| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/0245/Э |
| Дугаар | 418 |
| Огноо | 2019-03-18 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Намуун |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 418
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч Э.Намуун,
Шүүгдэгч Т.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Од холбогдох 1806 09598 0194 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Ховд аймагт 1978 оны 2 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, эрэгтэй, 41 настай, дээд боловсролтой, сүлжээний инженер мэргэжилтэй, Шинжлэх Ухаан Техникийн Их Сургуульд инженер ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Эрдэм хотхоны 10В байрны 37 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, П овогт Тийн О /РД:................./,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Т.О нь 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Эрдэм хотхоны 10В байрны 37 тоотод эхнэр С.Болор-Эрдэнэтэй маргалдаж улмаар түүнийг зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Огийн өгсөн: “... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Болор-Эрдэнийн өгсөн: “... гэртээ орж ирэхэд манай нөхөр болох О нь гэртээ согтуу унтаж байсан, тэгээд би уур хүрээд архи уулаа гээд уурласан, өдөр бид 2 хэрэлдсэн байсан учир тэрийг яриад байсан “чи ямар том юм бэ” гээд шууд толгой руу цохисон, олон цохиод байсан бүүр зогсохгүй байсан, тэгээд миний нүүр хавдаж хамар цаашаа болж хавдсан байсан тэгээд миний цус гоожоод зогсохгүй байсан...” гэх мэдүүлэг /хх.5-7,60/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Ганзоригийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 14285 дугаартай: “... С.Болор-Эрдэнийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, 2 нүдний дотор булан, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун мөр, дал, атгаал, шуу, зүүн атгаал, тохой, шуу, баруун гуянд цус хуралт, баруун атгаал зулгаралт, дух, чамархай, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх.20/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Оюунбилэгийн өгсөн: “... охин Болор-Эрдэнэ нөхөр Од зодууллаа гээд манай гэрт ирээд 4 хоносон. Тэгээд 12 сарын 30-ны өдөр бага хүүхдээ авах гээд намайг дагуулаад гэртээ очсон боловч дахиад нөхөр О нь нүүрэн тус газар нь цохисон байсан. Ер нь бол манай хүргэн О манай охины биед гар хүрдэг гэж бодож байна” гэх мэдүүлэг /хх.60/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Т.Огийн яллагдагчаар өгсөн: “... 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр би гэртээ баярын бөх үзээд хүүхдүүдтэйгээ байж байсан, 200 грамм архи уугаад унтчихсан байсан. Орой эхнэр Болор-Эрдэнэ гаднаас орж ирээд над руу архи уулаа гээд уурласан. Тэгээд бид 2 маргалдаад би эхнэр Болор-Эрдэнийн нүүр лүү 2 удаа гараараа цохисон. Тэгээд эхнэр уурлаад хадам эхийн гэр лүү яваад өгсөн... би эхнэр С.Болор-Эрдэнийн биед учирсан гэмтэлийг тусгасан шинжээч эмчийн дүгнэлттэй танилцлаа. Уг гэмтэлийг би 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр С.Болор-Эрдэнийг зодож учруулсан гэмтэл байна...” гэх мэдүүлэг /хх.31-33,66-67/,
Аюулын зэргийн үнэлгээ /хх.13/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Т.О нь 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Эрдэм хотхоны 10-37 тоотод эхнэр С.Болор-Эрдэнэтэй маргалдаж улмаар түүнийг зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Болор-Эрдэнийн өгсөн: “... өдөр бид 2 хэрэлдсэн байсан учир тэрийг яриад байсан “чи ямар том юм бэ” гээд шууд толгой руу цохисон, олон цохиод байсан бүүр зогсохгүй байсан, тэгээд миний нүүр хавдаж хамар цаашаа болж хавдсан байсан тэгээд миний цус гоожоод зогсохгүй байсан...” гэх мэдүүлэг /хх.5-7/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Ганзоригийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 14285 дугаартай: “... С.Болор-Эрдэнийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, 2 нүдний дотор булан хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун мөр, дал, атгаал, шуу, зүүн атгаал, тохой, шуу, баруун гуянд цус хуралт, баруун атгаал зулгаралт, дух, чамархай, баруун сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо... гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх.20/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Оюунбилэгийн өгсөн: “... охин Болор-Эрдэнэ нөхөр Од зодууллаа гээд манай гэрт ирээд 4 хоносон. Тэгээд 12 сарын 30-ны өдөр бага хүүхдээ авах гээд намайг дагуулаад гэртээ очсон боловч дахиад нөхөр О нь нүүрэн тус газар нь цохисон байсан. Ер нь бол манай хүргэн О манай охины биед гар хүрдэг гэж бодож байна” гэх мэдүүлэг /хх.60/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Т.Огийн яллагдагчаар өгсөн: “... Тэгээд бид 2 маргалдаад би эхнэр Болор-Эрдэнийн нүүр лүү 2 удаа гараараа цохисон... Уг гэмтэлийг би 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр С.Болор-Эрдэнийг зодож учруулсан гэмтэл байна...” гэх мэдүүлэг /хх.31-33/,
Аюулын зэргийн үнэлгээ /хх.13/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүдэгч Т.Огийн нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Т.Огийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Т.Од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Хохирогч С.Болор-Эрдэнэ нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгч Т.Ог энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Т.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Т.Огийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Т.Од эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Т.Од оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Т.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. П овогт Тийн Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Од 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар, Т.Од оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Т.Од сануулсугай.
5. Хохирогч С.Болор-Эрдэнэ нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч Т.О нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Т.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР