Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 419

 

                        

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Г.Цэрэнжамц,

Шүүгдэгч Ж.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Нт холбогдох 1806 09455 0107 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Дундговь аймагт 1977 оны 5 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, эмэгтэй, 42 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, 0-23 насны 4 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Зүүн Жанжины 14 дүгээр гудамжны 273 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Жийн Н /РД:...................../,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Ж.Н нь 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Зүүн Жанжины 14 дүгээр гудамжны 273 тоот өөрийн гэрийн хашаанд Ж.Раднаабазарын гээгдүүлсэн Худалдаа хөгжилийн банкны виза картыг ашиглан “Бугант” нэртэй дэлгүүрээс тамхи ундаа худалдан авч, мөн “Оргил” худалдааны төвд байрлах Төрийн банкны ATM-с бэлэн мөнгө авч, нийт 627.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Нын өгсөн: “... 2018 оны 12 дугаар сард манай гэрт хохирогч Раднаабазар ирж, манай нөхөртэй пиво уусан юм. Хохирогч Раднаабазарыг явах үед банкны картыг нь өгсөн. Би жирэмсэн байсан учир манай нөхөр хохирогчийг гаргаж өгсөн. Би маргааш өглөө нь ус асгах гэж гаднах жорлонд очиход газар банкны карт байсан. Би картыг авч гараад “Бугат” хүний дэлгүүрээс нэг ширхэг тамхи, ундаа худалдаж авсан. Тэгээд хүүхдийн мөнгөө авах гэж охиноо дагуулж явах замдаа, бэлэн мөнгөний машинаас тухайн картыг уншуулж 350.000 төгрөгийг авч, охиндоо өгч явуулсан. Тухайн үед охин надаас мөнгөний талаар асуухад нь би “чамд хамаагүй” гэж хэлсэн. Би өмнө нь хохирогчийг сайн таньдаг учир түүний картыг өгөхгүй гэж тоглож байгаад өгье гэж бодсон. Тэгтэл хохирогчийн эхнэр цагдаад мэдэгдсэн байсан. Би хохирогчийн картнаас авсан мөнгөө буцааж өгсөн...” гэх мэдүүлэг,

