боловч гэрээний дагуу олгогдсон 38,000,000 төгрөгийг бодитоор Ч.Г- хүлээж авсан. Ч.Г- нь гэрийн наймаа хийх зорилгоор тухайн мөнгийг зээлж авсан. М.И-тай тохиролцсоны үндсэн дээр түүний эд хөрөнгийг барьцаалж авч байсан гэж тайлбарладаг. Гэрээ байгуулсны дараа 1 сарын дараа Ч.Г-гийн зүгээс зээлийн хүүг төлсөн. Түүнээс хойш мөнгө төлөхгүй явж байгаад 2015 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Ч.Г- нь 9,000,000 төгрөг өгөх нь үнэн гэсэн баримтыг үйлдсэн. Мөн 2016 оны 08 дугаар сарын 13-ны өдөр үлдэгдэл 9,000,000 төгрөгийг би хүлээлгэж өгөх нь үнэн гэсэн баримт үйлдсэн. Тухайн үед хөөрөг санал болгосон боловч хөөргийг хүлээж авах боломжгүй байсан учраас 700 м.кв газраа зараад өгнө гэдгээ илэрхийлээд гараараа бичиж өгсөн. Гэвч Ч.Г- нь тухайн бичгийг үйлдсэнээсээ хойш ямар нэгэн төлбөр төлөөгүй байсан учраас Б.Т-ийн зүгээс Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ч.Г-д холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хариуцагч хаяг дээрээ байхгүй гэсэн шалтгааны улмаас хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг гаргаж тус шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн №01995 дугаар шийдвэр гарсан. Уг шийдвэрийн дагуу Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс ажиллагаа явуулж Ч.Г-г Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд оршин сууж байгаа болохыг тогтоож эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосон. Нэхэмжлэлийн шаардлага баримтуудаар хангалттай нотлогдож байгаа тул хариуцагчаас 9,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Ч.Г- би, нэхэмжлэгч Б.Т-тэй харилцан тохирч 2011 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 38,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай 3 хувийн хүүтэй зээлсэн асуудал байхгүй. Тийм зээлийн гэрээ бидний хооронд байгуулагдаагүй ба Б.Т-ийн ах Б.Б-той манай нөхрийн дүү С.С- 38,000,000 төгрөг зээлэхэд нь би хажууд нь байсан. Уг зээлсэн мөнгөөр С.С- монгол гэр авч Франц руу явуулсан. Гэтэл тээвэр ложистикийн байгууллагын ажилтнууд барааг нь Франц руу явуулаагүй гаалийн талбай дээр 1 жил шахам болгосон байсныг авч, бүх өр шир, талбай болон контейнерын төлбөрийг төлж барагдуулан, түүнээс үлдсэн гэрийн мод, тавилгыг нь зарж Б.Б-, Б.Т- нарт 38,000,000 төгрөгийг төлж барагдуулсан. Мөн тухайн зээлийн хүүг 1 сард 1,070,000 төгрөг төлж дуусгасан. Энэ төлбөрийг би төлөх үүрэггүй бөгөөд С.С- нь Франц улсад амьдардаг, одоо ч тэндээ франц хүнтэй гэр бүл болж амьдарч байгаа. Тухайн үед зээлсэн мөнгөний хүүг төлөх, төлбөр тооцоог нь манай нөхөр С.Т- болон ах С.С- нар нийлж төлж байсан, гэрийн моднуудыг гаалийн талбай дээрээс олж авч мөнгийг Б.Б-, Б.Т-, М.И- нарт аваачиж өгөхөд нь би хажууд нь байсан. Гэтэл Б.Т- надаас үлдэгдэл 9,000,000 төгрөг нэхдэг бөгөөд би хэл амны нэмэр гээд нэг айлын газрын гэрчилгээ өгөөд үлдсэн мөнгийг нь төлж өгье гэж бичиг хийж өгсөндөө буруудсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтууд болон Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасны дагуу дээрх хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгааг шүүх анхаарч шийдвэр гаргаж өгнө үү. Би Б.Т-ийн данс руу 2012 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 10,000,000 төгрөгийг дансаар өгсөн 30,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн, мөн 19,025,000 төгрөгийг дансаар шилжүүлж, нийт 59,025,000 төгрөгийг Б.Т-т өгсөн байна. Иймд би энэ мөнгийг төлөх үүрэггүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.Г-д холбогдох 9,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Б.Т-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр гаргасан хариуцагч Ч.Г-гийн хариу тайлбар болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад амаар гаргаж байсан тайлбар, анхан шатны шүүх хуралдааны үед дээр дурьдсан ...протокол, бичгийг би уншсан, бичсэн, гарын үсэг зурсан... төлнө гэж амлаад Б.Т-т бичиж өгсөн... гэдгээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л цаг үед хүлээн зөвшөөрч байсан, нотлогдож байгаа учир нэхэмжлэгч талын гаргаж өгсөн баримт нотлох баримтын шаардлага хангаагүй нь хариуцагч уг баримтыг үйлдсэн, гарын үсэг зурсан гэдгийг үгүйсгэх үндэслэл болохгүй гэж үзэж байна.

