Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 392

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар: 

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1 дүгээр баг Дэлгэрхаан тавантолгойн гудамж 1-27 тоотод оршин суух, 50 настай, эмэгтэй, одоо Шаамар сумын 18 дугаар цэцэрлэгт багш ажилтай Хунтайж овогт Баасанхүүгийн Болормаагийн /МО-66042501/ нэхэмжлэлтэй:

 “Улсад ажилласан байдал тогтоолгох тухай”  иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгч Б.Болормаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов. 

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Б.Болормаа шүүх хуралд болон шүүхэд гаргасан тайлбартаа:

 Миний бие нь 1985 оны 07 дугаар сард Цэцэрлэгийн багшийн техникум төгсөж ирээд 1985 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Шаамар сумын 18 дугаар цэцэрлэгт багшаар ажилд орж өнөөдрийг хүртэл ажиллаж байна. 2011 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр манай гэр шатаж гэрт байсан бичиг баримтууд үрэгдсэн. 2016 оны 04 дүгээр сарын 26-нд олон хүүхэдтэйгээр тэтгэвэрт гарах гэтэл 1985 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх ажилласан жилийн бичиг баримтууд байхгүй болсон, хөдөлмөрийн дэвтэр шатсан учир энэ хугацаанд ажилласан жилийг тогтоох шаардлагатай болсон. Иймд намайг Шаамар сумын 18 дугаар цэцэрлэгт багшаар 1985 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх ажилласан жилийг тогтоож өгнө үү гэх.   

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Болормаа нь “...намайг Шаамар сумын 18 дугаар цэцэрлэгт багшаар 1985 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх ажилласан жилийг тогтоож өгнө үү” гэсэн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.   

  Б.Болормаа нь Шаамар сумын 18 дугаар цэцэрлэгт багшаар Сэлэнгэ аймгийн Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны Ардын боловсролын хэлтсийн даргын 1985 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 139 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын 4-т “...ажилд томилогдсон хугацаа нь заагдаагүй багш нарыг 1985 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн ажилласанд тооцох”-оор заасан байх тул 1985 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд:

Сэлэнгэ аймгийн Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны Ардын боловсролын хэлтсийн даргын 1985 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 139 дугаартай “Ажилд томилох тухай”, Шаамар сумын цэцэрлэгийн эрхлэгчийн 1989 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 119 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай”, 1989 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 20 дугаартай “Илүү цагийн мөнгө олгох тухай”, 1990 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 37 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай”, 1992 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 03 дугаартай “Цалин өөрчлөн тогтоох тухай”, 1993 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 16 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай”, 1997 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаартай “Цалин нэмэх тухай”, 1999 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 09 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаалуудын хуулбарууд, Шаамар сумын 18 дугаар цэцэрлэгийн хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтрийн бүртгэл, 1995 оны 08, 09 дүгээр сар, 1996 оны 12 дугаар сар, 1997 оны 7 дугаар сар, 1999 оны 4, 6, 7 дугаар сарын цалин олгосон хүснэгт, Багш ажилчдын 1995 оны судалгаа, 2005 оны 02 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү Б.Мөнхтулгын төрсний гэрчилгээний хуулбар, Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтэсийн 1999-2010 он хүртэлх хөдөлмөрийн хөлс, төлсөн шимтгэлийн талаарх архивын лавлагаа, гэрч С.Даваа, Б.Мэндсайхан, П.Оюунгэрэл нарын шүүхэд Б.Болормаагийн ажилласан байдлын талаар гаргасан тодорхойлолт, шүүхэд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар  нотлогдож байна. 

Иймд  Б.Болормаа нь Шаамар сумын 18 дугаар цэцэрлэгт багшаар 1985 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажилласан жилийг тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хавтаст хэрэгт Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн гал түймэр гарсан тухай 2011 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 48 дугаартай “Гал түймэр гарсан тухай” /5хуудас материал/ авагдсан, нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөг төлсөн болохыг тус тус дурьдах нь зүйтэй. 

 

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

        

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар  Баасанхүүгийн Болормааг Шаамар сумын 18 дугаар цэцэрлэгт багшаар 1985 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл өдөр хүртэл ажилласан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.   

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн  119.4-д зааснаар  шүүх  хуралдаанд  оролцсон тал  энэ  хуулийн 119.3-т заасан   хугацаа  өнгөрснөөс  хойш 14  хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай. 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах эрхтэй. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Л.СОЁЛМАА