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд /хх.9-10/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Раднаабазарын өгсөн: “... Гэтэл манай эхнэр цагдаа дуудлаа гэж хэлтэл аваагүй гээд байсан. Тэгээд 102-т дуудлага өгөөд цагдаа ирсэний дараа Н “Би авсан, өчигдөр гэрт унагаасныг нь олсон юм. Одоо тал мөнгө нь байна” гээд газар дээр нь 280.000 төгрөг тоолж өгөөд үлдсэн мөнгийг охин нь аваад гэртээ харьсан, гэрт байгаа гэж хэлээд гэр лүүгээ дагуулж яваад Н нь үлдсэн гэх 330.000 төгрөгийг гаргаж өгсөн. Нийлээд ямар ч байсан 610.000 төгрөг тоолж авсан үлдсэн, 20.000 төгрөгөө дараа өгнө гээд үлдсэн юм... гэрийнхэнд нь сонсогдохоор пин кодоо 2018 гэж хэлсэн юм...” гэх мэдүүлэг /хх.13-14/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Минжинсогоогийн өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр манай дэлгүүрээр үйлчлүүлдэг эмэгтэй нөхрийн хамтаар орж ирж улмаар тухайн үед ундаа, тамхи зэргийг аваад гарч явсан юм. Гэтэл тэр өдөр нэг залуу картаа алдсан танай дэлгүүрт үйлчлүүлж улмаар картаар гүйлгээ хийсэн байна гэж орж ирсэн тул эхнэр, нөхөр өглөө орж ирээд карт уншуулсан гэж хэлж өгсөн юм. Эхнэр нь картаа уншуулж тооцоо хийгээд гарч явсан...” гэх мэдүүлэг /хх.22-23/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Батсайханы өгсөн: “... Өглөө нь миний уусан пиво гараагүй байсан гэхдээ эхнэр карт уншуулж байна гэдгийг мэдсэн. Надад карт байдаггүй, эхнэрт маань Төрийн банкны карт байдаг, би тэр картаараа тооцоо хийж байна гэж бодсон. Мөн тухайн үед миний уусан пиво сайн гараагүй байсан тул сайн анзаарч хараагүй ямар ч байсан карт уншуулсан. Цагдаа ирээд мөнгөний талаар асууж эхнэр мөнгө авсан гэж хэлсэн юм. Энэ үед би картыг нь авсан байна гэдгийг анх мэдсэн юм...” гэх мэдүүлэг /хх.33-34,62-63/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Н.Намжилдоржийн өгсөн: “... 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр сургууль маань өдөр 12 цагт хичээл ордог юм. Гэтэл ээж хоёулаа хүүхдийн мөнгө авна гээд хойд талын “Оргил” төв ороод ирье гээд цуг явах болсон юм. Ингээд “Оргил” төвд очтол ээж чи хүлээж бай гэж хэлээд ATM машинаас мөнгө авсан. Би хажууд нь байгаагүй тул хэдэн төгрөг авсан талаар нь мэдээгүй. Надад 330.000 төгрөг өгсөн, гэртээ авч очоод хадгалчих гэж хэлсэн. Би ямар учиртай мөнгө болохыг нь мэдээгүй, гэртээ ирээд мөнгийг гудсан доор үлдээгээд хичээлдээ явсан юм. Ээж карт олсон талаар надад ямар нэгэн зүйл хэлээгүй...” гэх мэдүүлэг /хх.64-65/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Ж.Нын яллагдагчаар өгсөн: “... 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өглөө гэрээсээ гартал манай бие засах газрын ойролцоо банкны карт унасан байхыг нь олж авсан юм. Тэгээд би эргэж гэртээ нөхөр Батсайханы хамтаар гэрийнхээ ойролцоо байдаг “Бугант” нэртэй дэлгүүр лүү тамхи ундаа авах гэж явсан юм. Гэхдээ нөхөртөө карт олсон гэдгээ хэлээгүй, улмаар олсон картаараа тамхи ундаа худалдан авч тооцоог картаар хийж гарсан юм. Худалдагч нь эмэгтэй хүн байсан. Ингээд нөхөр бид 2 гэртээ ирээд дунд охин Намжилдоржийг дагуулан гарч яваад “Оргил” худалдааны төв дотор байх Төрийн банкны ATM машинаас нийт 4 удаа, 200.000 төгрөгөөр, 20.000 төгрөгөөр, 200.000 төгрөгөөр, 200.000 төгрөгөөр тус тус уншуулж нийт 620.000 төгрөгийг гарган авч улмаар гарган, авсан мөнгөө ашиглаж чадаагүй, тэр өдрөө Раднаабазар нь 102-т дуудлага өгч мөнгийг нь буцаан өгсөн юм. Раднаабазар урд өдөр нь манай нөхөрт пиво захиж явуулахдаа нууц кодоо сонсогдохоор 2018 гэж хэлж байсан юм...” гэх мэдүүлэг /хх.26-27/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Ж.Н нь 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Зүүн Жанжины 14 дүгээр гудамжны 273 тоот өөрийн гэрийн хашаанд Ж.Раднаабазарын гээгдүүлсэн Худалдаа хөгжилийн банкны виза картыг ашиглан “Бугант” нэртэй дэлгүүрээс тамхи ундаа худалдан авч, мөн “Оргил” худалдааны төвд байрлах Төрийн банкны ATM-с бэлэн мөнгө авч, нийт 627.