Талууд 2011 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан, гэрээний үүрэг дуусгавар болсон тал дээр маргадаггүй. Хариуцагч Ч.Г-гийн хувьд зээлийн гэрээг Б.Б-той байгуулсан хэдий ч мөнгийг Б.Т- зээлсэн гэдгийг мэдэж байсан 10,000,000 төгрөгийг төлөхдөө нэхэмжлэгч Б.Т-ийн хаан банкны дансанд шилжүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг.

Гэрч Б.Б-ийн хувьд ч Ч.Г-д зээлсэн мөнгийг би гаргаагүй Б.Т- гаргасан, зээлийн төлбөрийг Б.Т-ийн дансруу Ч.Г- шилжүүлж байсан гэдгийг хүлээн зөвшөөрдөг.

4.б. Нэхэмжлэгч талаас хариуцагч Ч.Г- болон түүний нөхөр Т-ын дансаар орж ирсэн нийт 38,560,000 төгрөг болон бэлнээр 440,000 төгрөг, нийт 39,000,000 төгрөг авсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Харин зөрүү /59,025,000- 39,000,000/-20,025,000 төгрөгийг аваагүй гэдгээ тайлбарлаж мэтгэлцсэн.

Хариуцагч Ч.Г- нийт 59,025,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн гэж тайлбарладаг боловч нэхэмжлэгчийн үгүйсгэж буй зөрүү төлбөр болох 20,025,000 төгрөгийг төлсөн гэх баримтыг хавтаст хэрэгт гаргаж өгөөгүй, баримт байхгүй, зөвхөн амаар дээрх төлбөрийг төлсөн гэдгээ тайлбарласан.

Нэг тал нь төлбөр төлсөн, нөгөө тал нь төлбөрийг аваагүй буюу төлөөгүй гэж маргаж байгаа энэ тохиолдолд төлбөр төлсөн гэх тайлбар гаргаж буй этгээд болох хариуцагч Ч.Г- 20,025,000 төгрөгийг төлсөн гэдгээ нотлох ёстой хэдий ч өөрийн тайлбар татгалзлыг нотлох үүргээ биелүүлээгүй.

Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн маргаж буй үнийн дүн болох зөрүү 20,025,000 төгрөгийг хариуцагч бүрэн төлсөн буюу гэрээний үүргийг биелүүлсэн гэж үзэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

2016 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Б.Т- нь Ч.Г- 9,000,000 төгрөг өгөх нь үнэн гэж бичсэн протоколд гарын үсэг зурсан талаар хуурамч бичиг баримт үйлдсэн нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон. Дээрх баримтуудад шүүх дүгнэлт хийж үндэслэл бүхий шийдвэрлэсэн. Миний хувьд Б.Т-ээс 38,000,000 төгрөгийг авч С.С-д өгсөн. Тухайн үед би хажууд нь байж, мөнгөн дэвсгэртийг дэвтэр дээр нь бичиж өгч байсан. Уг үйл баримтыг нотлохоор шүүхэд баримт гаргаж өгсөн. Анх нэхэмжлэгч нь 9,000,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд давж заалдах гомдолдоо 20,025,000 төгрөг гэж дурдсаныг ойлгохгүй байна. Хаан банкны баримтыг эксел програмд хөрвүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэг бүрчлэн тооцож, төлбөр бүрэн төлөгдсөн гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч Б.Т- нь хариуцагч Ч.Г-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

1.а. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Ч.Г- зээл төлөхийг зөвшөөрсөн бичиг хийж өгсөн тул зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр болох 9,000,000 төгрөгийг түүнээс гаргуулна гэж тайлбарлажээ.

 

1.б. Хариуцагч татгалзлын үндэслэлээ би нэхэмжлэгчээс зээл аваагүй, М.И- 38,000,000 төгрөгийн зээлийг авч, С.С-д өгсөн, С.С-гийн явуулсан зээлийн төлбөрийг би Б.Т-т дамжуулж өгдөг байсан гэж маргажээ.

 

2. Хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдсон байна.

