Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/02112

 

 

 

 

 

 

 

 

2023 12 06 210/МА2023/02112

 

 

Э ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2023/04242 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Э ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч П ХХК-д холбогдох,

Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний үлдэгдэл төлбөрт 104,727,990 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Манай Э ХХК нь П ХХК-тай 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Бүтээгдэхүүн нийлүүлэх №15/2022 дугаар гэрээг байгуулж, П ХХК-аас төмөр турба, булан төмөр, тор зэрэг бараа материалыг 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дотор хүлээн авч, төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон. Гэрээний дагуу манай компани П ХХК-д нийт 214,452,050 төгрөгийн бараа материалын төлбөр болон тээврийн зардал төлсөн. Гэтэл П ХХК-аас манайд 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 45 хувьтай тэнцэх бараа бүтээгдэхүүнийг л нийлүүлсэн. Бидний хоорондын гэрээгээр тохиролцсон хугацаа хэтэрч байсан боловч манай компаниас ковид болон бусад нөхцөл байдлуудыг ойлгож, хариуцагч компанийн үйл ажиллагаанд хүлээцтэй хандсан. Улмаар 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гэрээгээр тохиролцсоны дагуу үлдэгдэл бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэхгүй байсан тул үлдэгдэл төлбөр болох материалын үнэ 100,137,285 төгрөг, тээвэр 19,213,350 төгрөг, нийт 119,350,635 төгрөгийг буцаан шаардсан хүсэлтийг П ХХК-д хүргүүлсэн. П ХХК-аас манай компанийн дээрх хүсэлтийн дагуу үлдэгдэл төлбөрийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн хариу өгсөн ба 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 24,000,000 төгрөгийг төлсөн боловч өөр төлөлт дахиж хийгээгүй өнөөдрийг хүртэл манай компанийг хохироож байна. Бид 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 2 талаас тооцоо нийлж тулгасан ба П ХХК нь манай компанид 104,727,990 төгрөгийн үлдэгдэлтэй болохоо баталсан.

Иймд хариуцагч П ХХК-аас 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн гэрээний 5.1-д заасны дагуу хариуцагч компанийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, үүргээ биелүүлэх тодорхой хугацаа зааж шаардсан боловч үр дүнд хүрээгүй тул 100 хувь шилжүүлсэн 214,452,050 төгрөгийн үлдэгдэл төлбөр болох 104,134,414 төгрөгийг гаргуулахаар шаардлага гаргаж байна гэжээ.

 

2. Хариуцагч талаас шүүхэд тайлбар гаргаагүй болно.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч П ХХК-аас 104,727,990 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 681,590 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 681,590 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар тус шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШЗ2023/14008 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчилэхийг мэдэгдэж шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Нэхэмжлэлийн 104,727,990 төгрөг бүхий шаардлагаас 9,412,666 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно.

Учир нь анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримт болон нэхэмжлэлд дурдсан тооцоолол хоорондоо зөрүүтэй байгааг огт анхаараагүй байна. Энэ нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна. Тухайлбал, нэхэмжлэлд 119,350,635 төгрөгийг буцааж шаардсан, үүний дараа хариуцагчаас 24,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэх үндэслэлийг заасан. Гэтэл энэхүү тооцооллоор үлдэгдэл нь 95,350,635 болох ёстой.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас 9,412,666 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Хариуцагчийн төлөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан боловч зохигч талууд маргааны талаар эвлэрэн хэлэлцэж 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр давж заалдах шатны шүүхэд зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээг ирүүлсэн байна.

 

2. Гэрээнд хариуцагч П ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 104,727,990 төгрөгийг бүрэн төлөхийг хүлээн зөвшөөрч, 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 15,000,000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 42,000,000 төгрөгийн үнэ бүхий 1050 ширхэг /1500*4000, 10*10 хэмжээтэй/ төмөр торыг хүлээлгэн өгөх, 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 23,863,995 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 23,863,995 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлөхөөр тохиролцжээ.

 

3. Талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй бөгөөд эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч Э ХХК, хариуцагч П ХХК-ийн гэрээгээр тохиролцсон эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2023/04242 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч П ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 104,727,990 төгрөгөөс, 15,000,000 төгрөгийг 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр, 42,000,000 төгрөгийн үнэ бүхий 1050 ширхэг /1500*4000, 10*10 хэмжээтэй/ төмөр торыг 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээлгэн өгөх, 23,863,995 төгрөгийг 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр, 23,863,995 төгрөгийг 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр тус тус нэхэмжлэгч Э ХХК-д төлөхөөр зохигч талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165,553 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар энэ магадлалд зохигч хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