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Раднаабазарын өгсөн: “... Тэгээд 102-т дуудлага өгөөд цагдаа ирсэний дараа Н “Би авсан, өчигдөр гэрт унагаасныг нь олсон юм. Одоо тал мөнгө нь байна” гээд газар дээр нь 280.000 төгрөг тоолж өгөөд үлдсэн мөнгийг охин нь аваад гэртээ харьсан гэрт байгаа гэж хэлээд гэр лүүгээ дагуулж яваад Н нь үлдсэн гэх 330.000 төгрөгийг гаргаж өгсөн. Нийлээд ямар ч байсан 610.000 төгрөг тоолж авсан үлдсэн, 20.000 төгрөгөө дараа өгнө гээд үлдсэн юм... гэрийнхэнд нь сонсогдохоор пин кодоо 2018 гэж хэлсэн юм...” гэх мэдүүлэг /хх.13-14/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Минжинсогоогийн өгсөн: “... Гэтэл тэр өдөр нэг залуу картаа алдсан танай дэлгүүрт үйлчлүүлж улмаар картаар гүйлгээ хийсэн байна гэж орж ирсэн тул эхнэр, нөхөр өглөө орж ирээд карт уншуулсан гэж хэлж өгсөн юм. Эхнэр нь картаа уншуулж тооцоо хийгээд гарч явсан...” гэх мэдүүлэг /хх.22-23/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Батсайханы өгсөн: “... Надад карт байдаггүй, эхнэрт маань Төрийн банкны карт байдаг, би тэр картаараа тооцоо хийж байна гэж бодсон... Цагдаа ирээд мөнгөний талаар асууж эхнэр мөнгө авсан гэж хэлсэн юм. Энэ үед би картыг нь авсан байна гэдгийг анх мэдсэн юм...” гэх мэдүүлэг /хх.33-34,62-63/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Н.Намжилдоржийн өгсөн: “... Ингээд “Оргил” төвд очтол ээж чи хүлээж бай гэж хэлээд ATM машинаас мөнгө авсан. Би хажууд нь байгаагүй тул хэдэн төгрөг авсан талаар нь мэдээгүй. Надад 330.000 төгрөг өгсөн, гэртээ авч очоод хадгалчих гэж хэлсэн. Би ямар учиртай мөнгө болохыг нь мэдээгүй, гэртээ ирээд мөнгийг гудсан доор үлдээгээд хичээлдээ явсан юм. Ээж карт олсон талаар надад ямар нэгэн зүйл хэлээгүй...” гэх мэдүүлэг /хх.64-65/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Ж.Нын яллагдагчаар өгсөн: “... 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өглөө гэрээсээ гартал манай бие засах газрын ойролцоо банкны карт унасан байхыг нь олж авсан юм. Тэгээд би эргэж гэртээ нөхөр Батсайханы хамтаар гэрийнхээ ойролцоо байдаг “Бугант” нэртэй дэлгүүр лүү тамхи ундаа авах гэж явсан юм. Гэхдээ нөхөртөө карт олсон гэдгээ хэлээгүй, улмаар олсон картаараа тамхи ундаа худалдан авч тооцоог картаар хийж гарсан юм. Худалдагч нь эмэгтэй хүн байсан. Ингээд нөхөр бид 2 гэртээ ирээд дунд охин Намжилдоржийг дагуулан гарч яваад “Оргил” худалдааны төв дотор байх Төрийн банкны ATM машинаас нийт 4 удаа, 200.000 төгрөгөөр, 20.000 төгрөгөөр, 200.000 төгрөгөөр, 200.000 төгрөгөөр тус тус уншуулж нийт 620.000 төгрөгийг гарган авч, улмаар гарган авсан мөнгөө ашиглаж чадаагүй, тэр өдрөө Раднаабазар нь 102-т дуудлага өгч мөнгийг нь буцаан өгсөн юм. Раднаабазар урд өдөр нь манай нөхөрт пиво захиж явуулахдаа нууц кодоо сонсогдохоор 2018 гэж хэлж байсан юм...” гэх мэдүүлэг /хх.26-27/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Нын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ж.Нт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Ж.Нын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

          Ж.Н нь хохиролд 610.000 төгрөг нөхөн төлсөн учир хохирлоос үлдэх 17.200 төгрөг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Ж.Раднаабазарт олгох нь зүйтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Ж.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Ж.Нын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршигийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, 20 хоногтой бага насны хүүхэдтэй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Нт 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоон, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулж, энэ хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Ж.Нт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Ж.Нт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан 6 сарын хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх ялаас чөлөөлөхийг шүүгдэгчид сануулж байна.  

Ж.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б овогт Жийн Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Нт 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Ж.Нт оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Ж.Нт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь  заалтыг баримтлан, Ж.Нт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан 6 сарын хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, Ж.Нт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан 6 сарын хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх ялаас чөлөөлөхийг шүүгдэгчид сануулсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.Наас 17.200 төгрөг гаргуулж хохирогч Ж.Раднаабазарт олгосугай.

8. Ж.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ж.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ,

              ШҮҮГЧ                                             С.ӨСӨХБАЯР