 

2.а. 2011 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээгээр нэхэмжлэгч Б.Т- нь 38,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй М.И-д зээлдүүлэхээр харилцан тохиролцон гарын үсэг зурж, нотариатч гэрээний үнэн зөвийг гэрчилсэн байна. /1хх 63 ар тал/

 

2.б. Зээлийн 38,000,000 төгрөгийг 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авсан баримтанд М.И-, хүлээлгэн өгсөн Б.Б-, байлцсан Ч.Г- гэж гарын үсэг зурсан баримт үйлджээ. /1хх 63/

 

2.в. Мөн Б.Б-, Ч.Г-тай байгуулсан 2011 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээгээр зээлдүүлэгч Б.Б- нь 10,000,000 төгрөгийг Ч.Г-д 12 сарын хугацаатай, 3 хувийн хүүтэйгээр зээлдэгч Ч.Г-д зээлдүүлэхээр харилцан тохиролцож, мөн өдрийн барьцааны гэрээгээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Төв аймаг, Зуунмод сум, 1 дүгээр баг, 18 дугаар байр, 1-12 тоотод байрлах 29,0 м.кв 2 өрөө орон сууцыг барьцаалсан байна. Энэхүү зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон талаар 2012 оны 08 дугаар сарын 22-ны өдөр баримт үйлдэж, барьцааны хөрөнгийн чөлөөлсөн тухайд талууд маргаагүй байна. /1хх113-115,116/ Иймд уг зээлийн гэрээний асуудал нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй гэж үзэхээр байна.

 

3. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн 2016 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Протокол гэх гарчигтай баримт, Б.Т-т, 2015 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Ч.Г- нь Түмэнцэцэг, Б.Б-, И- нарт 9,000,000 төгрөг өгөх нь үнэн /4 гэрийн үнэ/. 1 дүгээрт. Газар өөрийн нэр дээр болгож байж өр өгөх. 2 дугаарт. Дизель түлшний тос гаргаж байж өр өгөх, энэ түлш нь 6 дугаар сар гэхэд ажилд орно. Ч.Г- утас 96666722 гэх баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангахгүй хуулбар байна. /1хх 5-6/

 

Түүнчлэн, 1 дүгээр хавтаст хэргийн 5 дугаар хуудсанд авагдсан Протокол гэсэн хуулбар баримтны Ч.Г- гэх бичвэр нь хариуцагч Ч.Г-гийн 2011 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээ, 2012 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн үүрэг дуусгавар болсон тухай баримтанд зурагдсан Ч.Г-гийн гарын үсэгтэй тохирохгүй байгаа болох нь Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 401 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

/1хх 164-174/

 

4. Гэрч М.И- эхний мэдүүлэгтээ 38,000,000 төгрөгийг Б.Т-ээс би зээлдэж авсан, зээлийн мөнгийг Т- авсан, Г байлцсан, 9,000,000 төгрөгийг ойлгохгүй байна гэж мэдүүлсэн боловч 2 дахь мэдүүлэгтээ 38,000,000 төгрөгийг би аваагүй, Г, Г, С нарын авсан мөнгө, өөрсдөө мэдэж байгаа байх гэсэн агуулгатай мэдүүлэг тус тус өгчээ./1хх 50-52, 155-159/

 

5. Хариуцагч Ч.Г- нь нэхэмжлэгч Б.Т-т нийт 59,025,000 төгрөг, хүүгийн төлбөрт 9,595,000 төгрөгийг төлсөн гэх тайлбарыг гаргасан байх ба нэхэмжлэгч нь хариуцагчаас нийт 38,560,000 төгрөгийг хүлээн авсан болох нь зохигчдын Хаан банкны дансны хуулгуудаар тус тус тогтоогдсон байна./1хх 132-144, 229-232/

 

6. Хариуцагч Ч.Г-, нэхэмжлэгчээс би мөнгө зээлдэж аваагүй, харин С.С-гаас мөнгө ирээд сар болгон хүүг нь төлж байсан. С.С- мөнгийг хийгээд хүүгээ төлөөд явж байсан, би түүнийг зөвхөн тушаах үүрэгтэй байсан гэж шүүх хуралдаанд тайлбарласан нь 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн тэмдэглэлээр тогтоогдож байна./2хх 10/

 

Хариуцагч нь 9,000,000 төгрөгийг төлнө гэсэн баримт үйлдэж байсныг үгүйсгээгүй байх боловч бусдын өр төлбөрийг шилжүүлэн авсан талаарх бусад нотлох баримт хэрэгт авагдаагүй. Нэхэмжлэгч уг үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан нотлох баримтаар нотлоогүй байна.

 

7. Дээр дурдсан үйл баримтуудаас үзвэл хариуцагч нь нэхэмжлэгчээс зээл авсан үйл баримт нотлогдохгүй байх тул нэхэмжлэгч Б.Т-, хариуцагч Ч.Г- нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүсч, зээлдэгчид зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлээгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцэж байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2023/03906 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 158,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